Аймгийн Алдарт уяач Ш.Батзориг: Манайхыг хурдан морины үүдтэй айл гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 27 -нд

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Батзоригтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
“Манайхыг хурдан морины үүдтэй айл” гэж нутгийн хөгшчүүд ярьдаг юм. Тэгээд би итгэлийг нь алдахгүй гэж зүтгэж л явна. Ер нь уяач хүн сэтгэл цагаан байх ёстой. Тийм байж чадвал морь нь хурдалдаг юм. Төрийнхөө сүлдэнд залсан морийг их л хайрлах хэрэгтэй. Би морь жилийн морь сард төрсөн. Тэгэхдээ морин дээр төрөх дөхсөн хүн. Ээж минь морь унаж байхдаа усаа гаргаад тэгээд эмнэлэгт очоод л намайг төрүүлсэн гэдэг.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны хувьд?
- Миний өвөө, аав хоёулаа морь уядаг байсан. Ээж ч мөн моринд гарамгай, сайн үсэргэдэг хүн байлаа. Манай өвөөд сумын наадамд 20 жил түрүүлсэн бор морь байдаг. Би 1990 оноос хөдөө гарч морь уяж эхэлсэн. Одоо ганц хүүдээ нэг сайн морины угшил үлдээчихье гэж зүтгэж явна. Төр засгаас аймгийн Алдарт уяач цол олгосон. Цол дагаад хичээх л юм даа.
-Аавынхаа талаар ярьж өгөөч?
- Манай аав хүний ганц хүү. Их олон жил морь уясан. Надад аймгийн Алдарт уяач цолыг өгөхдөө өвөг дээдсийнхээ морийг уяж байсан гэж өгсөн болов уу гэж боддог. Аав минь 1970 хэдэн оноос хойш морь уясан. 20 орчим жил морь уяхдаа айраг алдаагүй. Би ч аавдаа туслаад хамт морь уядаг байлаа. Манай ээж ч моринд  их сайн. Өөрөө морио үсэргэдэг эрэмгий мундаг эмэгтэй байсан юм.
-Тийм учраас ч жирэмсэн том гэдэстэй морь унаад явж байж дээ. Тийм үү?
-Тийм. Хонинд явж байгаад л өвдсөн гэсэн. Морьтой явж байгаад ус нь гараад тэгээд эмнэлгийн үүдээр ороод л би төрсөн гэдэг юм.
-Аавын тань морьд яаж давхиж байсан бэ?
-Манай  өвөө Маньбазарын бор их алдартай морь. Мөн манай аав хурдан харлаг, хүрэн морьтой байсан. Тухайн үед морь түрүүлэхээр даага өгдөг байсан. Тэгээд жил болгон даага авна. Авсан даага бүр нь уралддаг байлаа. Тэгэхээр аав минь морийг уяхаас гадна бас таньдаг хүн л байсан. Би бас морийг гадарладаг  л юм. Саяхан хүүдээ хоёр гурван морь авчирч өгсөн. Сайн л давхиж байгаа. Сүүлийн хоёр жилийн дотор манай хүү сумын Алдарт уяач авчихаад байгаа.
-Тэр харлаг нь яаж давхиж байсан юм?
-Харлаг нь дааганаасаа соёолон хүртлээ түрүүлсэн. Таван жил түрүүлсэн.
-Та аавынхаа морьдыг унадаг байсан уу? 
-Уналгүй яахав. Би найман настайдаа морь унаж сурсан. Тэгээд 15,16  нас хүртлээ морь унасан.
-Тэр үед сум орон нутагтаа л уралддаг байв уу. Гадагшаа явж уралдаж байвуу?
-Жилд хоёр л нааддаг байсан. Багийн наадам, сумын наадам гэж болно. Сүүлдээ сонгуулиар бас уралддаг болсон л доо.
-Тэгээд та хэдтэйгээсээ эхэлж бие дааж морь уясан бэ?
-Хүүхэд байхдаа аавдаа тусалж морь уялцдаг байсан. Харин 25 настайгаасаа бие даан морь уяж эхэлсэн юм байна.  Анх хоёр жороо морио сумандаа түрүүлүүлж байсан. Надад ах, дүү хоёр хүрэн морь байсан. Аймгийн наадамд ах нь дөрвөөр орж байлаа. Сүүлийн үед сумын ой, шилмэл хурдад миний морьд үргэлж айрагдаж, түрүүлж байгаа. Өөр хүмүүсийн морьдыг ч уяж амжилт гаргаж байлаа.
-Өөр сайн хурдалж байгаа ямар адуу байна вэ?
-Буурал, зээрд хоёр л байна. Зээрд морь бол сумын болон бусад наадамд байнга айрагдаж байгаа.  
-Та хүмүүсийн морьдыг их уяж байсан юм байна. Энэ талаараа ярьвал?
-Даваа-Очирын Лхагвасүрэнгийн морьдыг уяж байсан. Ер нь хүний морь их уясаан. Авга ахынхаа морьдыг уяад суманд гурван түрүү, хоёр айраг авсан юм. Уяач болоход минь энэ их нөлөөлсөн шүү. Манай аав чинь 70 хэдэн настай байхдаа бурхан болсон. Тэгээд  20, 30-аад түрүүтэй аавд аймгийн Алдарт уяач өгнө гэхэд “Миний хүүд өгчих. Миний хүү бүх ажлыг надтай хамт хийсэн” гэсэн юм.  Тэгээд л надад аймгийн Алдартыг өгсөн юм.
-Албан ёсоор таны нэртэй биш ч гэсэн үү?
-Тийм. Бүх морьдыг нь би уяж аавдаа тус болж байсан болохоор тэр. Ний нуугүй хэлэхэд  цолны хувьд нэг асуудал байна. Тухайлбал, аймагт хэд айрагдаж байж Алдарт уяач болно гэж дүрэмдээ заасан байдаг. Яг үнэнийг хэлэхэд хөдөө сумаас аймагт айраг, түрүү авах уяач цөөн шүү дээ.
-Таны нэр дээр уралддаг хурдан буурал морио хаанаас авсан бэ?
-Баянхонгорын Бууцагааных. Дааганд нь аваад түүнээс хойш манай хүү уяад 20 гаруй медаль авчирсан. Сумын ойд бүгдэд нь айрагдсан. Манай сумын 90 жил 2014 онд болоход таваар давхисан. Тэгээд сумын наадмаар хоёр түрүүлсэн. Энэ жил Цогтод түрүүлсэн. Аймгийн баруун бүсийн наадам таван жилийн өмнө манай суманд болоход долоогоор давхисан. 
-Аймгийн статустай наадамд айрагдаж байв уу?
-Цогтынх бол аймгийн статустай том наадам. Тэр наадамд миний буурал морь түрүүлсэнд их баярладаг. Би бас Гэндэн гэж хүний морийг уяж байсан. Тэр морь аймагт сайн л давхиад байгаа.
-Та сумын Начин цолтой юм байна. Бөх бол удам дагадаг гэдэг. Таны аав, ээжийн аль талд барилдаж ноцолддог хүн байдаг уу?
-Манай ээжийн талд барилддаг хүн бий. Би цолоо хоёр удаа баталсан.
-Та сур, суран эдлэл хийдэг гэсэн. Тэр талаараа ярихгүй юу?
- Би удам дамжсан элдүүрчин. Энэ жил 300 гаруй нэхий авсан. Авсан нэхийгээрээ дээл хийгээд сууж байна.  Ямааны арьсаар морины эд хэрэглэл, дээл, гөлөм гээд янз бүрийн зүйл хийж байна.  Хонь, ямааны хаягдлаар л бүтээгдэхүүн хийнэ.
-Хийсэн бүтээлээ хаана борлуулдаг вэ?
-Хотод авч очно. Одоо айлууд морины эмээл хазаар тахидаг болсон байна. Барагцаалбал жилд 20-иод үхрийн шир, өдөрт нэг дээлийн дотор гаргаж байгаа. Нэг дээлийн арьс долоогоор, хурган, нэхий дээл өөрөө гараараа элдэнэ. Манай нутгийнхан миний хийсэн бүтээгдэхүүнийг аваад байна гэдэг нь болж л байгаа юм.
-Тийм амархан элдэгддэг юмуу?
-Би сүүлийн үед бордооны нэг технологи олсон. Технологио жаахан нууж байгаа /инээв/. Нутгийн залууст бол тэр технологио зааж өгсөн.
-Та эвхэгийг нь голдуу сүлжчихдэг юмуу?
-Сүлжинэ. Рэмен чинь моринд тохирдоггүй юм. Морь бугуйлдахаар гар түлээд гэмтээдэг. Суран эдлэл бол мориндоо зохисон эд. Тэгээд морины үндсэн хэрэглэл айлд байх нь гоё л харагдуулдаг шүү дээ.  Сумын морьдын хэрэглэл бол бүгд миний хийсэн бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр эдэлгээ гайгүй л байгаа юм байлгүй.
-Эмээлийг өөрөө зэхдэг юм уу, модыг нь хаанаас авдаг вэ?
-Модыг нь аймгаас авдаг. 
-Жилдээ хичнээн бүрэн тоноглолтой эмээл хийж байна?
-Бүрэн тоноглолтой эмээл нэг их хийдэггүй. Манайх гэдэг айл жижиг хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг. Манай хүү талхны үйлдвэртэй. Би өөрөө арьс ширээр бүтээгдэхүүн хийнэ.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Таны ярихыг хүссэн зүйл байвал ярьж болно.
-Уралдааны тоо хэт ихсэх нь хүүхэддээ ч, мориндоо ч их хэцүү байна. Мөн улсынхаа наадмыг олигтойхон төсөвтэй сайхан зохион байгуулчихдаг баймаар байгаа юм. Ард түмэн чинь бөх, морио үзэх гэж л наадаж байна шүү дээ.  Мөн өвлийн уралдааныг зохион байгуулмааргүй л санагддаг. 

"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна