Сумын Алдарт уяач Б.Осорням: Миний халзан морь Ховдын Дарвийн наадмын аман хүзүүтэйгээ дөрөв орчихоод байна

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 05 -нд

Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, "Ихэс нуур" нэгдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Баавгайн Осорнямтай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1974 онд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ.

-Өвөг дээдэс нь үгүй бол, Үндэс мөчир нь хаанаас ургахав гэдэг. Аавынхаа тухай эхлээд яръя даа, тиймээ?
-Миний аав Баавгай Жавхлант бригадын нутагт Ванчиг гэж хүний хоёрдугаар хүү болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, дунд сургуулиа төгсөөд бага эмчийн мэргэжил эзэмшсэн. Ирээд сумандаа бага эмч хийхийн сацуу нэгдлийн эмнэг тэмээг ачлага, уналга эдэлгээнд сургана. Ингээд 60 тэмээ уналга, эдэлгээнд сургаснаар БНМАУ-ын Спортын мастерын болзол хангаж байлаа. Хоёр жилийн дотор сургасан гэдэг байхаа. 
-Мэргэжлээрээ ажиллаж байсан болов уу?
-Ажиллаж байсан. Бүүр нэг хэсэг сургуульд тогооч хүртэл хийж байлаа. Сүүлд нь байгалийн голомтот гоц халдварт өвчний орон нутгийн сумын сувилагч хийж явсан. 
-Дариваас төрсөн спортын мастер олон уу?
-Аав морь мал сайхан уяна. Жороо морь их унана. Нэг хар жороо нь сумандаа бараг 10-аад удаа түрүүлсэн. Даанч тэгэхэд уяачийн амжилтанд тооцдоггүй байлаа. Би чинь дээрээ гурван ахтай. Бид дөрвийг дагуулаад морь, тэмээ их унуулна. Тэр утгаараа би адуунд их хорхойтой болсон.
Тэмээ сургалтаар бараг л байхгүй болов уу. Улсын сайн малчин Осорхүүгийн Гансүх эмнэг адуу сургаж эдэлгээнд оруулаад Спортын мастер цол авсан байдаг. Энэ тухай сумын ойн “Цэнхэр нутаг” номонд бичсэн нь бий. Манай аав чинь тэмээ сургах өөрийн арга барилтай. Эхнээс нь зөөлөн барьж авч, мордож булгиулаад, бурантаг, ногт тушаанд нь дасгаж зөөлрүүлдэг. Мордож булгиулахаасаа өмнө номхруулж тушдаг, хөтөлдөг. Дараа нь унаж, ачих ажлаа хийдэг. Ер нь уяж хагсрааж сойлгыг нь их зөв оруулж зөөлхөн сургадаг байлаа. 
-Та багадаа эмнэг сургаж байв уу?
-Ах бид хоёр нэгдлийн даага сургадаг байлаа. Бид одоо энэ сумын Алдарт уяач З.Баатар ахтай адуу маланд их явнаа. Эмнэг дааганы цулбуураас нь өөрөө барьж байгаад, хүүхэд мордуулчихна. Хүчтэй булгиад унагах гэхээр нь цулбуураас нь татаж бариад, хүүхдэдээ тааруулаад унагаахгүй. Ингэж яваад би өөрөө морь мал сургадаг болсон. Болоогүй сургуульд байхдаа даага сургаж, есдүгээр сарын 1-нд уралдуулж байлаа.
-Яаж давхисан бэ?
-Тэр үед би нэг охин даага сургаж уралдуулаад дөрөв дээр ирсэн юм. Ингэж л анхны айргаа авч байсан түүхтэй. Одоо ч санаанаас гардаггүй сайхан наадмуудын нэг дээ. 
-Аав тань морь уяж байв уу?
-Жороо хар мориороо л наадна. Дээр үед чинь одоо шиг нэг их нарийн уяхгүй. Тэгээд ч ажилтай болохоор зав чөлөөгөөрөө хөлслөнө. Жороо морийг чинь харуй бүрийгээр давхиулж, жороог нь алдуулалгүйгээр явж хөлөргөнө. Ширгэн дээр голцуу уяна. Харин хурдан морины хувьд миний мэдэхээс нэг цагаан бор хязаалан үрээ аман хүзүүдүүлж байсан. Халтар морь соёолондоо аман хүзүүдсэн. 
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Бид тавуулаа. Ээж аав хоёр маань дөрвөн банди, нэг охин төрүүлж өсгөсөн улс. Бид дөрөв бүгдээрээ морь уяна. Гэхдээ нэг маань саяхан Улаанбаатар хот руу шилжээд явсан. Уг нь морь маланд хамгийн адтай нь байгаа юм. Даанч одоо морь уяхгүй байна. Харин хоёр ахын маань уясан морьд гайгүй сайн харайж байгаа. 
-Та хэзээнээс морь уяж байгаа билээ?
-Би 1990 онд наймдугаар ангиа төгсөөд л мал маллахаар хөдөө гарсан юм. Тухайн үедээ нутгийн сайхан буурал уяачдыг дагаж, уяаны дөртэй болсон. Ингээд жилийн дараа өөрийн адууны борлог даагыг, хүний өөрийн нийлсэн дөрвөн даагатай бас сурган, уралдуулсан. Тэгсэн миний борлог тавлаж, Дорждоодоогийн шарга даага зургаагаар, Дашням ажаагийн саарал долоогоор ирсэн. Ингэж уясан гурван даага дараагаар ирж, борлог даагаараа анхны айргаа авч байлаа. Харин дараа жил нь өөрийн адууны хүрэн халзан хязаалангаа сумын баяр наадамд гуравлуулсан. 
-Нөгөө борлог даага дараа жил нь яаж давхисан бэ?
-Айрагдаж чадаагүй ээ. Шүдлэнд нь нэг уяад, хязаалангаас нь хойш больсон. Нас ч залуу байж. Гайгүй шиг харайсаныг нь уяад, хойхно ирвэл орхичихдог байлаа. 
-Тэгвэл халзан үрээ?
-Хязааландаа гурваар ирчихээд өвөл нь адууны ханиад хүрээд, гэдсээ авчихсан. Би ч туршлага муутайгаасаа болоод ясыг тарианы гурилтай холиод утчихсан. Хөөрхий тэртээ тэргүй уушги нь муу байгаа амьтныг чинь улам тамирдуулчихгүй юу. Би бараг өөрөө алчихсан юм. Тэгээд соёолон уралдуулж чадаагүй. 
-Ясаар утсан гэнээ...?
-Хөгшид хаврын муудсан адуунуудыг ясаар утахаар зүдэргээ нь гардаг гэлцдэг. Тэгж байхыг нь ч олон удаа харсан. Яахав буруу ойлгоод, ханиад хүрсэн уушгинд нь мууг тооцохгүй алдаа гаргачихсан. 
-1994 онд хүрэн үрээ сумандаа түрүүлгэжээ, тиймээ?
-Тиймээ. Манай том ах Очбатын том хүүгийн даахийг авахад өгсөн адуу байгаа юм. Дааган цагаас нь уяад хязаалан үрээ үсэргээнд их сайн байхаар нь суманд авчирч уралдуулсан их хол түрүүлсэн. Яг тэр үеэр аймгаас манай садангийн нэг хүн ирчихсэн. Бид хамтдаа машинтай дагаж үзсэн. Машин бараг дагадаггүй байсан үе шүү дээ. Их л сайхан юм билээ.
-Энэ хэдэн оны наадмын зураг вэ? /зураг үзүүлэв/
-Хойно Хөндлөн гээд голын захад манайхан морио уядаг байлаа. Тэгсэн нэг өдөр Нэргүйбаатар гуай хилийн цэргийнхээ ажлаар Ховд руу ажилтай явж байгаад, аавынд буусан юм. Би ч багаасаа адуу маланд дуртай байсан болохоор “манай уяан дээр очоод миний морьдыг хараад өгөөч” гээд дагуулаад ирсэн. Миний даагандаа түрүүлж байсан исгэл бор шүдлэн, хүрэн үрээ хязаалан болчихсон. “Хоёулаа хэр үсэрч байна” гэнэ. Үсэргээ алдаагүй, дандаа түрүүлж байгаа гэсэн чинь харчихаад “хүрэн үрээ санасанд чинь харайна. Бараг л түрүүлэх байх. Харин бор үрээ чинь айраггүй салж мэдэх л юм байна даа” гэж хэлсэн. 
-Та тэр үед харьсан их насны морь авчихсан байсан юм биш үү?
-Тиймээ. Дорждоодоо гэж хүнд суманд гурван ч удаа аман хүзүүдсэн морь байсан. Хөгшин өөрөө чадал нь хүрэхээ байгаад хүүхдүүд нь ч хот орон бараадаад явсан. Тэгээд бор морио зарна гэхээр нь манай ах авч, би ахаасаа авсан юм. Сүүлд бодохнээ үсэргээн дээр түрүүлээд ирэхэд нь сэтгэл ханаад, алдаа гаргаснаа ойлгосон. 
-Таны сумын баяр наадмын анхны түрүү юу?
-Борлогоос тусдаа бор даага соёолондоо 1996 он байхаа түрүүлсэн. Наадмаар дутуу уяатай мордуулаад, уул усныхаа баярт түрүүлгэсэн юм. 1993 оны  даага л даа. Тэр жил үсэргээн дээр их сайн байгаад яг ойгоор 10 гаргаж ирсэн. 
-Дараа жил нь яаж давхив?
-Хязаалан үрээ бас л 10-аас хойшоо ирсэн. 
-1996 он сумын ойтой жил байсан. Та ямар амжилт гаргав?
-Манай тэр ойд энэ хойдох Шаргын сайхан, сайхан соёолонгууд их ирсэн. Би ч соёолонгоо бас л дутуудчихвий гэж бодоод өөрийн хэмжээнд маш сайн хичээн уяж явуулсан. 20 гаргаад ирсэн санагдаж байна. Тэр үед хөтлөөд алхаж явахад Шаргаас ирээд хамт үсэргэж байсан залуучууд “хэд дээр ирсэн” гэхээр нь 20 гаргаж ирлээ гэсэн хайран юм гээд уулга алдаж байсан. Сонин юм шүү. Үсэргээн дээр сайн байсан ч  газраа аваачаад тавихад ойны дараа бас л хол түрүүлж байсан юм даа.
-Дассан газраа илүүтэй уралдаад байна уу?
-Адуунд тийм сэтгэхүй байдаг шиг байна лээ. 
-Хоёулаа танай унаган адуу юу?
-Тиймээ, хоёулаа л манай унаган адуу. Нэг азарганы төлүүд байгаа юм. Эцэг нь болох цавьдар азаргыг Тонхилын адуучин Хулан гэж хүнээс сумын Алдарт уяач Баатар гэж хязаалан үрээ авчраад байхад нь аав авсан. 
-Цавьдар азарга өөрөө уралдаж байв уу?
-Уралдаж байгаагүй ээ.
-1996 онд сумын баяр наадамдаа бор үрээгээ айрагдуулж чадаагүй гэлээ. Тэгвэл дараа жил та яаж наадсан бэ?
-1997,98 онуудад айраг авч чадаагүй. Харин 1999 онд Ховд аймгийн Цэцэг суманд болсон ард Аюушийн мэндэлсний 100 жилийн ойгоор нутгийнхаа улстай ганц соёолон үрээ авч явсан. Ундрал нэгдлийн адууны эхтэй, манай аймгийн Хөхморьт чигийн гаралтай сартай хээр азарганы төл цагаан өсгийтэй хар үрээ аваачаад, гуравлуулсан. Тэр их хурдан адуу байлаа. Сүүлд манай ахаар дамжаад Хужирт бригадын нэг залууд зарагдаж, бүдүүрсэн хойноо 10 гаргаж хоёр ахиад ирсэн байх шүү. Түүнээс хойш 2005 оныг хүртэл зургаан жил хэртэй айраг завсарласан. Зуд турхан гээд өөрөөс шалтгаалахгүй зүйл олон гарсан л даа. 2002 оны айхтар зуднаар чинь манай хоёр дахь ах Очирдорж Тонхилын цаад талын нуруунд цас багатай гэж 40 гаруй адуугаа авч яваад 11-тэй л ирсэн. Гэвч тэр  11 адуу нь алга болоод бүр ногоо гарчихсан хойно Тонхил тийш нэг  сураг гарсан ч  нэгийг нь ч олж чадаагүй. Дараа нь Дорждоодоо гэж хүнээс худалдаж авсан алаг азаргатай адуунаас бас нэг нь ч гарч ирээгүй. Бүүр үхсэн байг гэхэд сэвс ч байхгүй шуурганд алдсан. Тэр жил их хохирол амссан л даа. 
-2005 оноос хойш яаж наадаж байна вэ?
-2005 онд хүрэн морио Уяачдын анхдугаар наадамд айрагдуулсан. Наадах чинь даагандаа түрүүлж байсан бор морины эгчээс нь гарсан унага байгаа юм. Хязаалан хүртэл нь уялгүй байгаад хязааландаа дундуурхан ирээд соёолондоо сайн давхиагүй. Нийлсэн жилээ Дааганы хар толгой гээд морь барианы газраас таван км зайтай газар иртлээ 10 дотор яваад суугаад татуулчихсан. Харин дараа жилээс нь тун сайн харайж эхэлсэн. Хойд хоолой дээр Гүүтийн аманд үсэргээ болно. Одооных шиг ингэж үсэргээ тархай бутархай болохгүй шүү дээ. Бүх уяач нэг л газраа үсэргэнэ. Тэгэхэд бараг их насны 60 мориноос ганцаараа тасархай хол ирдэг байсан юм. Ингээд Уяачдын анхдугаар наадам сумын төвийн зүүн бэлд Хавтгай цахирт болоход нутгийн унаган морьдоос ганцаараа л байсан болов уу. Адуучин, аймгийн Алдарт уяач Лхагва гэж хүний хээр морь унаган адуу нь байсан.  Энэ наадмаар Ганбатын Баян-Уул чигийн халтар морь түрүүлж, зүүн чигийн адуу болох Шаргын хээр морь аман хүзүүдээд, Хэнтий чигээс авчирсан  Буяндэлгэрийн цагаан морь гуравлаад, миний хүрэн дөрөвлөж, аймгийн Алдарт уяач Лхагвын хээр морь тавласан. 
-Хүрэн морь дараа нь яаж давхисан бэ?
-Тэр үед хүмүүс морь малаа тэжээж, дусал тарьж эхэлж байсан үе. Хүрэн морь их догшин байсан болохоор тэжээл ч  иддэггүй, зүү ч хүргүүлдэггүй байлаа. Хэрвээ тариад, тэжээсэн бол яах ч байсан бол гэсэн бодол төрдөг л юм. 2006 онд манай сумын ой болоход уралдаад хойхно ирчихээд, уул усныхаа баяраар гуравласан. 
-Амжилтын цуваанаас тань харахад 2012 онд Ховд аймгийн Дарвид хүрэн халзан морь айрагдуулжээ?
-Тиймээ айрагдуулсан. 2010 онд Говь-Алтай аймгийн 70 жилийн ойгоор манай бүл ах морьдтойгоо ирж уралдуулсан юм. Намайг тэр наадамд очиход “ахын дүү одоо нутгийн адуугаар уралдахад хэцүү болчихлоо. Чи энэ адууг сайн уралдуулаарай. Наадах чинь сайн хүний сайн адуу” гээд энэ хүрнийг бэлэглэсэн. Нэргүйбаатар ахыг зүүн талын адуутай болно гэхэд Жамцын Энхболд найз нь ярьж байж Түвдэнжаажидын Батзоригоос авч өгсөн адуу юм билээ. Ингээд 2011 онд авчирсан өвлөө суман дээр тэжээгээд, цагаан сарын уралдаанд мордуулаад гуравлуулсан. Тэрний хойтон жил их сайн байсан ч уралдаж байгаад хөл нь эвгүйтчихсэн. Харвал шөрмөс нь цохиж хавдаагүй байна. Уралдаан хоёр, гурав хоноод болох гээд байдаг. Тэгээд Нэргүйбаатар ах руугаа утасдаж асуусан “уяач болох гэж байгаа хүн морио эвгүйтсэн гэдгийг нь мэдээд наадмаас аваад үлддэг сэтгэлтэй байх ёстой” гэхээр нь өнжөөсөн. Харин хойтон жил нь үсэргээнээр их хурдан байнаа. Тэгэхээр нь Ховд аймгийн Дарви сумын наадам манай сумын наадмаас хоёр хоногийн өмнө болохоор нь ачиж очоод уралдуулсан. Гарсан цагаасаа эхэлж өнгөлсөөр аман хүзүүнд орж маш их баярлаж билээ. Тэндээс гэртээ ирээд нэг өдөр амраачихаад сумынхаа баярт аваачиж тавихад ахиад аман хүзүүнд ирсэн. 
-Дараа жил халзан морь та хоёр хаагуур наадав?
-2013 онд Говь-Алтай аймгийн сумдын баруун бүсийн уралдаан манай суманд болсон юм. Сумын наадмаар Александрын хул түрүүлж, миний халзан морь аман хүзүүдсэн бол хэд хоногийн дараа болсон Говь-Алтай аймгийн сумдын баруун бүсийн уралдаан, Баян-Ундрал хоршооны 20 жилийн ойгоор хул морь тавлаж, наадах нь зургаалсан. Харин 2014 онд жоохон дутуу уяатай мордуулаад их хойноос зүтгэсээр тавласан. Ингэж гурван жил  дарааллан айрагдаад Ховдын Дарвийн наадмын аман хүзүүтэйгээ дөрөв орчихоод байгаа юм. Бас Төгрөг сумын ойд зургаагаар орсон. Ховд аймгийн Дарви сумын 90 жилийн ойд очоод яг хүмүүсийн үзүүр дээр гурав дээр орж ирснээ шогшоод 10-аар давхисан. Төгрөг сумын ойд жавх Ганбаа гэж хүний Хараацай бор морь сул түрүүлээд, наадах чинь гуравлаж явснаа суугаад долоо дээр ирсэн. Гэхдээ бор морийг таван байр ухраагаад минийх зургаалсан. 
-2016 онд сумынхаа баяр наадмаар яаж наадсан бэ? Хэдэн оны сумын Алдарт юм бэ?
-Медаль гэж өгдөггүй байхад бор морь, хүрэн халзан үрээнийхээ амжилтыг оруулахаар хоёр түрүү, 12 айргаар сумын Алдартын болзлыг хангаж байлаа. Манай ах дүү, найз нөхдийн морь над дээр уягддаг юм. Батсайхан гэж ахын Төв аймгийн Алтанбулаг сумын соёолон даагандаа манайд ирсэн. Тэгээд ноднин аман хүзүүдсэн. Тэрний дүү болох саарал даага дөрөвлөсөн. Эх нь Алтанбулагийнх, эцэг нь Сүхбаатар Асгатын адуу байгаа юм. Хүрэн үрээгээ шүдлэнд нь таваар давхиулсан. Батсайхан ахын хүрэн үрээг дааганд нь есдүгээр сарын 1-нд уяж, хол түрүүлгэсэн. Шүдлэн болдог жил нь сумын наадамд тавлуулаад, Уяачдын баяраар аман хүзүүдүүлж, өнгөрсөн зун соёолон үрээ ахиад аман хүзүүдүүлсэн. Түүнчлэн уул усны баяр, багийн бооцоот уралдаанд олон орсон. Наана нь Замбаагийн Чимэдцэрэн гэж багш залуугийн хар морь бол Сүхбаатарын Мөнххаан чигийн адуу. Надад хязаалан ирсэн бөгөөд одоогоор айрагдуулж чадахгүй л байна. Их хөлийн хурд гардаг адуу юм байна. Одоо найм хүрчихэж байна. 
-Таны хүүхдүүдээс удам залган морь уяж байна уу?
-Би хоёр хүүтэй. Том нь ХААИС-ийн Мал аж ахуй био технологийн сургуулийн 4-р курс. Бага нь есдүгээр ангиа төгсөөд мал дээр гарсан. Адуунд маш их дуртай нөхөр бий. 
-Та зүүн талаас адуу авч байна уу?
-Манайхан зүүн талаас адуу авчирч эхлэхэд би Төв аймгийн Алтанбулаг сумаас хязаалан үрээ авчирч азарга тавьж байлаа.  Гэхдээ өөрөө ч, үр төл нь ч сайн байгаагүй ээ. Тэгж байтал бүл ах Нэргүйбаатар халзан морь бэлэглэснээр зүүн зүгийн адууны “ид шид”-ийг үзсэн гэх үү дээ. Ахиад надад Нэргүйбаатарын улсад даагандаа дөрвөөр ирээд, тэр жилээ Алтан-Овоонд очиж  аман хүзүүдсэн Дорнодын Эрээнцавын Төмөрбатын угшилтай саарал азарганы төл хул даагыг бэлэглэсэн. Тэрийг одоо азарга тавьчихаад байна. Бас Төв аймгийн Алтанбулагийн уг гарал нь манай эндхийн Идшингийн Алтангэрэл эх тал нь Гарамжавын Ганбатын адууны угшилтай, азарга нь Сүхбаатарын Түмэнцогтын даага бэлэглэсэн. Мөн л азарга тавьчихаад байна. Одоогоор авсан гүү алга. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны сэтгэлд  хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Би чинь их насны морь ерөөсөө айрагдуулж үзээгүй байгаад 2012 онд Ховд аймгийн Дарви суманд халзан морио аваачиж мордуулсан. Тэр уралдааныг манай сумаас очсон улсууд бүгд машинтай дагасан. Хажууд явсан улс одоо цохивол наадах чинь урд талынхаа морин дээр очихоор байна гэнэ. Зарим нь ч болохгүй сууна гээд санал зөрөлдөөд л байсан. Би ч машины цонхоор толгойгоо гаргаад Жагаа / морины хүүхэд /гээд орилсон  миний халзан морь чих нь босоод эргээд харсан. Адуу гэдэг тийм ухаантай. Миний дууг таньж байгааг нь хараад цээж рүү нэг юм  огшоод л ирсэн. Тэндээс ирээд нэг хоногийн дараа сумынхаа наадамд ахиад аман хүзүүлэх үнэхээр сайхан байсан. Ай даа, тэр жил үнэхээр сайхан наадсаан. 
-Ярилцсанд баярлалаа.
-Алтан тууртын  буян Монголын уяачид, адуунд элэгтэй бүхнийг ивээх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна