Сумын Алдарт уяач Н.Хосбаяр: Багшийнхаа буянаар хоёр ч удаа улсын наадамд очиж уралдсан

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 18 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, сумын Алдарт уяач Насанбуянгийн Хосбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Өвөөгийн тань талаар эхлээд ярилцах нь зүйтэй байх. Шарав гэдэг хүний талаар ярьж өгөөч?
- Манай өвөө Дорноговь аймгийн Дэлгэрхэт сумын хүн. Хэдэн оныг нь мэдэхгүй юм. Гахай жил төрсөн. Энэ нутагт ирж, эмээтэй гэр бүл болоод суурьшсан юм билээ. Адуу мал нь нутагтаа байдаг.  Өглөө  нь морио юүлэхээр хоёр гурван хөтөлгөө морьтой гарч давхиад үдэш нар шингэхийн алдад морио юүлчихээд ирдэг байсан гэдэг юм.
-Морь юүлэх газар нь хэдэн км зайтай байсан юм бэ?
- Уг нь гайгүй л дээ, 160 гаруй км газар.
-Ирэх очихын 320 км болох нь байна ш дээ?
-Адуу  нь сайн болохоор ергөчихдөг байсан юм байлгүй дээ. Манай өвөө чинь лам байгаад хар болсон хүн. Сүүлд эхнэр авч, аав маань нэлээд нас тогтсон хойно нь гарсан хүүхэд.
-Холч сайн адуутай байж дээ?
-Ононмөр хавангийн адууны угшилтай байсан гэдэг юм. Ямар ч байсан нэг наадамд бага дөрвөн нас оруулж байсан. Ер нь бага адууны уяаг илүү сайн тааруулдаг байсан юм билээ.
-Танай аав морь уядаг байв уу?
-Үгүй ээ, аав морь мал сонирхдоггүй сэхээтэн хүн байсан. Харин би багадаа дэлдэн Норов гэж хүний хурдан морийг унадаг байсан. Норов гуай  Дундговь аймгийн Эрээний хүн. Манай аавын эгчийнх нь нөхөр л дөө. Их хурдтай, сумын наадмаас айраг, түрүү алддаггүй уяач байсан. Ах нь “хазгар” Дагва гэж Цагаандэлгэрийн бас сайн уяач.
-Тэгээд хэзээнээс бие даан морь уях болсон юм бэ?
-Сургууль төгсч ирээд хэсэг хөндийрсөөн. Тэгж байгаад 2002 оноос идэвхитэй морь луу орж байна. Тэр хооронд ах дүү нар ганц нэг үрээ уяад миний нэр дээр явуулдаг байсан юм. Манай адуу  бас гайгүй чанартай л даа. Дэлгэрэх, Иххэт гаралтай гүү байсан. Мөн нэгдлийн адууг нийгэмчлэхэд ганц нэг гайгүй адуу авсан байдаг юм билээ. Азарганы тухайд Сүхбаатарын Уул-Баяны Хүрлээ гэж ахаас нэг сайхан үрээ авсан. Тэр намайг олон баярлуулсан даа. Ер нь л айраг алддаггүй  адуу. Тэр үед анхны аймгийн бүсийн уралдаан Айраг суманд болоход айрагдсан. Мөн Дорноговийн Алтанширээгийн Чогсом гэж хүний алаг азарганых нь төл алаг азаргыг авсан. Одоо Дарьганга сумын харьяат МУ-ын Алдарт уяач Бямбадоржийн Мөнгөн хөлтийн төл зээрд хязааланг уржнан авсан. Уг нь хурдан боловч эцэг шигээ бас хадуурдаг юм билээ. За тэгээд залгаа Хэнтийн Дархан, Дундговийн  Өндөршил зэрэг сумдаас гүү нэлээд авсаан.
-Уяаны эрдмийн тухайд хэнээс заавар зөвлөгөө авдаг байв?
-Миний уяаны багш гэвэл МУ-ын Манлай уяач Цэрэндэжид агсан. Хүүхдүүдтэй нь найз болохоор нийлж бараг гал болоод явдаг юм. Багшийнхаа буянаар улсын наадамд хоёр ч очиж уралдсан. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор аймагт түрүүлсэн зээрд соёолонтойгоо очин 57-д давхиулж байлаа. Тэрний урд жил цавьдар морио 35-аар давхиулсан. Мөн дан эрлийз уралддаг мянган долларын уралдаанд хусран монгол даагаа 41-д давхиулсан. Өвгөн л “чиний даага гайгүй байгаа юм байна яв” гэж зөвлөсөн юм. Уралдааны дараа нэг хүн ирээд баяр хүргэхээр нь “хүн андуураад байгаа юм болов уу” гэсэн “монгол даагандаа хоёрт орсон шүү” гэж хэлээд үнсчихээд явчихсан.
- Тэр 2006 онд аймгийн наадамд түрүүлсэн зээрд үрээнийхээ талаар жаахан дэлгэрүүлээч?
- Алдарт уяач Цэвээндоржийн унаган адуу. Надад даага ирсэн юм. Тэр жил нь хөхрөөд байхаар нь уяагүй. Дараа жил нь шүдлэн бас  хөхрөөд. Харин хязааландаа сунгаануудад сайн байсан ч Баянжаргалан сумын 80 жилийн ойд будилаад амжилт гаргаж чадаагүй. Ер нь тэр зээрд морь их хурдан л даа.
- Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг, морь хүүхэд хоёр дов үзэх ёстой гэдэг. Таны хувьд сургамж болсон өгөөжтэй хэдэн оны наадам байсан бэ?
- Уралдах моринд урд шөнийн хоол л гэдэг. Зарим үед морио манаж байгаад алдчихаад оройхон бариад хоолыг нь ихдүүлж хойшлуулах үе байсан. Ер нь тэгээд морийг жилийн дөрвөн улирал сайн эдэлбэл элдэв эмгэг тусахгүй, уяхад арай наана гарт ороод байдаг юм болов уу. Тэрнээс жаахан тарга хүч авахуулаад жил энэ тэр өнжчихсөн морь уяхад бол бас л алдаж оноод л байдаг юм. 10 гаран жилийн өмнө манай эндэхийн сайн малчин Дарханы Донойдой гэж өвгөн хавар сайн малчны наадам хийсэн. Тэнд хүрэн азарга гараад зугтсаар үзүүр дээрээ дайруулаад айргийн гуравт орсон. Адъяасүрэн гуайн алаг азарга түрүүлж, Бор-Өндөрийн нэг хул азарга аман хүзүүдсэн. Тэгж л анх морь айрагдахад их онгирч бахархаж байлаа. Тэрний урд ч улсад 35-т ордог цавьдар үрээтэй олон наадам хэссэн, 40 хэдээс наашилсаар цавьдар морь ч давхил сурсан байх. Би ч сүүлдээ бас гайгүй оролдоод байдаг байсан юм байлгүй. Олон айрагдсан, энд тэнд очоод гайгүй давхичихдаг 10 дотор ордог л байсан. Тэрийгээ тэр жил гайгүй юм болов уу гээд улсад очсон.
- Анх улсад очиход ямар санагдсан бэ?
- Халхын том уяачид аль хурдан хурцаа авчирсан улсын баяр наадам сүрдмээр, их сэтгэл түгшмээр байсан. 800 жилийн ой гэдгээрээ аргагүй олон морь мордож байсан.
- Энэ Манлай хүлэгч гал хэзээ байгуулагдсан юм? Та хэд дэх гишүүн нь юм? Танай гал бусдаасаа ямар онцлогтой вэ?
- Олон жилийн өмнөөс гал болъё гээд ярьдаг, яг гал шиг л зохион байгуулалттай явдаг байсан. Нэрээ өгч бичиг энэ тэрээ авсан нь 2014 он. Уг нь Сүмбэрийн анхны гал болох санаатай байсан чинь биднийг мунгинаж байхад хэдэн залуучууд гал байгуулсан байна. Тэгээд за ер нь нэгэнт гал болно гээд олон жил ярьсан энийгээ хэрэгжүүлье гээд гал байгуулсан. Уг нь өвгөнийг байхад гал болох ёстой байсан. Одоо манай галд хамгийн өндөр настай нь Майнбаяр ах байна. Бидэнд сургааль айлдаж заавар өгч явдаг болохоор галынхаа даргаар тавиад тэр хүнийхээ үгэнд ороод явж байна. Гал болоод жүчээ бариад өвөлдөө морь тэжээдэг болсон. Зохион байгуулалттай болохоор ажил ч урагшлаад, ядахнээ нэг нэгнийхээ амжилтанд нэмэр болох, адууныхаа үржил селекцинд анхаарах юм. Ноднин манай галын Батаа “Тэгмээр байна ингэмээр байна” гээд уриалаад сүүлийн хоёр жил манай хэд хойшоо Онон Тод манлай дээр очиж улсын наадмын өмнө тэнд морио уялаа. Онон Тод манлайгаас заавар зөвлөгөө авч туршлага судлаад ирдэг болсон. Би арай л явж амжаагүй байна.
- Явсан хүмүүс өөр болж байна уу?
- Бололгүй яахав, залуучууд маань сайхан юм сураад ирсэн. Бидэнд ч мэдрэгдэж байна. Ядахдаа л  мориныхоо хөөсөн хааг хатгаад сурчихсан мань мэтэд бараг заагаад байна. Анх явсан жил нь манай энд гантай байсан. Энэ жил хойшоо гантай байсан. Ноднин хойно уягдаж байсан халтар үрээ аймагт орсон.
- Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Уясан хүлэг нь хурдан байж улсын цолонд хүрээрэй. Төрийн ордонд уулзалдъя.
- За тэр ерөөл бат оршиг

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна