“Унаган хүлэг” МСУХ-ны тэргүүн Б.Бат: Манай сумын уяачид сүүлийн гурван жил амжилтаараа аймагтаа тэргүүлж байгаа

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын "Унаган хүлэг" МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Б.Баттай ярилцлаа.

-“Унаган хүлэг” МСУХ-ны тэргүүний албыг хэзээнээс хашиж байгаа вэ. Холбооны тань товч танилцуулгаас яриагаа эхэлье?
-Баацагаан сумын морин спорт уяачдын “Унаган хүлэг” холбоо 2008 оны 7-р сарын 1-нд үүсгэн байгуулагдаж, анхны тэргүүнээр нь Лувсанжамцын Батсуурь ажиллаж байсан. Миний бие 2011 оноос эхлэн тэргүүний ажлыг аваад байгаа. Холбооны ажлаа хүлээж аваад хамгийн түрүүнд үйл ажиллагааг жигдрүүлэх, улс, аймгийн бүсийн наадамд уяачдаа өргөн цар хүрээтэйгээр оролцуулах, адууныхаа удам угшлыг сайжруулахад гол анхаарлаа хандуулсан.
-Адууныхаа удам угшил сайжруулахчиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв?
-Уяачид маань зүүн аймгуудаас хурдны угшилтай адуу авчирч үржил селекци их хийж байна. Ялангуяа Ховд аймгийн зүүн бүсийн уралдаанд шүдлэн үрээ түрүүлгэсэн Батжаргал, аймгийн Алдарт уяач Саранхүү нар манлайлан оролцож байна. Ийнхүү уяачид маань дор бүрнээ адууныхаа удам угшлыг сайжруулахад анхаарсны үр дүнд сүүлийн гурван жил аймаг, аймгийн бүсийн наадмаас олон айраг, түрүү авч амжилттай наадаж байна.
-“Унаган хүлэг” МСУХ аймгийнхаа шилдэг салбараар шалгарсан байсан гэсэн. Хэдэн оны шилдэг салбар вэ?
-2013 онд үзүүлсэн амжилтаараа аймгийнхаа шилдэг салбар холбоогоор шалгарсан. Тэр жил манай сумын уяачид засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан болон  аймаг, аймгийн чанартай наадмуудаас 51 айраг, түрүү хүртэж, аймагтаа тэргүүлсэн юм.  Түүнчлэн манай “Талын хүлэгч” гал маань аймгийн шилдэг галаар шалгарсан.
-Сүүлийн гурван жил амжилттай сайхан наадаж байгаа гэсэн. 2013 онд ийм байж, тэгвэл 2012,2014 онуудад хэрхэн наадсан бэ?
-2012 онд аймаг, аймгийн бүсийн наадмаас 44 айраг, түрүү,  2014 онд 10 түрүү, 31 айраг авсан
-Баянхонгор аймагтаа Баацагаан, Баян-Овоо сумдынхан амжилтаараа илүүрхдэг гэсэн. Та бүхний амжилтанд уяачийн эрдэм ухаанаас гадна юу нөлөөлж байна вэ?
-Манай сум эрт дээр үеэсээ хурдтай. Өөрөөр хэлбэл, унаган адуу нь хурдан. Тэрэн дээр нь үржил селекцийн зөв зохистой бодлого баримталснаар адууны хурдлах чадвар илүү сайжирч байна. Дээхэн үедээ манай энд Жуковын хээр  гэж олон түрүүлж айрагдсан мундаг хурдан азарга байлаа. Одоо үр төлүүд нь хурдалсаар байна. Мөн Буянгийн хээр, Лхамбаагийн хүрэн, Пүрвээгийн хээр, Цэрэнжамцын хээр зэрэг хурдан азаргануудын үр төл маш сайн хурдалж байна.
-Тэгвэл их морины тухайд?
-Манай өвөө Даваагийн ногоон морь сумандаа гурван жил дараалан түрүүлж байсан. Мөн зүүн талаас адуу ирэхээс өмнө Лайшир гэж хүний морьд сайн давхидаг байлаа. За дээр нь Бямбадоржийн бор, Шоохойн бор, Банзайн бор гээд олон сайхан хурдан буянгуудыг дурдаж болно доо. Цаг үеэ дагаад зүүн зүгийн адуугаар давамгай уралдаж байгаа ч Чинзоригийн саарал, Төмөрбаатарын ногоон зэрэг азарганууд тэдэнтэй эн тэнцүү хурдалж байна. Мөн нутгийн унаган адуугаараа маш сайн наадаж буй аймгийн Алдарт уяач Банзрагчийн Батхүүг энд дурьдах нь зүйтэй. Уржнан хонгор морио аймагт түрүүлгэж, даага, хязаалан айрагдуулсан  бол өнгөрсөн жил Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн  ой говийн бүсийн уралдаанд шүдлэн үрээгээ айргийн гурваар хурдлууллаа. Тэгэхээр манай сумын унаган адуунууд хурдан байгаа биз.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд айрагдаж байхад хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. 90 жилийн ойдоо МСУХ-ны зүгээс хэр бэлтгэв?
-Сумын 90 жилийн ойн хурдан морины уралдааныг аймгийн төвийн бүсийн уралдаантай нэгтгэсэн. 90 жилийн ойн баяр наадамд  Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн тав, зургаан сумын уяачид ирж оролцон, зургаан насанд дунджаар 400 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө. Бид 2013 онд шилдэг салбараар шалгарахдаа иж бүрэн гарааны төхөөрөмжөөр шагнуулсан. Түүнийгээ ашиглаад уралдаан маань ямар нэг маргаан будилаангүй, унаач хүүхэд унасан бэртсэн зүйлгүй маш сайхан болсон. Дээр нь бай шагналын хувьд ч гэсэн боломжийн өндөр байсан гэж бодож байна. Бид  түрүү морио 1,7 сая төгрөгөөр байлж, зургаад орсон морио 300.000, долоод  орсон морио 200.000, найм, ес, аравт орсон морьдоо 150. 000 төгрөгөөр тус тус байлсан. Өөрөөр хэлбэл, наадмынхаа нэр хүндийг өсгөхийн тулд зөвхөн түрүү морины байгаа хэт өндөр байлгадаг шударга бус зарчмаас татгалзаж, тэгш хүртээмжийг чухалчилсан. Тэр ч утгаараа 20-д хурдалсан морины эзэн 50.000 төгрөгийн бай авсан.
-Албан ажлаа завчилж,  хурдан хүлгээ уралдуулан, төр түмнийхээ цэнгэлд хөг нэмж чадсан  болов уу?
-Оролцолгүй яахав. Миний Даваа гэж  хурдан ногоон морио сумандаа гурван жил дараалан түрүүлгэсэн, сайн уяач байсан талаар дээр ярьсан. Тэр хүнийг залгамжилж миний аав Балдорж хурдан морь уяж, зээрд морио сумын баяр наадамд түрүүлгэж байсан. Өөрөөр хэлбэл, өвөө аав хоёр маань дөрвөн жил дараалан сумын наадмын их насны морины түрүүг хүртэж явсан улс. Миний бие тэр хүмүүсийн залгамж болсон гурав дахь үеийн уяач. 1995-96 оны үеэс бие даан морь уяж байгаа, аймгийн Алдарт уяач цолтой. Миний хоёр дүү бас уяна.
-Бат Алдарт хурдан хүлгийн уяа сойлго тааруулснаас хойш хичнээн айраг түрүү хүртсэн бэ?
-Ний нуугүй хэлэхэд, тоолж байгаагүй юм байна. 2010 онд аймгийн Алдарт уяач цолоо авснаас хойш олон айраг, түрүү авсаан. Энэ жил л гэхэд аймгийн наадмаас нэг айраг, аймгийн бүсийн наадмаас гурван айраг авсан. Хурдан хүлгүүдийнхээ буянаар аймаг, аймгийн чанартай наадмуудаас тогтмол айраг, түрүүтэй нааддаг юмаа.
-Амжилт арвинтай баяр наадмууд цаашид ч олон байх болтугай. Улс, бүсийн хэмжээнд уралдаж, унаган нутгийнхаа нэрийг дуурсгаж явахын ерөөлийг өргөе. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №62

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна