АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГАЛБАДРАХ: 2006 ОНЫ ДАНШГААР ХЯЗААЛАН ҮРЭЭГЭЭ АЙРАГДУУЛСАН БАЙЛАА

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 01 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Баянбогд багийн харьяат, наймгийн Алдарт уяач, "Уулын хурд" галын тэргүүн, сумын ИТХ-ын дарга, "Баянгийн манлай" МСУХ-ны дэд тэргүүн Маруушийн Галбадрахын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1969 онд төрсөн тэрээр Баян-Уул сумын Хүндэт иргэн, АХ-ын 80, 90 жилийн ойн медальтан аж.

-Говь-Алтай аймагт болсон Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд таны хар хязаалан айргийн таваар хурдалж байлаа. Төрийн хишигтэй наадмын анхны айраг гэдэг байх аа?
-Тиймээ, 2006 оны даншиг наадамд миний хязаалан хар үрээ айрагдаж байлаа. Яах аргагүй л анхны чансаа өндөр наадмын айраг байгаа юм.  Тэр үед Говь-Алтай аймгийн даншигт унаган морио айрагдуулсан хүнд УАЗ-469 өгнө гэж амласан байж. Би ч залуу, учраа олохгүй шахуу шинэхэн уяач ч байж. Тухайн үедээ тэр болзлыг мэдээгүй. Тэгээд сумандаа ирсэн хойно дуулахнээ манай аймгаас есөн морь айрагдсанаас хар үрээ л нутгийн унаган адуу байсан юм. Тэгсэн аман хүзүүдсэн Төв аймгийн Заамар сумын угшилтай, Тайшир сумын харьяат Жамсранжавын хээр азарганд машиныг өгсөн гэсэн хариу ирсэн. Ийм л түүхтэй уралдаан болсон юм даа. 
-Хар үрээний удам угшил гэвэл?
-Миний өвөг дээдчүүл чинь хороо сахисан улс байлаа. Хөгшин аав маань насаараа нэгдэлд ажиллаж, худаг, мотор асааж явсан хүн. Манайх цөөхөн хэдэн морьтой, түүнийгээ чөдөрлөчихнө. Өвөө нэг хондон морьтой. Тэгээд нэгдэл тарахад нийгмийн адуу хувьд очлоо шүү дээ. Тухайн үед манай садангийн Чинбат гэж адуучнаас хоёр гүү авсан юм. Надад нэг хүрэн байдас авч өгсөн. Харахад яг илжиг шиг тэр хүрэн гүү таалагдаагүй болохоор би голж байгаагаа ч нуусангүй. Хөгшин аав болохоор “миний хүү наадхаа битгий гол. Унага гаргах гүү болно” гэж тайвшруулна. Манайд олон адуу ч байсангүй. Айлын адуунд тавьсан бүдүүртлээ унагалсангүй. Ингээд анхны унага нь нэг жороо хондон морь төрлөө. Дараа нь нэг хондон унага гарсныг би соёолон болтол нь уясан. Ямартаа ч сумын наадамд айрагдахгүй ч 10 дотор давхиад л байдаг байлаа. Би чинь 1995 онд хуримаа хийсэн юм. Манай хадам аав насаараа дарга явсан хүн. Хөхморьтод олон жил алба хашсан. Хадам аавын ах нь Хөхморьтын Номбол баян олон сайхан адуутай нэгэн байгаад “моринд хайртай хүү байгаа юм” гээд надад нэг халтар гүү өгсөн юм. Ааштай ч гүү байсан. Би тэгэхэд адуу маланд ч сайн байж. Тэр дор нь барьж авч сургаад хязаалан байдсыг унаад сумандаа ирж байлаа. Тэр гүүнээс хар үрээ төрсөн. Бүүр нарийн яривал хүрэн гүүнээс гарсан хондон үрээгээр манай ах азарга тавиад, би халтар гүүгээ хураалгаж гарсан төл байгаа юм. Ийм л удам угшилтай.
-Хар үрээгээ хэзээнээс эхэлж уясан юм бэ?
-Эх нь төрөөд Хөхморьт руу унагаа дагуулаад гүйчихдэг юм. Би авчрах гэж бөөн юм болж хөөгөөд, арайхийж эцээж бариад авсан явдаггүй ээ. Тэгэхээр тэнд нь айлын адуунд өвөлжүүлээд, хавар нь очиж аваад хадмынхаа адуунд аваачиж тавьсан. Хавар нь би баруун хил рүү наймаа хийгээд яваад ирлээ. Хар даага их хурдан байна гэхээр нь ачаагаа дутуу буулгаад давхиад очлоо. Үзвэл дутуу сургаад тавьчихаж. Ингээд хоёр гурав хоног сургалаа.  Хөхморьтын Сангийн далайн 100 дааганы уралдаан болох гээд гурав, дөрөвхөн хоногийн зай үлдчихсэн байсан. Тэнд мордуулсан тасархай түрүүлээд ирлээ. Дараа нь Шаргын 100 дааганы уралдаанд мөн л түрүүлсэн. Энд гурван сумын хурдан хүлгүүд ирсэн юм. Гурав дахь удаад нь багийн дарга Явуухулан гэж хүн аавынхаа нэрэмжит дааганы уралдаан зохион байгуулж, бас л түрүүллээ. 20 хоногийн дотор гурван түрүү авчихаж байгаа нь энэ. Дараа нь сумын наадамд дөрөвлөөд тэр жилийн наадам отголсон. Харин дараа жил нь уяж чадаагүй ч Отгонбаяр начингийн наадамд дөрөвлөсөн. Тэгээд хязааланд нь даншигт л уралдуулж айрагдуулсан нь тэр. 
-Тэр даншигт ямар ямар довтой адуунууд ирсэн бэ?
-Дамдинбазар гээд Алдарт уяач хөгшний хүү Хадбаатар гэж одоо М.Ганболдын морийг уяж байгаа залуу бий. Түүний хээр үрээ дөрөвлөөд, миний хар үрээ тавласан. Хязааланд бол мундагууд олон байсаан. Гэхдээ одоо сайн санахгүй байна. 
-Таны хар үрээ даншигт ямар гараатай байв?
-Урд жил нь Отгонбаяр начны наадам болсон юм. Начин аймагт байсан болохоор машиндаа намайг суулгаад дагасан л даа. Битүүхэн би хар үрээгээ горьдоод байгаа ш дээ. Тэгэхэд арван хэдээр гараад, зурхай руу ортол долоо, наймаар л яваад байлаа. Тэгсэн Отгонбаяр начин тоглоом шоглоомоор “за Галаа би чиний хар үрээг айрагдууллаа. Яах юм” гэнэ.  Би ч дуугүй байсангүй “айрагдуулвал адуу амлая” гэв. Энэ ярианаас удалгүй долоогоос зургаа руу ороод, яг зурхай дээр тавлаж билээ. 
-Тэр жилээ ахиж уралдсан уу?
-Уралдаагүй ээ. 
-2007 онд соёолондоо ямар амжилт гаргав?
-Соёолондоо суманд аман хүзүүдээд, Хөхморьтын бага олимпод түрүүлсэн. Тэндээсээ ирээд Алтангадасын 50 жилийн ойгоор бас түрүүлчихэж байгаа юм. Ердөө гурав хоногийн дараа шүү дээ. Ер нь тэр жил их сайн байсан. Нийт дөрөв уралдахад хоёр түрүүлж, хоёр айрагдсан. Тэгээд хавчигт нь өнжөөгөөд нийлээд сургуулийн ойд аман хүзүү, сумын АХ-ын баяр наадамд хоёр ч түрүүлсэн. Тэрнээс хойш олонтаа айрагдаж түрүүллээ.
-2010 онд болсон Говь-Алтайн даншигт уралдуулсан уу?
-Тэрэнд миний хүрэн морь 12-оор ирж, хар морь нэлээн хойгуур орсон. Миний энэ хүрэн морь надад есөн медальтай ирж билээ. Би чинь 12 настай хөгшин морийг 950 мянган төгрөгөөр Жаргалангийн Бүрнээ гэж хүнээс авсан юм. Тэгэхэд хүмүүс “хүний хөгшин морь авч байдаг. Толгой нь эргэчихсэн залуу вэ, болиосой” л гэж байсан. Ийнхүү олны хэл амны бай болоод байсан хүрэн морь маань надад ирсэн жилээ Отгонбаяр начны наадамд аман хүзүүдээд, хойтон жил нь би аймагт аваачсан. Аймгийн бүх сунгаануудад түрүүлсэн. Даанч даншигт тавьсан шалиагүй. 
-Танд ирэхээсээ өмнө яаж давхиж байсан юм бэ?
-Жаргаландаа дархан морь л доо. Уралдсан наадам болгондоо түрүүлдэг. Тухайн үед манай найзын гэр бүл тусдаа амьдарцгаах болоод эхнэрийнх нь өмчинд өгсөн морийг Цээл рүү өгөөд явуулчихаж. Тэгэхээр нь би аймагт тосч очоод авсан юм. Найз эхнэртэйгээ 750 мянгаар өгсөнийг би 200 мянгыг нэмж өгсөн. Мөнгө хатуу байхад бас л өндөр үнэ шүү. Ингээд надад ирээд 16 медаль авсан байдаг юм. Ерөөсөө жижиг наадамд тавиагүй. Дандаа л гадагшаа тэр тусмаа Ховдын бүх сумаар явсан. Айргаас мултарч үзээгүй, дандаа л аман хүзүүдэнэ. Түрүүлж чаддаггүй морь байлаа.
-Хэд хүрсэн юм бэ?
-23 хүрсэн дээ, хөөрхий. 2012 онд юм байна. Манай Хүйсийн говийн адуунууд бүгд Цэцэг сум руу оторт явахад нь сэтэрлэчихсэн адуугаа онд оруулаад ирээрэй гээд өгөөд явуулсан. Тэгсэн захиж явуулсан ах хавар “хүрэн морь чинь явахаа байлаа” гээд нааш нь гаргаад ирсэн. Би ч өмнөөс нь тосоод ачиж авчраад говьд буулгаад тэжээлээ. Гэвч тэжээлээ ч идэхээ байгаад гурав хоног болоод үхсэн. Одоо толгой нь манай байшингийн орой дээр залаатай бий. 
-Таны нэрийг гарган хурдалж байсан өөр ямар хүлгүүд байна вэ?
-Үнэндээ хар үрээний маань буян хишиг надад ирсэн. Даншигт айрагдаж, Баян-Уулынхаа нэрийг гаргалаа гээд Макс Хадбаатар бид хоёрт нэг, нэг гүү бэлэглэлээ. Тэгсэн Хадаагийн хүрэн байдас үхээд, минийх тэжээсээр байгаад онд оруулсан. Халиун байдсаа Насанбатын хар гэж цуутай азарганд тавиад туниа муутайхан унага гаргасан. Даанч өнөөхийн нүдийг шувуу идээд сохорчихсон. Би тэжээгээд нэлээн дориун болгосон ч ногоотой залгаад үхчихсэн. Харин дараа нь хар үрээ төрсөн нь өнгөрсөн жил Говь-Алтайн шигшмэл хурдад хязаалан үрээ айрагдлаа. 
-Хар үрээ чинь хэдий үеэс уралдаж байгаа юм?
-Дааган цагаасаа уягдсан. Гэхдээ даагандаа шалиагүй ээ. Шүдлэндээ 90 жилийн ойд айргийн дөрвөөр давхиад хязаалан шигшмэл хурдад айрагдсан. Сумандаа АХ-ын баяр наадмаар айрагдсан. Өнгөрсөн жил тав уралдаж, гурав аман хүзүүдэж, нэг айрагдлаа. Энд Ховдын Дарвийн сургуулийн ойд тавлаад, сумын наадамд аман хүзүү, Шаварын голын Адъяа гуайн 100 жилийн ойд аман хүзүү, Сангийн далайд Суварганы наадамд мөн л аман хүзүүдсэн. Харин Дарвийн наадмаар наймаар орсон. Өөр энэ хар үрээтэй чацуу бас нэг хар үрээ бий. Яг л ихэр юм шиг сартай үрээнүүд. Бас л Насанбатын хар азарганы төл. Одоохондоо уяж амжаагүй байна. 
-Та хэдэн оноос морь уяж байгаа юм бэ?
-Бүүр багаасаа л морь уялаа. Багадаа үеийнхээ нөхдийн адил уралдаанч явлаа. Долоон настайгаас найм төгстлөө морь уналаа. Гэхдээ айхтар унаач байгаагүй ээ. Ихэвчлэн 30-аас хойш оруулсан. Нэг л удаа азарга дөрөвлүүлж байлаа. Тэр үедээ манай эндээ алдартай цагаан азаргатай Лхагваа гаагаа гэж хөгшний бор морь, сартай хүрэн морийг нь унана. Бас Мөнхбатын аав Ойдовын морьд байна. Манай найз Мөнхдэлгэр гэж одоо цагдаа залуу бий. Түүний аав хүүгээрээ өөр хүний морийг унуулдаг атлаа зөвхөн надаар өөрийнхөө морийг унуулдаг байсан юм.  Тэгээд есдүгээр сарын 1-нд болдог эрдмийн баяраар даага, их насны морь уралдуулахад найзтайгаа уясан чөдөртэй морио мордуулсан.  Яахав сайхан давхиад л ирсэн. Би ч олон жилийн дараа айраг амссан хүн дээ. Хүрэн морио аваад л одтой наадаж эхэлсэн. 
-Одоогоор аймгийн чанартай баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Бага олимпоос нэг түрүү, даншгаас нэг айрагтай. Далантүрүүнд болсон аймгийн бүсийн уралдаанаас нэг айраг, аймгийн наадмаас хэд хэдэн айрагтай. Одоогоор хондон морь маань аймагт хоёр уралдаж 2 айраг, хар үрээ нэг  айраг аваад байна. Ноднин шигшмэл хурдад хар үрээгээ айрагдууллаа. Амжилт нэг иймэрхүү.
-Та чинь “Уулын хурд” галын тэргүүн гэсэн байхаа. Энэ гал хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-2010 онд манай уяачдын холбоо хуралдаад зургаан гал байгуулж, намайг “Уулын хурд”-ын ахлагчаар сонгосон. Бид ч цөөхүүлээ л дээ. 10 гаруй уяач байна. Ийнхүү ганц нэгээрээ нэгдсээр ноднингоос их мундаг наадацгааж байгаа. Бараг уясан болгон нь айраг, түрүү авч байгаа шүү. Өнөөдрийн байдлаар Баянбогддоо ганц байгаа аймгийн Алдарт нь би байна. Удахгүй Аагий ах маань аймгийн цолтон болно. Өнгөрсөн онд гэхэд Аагий ахын саарал үрээ уралдсан наадам болгондоо амжилт гаргалаа. Тэгээд Сансарбаяр, Умбараа, Энхээлэй нарын одтой наадаж байгаа залуус байна. Энэ амжилтаараа Уяачдын холбооноос шалгаруулдаг 2016 оны шилдэг галын нэгт найдвартай багтана гэж бодоод сууна. Ямартаа ч бид нэгдэж чадлаа. 
-Сумын МСУХ-ны дэд тэргүүний албыг хашаад хэдэн жил болж байгаа вэ?
-Атарбаян тэргүүн, Алтангэрэл ах нарийн бичиг бид гурав хамтран ажиллаад 10-аад жил болж байна. 
-Энэ хугацаанд таны санал санаачлагаар хийгдсэн ямар ажлууд байна вэ?
-Хийсэн ажил их. Гэхдээ энд томоохноос нь дурдахад уяачдынхаа хандив тусламжтайгаар “Уяачдын өргөө”-тэй боллоо. Дараа нь галтай болцгоолоо. Ингэснээр адууны чанар сайжирч, уяачид маань нэгдээд гадагшаа гарч уралддаг боллоо. Мөн уяачдынхаа цол хэргэм дээр анхаарал хандуулж, чансаа өндөр цолтнууд нэмэгдсээр байна. Нэгдэл нийгмийн үед морь уяж байгаад алдар цолонд хүрч чадаагүй ахмадууддаа цол хэргэмийг нь нөхөн олголоо. Өөр жил бүр хаврын уралдаанаа зохион байгуулдаг уламжлалтай боллоо. Мөн “Морины дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг  зохион байгуулдаг боллоо. Энэчлэн олон бүтээлч ажлын ард гарчихаад байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай. Хурдан морьтын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна