АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.ЭНХБАЯР: 17-ТОЙДОО ЭРДЭНЭ СУМЫН 70 ЖИЛИЙН ОЙГООР ХОНГОР СОЁОЛОНГОО АМАН ХҮЗҮҮДҮҮЛЖ ЯВЛАА

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 24 -нд

Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шархүүгийн Энхбаярыг уншигчдадаа танилцуулж байна. 2015 оны сумын сайн малчин тэрээр 1982 оны хавар сумын хүн эмнэлэгт төржээ.

-Удам залгасан уяач нарын нэг байх нь ээ?
-Тиймээ, би гурав дахь үеийн уяач байгаа юм. Багадаа аавынхаа уясан морийг унаж уралддаг байлаа. Тэр үед одоо шиг аймаг алгасаж явахгүй. Баянлиг, Баянговь гээд ойр тойрныхоо суманд очиж хар, цагаан, халиун азаргаа унаж хурдлуулна. Ингэж зургаан наснаас 14 хүртлээ хурдан морь унаж, хасагдаад аавтайгаа морь уяж эхэлсэн. Түүнээс гурван жилийн хойно 17-тойдоо Эрдэнэ сумын 70 жилийн ойгоор хонгор соёолонгоо аман хүзүүдүүлж явлаа.
-Унаач хүү байхдаа ямар ямар амжилт гаргаж байв?
-Анх удаа Цагаан-Овооны наадамд хар морио унаж зургаагаар давхиулсан. Тэрнээс хойш халиун азаргаа унаж сум орон нутагтаа олон оруулсан. Энэ азарга даага, шүдлэн, соёолондоо түрүүлж, бүдүүрсэн хойноо Баянлиг сумандаа нэг тавласан. 
-Ямар ч байсан Баянлиг явж байжээ. Өөрөө хаашаа явж байв?
-Унаач хүүхэд байхдаа Баянлиг, Баянцагаанд нэг нэг очиж уралдсан. Эндээс 130 км зайтай Баянцагаан руу морьдоо хөтлөөд л гарч байлаа. Дээр үед уяачид одоо шиг хол явж байсангүй дээ. Сум оронд ч наадам цөөхөн болдог байж. Хоол унднаасаа болсон уу Баянцагаанд дундуур л давхиулж байлаа. 
-90-ээд оны эхээр сумын баяр наадам ямар болдог байсан бэ?
-Зах зээлийн хэцүү үе эхэлж байсан болохоор өргөн дэлгэр болж байгаагүй санагддаг юм. 1992 онд суманд нэг насанд 27 морь уралдуулаад их морь уралдлаа гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэгэхэд би нэлээн том хүүхэд хул морь унаад уралдаж байсан. Түүнээс тав, зургаан жилийн дараанаас өтгөн болж эхэлсэн.
-Сумын баяр наадамд дээд тал нь хэд хүрч морддог юм бол оо?
-Баяр наадмаар азарга, соёолон 30,40, түүхт ой таарвал 60,70 хүрдэг байсан болов уу. Ер нь тэрнээс хэтрэхгүй дээ. Яахав бай шагнал өндөр, бооцоотой бол 100 гарч байсан. Ингээд овоо гайгүй болж байтал 2001 он, түүний дараа 2009,2010 онуудад зуд турхан болоод дахиад морь мал уядаг нь цөөрсөн. 1000 малтай айл дөрөв таван ямаатай, 100 адуутай айл гаднаа хоёр морьтой үлдсэн гээд бод доо. Гэхдээ тэнгэрийн муухай арилдаг хойно. Тэр хэцүү бүхэн ард хоцорч хүн болгон шахуу л моринд орж байна. Ер нь эргээд 1996,97 оны дайнд очиж байна шүү. Адууны наймаа ч өргөжлөө. Сүхбаатар, Дорнодоос адуу их авчирдаг болсон. 
-Та хэдий үеэс морь мал уяж эхэлсэн юм бэ?
-Би 2002 онд цэргээс ирээд, дараа жил сумын наадамд Наадам хүрэн соёолонгоо уяж түрүүлгэсэн. Ингэж л Энхбаяр гэж хүний нэр дээр цулбуур өргөн цоллуулж байснаас хойш арав гаруй жил өнгөрчээ. 
-Сая аймгийн Алдарт уяач авлаа гэсэн. Хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-АХ-ын баяр наадмын 11 түрүү, 16 айргийн амжилтаараа аймгийн Алдарт уяачийн болзол хангасан. Үүн дээр бага бэсрэг наадмын 40,50 айраг, түрүү бий. 
-Аймгийн Алдартын амжилтанд жин дарсан ямар ямар хурдан хүлгүүд байна?
-Анхны түрүү авчирсан хүрэн азарга суманд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Манай аавын унаган адуу, надад үе дамжин ирсэн юм. Дээд талыг нь хөөвөл халиун азарганы угшилтай гэдэг. Түүний төлүүдээс халтар морь сайн давхисан. Халтар морь даага, шүдлэндээ суманд дараалан түрүүлээд, соёолондоо аман хүзүүдэж, хавчиг соёолон их моринд дөрвөөр давхиад тэр жилээ Баянлиг сумын 87 жилийн ойгоор очиж дөрөвлөсөн. Тэрнээс наана уржнан 92 жилийн ойгоор бас айргийн дөрвөөр давхилаа. Энэ халтар морь, хүрэн азарга хоёр намайг олон ч баярлуулсан даа. Өөр хүрэн азарганы төлөөс Баянлиг сумын 87 жилийн ойгоор соёолон айрагдсан. 
-Он гарсаар Баянговь суманд болсон Баянхонгор аймгийн говийн бүсийн уралдаанд оролцов уу?
-Хонгор халзан соёолон азаргаа уралдуулаад 11-ээр давхиулсан. Ноднин Сүхбаатарын Эрдэнэцагаанаас авсан үрээ байгаа юм. Сумандаа бага наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж хоёр айргийн амжилттай надад ирсэн. Харин энэ хаврын хувьд уяа сойлго дутуу ч байлаа. Дээр нь манай бүсийн уралдаан болно болохгүй гэсээр долоо хоногийн өмнө шийд гарсан. Ингээд уяа дутуу тавиад  нэг хэсэг зарлагдаж яваад суугаад 11-т давхисан. 
-Ер нь аймгийн чанартай бүсийн наадмуудад хэр оролцдог вэ?
-Оролцоно оо. Богдын хаврын бүсэд оролцож байлаа. Гэхдээ бүсийн наадмуудаас амжилт гаргаж чадаагүй л явна. Ямартаа ч шинэхэн цолоо баталж, амжилтаа ахиулахын тулд гарч уралдана гэж бодож байна. 
-Говийн сумын уяачид ихэнхи нь тэмээ бас уядаг юм байна. Таны хувьд?
-Би тэмээ уядаггүй ээ. Морь л уяж байна. 
-Та бол гурав дахь үеийн уяач. Тэгэхээр дөрөв дэх үеийн уяачаа унаачаас нь бэлтгэж эхлээд байгаа байх даа?
-Тэгэлгүй яахав. Манай том хүү есөн настай. Гурав дахь жилдээ морь унаж байна. 16,17 хүрээд удам залгасан уяач болох байхаа л гэж боддог юм. 
-Танай унаган адуунаас гадагшаа гарч хурдалж байгаа нь байна уу?
-1990 хэдэн оны дундуур манайх халиун шарга голдуу адуутай байсан юм. Тэр үед “манай Шархүүгийн шарга гэх халиун адуунууд мундаг даа” гэж энэ хоёр сумын улс ярьдаг л байлаа. Гэхдээ айхтар наймаа худалдаа хийж байсангүй. Гарсан нь ч нэрээ цуурайтуулсан нь одоогоор алга шив дээ. 
-Харин та гаднаас адуу авч байна уу?
-Манай ээж Сүхбаатар аймгийн хүн байгаа юм. Сүүлийн хоёр жил ээжийн дүү Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чулуунбор гэж хүн хэдэн бага адуу авчирсан. Дээр нь Дундговиос гүү авч, Дэлгэрхангайгаас азарга авч тавьсан. Урд нь Сүхбаатар аймгийн Асгатаас нэг азарга авч, суманд АХ-ын баяр наадмаар нэг айрагдуулсан. Одоо хөл нь жоохон эвгүйтээд гүү хураалгаад төлийг нь хараад л сууж байна. Ер нь адууны угшил сайжруулахаар авсан Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Дундговийн Дэлгэрхангайн гүү, азарга бий. Энэ нутгийн маань сайн давхиж байсан азарганы төл гүүнүүд ч бий. Жишээлэхэд суманд  удаа дараалан айрагдаж түрүүлсэн Пүрэвийн Батсайханы хар азарга гэж байлаа. Тэрний төл улаан шаазгай гүүг авч, өдгөө нь төлүүд нь дажгүй сайхан шүү. Мөн Батхишиг гэж аймгийн Алдарт уяач залуугийн хүрэн азарганы төл байна. Аймгийн Алдарт уяач Сүрэнхэрийн хул азарганы төл бас бий. 
-Үнэ ханш нь хэд байх уу?
-Нутгийн адууг бол айхтар мөнгө төгрөгөөр худалдаж авсан юм байхгүй. Нэг хэсгийг нь тухайн хүний азарганд нь гүүгээ тавьж авсан. Нөгөөг нь ор адуугаар нь авсан. Өөрөөр хэлбэл 2010 онд цаг муудаад улсууд адуу малаа агтанд их өгсөн. Тэр үед сайн азарганы төлийг авч хоцрохын тулд ор адууг нь агтанд өгөөд сольж авсан нь бий. Харин зүүн талын адууг эрчүүдийн наймааны жишгээр нь хэлэлцэж тохироод авсан юм. Сүхбаатарын Эрдэнэцагаанаас гэхэд нэг шүдлэн үрээг таван саяар авсан. Гурван даага авсан нь тус бүрдээ хоёр саяын үнэтэй.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2006 онд сумынхаа наадамд гурван морь уяж азарга түрүүлж, соёолон аман хүзүүдээд, нэг даага айргийн таваар давхисан юм. Яах аргагүй сэтгэл огшуулсан сайхан наадам байж билээ. 
-Ийм сайхан амжилт олон байх болтугай. Удахгүй аймаг, улсын “дэвжээнд” уулзахын ерөөл тавъя. Дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Дээр дурдсанчлан бахдалт наадам олон байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна