Сумын Алдарт уяач Д.Баасан: ЗАЛУУС МОРЬ УЯЖ, УРАЛДУУЛДАГ БОЛЖ БУЙ НЬ САЙШААЛТАЙ

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 12 -нд

Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, "Тамч" багийн харьяат, сумын Алдарт уяач Дэвүүгийн Баасантай ярилцсанаа хүргэж байна. 1955 онд Гүен  хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр V таван жилийн гавшгайч, сумын Авто тээврийн аварга, Осолгүй манлай жолооч ажээ.
-Тантай ярилцах гэж буйдаа таатай байна. Танай Тамч баг Тонхил сумын аль хэсэгт нутагладаг ямар уул, устай газар вэ?
-Манай Тамч баг Тонхил сумын баруун урд, Алтайн нурууны ар өвөрт байрладаг юм. Айл өрхийн тоо болон малаараа сумын хэмжээнд дээгүүрт ордог. Нийт малын тоо толгойгоор тэр дундаа адуугаараа сумандаа бараг тэргүүлнэ. 
-Хэдэн адуутай вэ?
-Аймгийн Алдарт уяач Өлзийбүрэн, Нямдаваа гэж залуус хамгийн олон адуутай нь. 
-Тамч багийн хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хэдэн уяач байдаг бэ?
-Одоо ахмад уяачдын тоо цөөрсөн байна. Гэхдээ сүүлийн үед морь уядаг залуусын тоо олширсон нь сайшаалтай юм. Багийн хэмжээнд морь уядаг 30 гаруй залуу бий байх. Манай Тамч багт аймаг, сумын Алдарт уяач цолтой 10 гаруй хүн бий. Өлзийбүрэн, Нямдаваа, Бадарч гэх мэт. 
-Дээхнэ үед энэ нутагт морь уяж гарамгай амжилт үзүүлж байсан хүмүүсийг та танилцуулаач. Тэдгээр уяачдын хурдан хурц хүлгүүдээс дурдвал?
-Намайг хурдан морь унадаг жаахан хүүхэд байхад манай Тамч багт морь сайн уядаг уяач олон байлаа. Аймгийн Алдарт уяач Лүнлхаа, Содоо, Сүх, Даваа, Санжаажав, Туваанжав гэх мэт. Эдний морьдын заримынх нь хөшөө манай суманд байдаг юм. Энэбишийн хээр бол их сайн давхидаг морь байсан. Мөн Лүнлхаагийн их хээр морь бага наснаасаа эхлэн сумынхаа баяр наадамд 13 удаа түрүүлсэн. Харин Сүхийн бор морь хоёр түрүүлсэн бол буурал морь нь нэг түрүүлж, нэлээн олон айрагдсан.
-Та дунд үеийн уяачдын төлөөлөл. Тантай хамт морь уяж байсан ямар уяачид байв?
-Би удам дамжсан уяач хүн юм. Миний аав Дэвүү их олон хурдан, хурц морьтой хүн байсан. Миний аавын хурдан халтар морь бага наснаасаа соёолон хүртлээ сумынхаа баяр наадамд түрүүлсэн. Хүрэн халзан морь нь бага насандаа сумынхаа баяр наадам болон зэргэлдээх Дарив суманд түрүүлж байлаа. Би зургаан настайгаасаа морь унаж эхэлсэн. Тэгээд л аавыгаа дагаж морь уяж, одоог хүртэл морь, малаа дагаад явж байна. Миний үеийн сайн уяачид гэвэл аймгийн Алдарт уяач Бямбажав, Бузнахөө гэж хүмүүс бий. Яг Тамч багаас гэвэл манай Туваанжавын Чулуунбаатар байна даа. Чулуунбаатар сарт хээр, хүрэн гэж алдартай хоёр морьтой хүн дээ.  Надаас насаар бага уяач гэвэл аймгийн Алдарт уяач Бадарч байна. 
-Тэгвэл морь уяж буй залуус гэвэл?
-Би дээр дурдсан. Манай багт морь сайн уядаг олон сайн залуу бий. Даваагийн Баясаа, Сүхийн Нямдаваа, Баасангийн Пүрэвтулга, Жүгдэрийн Баттөр гээд л.  
-Танай нутагт жороо, хатирч алхаатай морьд хэр олон байдаг юм бэ? Жороо мориор сайн наадсан уяачид бий юу?
-Манай нутаг жороо, хатирч морь элбэгтэй.  Жороо мориор наадсан хүмүүс гэвэл аймгийн Алдарт уяач Заяа-Хүү, Бямбажав нар байна. Мөн зүүн аймаг руу явчихсан Буянтогтох гэж залуу жороо мориор их сайхан наадаж байсан. Хатирч морь гэвэл Бандийн харыг хэлнэ. Сумандаа олон жил түрүүлсэн их сайн хатирдаг сайхан морь юм. Түүнээс хойш нэг их сайн хатирдаг морь одоохондоо тодроогүй байна. Харин жороо морьд олон бий шүү. 
-Тамч багаас төрсөн гайхалтай хүлэг гэвэл та ямар морьдыг нэрлэх вэ. Энэ нутагт яригддаг сайн адуу?
- Нэгдлийн үед буурал духт гэж алдартай азарга байсан. Тэр азарга жилийн дөрвөн улирал Алтайн өвөрт байдаг байсан. Тэгээд ижил сүргээсээ нэгийг ч чоно, нохойд өгдөггүй мундаг сайн азарга. Манай Алтайн даваа цасаар дарагдчихсан байхад цаана нь сүргээ хамгаалаад л байж байдаг гэсэн. Хавар хүртэл ижил сүргээ бүрэн, бүтэн л байлгана шүү дээ. 
-Таны аав хэдий үеэс морь уяж эхэлсэн байдаг юм бэ?
-Миний аав эхээсээ хоёулаа, айлын бага хүү юм. Тэгээд 1940 оны үед миний ээж Д.Бямбатай гэр бүл болж есөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн. Есөн хүүхдийнх нь найм нь ажил хөдөлмөрөө эрхлээд байж байна. Аав минь их залуугаасаа морь уяж эхэлсэн. Намайг зургаан настай байхад л нэг халиун морь уяж надаар унуулдаг байлаа. Тэгэхэд сумын наадамд арав гаргаад ирсэн санагдаж байна. Тэр үед би ч морин дээрээ уначихгүй тогтох л үүрэгтэй байж дээ. Түүнээс хойш манай халиун гүүний төл болох халтар морийг уяж олон жил сайн давхиулсан даа. Халтар морь бага насандаа уралдсан болгондоо түрүүлдэг байлаа. Бусад морьдод огт гүйцэгдээгүй. Тэрний дүү хүрэн халзан нь бас дааганаасаа соёолон хүртэл түрүүлсэн. Бас нэг хээр морь нь их сайн байсан шүү. Ер нь аавын морьд их сайн. Тэгээд л би аавыгаа дагаад морь уях гэж оролдож эхэлсэн дээ. Намайг морь уяж байх үед наадам одоогийнх шиг олон болдоггүй байлаа. Сумын наадмаа л хүлээнэ. Би сум орон нутгаасаа 10 гаруй айраг, түрүүтэй. Тэгээд надад сумын алдарт уяач цол олгосон. 
-Та хэдэн оноос морь уяж эхэлсэн билээ?
-Би 1976 онд 10 гаруй настай хүүхэд байхдаа томчуудыг дагаад хоёр алаг шүдлэн үрээтэйгээ  Дарив сумын наадамд очсон. Тэгэхэд миний харлаг үрээ түрүүлж, хээр алаг үрээ нь гуравт ирсэн юм. Тэр цагаас хойш л морь уяж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл морь уяж байна.
-Морь уясан 40 жилийн хугацаанд тань давамгай амжилт үзүүлж таныг олон удаа баярлуулсан  ямар хурдан хүлгүүд байсан бэ? Тэдгээр хүлгүүдээ танилцуулахгүй юу?
-Миний хурдан цавьдар морь дааганаасаа соёолон хүртэл түрүүлсэн. Тэгээд нийлсэн жилээ нэг айрагдаж байсан. Тэр жил би ажил ихтэй байгаад сайн уяж чадаагүй юм. Тэр маань их сайн морь байсан л даа. Мөн харлаг, хээр алаг хоёр морь маань Дарив сум болон өөрийнхөө суманд бага наснаасаа соёолон хүртлээ айраг, түрүү алдаагүй. Бас миний хар, хээр, шар хээр морьд олон удаа айрагдаж байсан даа. 
-Сумынхаа баяр наадамд хэдэн удаа морь түрүүлж, айрагдуулсан бэ?
-Сумынхаа баяр наадамд даага, шүдлэн, хязаалан, соёолон гэх мэт бага насны адуунууд түрүүлүүлж байсан. Бас их насны морь айрагдуулж явсан. Би  азарга нэг их уяж үзээгүй ээ. Сүүлийн жилүүдэд л манай энд азарга уядаг боллоо. 
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би таван хүүтэй. 
-Тавуулаа морь мал уях уу?
-Миний хоёр хүү морь уяж байна даа. Нэг хүү маань Говь-Сүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхайд ажилладаг. Дараагийнх нь Улаанбаатар хотод хувиараа бизнес эрхэлдэг юм. Тэрний дараагийнх буюу хамгийн бага хүү Дундговь аймагт байгаа. Тэгээд хоёр нь сумандаа мал маллаж байна.
-Хүүхдүүдийн морь яаж давхиж байна?
-Хүүхдүүд адууныхаа удам угшлыг сайжруулахаар зүүн талаас адуу зөөж байна. Гэхдээ одоохондоо гойд амжилт гаргаагүй байгаа. Зүүн зүгээс авчирсан азарганы үр төл нь энэ жил  хязаалан, шүдлэн насанд хүрч байна. Яахав, энэ төлнүүдээс нь давхих байх гэж харж байна даа.  
-Та чинь социализмын үед жолоо барьж осолгүй манлай жолооч, сумын ачаа тээврийн аварга гэсэн шагналуудаар шагнагдаж байсан юм байна. Нийт хэдэн жил жолоо барьсан бэ?
-Би 1977 онд ардын армийн 107-р ангид цэргийн алба хааж 1980 онд халагдсан хүн байгаа юм. Цэргээс халагдаж ирээд сумынхаа нэгдэлд “Зил 130” машин барьж эхэлсэн. Тэгээд 1990 оны өмч хувьчлал хүртэл машин барьж байгаад түүнээс хойш хувиараа хувийнхаа хэрэгцээний зүйлийг тээвэрлэж байна. Одоо ч зөөдөг. 
-Ямар аймгууд руу ачаа тээвэрлэж байв?
-Тухайн үед нэгдлийн жолооч нар аймаг, Улаанбаатар хот руу тэр бүр явдаггүй байсан. Хэрвээ хот руу явахаар болбол аймгийн ачаа тээврийн удирдах газар, авто техникийн газраас зөвшөөрөл авдаг. Одоогийнх шиг чөлөөтэй дураараа явахгүй л дээ. Өглөө ажилдаа ирэхэд нэгдлийн орлогч дарга “Чи өвс тэжээл авч яваад тэр айлуудад тараагаад ир” гэж хэлдэг байлаа.  Харин Завхан аймгийн Тосонгийн модонд их явдаг байсан шүү. 
-Танд баярлалаа. Миний асуух асуулт энд хүрээд жаргаж байна. Эрүүл энх байж урт удаан наслаарай. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Та бүхний ажилд улам их ажилт хүсье. Аян замдаа сайн яваарай.   

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна