ХЯРГАС СУМ МСУХ-НЫ ТЭРГҮҮН Х.ЦОГТБАЯР: МАНАЙ УЯАЧИД БАРУУН БҮСИЙН НААДМУУДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСООР ИРСЭН ТҮҮХТЭЙ

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 22 -нд

Увс аймгийн Хяргас сумын уугуул, сумын МСУХ-ны тэргүүн Хадбаатарын Цогтбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумын МСУХ үүсгэн байгуулагдсан үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Хяргас сумын МСУХ 1994 онд анх үүсгэн байгуулагдаж, Бандийн Сүхээ гэж хүн анхны тэргүүнээр ажиллаж байсан юм билээ. Б.Сүхээ даргын дараа Чинбат, Бадамдорж нарын хүмүүс холбоог удирдаж байгаад миний бие өнгөрсөн хавар энэхүү ажлыг хүлээж авсан.  Холбооны нарийн бичгийн даргаар Бааст гэж залуу ажиллаж байна. Манай холбоо жил бүр уяачдынхаа зөвлөгөөнийг хийж, ажлаа дүгнэн хэлэлцдэг уламжлалтай. Энэ жилийн зөвлөгөөнөө 5 сарын 21-нд хийж, зургаан насны морьд уралдуулсан.
-Хяргас сум уяач олонтой юу?
-Одоогоор 108 гишүүн, уяачтай. Энэ жил сумынхаа морь уях дуртай залуучуудаар хүрээгээ тэлж, гишүүнчлэлээ нэмэгдүүлэх бодолтой байгаа.
-Удирдлагын баг хэдэн хүнтэй вэ?
-Баг тус бүрийн төлөөлөгч хоёр тэргүүлэгч байдаг. Дээр нь нарийн бичгийн дарга нэмэгдээд 11 тэргүүлэгчтэй болж буй юм. Манай сумын уяачид баг тус бүрээрээ нэг гал уяа болж нэгдэн, нэгдсэн зохион байгуулалтанд орсон.Манай сумаас аймгийн Алдарт уяач цолтой 18, сумын Алдарт уяач цолтой 24 уяач төрөөд байгаа.
-Жилдээ хичнээн уралдаан зохион байгуулдаг вэ?
-Манай уралдаанууд 5 сараас эхэлдэг. Сумын статустай хаврын уралдаанаа 5 сард хийгээд, наадмын өмнө баярын сорилго уралдаанууд зохион байгуулагддаг. Түүний дараа бүх багуудын өдөрлөгөөр бас уралдана. Энэ жилийн хувьд манай сумын сургуулийн 90 жилийн ой тохиож байгаа.
-Тухайн жилийнхээ шилдгүүдийг тодруулж алдаршуулдаг уу?
-Цагаан сарын өмнө ахмад уяачдаа хүлээж авч, хүндэтгэл үзүүлдэг. Тэр үеэрээ тухайн жилийн шилдэг буюу сумын аварга уяачаа шалгаруулдаг юм. 2014 оны хувьд Өлгий, Ховд сумын тэгш ойд уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан Лхагвын Ганцог маань шалгарсан.
-Холбооны зүгээс уяачдаа гадагш гарч уралдах боломж нөхцлөөр ханган тусалж дэмждэг үү?
-Гадны томоохон наадмуудад очиж уралдан, сум орон нутгийнхаа нэрийг гаргахыг уяачдадаа байнга уриалдаг. Уяачид ч явж байна. 1998 онд Хархорин суманд болсон анхны “Их хурд” уралдаанд манай сумын уяач Ш.Цогбат улаан морьтойгоо  очиж, 40-өөр давхиулсан байдаг.Мөн аймгийн Алдарт уяач Г.Бадрах, Гансүх нарын булгидаг алаг морийг Завхан аймгийн Дөрвөлжин сумнаа болсон Сар хайрханы даншигт авч очин булгиулж байсан юм билээ. 1999 онд Ховд аймагт болсон баруун бүсийн наадамд Д.Цээлээ, Д.Балжинням нарын уяачид оролцсон бол  2005 онд Увс аймгийн Шарбүрдэнд болсон баруун бүсийн  наадамд манай сумын 20 гаруй уяач 40 гаруй хурдан хүлгийнхээ хамтаар оролцоод Д.Цээлээгийн халтар азарга түрүүлж, УАЗ-469 машинаар шагнуулж байлаа. Мөн аймгийн Алдарт уяач Т.Гичинпэлийн хонгор азарга айргийн гуравт хурдалсан. 2008 онд болсон Ханхөхий уулын төрийн тахилга наадамд аймгийн Алдарт уяач Баатарын хүрэн морь түрүүлж, фургон авто машинаар шагнуулсан бол 2011 онд Увс аймагт болсон баруун бүсийн наадамд манайхан сайхан наадаад ирсэн. Энэ мэтчилэн манай сумын уяачид баруун бүсийн наадмуудад амжилттай оролцсоор ирсэн түүхтэй.
-Хяргас сумын адуу ямар онцлогтой юм бэ?
-Манай сум бол говь, хангайн хослосон өвөрмөц нутаг. Байгалийн эрс тэс уур амьсгалтай учраас адуу нь их тэсвэр хатуужилтай. Хурдалж буй адуунуудын ихэнх нь Тэс удмынх байдаг. Харин сүүлийн үед уяачид Сүхбаатар болон зүүн аймгуудаас адуу нэлээд авчирч байна. Өнгөрсөн жил нутгийн адууны угшлыг сайжруулахаар Сүхбаатар угшилтай гурван азарга авсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил учраас азаргануудаа гурван багийн гурван уяачид хариуцуулж өгсөн.
-Мал ихтэй, мянгат малчин олонтой хэмээн танай сумыг тодотгож байсан?
-Тиймээ, өнгөрсөн жилийн мал тооллогоор 154 мянган толгой мал тоолуулсан. Үүний ихэнх нь бог мал. Увс аймагтаа мянгат малчдаараа тэргүүлдэг. Шилжиж явсан хүмүүсээ хасаад одоо байгаа нь 23 мянгат малчин байна. Нэг Гавьяат малчинтай, Улсын Сайн малчин зургаатай. Тэдгээрийн нэг нь эмэгтэй хүн бий.
-Энэ нутгийн нэрийг дуурсган хурдалж байсан эрэмгий хурдан хүлгүүдээс танилцуулаач?
-Миний мэдэхээр Лхасмаа хүрэн гэж мундаг морь байлаа. Мөн Сүмбэн Даш гэдэг хүний морь их хурдан байсан гэдэг. Мөнхөө гэж хүний хар морь бас их хурдан байсан юм гэнэлээ. Цэрэнгийн халтар морь гэхэд суманд олон түрүүлсэн. Ингээд дурьдаад байвал олон доо. Цуут хурдан хүлгүүдээс гадна морийг сайн таньдаг, ханаж хатгадаг эрдэмтэй уяачид олон байсан.
-Холбооны  цаашдын зорилгоос танилцуулаач?
-Аймгийнхаа 90 жилийн ой, баруун бүсийн наадамд амжилттай оролцох нь хамгийн ойрын зорилго болоод байна. Морьдоо гарааны төхөөрөмжинд дасгах оролдлого хийж байна.
Мөн гарааны төхөөрөмжтэй болох, МСУХ-г лого, далбаатай болгохоор захиалаад байгаа.
-Холбооны тухайд ийм байж. Хувь хүний тань тухайд хэсэг ярилцъя. Хурдан морьтой холбогдсон түүхээсээ хуваалцаач?
-Миний аав аймгийн Алдарт уяач, мянгат малчин Хадбаатар олон жил морь уяж, аймаг, сумын наадмуудад уралдуулж байсан. Жишээлбэл 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор соёолон хүрэн морь нь аймгийн наадамд түрүүлж байлаа. Мөн миний ах Цогтсайхан  морь уядаг байсан. Харамсалтай нь залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Манайхны дээдчүүл шарга голдуу мянган адуутай, удмаараа малд эрэмгий, малч, адуу олонтой улс байсан гэдэг. Би тэрхүү дээдчүүлийнхээ удмыг залган уяа эвлүүлж яваа хүн. Гэхдээ харьцангуй сүүлийн үеийн уяач л даа. Энэ жил гэхэд 2, 3 насны морь  уяхаар зэхэж байна. Миний хувьд морь уяад амжилт гаргахаасаа урьтаад адууныхаа үүлдэр угсааг сайжруулъя хэмээн зорьж байгаа. Энэ хүрээндээ Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Увсын Тэсээс гүү,  азарга авлаа. Би өөрөө төрийн алба хашдаг учраас тэр болгон адуун дээрээ очоод байх боломжгүй. Дүү маань миний морьдыг уядаг юм. Бид хоёр өнгөрсөн жил сумынхаа наадамд нэг үрээ аман хүзүүдүүлсэн. Бас  багийн өдөрлөгт даага түрүүлгэсэн.
-Эр хүний чимэг сайн морь, сайхан эдлэл хэрэгсэл гэдэг. Цогтбаяр тэргүүн хэр ганган хүн бэ?
-Нэг сайхан эмээл, хоёр мөнгөн хазаар бий. Нэг мөнгөн хазаар нь Булганхангайн Божир Даян гэж хүний хэрэглэж байсан эд. Тэр утгаар нь бэлгэшээж зориуд худалдаж авсан юм. Ярилцлага эхлэхэд хэлсэн Б.Сүхээ гэж хүн миний хадам аав байгаа юм. Тэр хүн надад бас сайхан бүрэн тоноглолтой эмээл, хазаар өгсөн. Дээр нь ааваас минь уламжилж ирсэн хөөрөг байна. Би Энэтхэг рүү морин полоны тэмцээнд орж, гуравдугаар байр эзэлж чулуун суурьтай морины мөнгөн толгойгоор шагнуулж байсан юм. Тэр маань миний нандин эдлэлийн нэг дээ.  
-Энэтхэгт болсон морин поло тэмцээнийхээ талаар дэлгэрүүлээч?
-Увс аймгийн ИТХ-ын дарга асан Батсайхан нутгийнхаа моринд иртэй залуусын дунд шалгаруулалт явуулаад дөрвөн  хүнийг Энэтхэг явуулж байсан юм. Морин полог Энэтхэгийн чинээлэг хүмүүс илүүтэй тоглодог юм билээ. Морьтон түмний монгол улсад ч гэсэн хөгжүүлж болохоор спорт шиг санагдсан. Гол нь морин поло тоглосноор хөдөөгийн залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийн сацуу, морио унаж эдэлдэг болох давуу талтай. Морины хөл гар ч тодорхой хэмжээгээр чангардаг юм шиг санагдсан.
-Залуусын сонирхлыг татах л байх. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч уяачдаа өргөнөөр зохион байгуулж оролцуулсан танд баярлалаа.
-Баярлалаа. Энэ хүртэл зорин ирж бидэнтэй ярилцаж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлээд хэд хэдэн зүйлийг зориуд хэлмээр санагдаж байна. Эхний хэлэх зүйл бол аймгийн Алдарт уяач цолны босго арай өндөр байна. Ялангуяа манайх шиг байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд морио уядаг уяачдын хувьд. Хоёр дахь асуудал баяр наадмын бай шагнал хэт бага байна. Сумын наадмын нийт төсөв таван сая төгрөг. Түрүүлсэн бөх, түрүү их морь хоёртоо 100.000 төгрөг. Бусад нас түүнээс бага. Жилдээ ганц болдог төрийн наадам шүү дээ.  Тэр утгаар нь уяачид, бөхчүүдийнхээ хөдөлмөрийг арай өндөр үнэлдэг болмоор байна.
-Баяр наадмын бай шагналын урамшууллын тухайд би ч хувьдаа эмзэглэж явдаг. Таны санаа бодол зохих эздэдээ хүрнээ гэдэгт итгэлтэй байна. Баруун бүсийн  наадамдаа одтой сайхан наадаарай.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна