Л.Хоролсүрэн: "Их говийн зоригтон"-уудыг дурсаж 50, 60, 70 жилийг нь тэмдэглэсэн

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 10 -нд

Нэрт эрдэмтэн Б.Рэнчин гуайн олонд хүрсэн зохиол бүтээлийн нэг нь “Их говийн зоригтон хүмүүс”  аяны тэмдэглэл, найруулал билээ. Тэгвэл энэхүү аяны тэмдэглэлийн гол баатруудын тухай Өргөн сумын харьяат, уяач Л.Хоролсүрэн ийнхүү ярьсан юм.
-Өргөнчүүдийн бахархал болсон Их говийн зоригтнуудын тухай манай уншигчдад ярьж өгнө үү?
-“Тод магнай” сэтгүүлээр дамжуулан эрдэм соёл түгж, үйлс бүтээл нь өрнөсөн Их говийн зоригтнуудын өлгий, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн төрж өссөн нутаг, Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт Дорноговь аймгийнхаа ард түмэн болон Өргөн сумынхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч Бямбын Рэнчин гуай 1945 онд “Их говийн зоригтон” нэртэй алдарт найраглалаа бичсэн байдаг. Энэ бол түүхэн үйл явдал. 1944 оны 11 дүгээр сарын 20-доос 1945 оны гуравдугаар сар хүртэл үндсэндээ гурван сар буюу 90 хоног манай сумын баатарлаг малчид 70 мянган гаруй адууг улсын хил давуулалгүй хориглон адгуулж, эсэн мэнд эх нутагт нь буцаасан түүхтэй юм. Манай Өргөн сум, хуучнаар Баянмөнх сумын Хар дэлийн застав, одоо Хөх булагийн  застав нь Монгол улсын торгон хил гэсэн үг. Энэ түүхэн үйл явдлыг нэхэн дурсаж 1975 онд МХЗЭ-ийн залуучууд тойрон аяллаар явж байгаад тэнд алдрын багана босгосон байдаг. Бас  долоон жилийн өмнө сумын төв дээр “Их говийн зоригтонуудын өлгий” алдрын хөшөө босгоод байгаа юм.
-Тэр 70 мянган адуу хаа хаанахын адуу байсан бэ?
-Таван аймгийн 17 сумын адуу байсан гэлцдэг юм. Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Өвөрхангай, Улаанбаатар, бүр холын Дундговь, Сүхбаатар аймгийн адуу зүүн хойноос, баруун хойноос уруудаж орж ирсэн юм гэнэ лээ. Үүн дээр адууны эрэлчин, араас нь туслахаар ирсэн хүмүүс нь нийлээд 300-гаад улс 90 хоногийн турш адуугаа ч олдоггүй, буцааж авч явж ч чаддаггүй гурван сар болсон. Манай говьд чинь сарлаг огт байдаггүй. Гэтэл сарлаг хүртэл адуунд түрэгдээд бүр хуучнаар Баянмөнх сумын хойно ойрхон ирсэн байгаа юм.
Сумын намын үүрийн дарга Дамбадаржаа, сумын дарга Балдан гэж сайхан улс байлаа. Нэг шөнө намын дарга шөнө бостол нүргэлсэн их чимээ сонсогдохоор нь газар хэвтээд чагнасан их алсын чимээ сонстсон гэдэг. Тэгээд Балдан даргад хэлж, сумынхаа хэдэн хүнийг босгоод морь малаа бариулаад амдан хүлээж л дээ. Адуу ч Аргалын уулын хойд тал дундуур эгнэчихсэн бөөн бөөнөөрөө буучихсан дийлдэхгүй. Ингээд Аргал уулаас Өехий хүртэл 30 км, нэг өртөө газар тэр чигт нь хориглосоор явжээ. Аргалын уулыг давж мөн араас нь адуунууд нэмэгдээд, зам зуурынхаа айлуудаас хүн амьтан хүч нэмсээр уруудсан адуугаа буцаасан юм байна лээ.
-Яг хилийн наанаас эргүүлээд байсан юм уу? 
-Өдөртөө адуугаа буцааж туугаад, Баянмөнх сумын ойролцоо Хээрийн говь, Өехийн говь, Долоодын говьд оройдоо авчирна. Өглөө ахиад л хил дээр уруудаж очно. Энэ бүхэнтэй нөгөө улс өдөр бүр тэмцэж байсан байгаа юм. Энд сонин болгож ярихад манай нутгийн Бавгар гэж өвгөний аав Умбаажамба 70 мянган адууг буцаахад 25 орчим нь босоогоороо үхэж байсан гэж ярьсан тухай одоо дурсдаг юм. Манай Баянмөнхийн тууриных нь баруунтайх Давхар ухаа гэж шовбогор толгойд хэсэг яс бөөндөө үлдсэн  байдаг гэж. Олон адууг хөөхөөр хөлрөөд цантдаг. Тэгээд морио юүлж эмээлээ авахаар даарсан морьд халуун биеэрээ бие биенээ шөргөөж зогсоод хорин хэдэн морь үхэж байсан гэдэг.
-Улсаас нэмэлт хүч ирсэн гэдэг байхаа?
-Ирэлгүй яахав. Мал эмнэлэг, төр захиргааны улс ирнэ. Гэхдээ яг морь унаад давхидаг нь байсан ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй юм. Бодвол байсан л болов уу. Ихэнх нь нутгийн малчид. Энд онцолж сонирхуулахад Дамбадаржаа дарга, сумын дарга Балдан, Аргал уулын энгэрийн хэдэн айл “гол баатрууд”-ын нэг байлаа. Энгэрийн тэр айлуудаас Должин гэж сайхан эмээг бид мэднэ дээ. Тэднийд хөл гишгэх зайгүй. Суугаараа унтах нь унтаад л. Цаг хэцүү тэр үед аргал байхгүй, цасанд дараатай болохоор хоол унд ч гэж юу байхав. Бүгдээрээ  өвөртөлж гарсан ааруулаар голоо зогооно. Энэ тухай Рэнчин гуай зохиолдоо бичсэн байдаг даа. Хувааж идээд, унтаад, маргааш өглөө нь дахиад л адуундаа явна.
Одоо энэ уяач Б.Хүүхнээ, Хажидын Балдан гэж багийн дарга, улсын Алдарт уяач Д.Жамбал, Цэргийнхүү, Пүрэв нарын дээдчүүл “Их говийн зоригтнууд” явсан улс. Манай эхнэр Дамбадаржаагийн удмын хүн байгаа юм. Дамбадаржаа гэж хүний өргөмөл хүү болох Дугарын Жамбал манай хадам эцэг. Харин гурав дахь үе нь эхнэрийн эгчийнх нь хүүхэд болж байгаа юм. 1980 оны дөрөвдүгээр сарын 18-нд Сүхбаатар аймагт айхтар шуурга болж олон цэрэг эрс амиа алдсан ч үүргээ нэртэй төртэй биелүүлсэн билээ. Дүү маань тэнд отрядын мал малладаг байлаа. Энэ тухай Дорноговь аймгийн “Ялалт” сонины сэтгүүлч Намжилдорж “Гурван үеийн Их говийн зоригтон” нийтлэлд бичиж байсан юм.
-Шуурганд уруудсан 70 мянган адуунаас Өргөнд үлдсэн болов уу?
-Бүгдийг нь тараасан гэж манай ахмадууд ярьдаг. Хэсэг хэсгээр нь ялгаад малчдад хариуцуулаад өгчихдөг. Тэгээд эзэн нь ирээд аваад явдаг байсан гэдэг. Бараг тоогоор нь аваад явсан юм биш үү.
-Энд оролцсон малчдын хөдөлмөрийн үнэлсэн болов уу?
-Хоёр дарга нь л Алтангадас авсан. Бусад нь байхгүй шүү дээ. Должин эмээ мэтийн олон хүний хичээл зүтгэлийг үнэлэлгүй л орхисон гэж боддог юм. Би энд оролцсон хүмүүсийг амьд сэрүүн ахуйд бүгдтэй нь уулзаж явлаа. Дүү бид хоёр “Их говийн зоригтон хүмүүс” гэж жижигхэн ном бичиж гаргаад, Баянмөнхийн төвд номын баяраа хийсэн. Бас энэ түүхийг Монгол улс даяар таниулах үүднээс 1994 онд 50 жил, 2004 онд 60 жил хийсэн. Хойтон сумынхаа 90 жилтэй хамтатган 70 жилийг нь хийхээр төлөвлөж байгаа. Энэ тухай хойч үеийнхэн маань мэдэх ёстой шүү дээ. Хүн бууны суманд, шуурганы өмнө ч үхнэ. Харин адууны өмнө хэзээ ч  үхдэггүй гэдэг. Учир нь адууны илчинд алздаггүй юм. Тухайн үед 40-аад хэмийн хүйтэн байсан гэж ярьдаг юм байна лээ.
-Энэ  тухай нэвтрүүлэг, баримтат кино хиймээр санагдлаа?
-Би “Их говийн зоригтны дуулал” гэж сумынхаа сүлд дууг дөрвөн жилийн өмнө хийлгэсэн. Шүлгийг нь Дорноговь аймгийн прокурор, хуульч Маамын Чулуун бичиж, СТА хөгжмийн зохиолч Мөнгөн-Өлзий аяыг нь хийсэн. Харин манай нутгийн Алтанширээгийн харьяат, Монгол Улсын гавьяат жүжигчин Ёндонжамц дуулж олны хүртээл болгосон байгаа. Яваандаа 70, 90 жилийн ойгоор нь жижигхэн баримтат кино хийлгэхсэн гэж бодоод л байна. Бас адуу буцаасан газар нь алдрын баганаа босгоё. Суманд байгааг нь сэлбэж сэргээе гээд бодсон юм их байна.
-70 мянган адуу тогтоож байсан гэхээр Өргөнчүүд адуу малдаа эрэмгий, зоримог хүмүүс байдаг байх нээ?
-Тухайн үед  20-40 хэдтэй залуучууд л байсан байгаа юм. Манай сумаас чинь Монгол улсын хоёр адуучин баатар төрсөн байдаг. Мажиг, Сүхбаатарын Шарбанди гэж нутгийн бахархал болсон хүмүүс байна. Ер нь манай Өргөн сумыг Догшин ноён Хутагт өссөн, Их говийн зоригтнуудын өлгий, Чуваа арслангийн нутаг гэдгээр нь монгол даяараа андахгүй. Гэрээ эхтэйгээ үүрээд явдаг Монгол Улсын арслан Чуваа бол манай нутгийн хүн. За тэгээд манай нутгийн Галшир, Дэндэв тайжийн адуу гэдэг чинь агуу шүү дээ. Ховд, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Төв, Хөвсгөлөөр өнөөдөр манай адуунууд нэр гарч хурдалж байна. Үүлэн Жамбалын Пуужин цагаан гэж алдартай адуу байлаа. Оросууд пуужин хөөргөөд байх юм, би газарт пуужин нисгэе гэж ярьж байсан юм гэнэ лээ. Мөн Дэлгэрэхийн торгон Дашням, Нямбуу нарын Монгол улсын Алдартууд, “ходоодон” Түдэв, Лувсанцэрэн, Мажигбаатар, Ваанчиг гээд л Өргөний нэрийг гаргасан эрдэмт уяачид олон бий.
-Бидний яриа өндөрлөж байна. Ирж буй ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.