Сумын Алдарт уяач Ц.Нямсамбуу: Гурван оноо тэгш, бөгс шулуун, хараа цэх, урд олом чангалуулсан морь л сайн байх шиг санагддаг

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 13 -нд

-Та хэзээнээс хурдан морь сонирхож эхэлсэн бэ?
-Би ч 1972 оноос хойш морь уясан даа. Дээхнэ үед нэгдлийн адуучин байлаа. Агт тууж, адуу их хариулж, насаараа л морь мал дагасан. Яг гардаж уясан нь 1972 оноос хойш.
-Дэлгэрхаан сумын нэгдэл нэг адуучинд хэдий тооны адуу хариуцуулах уу?
-“Баян бадрал” нэгдэл гэж байлаа. Ойролцоогоор 700, 800-гаар суурилдаг байсан.
-Нэгдлийн адуунаасаа эхэлж уясан уу?
-Би нэгдлийн адуунаас уяагүй ээ, өөрийнхөө адуунаас л уядаг байсан.
-Өөрийнхөө адуунаас гэхээр дээдчүүл тань морь мал уядаг байжээ?
-Тийм, би ч нэлээн ийш тийш тэнэж морь мал цуглуулдаг, хөдөлгөөнтэй хүн байсан. Хурдан адуу ч их цуглуулсан. Галшар, Төв аймаг, Сүхбаатар, Жаргалтхаанаас ч авч байсан. Нэг үгээр хэлбэл, дамын наймаа, панз үсэргэдэг хүн байлаа.
-Тэр үеийн адуу ямархуу үнэ ханштай байсан бэ?
-Хурдан морины дундаж үнэ сайн үнэ хүрэхэд мянган цаас, 1500 хүрч байсан юм уу. Бүр сайн морь гурван мянга. Миний үед тиймэрхүү л байсан.
-Хэдэн оны үед?
-1970 оноос хойш л. Тэр үед 18 настай байсан. Би чинь 16 настайгаасаа наймаа хийж эхэлсэн.
-Арван хэдтэйгээсээ наймаа хийсэн гэхээр жаахан дураараа нөхөр байжээ дээ?
-Харваачийн Цэнджав, Хөх гэдэг ах дүү хоёрын Харваачийн Цэнджавын отгон хөвүүн нь байхгүй юу. Моринд их дуртай. Цэнхэрмандалаас ч аваачиж байсан. Ер нь хурдан адуу авчраад ах дүү нартаа өгдөг. Намсрайжав ахад хоёр, гурван адуу өгч, өвгөн олон хурдлуулж байлаа. Алтнай гэдэг хүнд хурдан хүрэн морь өгч байлаа. Уртнасан гэдэг хүнд хурдан бор азарга, буурал морь өгч байлаа. Уртнасангийн хүү Ааяа гэж бий, түүнд хүртэл сайхан бор азаргаа өгч хурдлуулж байсан. Дан сумандаа өөрийнхөө хэмжээнд 12-13 их нас түрүүлгэсэн хүн. Гадагшаатайгаа бол арав гаруй их нас түрүүлсэн.
-Их насны морьдоор голдуу нааддаг уу?
-Тийм. Тэгээд хүн авъя гэхээр өгөхгүй байж чадахгүй. Би ямар сайндаа тэжээлийн Дашдэмбэрэл гэж хурдан морь уядаг, спортын мастер өвгөнд хул хязаалан гүү өгч, тэр нь очоод хоёр эр хул унага гаргасан. Тэд морь болоод Дашдэмбэрэлийн Хэнтийн хул гэдэг нэртэй Төв аймагт олон давхиж байгаа хоёр морь. Өөрийн адууны удам гэвэл Даваанэрэн, Санжаа гуайн адууны удамтай. Мөнгөний Хонгороо гэдэг хүний адууны ч удамтай. Хоёр талын айхтар удамтай. Одоо ч надад байна. Миний хэдэн адуу сайхан давхина. Миний нэр энд тэнд улсад ч гарч л байх юм, аймагт ч гарч л байна.
-Улсын хэмжээнд яаж, яаж гарав?
-Мөрөн сум руу зарчихсан хул азарга бий. Тэрийг Эрдэнэбат гэж гавьяат дүүдээ өгчихсөн юм. Түүний үр Онон гэдэг хүнд хоёр хусран даагатай гүү очоод буурал нь очсон жилээ айрагдаад, саарал нь хойтон жил нь шүдлэн үрээ улсад айрагдаж байсан гэнэ лээ. Тэднийхний адуу тууж явсан улс авсан юм гэсэн. Жижиг сумдын наадмаар бол Баянчандманьд Цогоогийн хамар цагаан гэх зэрэг. Жаргалтхаан суманд гэхэд нэг сайхан хул морь 5-6 түрүүлж, айрагдсан. Баатарцогтын хул морь гэж байсан. Миний сумдад өгсөн морьд 5-6 л лав давхицгаасан. Би саарал азаргаа 1980 хэдэн онд сумын 30 жилийн ойд түрүүлгээд, тэгээд Баянмөнх суманд Ухна гэж ахдаа бэлгэнд шахуу өгсөн. Миний тэр саарал азарга долоо айрагдаж, түрүүлж байсан. Түүний төл олон их нас түрүүлсэн. Тэгэхээр Санжаа гуайн адуу эх тал нь орж байгаа юм. Эцэг тал нь Галшар адуу л даа. Галшарын хэний адуу гэдгийг сайн мэдэхгүй. Баянмөнхийн ногоон Магнай гэдэг хүнд хонгор үрээ ноднин 60 саяар зарагдаад улсад айрагдаж, түрүүлсэн. Бас л эцэг тал нь манай адуу орсон. Мөрөн сум руу би саарал азарганыхаа үрийг зарж байлаа. Баянбаатарын хонгор гэж аймагт үр сад нь 2-3 давхилаа. Өөрөө ч давхиж л байсан.
-Адууны наймаа хийхэд өөрөө сайн таньдаг байх хэрэгтэй биз. Та адуу танихдаа нүдтэй гэж боддог уу?
-Манай эцэг сайн хүн байсан. Ерөнхийдөө л одоогоор бол адуу судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан хүн байж. Миний эцэг багцаагаар бодоход 200 гаруй айраг, түрүү авсан хүн. Гадагшаа явдаггүй байсан. Зоригтын хошуу гэж байхад тэр ноён замгүй их адуутай байсан. Тэрний адууг хариулж, морь уяж эхэлсэн хүн. Түүнээс хойш адууны Ажаа гэдэг нэртэй. Хаа байсан Мөнгөнморьт, Төв аймгаас азаргаар нь тууж ирж авчирч босгуулж байсан түүхтэй хүн. Хүмүүс ярьж байгаа биз дээ, манай суманд аав нь таван түрүү аваад, хүү нь бөхөд түрүүлчихээд байсан гэж. Миний ах барилддаг байсан.
-Та морь авахдаа юуг нь анхаардаг юм бэ?
-Шинж төрхийг нь л анхаарна. Биеийн хэлбэр галбирыг харж, энэ моринд давхил байна уу, үгүй юу гэж шинжээд сэтгэлд тохирсон морийг л авна.
-Мэдээж хурдан морины олон шинж байгаа. Гуч гаруй шинж яригддаг. Задарвал бүр ч олон болох байх? -Гурван оноо сайхан тэгш, бөгс шулуун, хараа цэх, ер нь голчилж урд олом чангалуулсан морь л сайн байх шиг санагддаг. Дороо өвчүүтэй гэсэн үг. Хошного цаана, сүүл урт, борви чигээрээ, сайхан тунгалаг нүдтэй, хамрын самсаа, амьсгалын зам сайтай, хамрын нүх хэдий том байвал сайн. Дөрөөлөхний судас бүдүүн байх тусмаа, бас дээшээ салаалах тусмаа маш сайн. Духан дээрээ цувсан гурван эргүүлэг байна. Хамрын нүхэн дотор гуурс ч байна. Ерөнхийдөө адуунд нэг эргүүлэг байдаг юм. Хоёр ч байна. Цувсан гурав, дөрөв, тав хүртэл байх юм бол дээд сайн байна. Хүзүүндээ нэвт эргүүлэгтэй байвал сайн. Хурдан адууны хүзүү голчилж шинж төрхийг нь харж байвал сайн байдаг юм даа. Сүрэнхор ахын хээр азаргыг оршуулчихаад маргааш нь хонь хариулахдаа очиж харахад хүзүүг нь шувуу идээгүй байсан. Шөрмөснүүд л үлдчихсэн байсан. Би толгойг нь эргүүлж харсан, нөгөөдөх нь ижил. Завсраар нь шувуу махыг нь идчихсэн, шөрмөснүүд үлдсэн байсан. Тэрийг бол хэн ч мэдээгүй. Тэгээд маргааш нь очиж нэг яс ч гэсэн авч хадгалъя гэтэл бүгдээрээ байхгүй болчихсон байсан.
-Яагаад?
-Хүн аваад явчихаж байхгүй юу. Хүзүү сайхан гуалиг, уртхан, бүдүүхэн, өөртөө тохирсон байх нь зүйтэй. Ерөнхийдөө амьсгалын зам сайтай, дөрөөлөхний судас бүдүүн байвал сайн байдаг юм байна гэж манай эцэг ч хэлдэг байсан. Дөрөөлөхний судас нэг доошоо яваад доошоогоо хэд салаалсан байна /дээшээ ховор байдаг/. Тэрийг нь харна л даа.
-Дээшээ салаалсан байвал сайн байдаг юм уу, доошоо салаалсан байвал сайн байдаг юм уу?
-Дээшээ сайн. Дээшээ салаалсан нь амьсгалынхаа замд ахиад тэлэлт, суналт, гүйлт сайн өгдөг юм байлгүй дээ. Би тэгж л бодсон. Дөрөөлөхийн судас бүдүүн байна гэдэг чинь судасны цусны гүйлт чөлөөтэй, тэгээд самсаа уужуу байхаар чөлөөтэй сайхан амьсгалж, холын зайнд сайн давхина гэсэн үг. Урт олом уртасгасан адуу сайн байна гэдэг чинь шувуун өвчүүтэй, өвчүү дор, мундаа өндөртэй адуу байх. Тэмээ шиг сайхан мундаатай, өвчүү дортой байвал цээжний хүч ихтэй, тамир ихтэй хурдан адуу байна.
-Тэр үед хамгийн үнэтэй нь хэдээр авч байв?
-Хамгийн үнэтэй морийг мянган цаас, нэг бяруу, хазаарын мориор авч байсан.
-Одоо танай энд хазаарын морь гэдэг ойлголт байна уу?
-Байна, хадгалагдаж л байна.
-Бусад аймгаар архи л болчихоод байх шиг байх юм?
-Тийм, архи л болдог чинь буруу даа. Хүний хурдан морь авсан хүн чинь халзан цагаан хонь, нэг адуу хазаарын бэлгэнд нь өгөөд явуулчихвал хамгийн бэлгэшээлтэй сайхан.
-Дэлгэрхаан суманд гол хоёр хүн яригдах байх. Хөх буюу Сүрэнхор гуайн аав, тэгээд ах нь?
-Дүү нь манай эцэг л дээ. Харваачийн Хөх, Харваачийн Цэнджав гэж.
-Харваач гэдэг хүн өөрөө морь мал уядаг байсан юм уу?
-Тэрийг нь бид мэдэхгүй.
-Хөх гуайг мундаг уяач байсан гэж ярьдаг юм билээ.
-Хөх гэдэг чинь их чанга уядаг. Ер нь түрүүлж ирээд өөр морь цоллуулж байсан ч удаа бий.
-Нөгөө морь нь эндчихсэн юм уу?
-Эндэхгүй, очиж чадахаа больчихоод. Хүүхэд хазаар аваад мултарна гэдэг чинь тэр байхгүй юу. Морь, хүүхэд хоёроо аваад л явна. Зогсоод үлдэнэ, жаахан амарч байгаад иднэ, тэгсхийгээд хөдлөөд явна шүү дээ. Бүх тамир тэнхээ нь дуусчихаад байхгүй юу. Одоо үед бол шогшоод орж байгаа адууг мултарчихлаа гэж яриад байгаа юм. Мултрах биш тамир нь дутаад шогшоод орж байхгүй юу. Тэгэхээр манай эцэг ахыгаа бодвол зөөлөн, их тарган уядаг. Цэнджав гуай яагаад оноо самсаатай морь уядаг юм гэж хүн асууж л дээ. Тэгэхэд ах нь олон хүүхэдтэй, дараа унахаа боддог юм гэсэн гэнэ лээ. Тэр чинь нэг л үг хэлж байгаа биз дээ. Манай эцэг морийг их зөөлөн, маш гоё уяна, цэвэрхэн. Тэгээд аль ч сумын наадамд айрагдуулж, түрүүлгээд л байна. Тэгээд ч манай эцэг адууны ажилд мундаг тойрсон сумдад том нэртэй. Мичин жил гэхэд л Жаргалтхаан сумын том, том баячууд улсын адууг аваад мянга гаргаад онд оруулж байсан хүн. Жишээ нь: Тавиул адуунаас нэг аятайхан хүрэн морь өөрт нь таалагдахгүй юу. Эзэн нь унах гэхээр нурууг нь авчихсан гээд хөдөс наачихаад өөрөө тэр хүрэн морийг унаад байсан байгаа юм. Тэгээд хүрэн морь хавар уралдаад хол түрүүлж байсан гэдэг. Тэгэхэд эзэн нь бүр гайхаад, даанч унуулахгүй байсан юм. Адууны Ажаа мөн ч буянтай хүн шүү гэж байсан. Тэр нь босоо морь. Манай эцэг тэгж л морийг шинждэг. Улаанбаатараас 25 төгрөгөөр нэг өвчтэй морь авчээ. Тэгээд тэмээн тэрэг дагаад нөгөөхийгөө бөөцийлж эмчилсээр ирсэн гэдэг. Тэр морийг зун нь сумандаа хол түрүүлгэсэн гэдэг. Гэх мэтчилэнгийн адуу мал сайхан эдгээдэг хүн байсан. Дуртай морио хүнээс авна. Тэр нь заавал давхина. Манай эцэг тийм сайхан шинжээч хүн байсан даа.
-Тэр эрдмээс нь та суралцаж үлдэв үү?
-Жаахан байлаа, би ч ажаагийнхаа морийг сүүлхэн үед нэлээн унасан. Суралцсан нь тааруухан шүү. Гэхдээ яахав би хөлгүй морь унахгүй. Янз бүрийн арга хэрэглээд хувьдаа бол болоод л байна. Одоо ч нас 60 гарчихлаа. Залуучууд Самбуу ах гээд зориод ирнэ. Гай болохгүйг бодно шүү.
-Ер нь ажаагаар тань шинжүүлчихвэл хүмүүс за энэ хурдлах нь тодорхой гэж бодох нь, тийм үү?
-Ерөөсөө л тодорхой гэж бодно. Хол үсэргэдэггүй хүн байсан. Манайхны Мөрийн Наваан гэдэг хүн нэг муу хязаалан үрээ тэргэнд хөллөөд айраг зөөгөөд явах. Наваан аа, чи наад хээр морио өгчихгүй юу гэхэд нь “Тэргэнд хөллөдөг бух шиг юмаар яах гээд байгаа юм” гээд өгдөггүй гэнэ. Тэгээд шалаад байхаар нь “Ав ав, чи уях л гэж байгаа биз. Энэний давхих ч гэж дээ, тэрэгний морь давхихдаа яадаг юм” гээд өгсөн гэдэг. Тэр морь насаараа хурдалсан. Тэрэгний хээр нэртэй тэр морийг манай эцэг суманд олон айрагдуулж, түрүүлгэсэн.
-Аав тань зан аашны хувьд ямар хүн байв, өөр юунд авьяастай вэ?
-Ер нь үглэж дуулахгүй. Сайхан дуулж, исгэрдэг хүн байсан. Лимбэ шиг л исгэрнэ шүү дээ. Олон ч хүүхэдтэй, ер нь буянтай хүн байсан. Сайхан морьтой атлаа улсын наадам, аймгийн наадамд л яваагүй хүн.
-Энэ адуу ч мал болохгүй нь дээ гэснийг эдгээж байсан түүх олон уу аавд тань?
-Соёолон хүрэн гэдэг морь нэг хавар жилбэнтээд. Тэгээд гэрийнхээ дээврийг авч дээр нь  сар хэвтүүлээд, эмчилж байсан. Толгойг нь балбуулахгүй гээд хоёр талаар нь сэлж хэвтүүлээд л. Өвс авчирч өгч, услаад л эмчлээд байсан. Сар болсны дараа нөгөө хүрэн морь чинь өөрөө хэвтэж, босдог болоод. Зун нь хол түрүүлж байсан. Ташаа нь жаахан халцархайдуу, үс ургахгүй болчихсон байж билээ. Дандаа ургамлын гаралтай янз бүрийн юм буцалгаж өгдөг байсан. Бас энд тэнд нь мэдэрч хатгаад л, олон уулзах дээр нь жин тавьж ч байх шиг. Тэгж л адуугаа эмчилдэг хүн байсан даа.
-Танай ээжтэй хожим суусан юм уу?
-Манай ижийтэй хожим суусан юм гэнэ лээ. Манийг бага байхад Донойн Насан гэдэг хүнтэй сууж байгаад том хүүгээ гаргаад, тэгээд салсан юм билээ.
-Насан гэж?
-Энэ буурал толгойтой өвгөний чинь ижий нь. Намсрайжавын ижийтэй нь сууж байсан хүн байхгүй юу. Тэгээд салаад манай ижийтэй суусан юм.
-Насан гуай дээр хэдэн хүүхэд байдаг юм?
-Насан гуай одоо байхгүй л дээ. Одоо гурван хүүхэд байна уу. Манай ижийтэй суугаад зургаан хүүхэд гарсан, зургуулаа бий.
-Морь мал уях уу?
-Үгүй. Манай ах л уядаг юм. Сумын Алдарт уяач даа.
-Аавынхаа эмнэх домнох эрдмийг арай илүү авсан нь та юм уу?
-Би аавыгаа их дагасан. Ер нь морио үхүүлчихгүйг бодно, их үзнэ ээ. Тэгсэн мөртлөө энэ жил нэг сайхан соёолон хурдан морио хэвтүүлчихээд байгаа өвгөн дөө. Тэгэхээр л баримжаагүй байгаа биз.
-Морь ч уях хэцүү ажил байх шүү?
-Хэцүү. Нэг л жаахан салгай назгай хөдлөхийг л андахгүй. Тэрэн дээр л өө гарч байгаа юм. Тэрийгээ бас босгож чадахгүй, энэ жил хурдан соёолон морио дөрөв уралдуулаад нэг гуравт, нэг долоод, 13-т нэг, 11-д нэг оруулаад өнгөрөөчихлөө.
-Аав тань аймаг, улсын наадамд явж байгаагүй юм байна. Та очсон уу?
-Би 1990 он гаргаад улсад ганц удаа гурван их настай очсон. Нэг их нас 13, нэг нь 36-д, нэг их нас маань Айдасын даваан дээр ёстой мултраад үлдсэн. Сэлэнгийн Ганбаатарын халзан морь, Сандуйжавын зээрд азарга түрүүлж байсан юм. Аймгийн наадамд хоёр ч явсан. Хоёр их насаа 9, 11-т оруулсан. Тэгэхэд манай Сүрэнхор ахын ногоон морь айрагдаж байсан. Мөрөнгийн Тулгын цагаан морь тавд орж, миний хул морь есөд орж, улаан морь нь суманд айрагдчихаад очсон чинь 11-д, дундаа нэг морь оруулж байсан. Хойтон жил нь аймгийн 70 жилийн ойд ганц хул морьтойгоо очоод 18-д оруулсан. Айрагдуулж чадахгүй л байгаа юм.
-Сүүлийн үед морины наймаа хийв үү. Одоо чинь адууны ченж гэх хүн олон болсон байна.
-Би явах нь багассан. Гэхдээ яахав, орон нутгийн улс зүүн урдаас Дарьгангаас азарга тавих юмсан энэ тэр гэхэд нь би хааяа авчирч өгдөг юм. Энэ жил Дарьгангад нэг түрүүлээд, нэг аман хүзүүдээд, овооны наадамд наймд хоёр давхичихсан будан морь авчирч, хүргэндээ өгсөн. Нэг саарал хязаалан үрээ авчирсан. Мөрөнгийн Цагаанөвгөн гэдэг хүнд сая өгчихлөө. Ийш тийшээ гарч адууныхаа чанарыг сайжруулж чадахгүй улсад тус дэм болох болов уу гэж санадаг юм.
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна