“Сант хан” МСУХ-ны тэргүүлэгч, сумын Алдарт уяач Л.Ганбаяр: Манайханд гурав дахь үеийн арав гаруй уяач байна

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 10 -нд

Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, “Сант хан” МСУХ-ны тэргүүлэгч, сумын Алдарт уяач Л.Ганбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Булгийн эх, усны ундарга гэдэг хуучны үгтэй болохоор эцэг өвгөдийн тань талаар ярилцлагаа эхэлье.
-Миний хөгшин аав Дүнгээням гэдэг хүн 1905 оны үед хойд Буриад нутгаас Монгол оронд орж ирсэн. Хойд нутгаас өөрийн гэсэн тодорхой цөөхөн адуу малтай ирж байсан юм билээ. Хурдан, хатирч улаан морийг жилийн дөрвөн улиралд унадаг, тэрийгээ бас уядаг. Тэр хурдан морины талаар манай нутгийн ахмад уяачид, өвгөд их ярьдаг юм. Намайг төрөхөөс өмнө эрт өөд болсон учраас би өвөөгөө мэдэхгүй. Бурхан хээр, Дэмбэрэлсамбуугийн бор хээр гээд хурдан морьдтой уралдаж түрүү, айраг цуг авдаг байсан морины нэг.
-Таны аавын тухайд?
-Миний аав Нямын Лувсанцэрэн гэж морь уядаг хүн байсан. Жамсран, Дамдины Загд, Дэнзэнмөнх, Бүд, Дашням зэрэг мундаг уяачидтай нэгэн үе цуг морь уяж, хурдлуулсан. Би өөрөө гурав дахь үеийн уяач. Миний 16 настай хүү бас морь уяж байгаа. Дөрвөн үеэрээ Дадал суманд суурьшаад морь уяж байна. Би сумын Алдарт уяачийг 2010 онд нэлээн хожуу авсан. Болзлоо нэлээн эрт, бараг 2004, 2006 оны үед биелүүлсэн л дээ. Морь уялгүй хэсэг завсарлаад одоо эргээд морио уяж байгаа. Цаг үетэйгэй уялдуулаад шинэ цагийн монгол адууг өсгөх, мөн дээрээс нь өөрсдийнхөө үндсэн угшлын адууг үржүүлэхийн тулд нэлээн ажиллаж байна.
-Лувсанцэрэн гэдэг хүний ямар ямар хурдан адуунууд байв. Бас ямар удам угшилтай адуунууд байв?
-Манай аав багийн тоо бүртгэгч, сумын санхүүд ажиллаж байсан хүн. 1950 хэдэн онд анх нэгдэл байгуулагдаж адуу нийгэмчлэхэд миний хөгшин аав Дамдины Цэрэнням гэдэг хүний адуунууд үндсээрээ нийгэмчлэгдсэн. Тэр адуунаас үлдсэн адуу бий. Манай аавын шарга, хүрэн, хар зэрэг хурдан морьд байсан гэдэг. Би тэр морьдыг унаж үзээгүй. Яагаад гэхээр 1979 онд манай аав өөд болсон юм. Намайг анх морь уях эрдэмд сургасан хүн бол миний хамгийн том ах Лувсанцэрэнгийн Гантөмөр. Ахыгаа дагаж, 14-тэйгөөсөө морь уяж эхэлсэн. Түүнээс хойш энэ цаг хүртэл цугтаа морь уяж явна.
-Таны хурдан морины уяа сойлгоны түүх хэрхэн эхэлж байсан бэ?
-Миний авга ах  Хуягбаатар надад дааганд нь өгсөн шарга азарга суманд олон айрагдаж байсан. Тэр шарга азарганы төл адуунууд их хурдалсан. Миний өөрийн унадаг байсан Ботгон бор гэж хурдан бор морь хөрш зэргэлдээ сумдаар олон наадаж, их бага наадмаас нийт 16-17 айраг түрүү авсан. Бас нэг сайхан хүрэн морь байсан. Сүүлд шарга азарганы маань төл хүрэн азарга их хурдалсан. Сүүлийн үед хурдлаагүй ч гэсэн үндсэн адууны минь угшил бага насны адуунуудаа уяж байна. Би 2008 оноос хурлын дарга болоод алба ажлын улмаас амжихгүй учир хүүхдүүд маань морьдоо уяад явж байна даа.
-Түрүүн энэ сум орон нутгаасаа анхны гарч уралдсан уяачдын нэг гэж ярьж байсан. Хэдэн оны үед гарч уралдаж байв. Хаана, хаана наадаж байв?
-2008 онд анх сумаасаа гадагшаа гарч уралдсан. Тэр үед анх Биндэр суманд очиж уралдаж их морины түрүү авч байсан. Тэгэхэд аймгийн Алдарт уяач Отгонсүрэн, Дамдины Загд, Дэнзэнмөнх, сумын Алдарт уяач Болдган бид хэд цугтаа явж байлаа. Мөн миний хамгийн том ах Гантөмөр бас цуг явж, Биндэр суманд миний бор морь түрүүлж, ахын маань нэг соёолон айрагдаж, хязаалан үрээ бас айрагдаж, цаана Батширээт суманд очиж хатирч жороо морины түрүү авсан. 1999 онд Дорнод аймгийн хойд бүсийн уралдаанд очиж бас бор морио түрүүлгэж байсан.
-Хойд бүс нь хаана болж байсан юм бэ?
-Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд болсон юм. Тэгэхэд Загд гуайн бор морь зургаад хурдалж, Бандий гэдэг хүний хүрэн морь айрагдаж байсан. 2000 онд Хэнтий аймагт анх хамгийн том наадмыг аймгийн Засаг дарга байсан Жаргал гэдэг хүн зохион байгуулж, 300 гаруй их морь мордсон наадам Царигийн хөндийд МУ-ын Манлай уяач Содном гуайнд болоход тэнд би морио эндээс хөлөөр нь 270 км газар хөтөлж очоод уралдуулж 21-д давхиулж байсан.
-Тэр Царигийн уралдааныг олон хүн ярьдаг юм билээ. Өөр хаана хурдан адууныхаа шандсыг сорьсон бэ?
-Тэнд манай Хэнтийнхэн айраг, түрүү олныг авч байсан. Зинагийн хээр азарга, Хишигбаатарын хонгор морь түрүүлж байсан. Тэгээд 2001, 2002 онд сумандаа наадсан. 2004 онд бас гадагшаа гарч Норовлин сумын 70 жилийн ойд очиж их морь, дааганы түрүү авч байлаа. Дорнодын Баян-Уул суманд очиж бас даага түрүүлгэсэн. Тэр зун сайн наадаж, хоёр мотоцикль, олон сайхан бай шагнал авч байсан даа. Сумынхаа 70 жилийн ойгоор шүдлэнгийн түрүү, дааганы айраг хүртсэн. Нийтдээ 20-иод айраг, түрүү авсан байна.
-Танай ийшээ эртэвтэр тэжээсэн үү. Хэдий үеэс морь малдаа нэмэлт өгч эхэлсэн бэ?
-Ер нь манай буриадууд бүр эрт дээр үеэс постерне гэж ойрын зайн уралдаан тавьдаг байсан. Буриадуудын үндсэн нэгэн сайхан наадаан. Хоёр км, 500 метр, гурван км-т хоёр  юм уу, гурван хүн тохироод морьдоо уралдуулдаг. Тэр үед морио сайхан тэжээдэг, усан засал гэдгийг хийдэг байсан гэсэн. Морьдоо өвөлжин тэжээгээд, хаваржин уралдаж нааддаг байж. Тэр уламжлал дээр үеэсээ явсаар нэгдэл нийгмийн үед нэлээн хоригдож байгаад, 1990 оны үеэс эргэн дэлгэрсэн. Буриадуудын үндсэн ажил морь, үхэр тэжээх. Тэгээд 1990 оноос хойш тодорхой морьдоо тэжээж постерне тавьж, бооцоотой уралддаг. Анхны морь тэжээгээд гадагшаа гарч уралдсан улс гэх юм бол аймгийн Алдарт уяач Дэнзэнмөнх, Дамдины Загд, сумын Алдарт уяач Цэрэндаш, шинэ цагийн залуучуудаас аймгийн Алдарт уяач Нямсүрэн, Данзанпүрэв, Нэргүйн Баярсайхан, Одхүү гээд олон улс байна л даа. Манай нэг үеийн уяачид л даа.
-Нийтээрээ тэжээгээд төдийлөн амжилт байхгүй байна гэдэг нь тэжээлээ зөв зохистой хэрэглэхгүй байна гэсэн үг үү?
-Морь уяж байгаа хүнд олон мэргэжил шаардагдана. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гээд байгаа шүү дээ. Түүн шиг морио ямар өвчин эмгэгтэй байна, ямар хэмжээний тэжээл идээд, ямар үед уяхад морио ид хавыг нь ирлэх вэ, уяа сойлго тааруулах вэ гэдгийг мэдэхгүйгээс болоод морийг бэртээх, гэмтээх, эндээх олон асуудал гарч байна. Ер нь хүн үхэн үхтэлээ суралцдаг гэдэг. Морь уях гэдэг нарийн эрдэм учраас олон арга ухаанд суралцах, дээрээс нь тодорч байгаа хурдан адуунуудаа олж таньж уях гээд олон асуудал байна. Одоо цөөхөн залуус түрж гарч ирж байна. Залуучууд шинэ цаг дээр нэлээн сайн уяж байна. Энэ бол мэдээж хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг уяачийн нэг шинэ үе гарч ирж байна. Монгол хүн хийморь гэж ярьдаг, тэр аз хийморь ч нөлөөлж байгаа тал бий байх.
-Та өөрөө гурав дахь үеийн уяач гэсэн. Танай бүлд хичнээн уяач байна вэ?
-Манай бүлд арав гаруй уяач яг уяж байна. Гурван сумын Алдарт, бусад нь залуу уяачид. Миний хөгшин аавын талаас, манайхнаас морь уяж байгаа улс олон байна. Манайхны Дүнгээням гэдэг хүний удмын сумын Алдарт уяач Нямын Хуяг, тэр хүний үр хүүхдүүд, дээрээс нь энэ цаг үед бүсийн наадам болон аймгийн наадмуудад сайн уралдуулж байгаа миний авга эгчийн хүү Амармөнх, Бямбадорж гээд залуучууд морьдоо сайхан уяж байна. Манайхан дээр үеэсээ л морь уяаны ажлыг өвлөж ирсэн. Яагаад гэхээр миний ахас, өвөө сургадаг байсан юм. Морь уядаг хүн их эрдэмд суралцдаг, дээрээс нь төлөв даруу болдог, олон хүнтэй танилцдаг. Морь уядаг хүнд олон талын авьяас билэг, давуу тал байдаг учраас морь уяж байх ёстой гэж захиж ирсэн. Тийм ч үүднээс миний аав морь уядаг хүн байсан. Миний аавын морь хурдалж байх үед манай сумын Найданжав гэж мундаг уран хүний улс хувьсгалын 50 жилийн ойгоор сийлж өгсөн хусуур надад өвлөгдөн хадгалагдаж байна. Бид бас ах дүүгээрээ буурлын буянг сайхан уяж, эдэлж, төр түмнийхээ өмнө алдар нэрээ дуудуулж байя гэсэн бодлоготойгоор зорьж явна.
-Баярмагнай гуай танай хүргэн гэсэн. Галшар адууны талаар нэлээн судалсан хүн дээ.
-Баярмагнай гуай манай хүргэн болох хүн. Юмжирдулам гэж хань нь миний авга эгч, аавын үеэл юм. Манай аавыг амьд сэрүүн байхад залуудаа ирж байсан. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй. Сүүлд морь уяад явж байгаад, бас хурал зөвлөгөөн дээр олон удаа уулзаж ярьж байсан болохоос биш яг морины талаар уулзаж, уяан дээр ярилцаж байсан удаа байхгүй.
-МУ-ын Тод манлай уяач Дугараа буюу Бат-Өлзий гэдэг хүн танай нутгийнх. Нутгийнхаа уяачдад заавар зөвлөгөө өгөх, шинэ цагийн уяаны арга барилаас хуваалцах тал дээр хэр ажилладаг вэ?
-Бат-Өлзий Тод манлайн өвгөн аав Лувсанцэрэн гэдэг хүн манай Сэрүүн галттай гэдэг газар төрж, энд нутаглаж байсан хүн. Бат-Өлзий өөрөө Улаанбаатар хотод төрсөн ч гэсэн өвгөн аавынхаа захиасыг биелүүлж, Дадал нутагтай холбоотой байж, энэ нутгийн нэрийг гаргаж, Монгол даяар дуурсагдаж, уяачид бидэнтэй холбоотой байдаг. 2012 онд бид хэд аймгийн хойд бүсийн бага гурван насны хаврын уралдааныг сумандаа зохион байгуулахад Бат-Өлзий Тод манлай маань хүрэлцэн ирж, манай сумын уяачидтай уулзаж, шинэ цагийн уяа болон үржил селекцийн талаар зөвлөгөөн хийж, адуу мал харж зөвлөмж өгсөн. Дээрээс нь манай үе тэнгийн уяачидтай холбоотой байж хамтран ажиллаж байгаа.
-Сант ханы хүлгүүд хурдан хурц гэлцдэг. Энэ уул ус үнэхээр тийм хурдны авшигтай нутаг уу. Та ямар хурдан хүлгүүдийг мэдэх вэ?
-Сантай ханы домгийг би өвгөдөөс сонсож байсан. Сант хан бол өөрөө хурдны өлгий нутаг. Монголын сүүлийн үеийн хүлэгч, Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжав гэдэг хүн энэ нутагт ирж Сант ханы өвөрт адуугаа төллүүлж, азаргаа оторлуулж буцдаг байж. Эрт дээр үеэсээ манай халхчууд Сант ханы өвөрт адуу унагалуулах юм бол хурд төрдөг гэлцдэг. Би 1980 хэдэн оноос хурдан морь унасан. Анх морийг зөв унах эрдмийг 6-7 насанд минь заасан хүн бол Дашийн Дамдиндорж гэж мундаг гайхалтай морь уядаг, морины зүтгэлтэн, хүлэгч хүн байлаа. Тэр хүний хурдан шарга халзан морьдын нэгийг унаж байгаад, дараа нь Нэргүй, Ганцог зэрэг хүний морийг унасан. Сүүлд Ганцог гэдэг хүн Сант ханы өвөрт өвөлжөөд, зүүн суганд нь зусдаг. Тэр үед Ганцогийн адуу маш сайн хурдалсан юм. Ганцогийн халзан азарга, шарга азарга гэж хурдан адуу байлаа. Догнойн халтар гэж хурдан азарга, Гэзэг Нэргүй гэдэг хүний хурдан шарга азарга гээд тэнд төрсөн адуу олон доо. Гантөмөр ахын маань Сант ханы арын хөндийд төрсөн хурдан морь бий, мөн миний хурдан бор морь бас Сант ханы арын хөндийд төрсөн адуу. Манай Сант хан Хэнтийн нурууны салбар уулсын сунаж тогтсон уулын зүүн урд үзүүрт байдаг онц гойд өндөр уул. Сүүлийн үед хурдалж байгаа Амармөнхийн хурдан халиун азарга, Бямбадоржийн хурдан хар үрээ, ухаа зээрд үрээ, Дэнзэнмөнхийн халзан морь, хар морь гээд бүгдээрээ Сант ханы өвөр хөндийгөөр төрсөн адуунууд. Нэг жил манай "Хагз" баг сумынхаа таван түрүүг авч байсан.
-Гадны адуу хурдан ч Дадал суманд ирээд морь айрагдаж, түрүүлэх нь цөөхөн, нутгийн морьд л авчихдаг гэж танайхны ярьдаг нь хоосон үг биш байх нь ээ?
-Ер нь манай Дадалынхан Сантай ханы унага гэж ярьдаг л даа. Миний шодоок болсон цагаас л манай сумын адуу хурдаан гэж улс ярьдаг байсан. Цархай адуу гэж хурдан сайн адуутай хүн байсан. Сүүлд ч хурдалсан түүх бий. 2000 оны сүүлээс Цархай адууны угшлын гүүнээс гарсан төлүүд бас хурдалсан. Дадалынхны адуу хурдан байдаг нь үе үеийн ахмад уяачид, морины зүтгэлтнүүдийн адууны угшил удмыг сайжруулсан нь нөлөөлж байгаа байх. Хоёрдугаарт, газар усны онцлог байгаа. Хангай талдаа уралддаг зам бартаатай, хөндий уруудаж уул даваагаар давж уралддаг, дээр нь уул ус, идэж байгаа ургамал ногоо бүх юм нь нөлөөлж байгаа.
-Сая "Алтаргана" наадмаараа танайхан яаж наадсан бэ?
-Олон улсын Алтаргана наадмаар гурван насны морьд уралдсан. Гурван түрүүг гурвууланг нь манай сум авсан. Тэр дундаа дааганд найм хүртэл завсаргүй манай сумынх орсон. Өнгөрсөн зун манай уяачид их сайн наадлаа. Норовлингийн 90 жилд очиж бас л айраг түрүү, аман хүзүү олон хүртлээ. Бэрхийн 60 жилд очиж айраг авлаа. Биндэр сумандаа очиж сайн наадсан. Холхор гээд мундаг сайн морь уядаг хүн байсан. Дорнод аймгийн Эрээн, Норовлин сум гээд тойрсон сумдаар олон түрүү, айраг авч наадсан байдаг юм. МУ-ын Гоц мэргэн харваач Оюунчимэгийн аав нь шүү дээ. Оюунчимэг мэргэн чинь хурдан морины нуруун дээр өссөн хүн.
-Дадалын адуу нутагтаа даалуу юм байж. Гадагшаа зарагдсан адуунууд улс, бүсэд хаагуур давхисан байдаг вэ?
-Дадал сумаас гадагш зарагдсан хурдан азарганууд их хурдалсан. Дэнзэнмөнх гэдэг хүний Жонон халтар гэдэг азаргыг МУ-ын Тод манлай уяач Содномцог гуай аваачиж улсын наадамд айрагдуулаад, Сэлэнгэ аймагт болсон бүсийн наадамд очиж түрүүлгээд Манлай цолоо авсан. Содномцог гуай манай нутгаас ирж олон сайхан хурдан адуу, гүү авсан хүн. Сүүлд Шуурган хүрэн гэж манай сумын мянгат малчин, сумын Алдарт уяач Мөнхтөрийн хүрэн азарга Цэвэгмид гуайд очиж сайн хурдалсан. Мөн манай сумаас гадагшаа зарагдсан олон адуу бий. Зөвхөн улсын наадамд уралдаж байгаа биш, баруун Өвөрхангай, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ рүү гарсан морьд сумын болон аймгийн наадмуудад амжилттай сайн уралдаж байна гэсэн мэдээллүүд зөндөө ирдэг. Тийм болохоор хурдны өлгий, дээрээс нь хурдан адуу байна аа л гэж үзэж байгаа. Ер нь хаврын бүсийн уралдаануудад байнга л айраг, түрүү аваад байдаг юм.
-Уяачдын холбооны тэргүүлэгчийн албатай хүнээс холбооны ажил үйлсийн талаар асууя гэж саналаа?
-Манай Дадал сумын уяачдын холбоо 1995 онд байгуулагдсан, ууган салбар холбоодын нэг. Анхны дарга нь тэр үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Балбарын Ганхуяг тэр үед санаачилж, уяачдын холбоо байгуулсан бол, хоёр дахь дарга нь Даваасамбуу гэдэг хүн. Гурав дахь нь Дондогдорж гэж аймгийн Алдарт уяач, морь сайн уядаг, миний багш байлаа. Дөрөв дэх нь Базарваань гэдэг хүн ажиллаж байсан. Түүний дараагаар аймгийн Алдарт уяач Нямсүрэн гэдэг хүн бас хэдэн жил ажилласан. 2013 оны гурван сард уяачдын холбоо хуралдаж, шинэ тэргүүнээр Батзориг гэдэг залууг томилоод, Загдын Доржпүрэв гэдэг дэд тэргүүнтэй, хоёр нарийн бичигтэй үйл ажиллагаа явуулж байна. Хоёр нарийн бичгийн нэг Амартүвшин нь дотоод үйл ажиллагаа болон бичиг хэрэг хариуцаж, Уяачдын алдрыг мөнхжүүлэх, уяачдын түүх, намтар товчоог бүртгэх, цахим хэлбэрт оруулах ажилтай. Баясгалан гэдэг залуу бол гадаад үйл ажиллагаа буюу уралдаан наадам зохион байгуулах, аж ахуй талыг хариуцаж байгаа. Манайх олон тэргүүлэгчтэй.Ер нь морь уяж байгаа морины зүтгэлтнүүдээс бүрдсэн нийтдээ 25 тэргүүлэгчтэй ажиллаж байна. Сумын уяачдаа энэ цаг үед морио яаж уях вэ, адууны үржил селекцийг хэрхэн хийх, уяачдын холбооныхоо үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, уяачдын нэр алдрыг мөнхжүүлэх тал дээр уяачдын холбооны тэргүүлэгчийн хувиар санаа тавьж ажиллаж байгаа. Дадал сум цөөхөн мөртлөө чанартай адуутай. Энэ адууны үржил, угшил удмыг авч үлдэх, шинэ цагийн монгол адуу гэгчийн улмаас уяаны өөрчлөлт их гарч байгаа учраас түүнийг сурах, судлах, дээрээс нь адуугаа сайн үүлдэршүүлэх тал дээр гол нь анхаарч байна.
-Мэдээж улсын баяр наадмын хурдан морины уралдааныг холбоо зохион байгуулж байгаа байх. Зохион байгуулалтын ажилдаа ямар дүн тавих вэ?
-Манай нутаг бол 800 жилийн тэртээ Монголын алтан ургийн хэлхээ үүссэн газар. Их эзэн Чингис хаан энэ нутагт төрж өсөн, хөлөглөж байсан хүлэг Эр хоёр загал Сантай хан хайрханы өвөрт төрсөн. Манай Сантай хан хайрхан бол Монголын түүхэнд мөнхөрсөн хурдны өлгий нутаг. Бүр дээр үеийн 1930 хэдэн оны морины цолд Сантай ханы унаган хурдан хүлгүүд гэж дуудагддаг. Тийм учраас энэ нутагт тэр үеэс эхлэн хурдан адуу нэлээн өвлөгдөж ирсэн. 2010 онд манай сумын түүхт 85 жилийн ой болсон юм. Тэгэхэд манай сумын уугуул иргэн Батсүх гэж аймгийн хурц арслан ах дүүгээрээ нийлж есөн хөлт цагаан тугийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэр хэмжээнийх нь дагуу төрийн дархнаар хийлгээд аравнайлж сумандаа авчирч залсан. 2010 оноос хойш бид төрийн наадмаар есөн хөлт цагаан тугаа залж цэнгүүлдэг. Манай унаган адуу таван шарга морь есөн хөлт цагаан туг залах морьтны унаа болдог. Миний хөгшин аав бор, цайруу адуутай байсан. Авга Хуягбаатар ахын надад хүүхэд байхад бэлэглэсэн шарга даагаараа би азарга тавиад түүнээс хойш манайд шарга адуу тасраагүй. Өвөөгөө бодсон ч ах дүүгээрээ шарга бор адууны удам таслахгүй гэж боддог.
-Ирэх хонин жилдээ айраг, түрүү элбэгтэй сайхан наадаарай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Гялайлаа. Их Монгол Улсыг байгуулсан их эзэн хааны төрж өссөн өлгий нутагт зорьж ирсэн та бүхэнд баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд Монголын ард түмэнд өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. Морьтой холбоотой хүн хийморьтой, зам мөр нь цагаан байдаг гэдэг. Ийм болохоор цаашдаа танай сэтгүүлтэй байнга хамтран ажиллах бодолтой байна. Манай "Сант хан" уяачдын холбоо бат бэх болж, энэ нутгаас олон сайхан хурдан хүлгүүд төрөх байх гэж миний хувьд найдаж явдаг. Улс, бүсийн наадамд олон айраг, түрүү авч Монголын ард түмэнд энэ сайхан нутгийн нэр алдрыг түгээж явах болтугай гэсэн сайхан ерөөл дэвшүүлье.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна