М.Мандах: Аймагтаа ес түрүүлсэн аавын минь хээр азарганы амжилт одоо ч эвдэгдээгүй байна

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 17 -нд

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Ядамжавын Монхор хэмээх сайн уяач байжээ. Түүний талаар хүү М.Мандахтай ийнхүү хөөрөлдлөө. М.Мандах нь 1963 оны хавар Гангатын зөрүү хэмээх газар айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Ахуй үйлчилгээний Тэргүүний ажилтан, Хүндэт тэмдэгтэн аж.

-Таны аав Монхорын хурдан хээр азарганы тухай уяачид ярих юм билээ. Бидэнд аавынхаа талаар ярьж өгөөч?
-Миний аав Ядамжав гэж хүний зургаа дахь хүү болон 1916 онд төрсөн. Аав ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжиж байгаад 20 настай цэрэгт татагдаж Ховд аймагт зургаан жилийн алба хаасан байдаг. 1945 онд намд гишүүнээр элсээд таван хошуу мал хариулж байсан V, VI, VII таван жилийн гавшгайч. Ийнхүү нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр  төртэй биелүүлэхээс гадна аав маань сайн уяач байсан. Үүний жишээ нь хурдан хээр азаргаа Говь-Алтай аймгийн баяр наадамд есөн удаа түрүүлгэсэн. Аймгийн баяр наадмын амжилтыг үндэслэн улсын цол олгодог байх үед МУ-ын Алдарт уяач цолонд тодорхойлсон ч шагнал нь ирээгүй. Аавын минь тогтоосон энэхүү амжилт одоо хэр нь эвдэгдээгүй байгаа нь ямархан чансаатай уяач байсныг илтгэх бизээ. 
-Ес түрүүлэхдээ завсар орсон уу?
-Тав дарааллаж түрүүлээд, нэг завсарлаж дахин  дөрөв түрүүлсэн байдаг. Нэг үе Говь-Алтайн наадамд манай аавын хээр азарга түрүүлж, Рашаант багийн малчин Хуягийн халтар азарга аман хүзүүддэг. Хоёр азарганы орж ирэхийг хараад морь уядаг болгоны самсаа шархирч уухайлдаг байсан даа. 
-Хээр азарганы удам угшлын талаар яриач. Мэдээж энэ нутгийн адуу байх?
-Хээр азарга 1972 оны унага. Рашаант багийн харьяат, аймгийн Алдарт уяач Борхүү гэж хүний том гэдэстэй хул гүүний унага. Эцэг нь буруу тал руугаа дэл нь унжсан хул азарга байсан. Энэ хоёрын дундаас гарсан эр адуунууд цөм хурдалсан даа. Дүү нар нь гэхэд л бүгд аймагт түрүүлсэн байх. Манайх азарга тавихаар тэднийхээс нэг үрээ авахаар болсон  “хүний бараа хардаггүй их ороо юм гэнэ” гэж дуулдаад нэг ах маань явж барьж ирсэн. 
-Хязаалан азарга авч байгаа юм уу?
-Хязаалан үрээ хавар авчраад хэдэн гүү хураалгачихсан. 
-Хүний бараа хардаггүй ороо адууг ах тань хэрхэн барьсан гэдэг вэ. Тэр талаар ярьж байсан уу?
-Юун ороо гэж, уургалаад эмээллэчихлээ гэсээр унаад ирж байсан. Тэгээд аавд “энэ их эвтэйхэн адуу юм. Уяж үзвэл яах бол” гэсэн аав” за юутай ч хоёр гурван хоног зөөлхөн унаадах” гэсэн юм. Санаанд нь нийцсэн юм байлгүй тэр жилээ уяад аймгийн  наадамд дөрвөөр давхисан. Дараа жил нь соёолонд мордуулах гэсэн аавын дүү нар, Алдартууд, нутгийн уяачид “азарганд явуул” гэж хангинаад. Аав болохоор “соёолонд явуулна” гэсээр соёолонд бүртгүүлээд явуулсан түрүүлээд, азарганд аман хүзүүдсэн.
-Нээрэн азарга, соёолон хамт уралддаг байсан гэсэн шүү дээ?
-Тийм. Тухайн үед баг бригадын дарга нар нь хөөцөлдсөн юмуу үнэмлэхэн дээрээ азарганы аман хүзүү гэж бичигдсэн байдаг юм. Дараа жил нь хавчигтаа үсэргээнд их сайн байсаан. Зайг нь л  харна уу гэхээс өөр юм бодохгүй ш дээ. Тэгсэн манай аавын төрсөн дүү аймгийн Заан Бантаг гэж ”хавчиг соёолон морь уралдуулдаггүй. Та нар морь уяж алах гэлээ” гэж зэмлээд. 
-Тэгээд мордуулаагүй юм уу?
-Наадмын урьд шөнө алдчихаад хайгаад олоогүй. Тэгсэн наадам өнгөрсөн хойно өөрөө ижилдээ оччихсон байсан. Дараа жил нь нийлсэн азарга анх түрүүлээд түүнээс хойш завсаргүй тав түрүүлсэн. 
-Дараа жил нь завсарласан гэсэн. Өнжөөсөн юм уу?
-Уралдаад аман хүзүүдсэн. Завсарласан гэдэг нь түрүүлээгүй гэсэн утгаар хэлсэн юм. Тэр жил яагаад аман хүзүүдсэн бэ гэхээр би цэрэгт явчихсан. Би чинь хавар ааваасаа аваад бүх ажлыг өөрөө хийнэ. Аав үсэргээн дээр ирж харчихаад одоо тэгчихье ингэчихье гэж хэлээд л яваад өгнө. Хэлснээр нь хийгээд хээр азарга түрүүлдэг. Намайг цэрэгт явсан 1982 оны наадамд уяа алдсан уу манай хээр аман хүзүүдэж Хуягийн халтар түрүүлсэн. Би аймгийн наадмын сонин сонсох гээд байж ядаж байтал Сэлэнгэд байдаг ах маань Алтайд ирж наадам үзээд “халтар азарга түрүүлсэн” гэсэн хэл дуулгасан. Тэгээд дараа жилээс нь эхлээд дахиад дөрвөн жил дарааллан түрүүлсэн. Сонирхуулаад ярихад МУ-ын Гавьяат жүжигчин, дуучин Бат-Эрдэнэ  хээр азаргыг унадаг байсан. Сүүлд гурваар давхиж айрагдаад зодог тайлахад нь ч унаж байсан. Уяа азарганд олон гүү хураалгадаггүйг та бүхэн мэднэ. Яадаг байсан юм бүү мэд. Хээр азарганд хураалгасан гүүнээс жил бүр нэгээс хоёр нь сувайрдаг. Тэгээд сүүлд нутгийн хөгшчүүл үр төлийг нь авъя гээд бид ч гэсэн бас тийм бодолтойгоор зодог тайлах боллоо. Гэтэл яг уяа эхлэхэд айлын азаргатай ноцолдож бариулаад, гэмтчихсэн байтал адуу руу ирвэс ороод уруулыг нь сэт татчихсан. Гээд яахав нэгэн зодог тайлна гэсэн юм чинь хэд дээр ирэх нь хамаагүй мордуулъя гэж шийдээд Бат-Эрдэнээр унуулаад явуулсан гуравт давхиад ирсэн. 
-Хэд хүрсэн бэ?
-1989 оны өвөл 18-тайдаа эндчихсэн. Хантайширын нуруу чинь битүү модтой шүү дээ. Өвөл гулгаан дээр хийсээд уначихсан байсан. Бид унага ч авч чадаагүй.
-Цөөн ч гэсэн байхгүй юу?
-Бий, бий. Цээл сумын харьяат Алзахгүй гэж залуу хээр азарганы төл гүүг унага, даагатай нь авсан. Дагаж очсон үрээ нь шүдлэнгээсээ эхлээд гүйцэгдэхээ байж баруун талын сумдад яригддаг гэсээн. 
-Өөрсдөд чинь байдаггүй юм уу?
-Рашаантад бий. Гэхдээ яг тэрэн шиг тодроод гараад ирсэн юм алга.  2000 оны үед манай нэг зээ надаас шарга халзан охин даага авсан. Түүнээс нь шарга халзан эр унага гараад их сайн харайсан. Ер нь одоо хээр азарганы удмын адуунууд манай аавын зээ нарт л бий. 
-Хээр азарганаас өөр аавын тань нэрийг гарган хурдалж байсан ямар хүлгүүд байна вэ?
-Бага насандаа хоёр айрагдсан халиун халтар морь байна. Соёолон жилээ их хурдан байхад хүүхэд нь унаад, эргэж мордуулаад зургаалж байсан. Мөн манай хээр азарганы хамгийн анхны төл Цоггэрэлийн хээр морь байна. Бага насандаа сайн харайж байгаад соёолондоо аймагт түрүүлсэн. Тэр жил аав нь азарганд түрүүлээд, хүү нь соёолонд түрүүлж байлаа. Өөр бас саяхан болтол байсан нэг буурал морь даагандаа айрагдаж, шүдлэндээ зургаалаад, хязаалан үрээ аймгийн наадамд аман хүзүүдсэн. 
-Аав тань хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
-Аав минь 1999 онд өөд болж, сүүлд аймгийн Алдарт уяач цолыг нөхөн олгосон. 
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ. Аавыгаа залгамжлан морь уяж байгаа хүмүүс бий юу?
-Манайх таван хүүтэй. Түүнээс нэг нь аймгийн Алдарт уяач, нөгөө нь аймгийн Начин цолтой. Бусад нь сумын Заан цолтой бөхчүүд. Манай аавын төрсөн дүү аймгийн Арслан “цахилгаан” хэмээх Мөнхөө. Улсын наадамд олон жил барилдсан даа. Тэрний удаах нь аймгийн Алдарт уяач, аймгийн Заан Бантаг гэж байна. За мөн аавын төрсөн эгчийнх нь хүү аймгийн Арслан Цэрэндолгор гэж байна. Манай аавын зээ аймгийн Арслан Батзориг гэж байна. Ер нь манайхны эрчүүд барилдана шүү. 
-Та өөрөө морь уядаг уу?
-Уяна аа. Ах нь долоо найман настайгаасаа эхэлж морь унаад, залгуулж морь уяад адуунаас холдоогүй л яваа хүн. Гэхдээ миний өөрийн нэртэй морьд айхтар сүрхий амжилт гаргаагүй ээ.
 Рашаант багийн уяачдыг төлөөлөн оролцож байгаа. Багийнхаа уяачдын талаар мэддэгээ хуучлаач?
-Рашаантын уяачдыг ахалж байсан Амаа хэмээх Ядам гуайн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Шон дүүрэн, 10,20 морь уяна.  Морьдын эзэд нааш цааш явж ойр зуурын юм дөхүүлэх, хоол унд аваачих ажлыг хийж голыг нь Амаа л нугална. Нэг их сайхан харайдаг буурал духтай хээр морьтой. Амаагийн уяж амжилт гаргасан морьд гэвэл Даргарийн бор буюу аймгийн Заан Бантагийн бор морь. Аймгийн наадамд аман хүзүүдэж байсан. За тэгээд Оросын цавьдар, Гоодонгийн хүрэн,  Ерэндоржийн  цавьдар, Хуягийн сартай хул зэрэг 10-аад их насны морь уядаг. Наадам болоход хамгийн муу нь 17,18 дээр ирдэг байлаа. Гоодонгийн хүрэн морины тухайд нэмж хэлэхэд 6-8 хооронд л давхидаг. За тэгээд Балганы хүрэн гэж дааганаасаа соёолон хүртлээ аймагт гүйцэгдээгүй хүрэн морь байлаа. Ерэндоржийн цавьдар болохоор арай айрагдаж чаддаггүй 10 дотор харайдаг. Балжирын хээр гэдэг нь зураг шиг сайхан амьтан. Соёолондоо аймагт ганцаараа ирж байсан юм. Пунцагдашийн халиун халтар гэж цагаан өсгийтэй халиун халтар морь аймагт 10-аад жил айрагдсан гэж ярьдаг. Түрүүлж чаддаггүй, айрагт л зогсож байдаг байсан гэнэ лээ. Тэгээд Хуяг адиагийн халтар азарга байна. Цоггэрэлийн хээр морь байна. Жамбал-Очирын хүрэн морь бас соёолондоо аймагт түрүүлж байсан. Энэ мэтчилэн яриад байвал олон доо. 
-Аавынхаа тухай, хурдан хээрийнхээ тухай сонирхолтой хууч дэлгэсэн танд баярлалаа. Ажил үйлс нь сэтгэлчлэн бүтэж явахын ерөөл өргөе.
-Энд хүрэлцэн ирж, энэ олон уяачдын мэндийг мэдэж сэтгэлийг нь уудалж буй та бүхэнд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд чинь амжилт хүсье.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна