Сумын Алдарт уяач П.Цэргийнхүү: Манайхан намайг сайн адуу "тарьсан" гэж онгироодог юм

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 26 -нд

Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, сумын Алдарт уяач Пүрэвийн Цэргийнхүүтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1951 онд Хэнтий аймгийн Хэрлэн голын хөвөөнд төржээ.

-Содон нэр байна шүү?
-Тийм ээ, ховор нэр байгаа юм. Дорноговь аймгийн төвд мото буудлагын хуягт бригад гэж байгаад 1940 хэдэн оны сүүл, тавин хэдэн онд ч юмуу Хэрлэнгийн хөвөө рүү нүүсэн юм билээ. Тэгэхэд миний аав ахмад цолтой ротын захирагч явлаа. Ээж аав хоёр Хэнтийн цэргийн клубт ЗХУ-ын “Хорооны хүү” гэж эх орны дайны үеийн тухай кино үзэж суусан аж. Тэгсэн төрөх дөхсөн ээж маань гэнэт өвдөөд цэргийн клубт төрсөн юм гэнэлээ. Тэр бол 1951 он. Ингэж л цэргийн даргын хүү би Цэргийнхүү нэртэй болсон түүхтэй болохыг ухаан орохын л ээж минь ярьдагсан. Хүмүүс ч асуудаг юм. Би ч түүртэлгүй түүх ярьж өгнө гээч. Дээхнэ сонин харж суутал Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст Цэргийнхүү гэж мөрдөн байцаагч байдаг тухай уншиж байсан юм байна. Харин сүүлийн үед адил нэртэй хүүхдүүд байгаа гэж дуулсан. Монголын хэмжээнд хоёр, гурван ч Цэргийнхүү байна гэв үү дээ.
-Аавыгаа дуурайгаад цэргийн хүн болоогүй юм уу?
-Би насаараа тээврийн жолооч хийсэн хүн. 1973 оноос эхлээд Өргөн сумын “Шинэ амьдрал” нэгдлээс ажлын гараагаа эхэлж, дараа нь Дорноговь аймгийн цэргийн ангид хэсэг хугацаанд ажиллаж байгаад буцаад Өргөн сумандаа жоншны үйлдвэрт жолооч хийж байгаад тэтгэвэрт гарсан. Багадаа үеийнхээ л хөвгүүдийн адилаар дээлээ уралцан барилдаж өслөө. Өргөн сумынхаа бага сургуульд сурч байгаад, Дорноговь аймгийн арван жилд ирээд бөхийн секцэнд явдаг байсан юм. Эндээс л бөх барилдаж эхэлсэн гэж болно. Сүүлд нь арми, цэрэгт байхдаа ч орхилгүй барилддаг л байлаа. Дарханы хэдэн зааланд 18 аймгийн бөхчүүдтэй гайгүй шал арчсан даа, хөөрхий. Тэнд алба хаасан. Ингээд 1972 онд цэргээс халагдаж аймагтаа ирээд дараа жил нь аймгийн начин, 1974 онд аймгийн заан болж байлаа. Аймгийн арслан болж чадсангүй, заантайгаа л өтлөх шив дээ. Сүүлд 41-тэй сумын наадамдаа түрүүлээд, түүнээс хойш барилдахаа больсон.
-Тэгвэл хэзээнээс хурдан хүлгийн хөхөл сүүл боож, уяач гэж хэлэгдэх болсон юм бэ?
-Багадаа хурдан морины унаач явлаа. Бас болоогүй ганц нэг айрагтай. Манайхан Дорноговь аймгийн Өргөн сумынхаа хэмжээний зүүн хойд талын бригад, хуучнаар Баянмөнх сумын нутагт гэдэг юм уу, Дэлгэрэхийн урд, Алтанширээгийн зүүн урд талын Жигмэдширээ адуутай. Тураг сайтай адуу гэж Өргөнийхөн ярьдаг юм. Ер нь догшроод байх тусмаа л хурдалдаг. Тэр үед аав, мал маллана гэдэг амаргүй, мэргэжил эзэмших хэрэгтэй гээд адуугаа аавын дүүд үлдээгээд бид төв рүү орж байлаа. Гэхдээ багын моринд дуртай би сургуулиа хаяад нэгдэлд мал маллана гээд аавдаа загнуулаад явлаа. Гэсэн ч өөрийнхөөрөө зөрсөөр сэм сургуулиа хаячихаад адуу маллах гэсэн нэг л болдоггүй. Тэгж байтал цэрэгт ч явж ирээд, сумын наадам, аймгийн наадам болохоор л волейбол тоглоно, бөх барилдана гээд явчихна. Ингээд мориноос хөндийрсөн л дөө. Ер нь спортоор нэг хэсэг өвчилсөн. Волейбол тоглож, бөх барилдаж, ойрын зайд гүйж, урт өндөрт харайж, бөх барилдаад л, чадахгүй хэрнээ олон юм оролдсон ч нэвтэрхий сайн сурсан нь алга шив дээ. Ингээд нас яваад хоёр давахаа болиод ирэхээр багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн мориндоо орсон. Ах дээрээ байсан ааваас ирсэн адууны суурин дээр өөрийн бөхийн байнд ирсэн хэдээ нэмээд адуу зангидаж, морь уяж эхэлсэн дээ. Тэр бол 1984,85 он хавьцаа л байх.
-Анхны айргаа аль наадмаас, ямар зүсмийн адуугаар авч байв?
-Аймаг, сумын гэхчилэн том наадмаас айраг түрүү авч байгаагүй ээ. 1990 онд Говийн догшин ноён хутагт тахидаг байсан манай нутгийн Өвсөн сүмбэр гэж овооны наадам болсон юм. Энд зургаан насны морь уралдсан, хоёр өдрийн наадам болж, Халхын олон бөх цуглаж билээ. Тэнд би хонгор шүдлэн үрээгээ аваачиж гаргаж зугтаалгаж байгаад гуравлуулсан нь анхны айраг гэж болно.
-Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-Удаагүй ээ, өнгөрсөн жилийн цагаан сараар авсан. Гэхдээ алдар цол миний хувьд чухал биш. Надад аймгийн заан цолны тэмдэг, малгай, залаа бий. Тэгэхээр шунах сэтгэл алга. Нөгөө талаар морь уяад гаргасан амжилт бага гэж өөрийгөө боддог юм. Голдуу годон наадмын айраг л байна. Энэ тухайгаа уяачдын холбооны хүмүүстээ хэлсэн та бол ахмад уяач. Тэгээд ч адуугаа сүүлийн жилүүдэд сайн өсгөж байна. Гаднаас адуу авчирч сум орныхоо адууны цусыг сэлбэж байгааг тань үнэлж байгаа юм гэж байна лээ. Манай нутгийнхан намайг сайн адуу тарьсан гэж онгироодог юм. /инээв/ Миний адуу хурдтай нь хурдтай л даа. Ямартаа ч адууныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж цаг наргүй, өдөр шөнөгүй, халуун хүйтнээс ажралгүй зүтгэж явааг минь үнэлсэн болохоор авчихсан байгаа.
-Адуу их цуглуулж байна уу?
-Манай гэрийн унаган адууны суурь хэдэн гүү бий. Дээр нь Сүхбаатар аймгийн Асгат сумаас манай нэгдлийн дарга Гомбосүрэн Дарьгангын жижиг зээрдүүдийн удам гэж байдсан гүү авчирч өгч байлаа. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Монгол Улсын Алдарт уяач торгон хэмээх Дашням өвгөний адууны хонгор азарга бий. Манай нутгийн залуу даага 500 мянгаар авчирч, би соёолон азарга есөн адуугаар авч байлаа. Их догшин азарга л даа. Миний өөрийн адуу бас их догшин. Эдний дундаас тун ч овоо юм гарна гээч. Даанч миний хоншоор дутаад байдаг шиг байна лээ. Сайхан хурдалж байгаад наадам дээр болохоор хойшилчихоод байдаг юм. Үзүүрийнх нь эдэлгээг алддаг юм уу, яадаг юм.
-Хүүхдүүдээс тань морь уяж, бөх барилдаж байна уу?
-Хүү маань аймгийн начин цолтой. Үйлдвэрт жолооч. Уг нь  надаас өндөр цолонд хүрчих болов уу гэж бодож байсан. Дорноговьд үеийнхэн дотроо сайн л даа. Даанч өөрөө хүчлэхгүй юм. Гэхдээ би чинь гурван ач хүүтэй. Тэднээс маань барилдах болов уу гэж горьддог юм. Миний бүдүүн, нарийн хүү хоёр морь их сонирхоно. Даанч ажил нь амжихгүй байх шиг байна. Адууны төлөө сэтгэлтэйд нь баярладаг.
-Бидний яриа өндөрлөж байна. Ирж буй ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна