Сумын Алдарт уяач С.Лхамгомбо: Сайн эдэлж, зөв онгойлгосон морь тэр жилдээ давхидаг юм

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 17 -нд

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул, сумын Алдарт уяач Санжмятавын Лхамгомботой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяа сойлго тааруулан, хурд ирлэсэн он жилүүдээс сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Би чинь 1975 онд цэргээс халагдаад, хөдөө гарч нагац ахынхаа өгсөн адуугаар уяа эхлүүлж байлаа. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Мэдээж уясан морьдоо мордуулсан наадам бүхэн сайхан.  Гол нь уясан морь, унасан хүүхэд иймээ тиймээгүй ирнэ гэдэг бүр ч сайхан шүү дээ. Эндээс онцлоход сарын дотор соёолон үрээгээ гурван удаа түрүүлгэчихээд магнай хагартлаа баярлаж билээ. Бат-Үүлийн Баян хаанаа тахих наадам, Биндэр сумын галын их тахилга, Онон хурдад түрүүлгэчихээд цоллуулж зогсох сайхан юм билээ. Түрүү, айраг ах нь олныг авч үзлээ. Гэхдээ сарын дотор гурван түрүү авна гэдэг бас л аятайхан санагдсан гээч. Одоо харж байхад залуучууд морь уяж хурдлуулж, өөрийнхөө нэр, алдар сүрийг гаргах, зарах тухай бодоод байх шиг. Морь уяж уралдуулна гэдэг асар хариуцлагатай ажил. Олон түмнийг баясгахын тулд нөр их хөдөлмөр зарцуулдаг юм шүү дээ. Зарим нэг нь ажилгүй хүний зугаа  ч гэж хараад байх шиг. Үгүй юм. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөр энд явдаг. 
-Нагац ах тань уяач хүн үү?
-Би Гучит гурван манхайдайн хүн л дээ. Дээр үед гучит гурван манхаадай гэж Баян-Адрага суманд харьяалагддаг байсан юм. Одоо бол Биндэрийн нутаг. Харин өвөг дээдсээ яривал Баян-Адарга гаралтай. Миний аав ээж Биндэр сум анх байгуулагдахад Баян-Адаргаас багаараа таслагдаж очсон гэдэг. Манай аав Санжмятав морь мал уяж байгаагүй ээ. Харин нагац ах Хэнтий аймгийн Баян-Адарга сумын гаргүй Дамдин гэж намайг анх моринд оруулж байлаа. Мэдээж багадаа хурдан морь унаж байсан л даа.
-Ямархан унаач байв. Ахынхаа уясан морийг унадаг байв уу?
-Үгүй ээ. Жадамбын Гомбо буюу олны нэр Хомбо гуайнд морь мал унаж өслөө. Багадаа Хомбо гуайн хүүтэй их сайн найзууд байлаа. Бид чинь сайнаар яривал садан төрөл, муугаар яривал нэг голын улс. Миний уяаны эрдмийн шанг татсан багш маань байгаа юм. Багшийн адуунууд  сайн, ярих юм байхгүй. Залуу байхад багшийгаа дуурайгаад өнөөдөр хөлс авчихаад маргааш тарлана, тэгээд хөлс авна гээд л хийнэ. Өвгөн багш маань давхил бүхний ард ирж бидний морьдыг харж, өнөөдөр давхилдаа ядарч уу, гайгүй байна уу, энэ хэр зүдэрч, уяа нь дутуу байна уу, мултарч уу гээд зааж зөвлөнө. Цэргээс ирээд ч багшийгаа дагаж уяаны дөртэй болсон доо. Нагац ах маань олон сайхан хурдан адуутай. Гэхдээ Баян-Адаргын хүн учраас өдөр болгон уулзаад байх боломжгүй. Одоо шиг утас шөрмөс ч гэж байсангүй шүү дээ.
-Наадмын өм нээгдсэн үе хэзээ вэ?
-Ингээд 1975 онд морь уяж, багшийнхаа адууны удамтай буурал хүрэн морийг сумын баяр наадамд есөд хурдлуулсан. Анх сунгаанд тавлахад нь одоогоор аймаг, суманд түрүү авсан юм шиг л онгирч, хөөрч байлаа. Залуу ч байж дээ. Дараа нь тэр буурал хүрэн мориороо Биндэр суманд олон айраг авсан нь надад урам зориг нэмсэн. Хуучин нийгэмд нэг азарга, хоёр гүүтэй болчихоор тав болчихно. Адууны цус солиход хэцүү үе байлаа. Ямар сайндаа л ар өвөртөө нууж, хүн амьтан дээр тавина гээд амаргүй байхав. Моринд дуртай бид чинь үхрээ цөөлөөд, адуугаа түрдэг үе байлаа.
Адууг анх сургахдаа л амыг нь зөв хагалж, зөв унаж сурах ёстой. Морь уяна гэдэг чинь унаа эдэлгээнээс л шалтгаалдаг. Буруу сургалттай адуу заавал буруу байдаг юм. Амыг нь цуулаад орхих юм бол хөндүүрлээд хажуу тийшээ хадуурдаг, хатуу амтай болно. Намрын хайлган цагт их унах юм бол өвчин эмгэг авна гээд л. Гол нь адуугаа сайхан эдлэх ёстой. Аливаа юм хоёр талтай. Сайн сайн уяж байгаа залуус олон байна. Нөгөө хэсэг нь наадам дөхөхөөр уяач болчих юм. Хүн бүхэн хурдан адуутай болчихоод няцлахыг нь няцлаад, тоглохыг нь тоглоод л хаяж байгаа харагдах юм. Залуучууд мотоцикль унахаасаа илүү морио эдлээсэй гэж боддог. Хурдан морийг анх унаанаас эхэлж, тэгээд уяанд оруулдаг. Сайн эдэлж, зөв онгойлгосон морь тэр жилдээ давхидаг юм. Наадам боллоо гээд баахан тэжээгээд, барьж аваад уях юм бол амжилт тааруухан л байх шиг байгаа юм.
-Та тэжээдэг үү?
-Орчин цагийн аясыг дагаад тэжээж байна. Өөрөө унаж давахгүй болохоор тарган талд нь тэжээгээд бас л доголдол гарчихаад байх юм. Алдаж онох нь аль аль нь л таарч байна. Дандаа хурдлуулаад, уясан бүхэн нь айраг цагаа авна гэж байхгүй шүү дээ. Уяа гэдэг их эмзэг юм. Зөвөөрөө эргэх юм бол наадамчин олон болоод уясан хүний магнайг тэнийлгэдэг л эд. Буруудвал үр дүн тааруу л гарна. Уяач хүн чинь морио их хайрлах ёстой юм. Ер нь уяачийн муугаас морь гэмтдэг юм. 
-Уяачийн хор гарна гэж ярьдаг даа?
-Тийм ээ, уяачийн, унасан хүүхдийн, адууны гэж гурван хор байдаг тухай зурагтаар ярихыг сонссон. Нэг  нь орж байхад бусад нь зургаа, долоогоор ордог шүү дээ. Нэг удаа би хонгор адуугаа өвөлжин, хаваржингаа уяад, Март, Майн баяр, сумын наадам, Бэрхийн наадам гээд таваас зургаан том наадмуудад дандаа зургаалуулчихдаг байгаа. Бүр Зургаан хонгор нэртэй боллоо. Уг нь хурдан юм болохоор би нүдээд л байсан юм. Тэгсээр байгаад Улаан-Од гэж Баян-Адарга сумын ойгоор аман хүзүүдүүлж билээ. Тэгэхэд хоёр морьтой очоод ийнхүү нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь дөрөвлөж байлаа. Тэр чинь 1990 оны эхээр байгаа юм. Энэ бүхнийг биеэрээ туулсан болохоор одоо залуучуудад хэлдэг юм, адуу хүнийг их сорино оо гэж. Энэ явахгүй, энэ муу хэрэггүй гэж ад үзэж болохгүй. Алдаа оноо их таарна. Гэдэс гүзээн дээр алдахаас эхлээд. Гол нь эцсийг нь үзтэл уях ёстой.
-Зургаалахыг уяачид янз бүрээр л ярьдаг даа?
-Тийм ээ, зарим нь хорхой зургаа, энэ явахгүй ээ гэж янз бүрээр л ярьдаг юм билээ. Би бол ахичихаа яасан юм бол гэж боддог байлаа. Гэхдээ одоо тоохоо байсаан. Минийхээр нэг л нас наадамд дутуу байхаар сэтгэл дундуурхан болоод байдаг юм. Мордуулсан хэд маань 10, 20, 30, 40-өөр ч ирсэн ирэн иртэл нь тоолоод, хүрээд ирэхээр нь сэтгэл цэлмээд л явчихдаг юм.
Одоо ч уралдаан олон болчихоод моринд дуртай улс, мань мэт чинь тэсэхгүй арай хөнгөрүүхэн юмаа аваачиж тавьчих гээд золигтоод байх юм. Үүнийг л болимоор байгаа юм.
-Та жилдээ хэд наадаж байна?
-Аятайхан тэжээвэл цагаан сараас эхлээд овооны наадам дамжаад давхар уяагаар 3-4 наадамд явчихна. Морь гэдэг чинь аятайхан тавиад байвал яваад л байдаг эд. Би чинь жил бүр зургаан насыг давхраар нь уяна. Тэгж л өөрийгөө зовоохгүй бол амардаггүй юм. Нэг л насгүй хүрээд ирэхээр сэтгэл дундуур оргиод байдаг. Хэдээр ирэх нь хамаагүй. Өөрийгөө тамлаж, морийг тамлаж байж л амарч байгаа хүн дээ, би.
-Лхамгомбо уяачийн нэрийг гаргасан ямар, ямар хурдан буянгууд байна вэ?
-Анхны амжилтыг авчирсан мориндоо хайртай. Адууны цус гэж айхтар юм бий.  Тийм болохоор би азаргаа солих их дуртай. Таван жил  болоод сольдог. Энэ хугацаанд Сүхбаатар, Дорноговь, Дорнод, энэ хавиас адуу их авлаа. Манайх хэдэн сайн гүүтэй. Дарийн Өндөрийн адуу, гаргүй Дамдингомбын Барамсай халиуны угшлын гүүнүүд байгаа юм. Анх буурал хүрэн морио айрагдуулчихаад байтал Андай Лувсангомбо гэж Биндэрийн урд чигээр амьдардаг, уясан нь хурдалдаг өвгөн таараад “дүү хүү морь чинь сайхан давхиж байна шүү дээ, баяр хүргэе. Морь уяж байгаа хүний азарга л олон болдог юм даа” гэж хэлж билээ. Нээрээ л тэгдэг юм байна.
-Багшаасаа өвлөн авсан уяаны нарийн нандин жороосоо хуваалцаач?
-Багшийнхаа зааснаар, адууныхаа хүч, тамир тэнхээг харж уяаг нь тааруулна. Айхтар турчихсан адууг балбаад, байнга ажил хийгээд байвал өнөөх маань байхгүй болчихно шүү дээ. Энэ тарган сайхан тамиртай байна гээд юм бүхэнд нийлүүлээд байвал зүдэргээ ядаргаа болно. Өөрөөр хэлбэл бөх барилдсан ч бэлтгэлд гараад гүйдэг биз дээ. Түүнтэй адил сумынхаа ойд аваачаад уралдуулна гэхэд наана нь давхилаа хийнэ, тарлана, давхиулна, хөлсөө авна гээд бэлтгэл их бий. Уяа дөхөөд ирэхээр зөөлөн хөлс авчихна. Ер нь болчихсон адууг зөөлөндүүхэн маягтай хөлсөлнө. Хөлсийг нь айхтар хусаад байвал дуусчихна. 
-Сум орондоо л наадаад байна уу?
-Хааяа “буурь” сэлгэнээ. Улаанбаатар хотод хоёр ч очлоо. Аймагт ганц нэг адуу оруулж үзлээ. Хүй долоон худагт нааддаг болсон анхны жилийн долооны сунгаанд хээр халзан хязаалангаа аман хүзүүдүүлж байсан. Тэгэхэд 200 гаруй үрээ мордсон юм. Харин наадмаар 29 дээр ирж яваад шогшоод 34-өөр давхисан. Одоо шиг тэжээл гэж байсангүй. Хөөрхий хөлөөр нь туугаад л очсон нь тэр. Тэрнээс хойш тэжээлгүй адуу явахгүй юм байна гэдгийг ойлгосон ч нэг л  буруу зөрүү тэжээгээд байх шиг байна. Харин хоёр дахиа одоогоос 4-5 жилийн өмнө хурдан алаг үрээтэйгээ очсон ч хүн амьтан гуйгаад байхаар нь зарчихсан. Хүмүүс чинь айхтар юм билээ. Энэ хавьдаа Онон хурдад зургаалж, Бат-Үүлийн галын наадам, Биндэрийн тахилгын наадамд түрүүлж, шүдлэн үрээ байхдаа Хурхын ой болон сумынхаа наадамд  түрүү магнай болж байсан юм. Тэрийг бичлэгээр нь үзээд, хэзээний эчнээ танил болчихсон байж билээ.
-Тэр үед хэн гэж хүн авсан юм бэ. Наадамд мордуулсан болов уу?
-Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Бадамжунай гуай авсан. Тухайн үедээ Хэнтий аймагтаа л хамгийн өндөр ханштай наймаа хийж билээ. Хөөрхий муу алаг үрээ амьдралд маань их хэрэг болсон. Их мөнгө өвөртөлж үзээгүй хүнд 20 саяыг өвөртлөөд гарахад хүйтэн оргиж, доошоо дараад байгаа юм шиг эвгүй юм байна лээ.
Алаг үрээ тэр жил улсын наадмаар 11-ээр ороод, Эрдэнэтэд аман хүзүүдэж байна лээ. Бас Дүнжингаравт гайгүй давхисан байх шүү.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байна даа?
-Сумын Алдарт болоход 80 гаруй айраг, 15 түрүү авсан байна лээ. Эндээс аймгийн ганц хоёр бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-“Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ахмад хүний хувьд хойч үеийнхэндээ хэлэхэд, адууныхаа цусыг л сайн сэлбэж байгаарай. Мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээж, мотоциклиор биш мориор гангарч гоёцгооё. Сайхан морио унаад, сайхан эмээлээ тохоод, үндэснийхээ хувцсыг өмсөөд, ханиа дагуулаад наадаж явах монгол ахуйг чимдэг юм.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна