Нийслэлийн Алдарт уяач Д.Зандансүрэн: ТӨРИЙН НААДАМД МОРЬ ТҮРҮҮЛГЭХ ИХ ХУВЬ ЗАЯА ЮМ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 09 -нд

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Зандансүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1957 онд төрсөн тэрээр Алтангадас одонтой, Материал техник хангамж худалдааны тэргүүний ажилтан аж.

-Төрийн наадмын түрүү түмэн эх хурдан халиуны эзэнтэй уулзаж буйдаа баяртай байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Монголын уяачид, хурдан морины түүхийн гэрч болсон “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо ажлын амжилт хүсье. Танай сэтгүүл чинь бид нарын хувьд судар минь шүү дээ.
-Баярлалаа. Ярилцлагаа таны удам, судар нутаг усны дурсамжаас эхэлье?
-Миний өвөг дээдэс одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сум хуучнаар Засагтхан аймгийн Үйзэн түшээ гүний хошууны улс. Намайг гурван настай байхад нутгаасаа гарч, Улаанбаатар хотод ирж суурьшсан юм билээ. Миний аав бол намайг төрүүлсэн ээжийн төрсөн ах нь юм. Намайг 11-хэн хоногтой байхад өргөж аваад өдий зэрэгтэй өсгөж өндийлгөсөн ачтан. Одоо 92 настай буурай байна даа.
-Тийм жаахан амьтнаар хүн хийж авах ч амаргүй байх шүү?
-Ээж минь долоон сартай жирэмсэн байхдаа мухар олгойн үрэвсэл гээч болоод гурван сар хэвтэрт байж намайг төрүүлсэн юм гэнэ лээ. Олгой нь хагарчих гээд хэцүү байсан гэсэн. Төрчихөөд 11 хонож байхад нь манай аав ирээд миний төрсөн эцэгт  “за чи эхнэрээ эрүүл болгоорой.
Би энэ хүүхдийг чинь авч хүн болгоё” гэж хэлээд өвөртлөөд явсан гэдэг. Аймгийн төвөөс Жаргалан сум 80 км. Тэр хол газар шээгээ ч үгүй очсон гэж ярьдаг юм. Мориор л явж байгаа шүү дээ.
-Бас л том зүрх байна шүү?
-Дээр үеийн хүмүүс зоригтой хэнэггүй байж дээ. Миний төрсөн аавыг Шаравын Энэбиш, харин ээжийг Рагчаагийн Мядагбал гэдэг. Намайг хүн болгосон аавыг минь Рагчаагийн Дашням, ээжийг минь Ашхүүгийн Рэгзэнбадам гэдэг. Аав минь долоон жил цэргийн алба хааж ахмад цолтой халагдаж нутагаа очиж, гурван жилийн дараа Улаанбаатарт ирж  жолооч болсон хүн. 
-Бага насаа хотод өнгөрүүлжээ?
-Тэгсээн, миний хүүхэд нас Зайсанд өнгөрсөн. Тэр үед Зайсан чинь мал хуй ихтэй. Айлын хурга ишиг хариулсан шигээ л өдрийг өнгөрөөдөг байлаа шүү дээ. Манай тэнд алаг морьтой Жамба, бор морьтой Батсуурь нарын өвгөн уяачид байх. Уралдаан болохоор Жамба гуайн алаг морь түрүүлж ирээд хүмүүс хараад хадуурчихдаг.Тэгээд л Батсуурь гуайн бор морь түрүүлдэг. Бас морин тойруулга Зайсан ойрхон байсан. Тэнд морь 15,16-н тойргоор уралдуулахад эхэн үедээ Батсуурь гуайн бор, Жамба гуайн алаг хоёр ээлжилж түрүүлж байснаа яг шийдвэрлэх мөчид барианд ороход тойруулгын бөөн сүүлтэй хүрэн морь түрүүлдэг. Тэр нь бүр тогтчихсон. Хүүхэд насны энэ мэт дурсамж дундаас нэг зүйл огт санаанаас гардаггүй юм.
-Хуучлаач...
-1971 он юмдаа. Манай тэр хавийн хэдэн өвгөчүүл морины уяагаа тойроод суучихсан “энэ жил Нийгмийн хонгор улсад түрүүлнээ. Ажлыг нь машин, мотоциклиор дагаж хийдэг гэх чинь билээ. Нүгэлтэй  хурдан морь байнаа” гэж ирээд л ярьж байсан нь одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Тэр үед мотортой тэргээр морины ажил хийнэ гэдэг төсөөлөгдөхгүй байлаа шүү дээ. 
-М.Сияннямбуугийн хонгор түрүүлсэн биз дээ?
-Тэгсэн. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Сияннямбуу гуайн нуман тамгатай хонгор морь түрүүлсэн. Тэгээд манай Батсуурь өвөө “хурдаараа бол Нийгмийн хонгор л түрүүлэх ёстой юмдаа. Яасан юм бол” гэж байсан. Сүүлд нь “өө тэр ус үзээгүй морь гэнээ. Түргэний голыг хараад дээгүүр нь харайж чадахгүй саатсан гэнэ” гэцгээж байсан. Тэр үед Түргэний гол чинь их устай байсан юм шүү. 
-Нийгмийн хонгор хэмээх цуут хурдан хүлэг домог болон мөнхөрч дээ?
-Нийгмийн хонгорыг Сүхбаатар аймгийнхан төдийгүй Монгол улс даяар мэддэг болсон үе байлаа. Тэр хурдан хүлгийг нэг удаа ч гэсэн харчих юмсан гэдэг хүсэл хүн бүрт байсан. 
-Хүмүүсийн ярианаас мэдрэгддэг. Таны морь мал сонирхон уяж эхэлсэн нь хэзээнээс эхлэлтэй юм бэ?
-Хожуу хожуу. 1990 онд ардчилсан хөдөлгөөн өрнөж, чөлөөт эдийн засагт шилжихэд би эдийн засаг гадаад харилцаа, хангамжийн яамны Монгол экспорт нэгдэлд ажиллаж байлаа. Тэгээд малжих санаатай Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Доржбат гэдэг найзаасаа унагатай гүү хоёрыг, нэг сувай гүү аваад Борнуурт хадам аавындаа тавьчихлаа. Намар болохоор хэдэн унагыг нь чоно идчихээд ер өсөж өгдөггүй. Ийм маягтай хэдэн жил болоод 1996 онд Хөх хотод ажиллахаар урагшаа явсан юм. Нэг удаа Монголд ирээд Төмөрбаатар найзындаа очтол Содномцог, Нямдорж, Алтан-Очир, Сүхбаатар нарын уяачид сууж байнаа. Тэгснээ “чи чинь морь мал гээд байдаг билүү. Адуу авбал ав” гэж байна. “Би бүдүүн морь авч чадахгүй ээ. Надад тийм их мөнгө ч алга” гэсэн “Лхүндэвийн хонгор морины дүү шарга халзан даага байна. Тэрийг ав” гэж байна. “За тэгвэл явъя, явъя” л боллоо. Тэр дааганы эцэг нь Хэнтийн Галшарын бор азарга, эх нь Баянмөнхийн шарга халзан гүү байсан юм.
-Тэр дороо л...
-Тиймээ. Борнуурын САА явлаа. Тэгээд Увс аймгийн Тэс сумын Баатарын Бумбагэрэл гэж залуугийнд  очлоо. Бумаатайгаа цуг Нямдорж Манлайгийн орж хонолоо. Өглөө нь босоод Содномцог нэг айлаас хээр азарга авах гээд очсон эзэн нь байдаггүй. Хүлээсээр оройхон хэрд буцаад иртэл хонгор морины Лхүндэв ирчихэж, нийлж аваад Бумын гэрт очлоо. Хоол цай идэж уучихаад “за танай нөхөртэй наймаа хийсэн дээ” гэтэл эхнэр Цогзол нь “шарга халзан даагаа зарчихсан юм биш биз, тэрийгээ л зарахгүй. Бусад нь чинийх юм чинь би мэдэхгүй” гэж байна. Тэгэхээр нь би “шарга халзан даагыг чинь авах гэж ирсэн. Харамч хүн байдаггүй юм гэнэ лээ. Миний гуйлт л дутаж байгаа байлгүй” гэж хэлээд хойморт нь очоод хэвтчихсэн. Гурав, дөрвөн цаг боллоо. Тэгж байтал эхнэр нь Бумааг дуудаад аваад гарлаа. Эргэж орж ирээд “та халзан даагыг яаж авах юм” гэж байна. Тэр үед дээд талын даага 500.000 төгрөг л байсан. Би тэрүүгээр л авна. Тэрнээс дээш ч авахгүй, доош ч авахгүй. Чи 400.000-аар ав гэсэн ч би 500.000-г өгнө” гэсэн ахиад л  эхнэртэйгээ гараад явчихлаа. Тэгснээ намайг дуудлаа. Гараад очсон эхнэр нь “мөнгөөр өгөхгүй ээ Зандан ахаа наадах чинь хонгор морио зарсан мөнгөөрөө хоёр азарга аваад үлдснээр нь хэрэглэчихсэн” гээд учирлаж байна. Тэгэхээр нь “за тэгвэл би 20 хургатай хонь дээр нь 100.000 төгрөг өгье” гэсэн чинь “тэг” гэнэ. Ингээд наймаа тохирч 20 хургатай хонийг нь Манлай уяач Нямдоржийнхоос тууж авчирч өгчихөөд, “нөгөөдөр очоод мөнгөө аваарай” гэлээ. Нөгөөдөр нь Бум нэг залуу дагуулаад ирсэн нь дүү Мэнгээ нь байсан юм. Тэгээд жаахан ярьж байснаа дүүдээ “халиун азаргаа Зандан ахад өгчих” гэж байна. 
-Ямар халиун азарга билээ?
-Би бас гайхаад “юун яасан халиун азарга билээ” гэсэн “Жаргалант угшилтай. Улсад нэг түрүүлж, нэг гурвалсан Хишигсүхийн хар азарганы төл хар азарга гэж байдаг. Тэрний төл Завханы нэг хүн гурван сая төгрөгөөр авна гээд түүндээ хонь мал оролцуулахаар ярьсан” юм байна. Тэрнээс хойш уулзалдаагүй байсан гэв. Түүнийг нь сонсоод “хүн авъя гэсэн юм бол би сонирхохгүй ээ” гэлээ. Тэгсэн Төмөрөө сонсож сууснаа “за тэгвэл та хоёр уяж ирээд улсад айрагдуулчих. Тэгвэл би цаашаа харж байхад чинь наашаа хартал үнэ хэлье” гэж байна. 
-Санаанд чинь багтахааргүй үнэ хэлье гэсэн үг биз?
-Тиймээ. Бум, дүү Мэнгээ хоёр “за” гэж байна. Би яахав шарга даагаа авч Манлай уяач Нямдоржийнд тавьчихаад Хөх хот руу явлаа. 10-аад хоночихоод буцаад хүрээд ирсэн чинь шарга даагаа алдчихлаа гэчихсэн сууж байна. 
-Олоогүй юу?
-Олоогүй ээ. Сураг байхгүй. Нямдорж цуг алдсан морь нь Булган билүү, Архангай руу сураг дуулдлаа тийшээ  явъя гэхээр нь би “яах вэ сайн адуу, сайн нохой хоёр эзнийхээ үйлийг хаадаг юм гэнэ лээ. Олдвол олдоно биз, Олдохгүй бол тэр биз” гээд орхисон доо.
-Тэгээд л халиун азаргыг аваа юу?
-Эхэндээ надад авах бодол байгаагүй. Хавар таван сард анх халиун азарганы тухай яриа  гараад улсын наадмын өмнөхөн Содномцог ах Төмөрбаатар хоёр  хэн нь авах  вэ гээд шодох болов оо. Тэгсэн Содномцог ах намайг “юундаа хулчийгаад байгаа юм” гэсээр оролцуултал шоо нь над дээр буучихгүй юу. Тэгээд л би халиун азаргаа авсан. Тэр чинь анхны “Их хурд”-тай жил шүү дээ. Улсын наадамд эхний есөд хурдалсан азарганууд урилгаар оролцуулах зар гарчихсан. Халиун азарга урд жил нь /1997 онд/ улсад есөөр давхичихсан, Их хурд-д уралдах эрх авчихсан долоон настай азарга байв. 
-Айрагдсан бол наашаа хартал үнэ хэлэх байсан. Аравт хурдалсан азаргыг ямар өртгөөр авч байсан бэ?
-Би бол 3 саяар бодож авсан. Ярьж байснаараа улсад айрагдчихсан бол таван сая хүрэх байсан байх гэж би одоо боддог юм. Одоо энэ уяачдын холбооны тэргүүлэгч Төмөрбаатар шүү дээ. Миний багийн найз. Зайсангийн дэвжээнд танилцсанаас хойш бараг 50 жил болжээ. Бид хоёр манайд Төмөрөөгийн хүргэн дүү Алтан-Очир бид хэд чинь нэг галын хүмүүс шүү дээ. 
-Улсын наадмын өмнө халиун азаргаа авчихлаа...
-Халиун азаргандаа хоёр, гурван гүү олоод тавьчих санаатай явтал Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Сандуйжанцангийн Цог гээд залуутай танилцлаа. Тэгээд санаагаа хэлтэл “дүүгээсээ гүү ав” гэнэ. Тэр дороо үнэ хөлсөө тохироод мөнгийг нь өгчихлөө. Тэгээд ярьж суугаад ах нь сайн халиун азаргатай, зүс ижилсүүлээд нэг халиун морь авчихмаар байна гэсэн “дүүд нь  Өвгөн ноёны наадамд 17-гоор давхисан халиун морь бий. Та авбал авахгүй юу даа” гэнэ. Морь малаа хараагүй битүү наймаа хийж хоёр сая төгрөгөөр тохироод “ За Цогоо би өөрөө очиж морио авахдаа тал өртгийг нь өгнө. Талыг нь наадмын дараа өгье. Болж байна уу” гэсэн. “Болноо” л гэнэ.  За тэгээд тохирсон ёсоороо явах гээд бэлтгэлээ хийлээ. Явахынхаа өмнөх өдөр Хөх хотод байгаа эхнэр лүүгээ утасдаад “би Хэнтий явчихаад очно” гэсэн “Юун Хэнтий явах. Охин чинь мухар олгой нь дотроо хагараад манай консулынхан бүгд эмнэлэг дээр байна. Маргааш шууд наашаа ир” гэдэг юм. Тэгэхээр нь хамаатныхаа Б.Пүрэвдорж гэдэг жолооч ахад “гурав, дөрвөн гүү авна. Дээр нь Цогоо халиун морио өгвөл ачаад ир. Өгөхгүй бол яахав” гэж хэлээд явуулчихлаа. Тэгсэн Цогоо гүүнүүдээ аччихаад хамгийн сүүлд нь халиун морио барьж байснаа “за Зандан ах найдвартай. Ахдаа өгөөд явуулчихъя” гээд ачуулсан байсан. Нөгөө ах маань адуунуудаа ачаад Бумын хадам аавынд очиж. Халиун азарга тэдний дээр байсан юм. Тэгсэн Бумын хадам өвгөн халиун морийг харчихаад “ямар сайхан адуу вэ? Миний хүү наадамд унах сайхан морьтой боллоо доо” гэсэн  байдаг юм. Тэгээд Цогийг ирэхээр нь хэллээ дээ. Тэгсэн “өө та буцаагаад өгчихгүй юу. Харин аваачаад өгөөрэй” гэж байна. 
-Наймаагаа буцаахаар болчихож байгаа юм уу?
-Тийм. Оройхон Мижиддорж яриад “Зандан ахаа Цог халиун морио надад өгье гэж байна” гэлээ. Тэгэхээр нь “тэгвэл би халиун морио авдагаараа авъя. Тэгээд чи ав гэлээ. Маргааш Содномцог ахын компани дээр уулзъя” гэж тохирлоо. Маргааш нь хүрээд очсон нөгөө хоёр надаас түрүүлээд ирчихэж. Цогоо ах намайг загнаад “чи ганц адуу авч чадахгүй байж морь гэж битгий ярь” гээд даналзаж байнаа. /инээв/ Уг нь би  урд орой нь Мижиддоржтой ярьсаныхаа дараа Цогтой яриад халиун морио авдгаараа авъя гэж хэлсэн юм байхгүй юу. /инээв/ Ийм түүхтэй ирсэн адуу даа, миний халиун морь. Наадмын өмнөх гурван сунгааны хоёрыг нь очиж үзсэн, халиун морь сайн байсан. Гэхдээ улсад түрүүлчихнэ чинээ санаагүй. Хөгшчүүл “морь, хүүхэд бүтэн байвал болоо” гэдэг шүү дээ. Тэгж л бодож байснаас түрүүлэх тухай санаа ч үгүй. Мижиддоржийн морийг уядаг Батнасан, түүний ах Батмөнх бид гурав цагаан хоолойны доор суучихаад чагнаж байтал “Зандансүрэнгийн халиун” гээд зарлаад байдаг. Хүүхдэдээ сайн хэлж өгөөгүй юм чинь жолоог нь сул тавьж байгаад суулгачих байлгүй гэж бодож байтал ороод ирсэн. Ер нь түрүүлтэл нь итгээгүй шүү.
-Түрүүлчихлээ. Өөр мэдрэмж төрнө биз дээ?
-Сайхан л байдаг юм билээ. Урд жил нь манай Төмөрөө Аюуш Тод манлайн толгой хаялдаг хээр морийг аваад. Улсад айрагдана гээд итгэлтэй байтал долоолчихсон. Тэгээд жаахан урам муутай сууж байсан Баруунхараагийн Болд ах орж ирээд загнаж байсан юм.
-Юу гэж зэмлэх үү?
-Юу яриад байгаа юм бэ та нар. Яасан гутранги үзэлтэй юм. Би 20 жил морь уяад одоо л нэг айрагдуулж байна. Аваад л айрагдаж, түрүүлдэг морь гэж хаана байсан юм. Ямар нисдэг биш” гээд зэмлэж байсан. Тэр үгийг сонсоод надад “нээрээ анх удаа морь аваад түрүүлнэ гэдэг их хувь заяа юм байна шүү” гэсэн бодол төрж билээ. Хүн хэлэхээс цаас чичихээс нааш гэж  Болд Алдартад зэмлүүлтлээ “морь уяя” гэсэн дэврүүн сэтгэлээр л явж байснаас биш түрүү, айргийн үнэ цэнийг мэдэхгүй явж байсан байна лээ.    Халиун морь түрүүлсэн жил юмдаг. Олон уяач цугласан байж байтал их насны морь түрүүлгэсэн хүн жилдээ дээшээ суудаг юм гэж Жинст хонгорын эзэн Алдарт уяач Буяндэлгэр ах хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Их нас түрүүлнэ гэдэг ийм мундаг юм байна даа гэж бодож байлаа.  
-Морь ирсний дараа Содномцог ах юу гэсэн юм бэ?
-Уралдахынх нь урд шөнө Цог ахтай хамт хоолыг нь тааруулсан. Миний хувьд болчихлоо гэж бодохоор  Содномцог ах “Хоол нь дутуу байна. Дахиад идүүл” гээд. Тэрний ачаар халиун морь маань төрийнхөө наадамд түрүүлсэн дээ. Ер нь миний хурдан морьтой холбогдсон нь Содномцог ах, найз Төмөрбаатартай шууд холбоотой.
-Ингэхэд танаас өмнө Алтайн уяачийн морь төрийн наадамд түрүүлсэн байдаг юмуу? Төрийн наадамд их морь түрүүлгэх гэдэг уяач бүрийн чин хүсэл байдаг гэлцдэг?
-Гэсэрваань Манлай хүрэн азаргаа түрүүлгэсэн. Гэхдээ Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат гэж бүртгүүлсэн байдаг. Уг нь манай Говь-Алтайн хүн шүү дээ. Морь гэдэг хийморилог амьтантай хувь заяагаа холбож улс, бүсийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртэн Алтай нутгийнхаа нэрийг гаргасандаа, улсын дансанд бичүүлсэндээ бахархаж явдаг. Улсын наадамд Алтай нутгаас анх удаа их насны морь улсад түрүүлгэсэн байх гэж боддог. Манай нутгийн уяачид ч үүнийг үнэлдэг юм. Тод манлай уяач Ганбаатар телевизээр ярилцлага өгөхдөө “манай Зандан ах булган сүүлтэй” гээд ярихад нь баярлаж л байлаа. 
-Улсын наадмын дараа халиун морины өртөг нэмэгдсэн үү. Үгүй юу?
-Тэр үеийн хүмүүс жудагтай байлаа. Би улсын наадмын дараа халиун морины өртөгт “юу авах уу” гэсэн “Нэг 69-тэй болмоор байна” гээд  хуучныг авч өгч байсан. Одоо хүртэл бид сайхан холбоотой. Энэ зун хүү Баатарболдынд очоод ирлээ. Адуу нь их сайхан өссөн. Хурдан ч байлаа. Манай Цог хурдан морь их сайн таньдаг хүн байсан юм. Даанч эрт бурхан болчихсон нь харамсалтай. 
-1998 оны “Их хурд” уралдааны талаар дурсаач?
-Долдугаар сарын 26-нд нэг их бороотой өдөр болсон. Хүйтэн мөндөр ороод, хүүхдүүд осгоод айхтар наадам болж байлаа. Анх удаа тийм том уралдаан зохион байгуулагдаж байгаа учраас бүх аймгаас морьд ирчихсэн. Баян-Өлгийгөөс хүртэл шүү.
-Баян-Өлгийгөөс бусад бүх аймгаас морьд ирсэн гэж ойлгодог нь ташаа байх нь ээ?
-Баян-Өлгийгөөс нэг бор морь ирсэн байсаан. Бичлэг дээр байдаг шүү дээ. Тухайн үед би Баярмагнай гуай эд нарыг сайн таньдаггүй байлаа. Таньдаг байсан бол хэлж байгаад халиун морио мордуулахгүй юу.
-Яагаад мордуулаагүй юм бэ?
-Тэр үед тухайн жилийн наадмын эхний есөд хурдалсан морьд дараагийн “Их хурд”-д уралдах эрхтэй гэсэн дүрэмтэй байсан юм. Тэр жил миний халиун морь 11 настай байсан. 
-Халиун азаргаа мордуулсан биз дээ?
-Мордуулсаан. 33-аар давхиад, 2001 онд “Их хурд-2”-т 11-т ирсэн. 
-1999 онд халиун морь яаж давхисан бэ?
-Тэр жил их морь будилсан шүү дээ. Дараа жил нь их хурдан байхад нь дааган Цэндээ Лхүндэвийн хонгор морийг Их хурдад унасан том хүүхдээр унуулаад хөлд нь жаахан согогтой болгочихсон юм. Тэгээд 2000, 2001 онуудад өнжөөгөөд, 2002 оны хавар сайхан тэжээгээд одоо л ганц тавина даа гэж байтал хулгайд алдчихсан. Хайгаад олоогүй. 
-Харамсалтай юм. Халиун азарганы тухайд...
-Улсад есөөр, Их хурдад 11-ээр давхисан. Тэгээд би хөдөө явуулаад дахиж уралдуулаагүй. 
-Ингэхэд халиун морь ямар угшилтай адуу байсан юм бэ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Гармаа-Юндэн гэж хүний адуу. Хурим хийхэд нь хадам аав нь даага бэлэглэж байсан юм билээ. Гармаа-Юндэн төвийн хүн тул хөдөө ах  Цэгмидийндээ халиун үрээгээ байлгадаг байж. Халиун морь хязааландаа Баянхутаг сумын наадамд хол түрүүлээд, Өвгөн ноёны наадамд 17-гоор давхихад нь Зундуйжамцын Цог авахгүй юу.
-Хэдтэй морь авч байсан гэдэг вэ?
-10-тай морь аваад дараа жил нь  надад өгсөн. Халиун морины дээд удмыг хөөвөл эцэг талаасаа Босоо цавьдарын цустай. Би улс, бүсийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртэхдээ дан Баянхутагийн адуугаар наадсан байдаг. Тэндхийн адуу аргагүй хурдан шүү. 2000 онд улсад айрагдаж, 2002 онд Дундговьд аман хүзүүдсэн халиун үрээ чинь мөн л Баянхутагийн адуу шүү дээ.
-Зайсан халиуныхаа талаар жаахан дэлгэрүүлээч?
-Халиун морь улсад түрүүлсний дараа би унаган эзэн Гармаа-Юндэнтэй танилцаж сайхан найзууд болсон юм. 2000 оны хавар тэднийхээр очоод халиун даагатайгаа таарч байлаа. Дааган Цэндээтэй хамт Гармаа-Юндэнгийнд оччихоод буцаж явсан голоос хэдэн адуу гарч явна. Цавьдар гүүний хажууд яваа халиун даага нүдэнд тусаад эзнийг нь асуутал Чинзориг гэдэг айлын адуу, энэ гурван гэрийн нэг гэнэ. Тэр дороо очиж наймаа хийгээд халиун даагаа эхтэй нь авчихсан. 
-Юу нь тэгтлээ нүдэнд туссан юм бэ?
-Зүс нь /инээв/ Би ямар морь шинжиж мэдэх юм биш. Ер нь сүүндээ цадсан сайхан даага байсан. Би Цэндээд “энэ халиун даага эр бол шууд авъя” гэсэн. Тэгээд айлыг нь сураад очсон. Цэндээ ярилцлагандаа хэлсэн байсан шүү дээ. “Зандан нэг жил зургаан халиун морь уяад” гэж. Одоо нэг жил уясан дөрвөн халиуны зураг байдаг юм.
-Халиун үрээ даагандаа гурвалсан. Шүдлэн яаж давхисан юм бэ?
-Шүдлэн долоо, хязаалан найм билүү ес, соёолон арав. Соёолон жилээ хурдан байсан. Би одоо болтол тэрэн шиг хурдан адуу үзээгүй. Сунгаан дээр давуулаагүй байсан бол гарцаагүй айрагдах байсан. Надаас өөр сайн эзэн, уяачтай таарсан бол улсад хоёр гурав айрагдчих байсан адуу. 2002 онд хязааландаа Дундговь аймгийн 60 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн шүү дээ. 
-2010 оны Сэлэнгийн бүсэд айрагддаг буурал морь чинь хаанахын адуу вэ?
-Мөн л Баянхутаг адуу. Соронзонболд гэж залуугийн хонгор халзан азарганы төл. Эх нь буурал гүү байсан гэнэ лээ. Онон Тод манлай их тоодог адуу байсан юм. Тэжээл энэ тэр иддэггүй ч аргагүй хурдан байсаан. Би Сэлэнгэд уралдуулчихаад буцаагаад өгчихсөн юм. Тэгсэн Авзагын Мэндээ авсан байна лээ. 
-Яагаад буцаагаад өгчихсөн юм бэ?
-Яг ч өөрийн болгочихоогүй байсан л даа. Миний азарга  морь хасдаггүй болохоор буурал морь манай адуунд байдаг. Би тоглоом шоглоомоор “миний морь” гэдэг байсан юм. Тэгсэн 2010 онд Соронзонболд “Зандан ахаа холхон явж уралдмаар байна” гэдэг юм. Тэгэхээр нь “улсын наадамд л очиж уралдахгүй юу” гэсэн “улсад арай болохгүй байхаа. Наадах чинь тэжээл иддэггүй морь” гэнэ. Тэгэхээр нь “Сэлэнгэд бүсийн уралдаантай юм билээ. Би зардал мөнгийг нь даая. Тэнд уралдуулъя гэсэн юм. “Тэгье л” гэсэн. Хэлсэн ёсоороо уралдаж айрагдсаныхаа дараа “ та 10 саяар авбал ав” гэсэн ч би аваагүй. Дараа нь Авзагын Мэндээ аваад буцаасан дуулдсан. Ноднин өвөл 16-тай морь айрагдаж л байна лээ. 
-Түүнээс хойш дахин  морь уяагүй юу?
-За бараг үгүй дээ. Би чинь айлын ганц хүү. Хүн бүл цөөтэй болохоор малтай байх арга алга. Тэгээд ч надад морь уралдуулаад алдар цол авъя, ашиг хонжоо олъё гэсэн бодол эхнээсээ байгаагүй. Тэр ч утгаараа жилдээ сайн л бол хоёр уралдуулдаг байсан. Надад бас Сүхбаатарын Мөнххааны Батболдоос авсан хурдан хонгор морь Юндэнгээс авсан ягаан даага байсан. Хонгор морь Манлай Түвдэн ахын анхны наадамд гуравласан. Ягаан даага их хурдан байсан. Манлай Батчулуун “айрагдаж болохоор сайн даага байна” гэж байсан. Миний муугаас сайн давхиулж чадаагүй юм. Би уяан дундуур арангы нь авчихсан юм. Тэгээд давхил нь харьчихсан. Ер нь зөв хурдан байгаа адууг илүү ажил хийх хэрэггүй байдаг. 
-Яагаад халиун зүсмийн адуунд дуртай байдаг юм бэ?
-Одоо ч гэсэн зурагтаар наадам үзэж байхдаа халиун зүстэй адууг л урагшаа давхичихаасай гэж боддог. Баярмагнай гуайн бичсэн хурдан морины уралдааны цувааг харахад улсад их насны гурван халиун морь л түрүүлсэн байдаг юм билээ. 1930 онд өвгөн Ноёны хүү агь Пунцагнамжилын халиун, 1936 онд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Учралын Хайнзангийн халиун, 1998 онд миний халиун тус тус улсад түрүүлсэн байдаг.  Зөвхөн их насанд шүү.
-Сонин л юм байна. Ингэхэд танай дээдчүүл хүлгийн хурд ирлэж байв уу?
-Манай өвөгийн хусуур над бий. Өндөр хээр гэж их хурдан морьтой. Түүнийг нь  манай эмээ буюу аавын ээж унаад зургаа авахуулчихсан байдаг юм. Тэр хээр морь сумандаа маш олон удаа түрүүлсэн, их хурдан хүлэг байсан гэнэ лээ. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна