Сумын Алдарт уяач Ш.ЦЭРЭНДАГВА: Яг хөдөө байгаа энэ хэдэн божийсон МОНГОЛ АДУУТАЙ УЯАЧИД ДОТРООС Л ЮМ ГАРНА ШҮҮ

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 27 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, сумын Алдарт уяач Шаравдоржийн Цэрэндагвын ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 1974 оны гуравдугаар сард Төв аймгийн эмнэлэгт төржээ. Сумын Алдарт уяач цолыг 2006 онд хүртэж, 2012 онд сумын Тэргүүний малчин, 2013 онд Мянгат малчин болжээ. Мөн ММСУХ-ны 20 жилийн ойн медальтан.

-Бидний, тэр дундаа уяачдын ажил, амьдралын амжилт эцэг, эхийнх нь эрхэлж байсан ажил үйлсээс л эхтэй байдаг юм шиг ээ. Таны аав ч бас морь уядаг байв уу?
Тийм ээ, миний аав Амбиюу гэдэг хүний ганц  хүү болох Шаравдорж нь 1928 онд төрсөн. Баян-Эрхтий хайрханаа тойрч нутаглан хүний зэрэгт хүрсэн гэдэг юм. 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхэн үеэс хурдан морь уях болж, 1997 онд 69 насандаа Баянжаргалан сумынхаа  баяр наадамд уясан морио түрүүлгэж, айрагдуулчихаад, 13-нд бурхны орныг зорьсон. Морио цоллуулчихаад л маргааш нь тэнгэртээ одсон.
-Амбиюу гэдэг нь ямар утга учиртай нэр юм бол?
Би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч нутаг хошуундаа шатар сайн тоглодгоороо хэнийг ч дагуулдаггүй хүн байсан юм гэнэ лээ. Хэр баргийн хүнийг хожчихоод байдаг учир тэмээ, бэрс хоёроо авч байгаад тоглодог байсан гэсэн. Аав маань тийм л хүний өргөмөл ганц хүү байсан юм.
-Төрсөн эцэг, эх нь ямар хүмүүс байсныг та мэдэх үү?
Эцэг нь Жамъян гэдэг хүн байсан юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй л дээ. 
-Амбиюу гуай аль нутгийн хүн бэ?
Баянжаргалангийн Түмбийн Ойдов гэдэг их бяр чадалтай хүн байсан юм. Тэр хүнтэй садангууд юм гэнэ лээ.
-Аав тань хэдэн настайдаа Амбиюу гуайнд өргөгдсөн юм?
Гурван сар ч хүрээгүй байсан гэдэг байх аа. Тэгээд мал маллаж байгаад цэрэгт явж, халагдаж ирээд нэгдэлд барааны нярав, тоо бүртгэгч, агент гэх мэтийн тооцооны ажил олон жил хийсэн. Дараа нь мал маллаж сумын Аварга малчнаар зургаа, долоон ч удаа шалгарсан. Тухайн үед Аварга малчдад улаан халзтай бүрээс өгдөг байлаа. Тэгээд манайх гэдэг айл зургаа, долоон жил завсаргүй улаан халзтай бүрээс сольж барьсан даа. Мөн 1988, 1989, 1990 оны тарга хүчний аварга, сумын ноосны аварга, төлийн аваргаар шалгарч байсан. 
-Нэгдэлд ямар мал маллаж байсан бэ?
Хонь.
-Харин ээж тань аль нутгийн хүн бэ?
-Миний ээж Лхамсүрэн одоо 80 хүрч байна. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул хүн. Энд Чойжамц гэдэг айлд өргөгдөж ирсэн гэдэг. Ээж маань бас л бусад эзэгтэй нарын нэгэн адилаар аавыг дагаж, дээжээ өргөөд л явдаг байсан малчин хүн. 
-Аав тань анх хаанахын ямар угшилтай адуугаар уяачийн замналаа эхлүүлсэн бэ?
Аав маань хоёр бага адуугаар уяач болох эхлэлээ тавьсан. Даагандаа хоёр айрагдчихсан бор шүдлэн үрээ “бүдүүн” Баяр гэдэг хүнээс худалдаж авсан юм билээ. “Бүдүүн” Баяр гэдэг нь Чимид-Очир гуайн том хүү Цэрэндаваагийн эхнэр Мөнхдэлгэрийн өвөө. Тэгээд бас нэг хусран даагатай хамт уясан чинь 1957, 1958 оноос хоёулаа айрагдаад эхэлсэн гэдэг. Хоёулаа л хязаалан, соёолон хүртлээ айрагдаж, аав түүнд нь их урамшсан гэдэг.   
Түүний дараа “шөш” Гомбожав гуайгаас хамар цагаан сайн зээрд морь авсан нь жижиг том наадмуудад нийт 11 түрүүлж, ес айрагдсан. Үүний дөрөв нь сумын баяр наадмын түрүү. Тэр зээрд морь 20 хүртлээ айраг, түрүүнээс мултраагүй.
-Аав тань сумын баяр наадмын нийт хэдэн айраг, түрүүтэй вэ?
Аав маань олон адуугаар нааддаг байсан. Тэднээс зөвхөн айрагдсан адуунуудыг нь л ярья. Дээр ярьсан хоёр бор адуунаас гадна хурдан зээрд болон халзан азарга байлаа. Даваанэрэн гуайн Санжаагийн халзан азарганы удамтай сайхан халзан азарга байсан. Гэхдээ олон  айрагдсан, түрүүлж л байгаагүй юм.
-Даваанэрэн гуайн халзангийн хэд дэх үеийнх нь төл аавын тань адуунд ирсэн юм?
Мөнх тэнгэрийн Мөнгөн магнай хүрэн азарганы төл гүүнээс гарсан нь унага гэхээр гурав дахь үe нь болж таарч байна.
-Хүрэн халзан азаргыг ямар үнээр худалдаж авч байсан юм бол. Та сонирхож байв уу?
Санжаа гуай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын майга Дамдин гэдэг хүнд хурдан нохойгоор нэг байдас өгсөн юм билээ. Тэр байдаснаас хамгийн сүүлд гарсан унагыг нь манай аав мөнгөн соёо, цохилуур, хэдэн хургатай хонь тэргүүтэй зүйлсээр худалдаж авсан гэдэг. Мөн Шөшийн зээрд морийг тухайн үедээ хөөрхөн үнэтэй буюу 2000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг юм. 
-Хэдэн оны үед гэсэн үг вэ?
1970-аад оны л үе байх аа даа. Манайх олуулаа. Хүүхдийн мөнгө гэж авдаг болохоор бэлэн мөнгөтэй байдаг байж л дээ. Чойдог гэдэг өвгөн аавд маань “Чи гурван жил энэ хонхортоо л баян байлаа. Нэг сайн морь ав. Алсдаа чамд хэрэг болно шүү. Тойрсон хэдэн сумдад ч нэрийг чинь гаргана” гэж зөвлөсөн юм гэнэ лээ. Тэгээд анх Шөшийн зээрдийг харчихаад “авъя” гэсэн 1500 төгрөг гэжээ. Хараад байсан арай ч тийм үнэд хүрэмгүй санагдаад больсон гэж байгаа юм. Гэвч хойтон жил нь яваад очсон чинь сайхан адуу харагдаад болдоггүй гэнэ. Өвгөнийг дагаж яваад үнийг нь асуусан чинь “Үнэ нэмэгдсэн шүү, 2000 төгрөг” гэж л дээ. Тэгээд л тэр үнээр нь авсан гэдэг. Тэгж авсан зээрд морь нь тойрсон хэдэн сумдад нэрийг нь гаргасан. Дээхнэ үеийн хөгшчүүлийн ухаан гэдэг аугаа шүү. 
-Би таны ярианаас аавыг тань морь шинжихдээ бас хоосонгүй хүн байжээ гэж ойлголоо, зөв үү?
Сайн морийг таньдаг л байсан гэж боддог шүү. Би аавынхаа хажууд уяач гэж хэлбэл олны инээдэм болно. Аав маань Гал гуайг дагаж морь уядаг, хүрэн морийг нь тавьж өгдөг, бараг шавь нь шахуу байсан юм билээ. Тэр мундаг уяачийн тусгал аавд минь бас их наалдсан байх гэж боддог юм. Миний бодлоор аав маань их мэдрэмжтэй, морины хоншоортой эр байж. Өөрөө ч бас “Надад тусгай морьд л заяадаг юм” гэж хэлдэг байлаа. Тэдэн дундаасаа найдвартай ганц, хоёрыг нь л уяна. Хоёрхон морь уячихаад хоёуланг нь айргийн тавд оруулчихдаг, тийм  л  сайн уяач байсан. 
-Гэвч хүн ойрынхоо зүйлийн үнэ цэнийг мэдэрдэггүй, холын юманд л шимтдэг дээ. Та аавыгаа аргагүй сайн уяач гэдгийг хэзээ хэрхэн мэдэрч байв. Амьд сэрүүнд нь мэдэрч амжсан уу?
1997 оны зун. Манай талийгаач дүү Хуягаа сайн хул азаргатай байсан юм. Бид сунгаанд гурвууланг нь аваачиж тавих гэсэн ч аав “Хоёр морио гаднаа сунга” гэдэг юм байна. Тэгээд морио гаднаа сунгаад, аавынхаа үгэнд оролгүй хойшоо Хээрийн давхилд хул азаргаа аваачиж давхиулсан. Хул азарга ч их хол түрүүллээ. Тэгсэн аав маань “За за, чи ч наадмаа сая хийчихлээ дээ. Уг нь хоёр морьтойгоо авч үлдсэн бол сумын баяр наадамд айрагдчихаж магадгүй л байсан юм даа” гэж билээ. Яалт ч үгүй, сумын баяр наадмаар хул азарга маань ил гартал ганцаараа явж байгаад сууж, сүүлдээ бүр сажлаад айргаас мултарсан. Харин авч үлдсэн их насны хоёр морины маань энд сунгасан нь түрүүлээд, нөгөө нь дөрөвлөсөн юм. Тэгэхэд л би аавыгаа их мэдрэмжтэй уяач юм гэдгийг ойлгосон. Eр нь яг хөдөө байгаа энэ хэдэн божийсон монгол адуутай уяачид дотроос л юм гарна шүү. Энд тэндээс хүний юм хамж шимэлгүй, өөрийнхөө хэдээр наадаж, тэднийгээ харж онгироод л, сумынхаа наадамд айрагдах ч өдөр байна, алдах ч өдөр байна. Наадмын жинхэнэ учир утга бол морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирэх л явдал юм шүү дээ. Энэ  ч утгаараа морь мордсон цагаас эхлэн дэгэлзсэн уяачдын сэтгэл морьд ирсний дараа л тайвширдаг юм.
-“Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм” гэдэг. Аав тань танд юуг голчлон захидаг байв?
“Миний хүү морь уяя гэвэл адуугаа номхон байлга. “Унаганаас нь уя, дааганаас нь тахь” гэдэг үг байдаг шүү. Тэрийг л хэрэгжүүлээрэй” гэдэг байсан даа. Манайд уургаар барьдаг адуу байхгүй. Би хөөж ирээд л зогсоочихдог юм. Даагануудаа бүгдийг нь гуравдугаар сард сургачихна. Бүгд номхон. 
Бас “Хүүхдээ жолоог нь сайхан бариулаад сургачих” гэдэг байсан. Номхон моринд мордож байгаа хүүхдэд айдас байхгүй. Хүүхдээ айлгадаггүй, номхон морь ч сайн давхина. Давхихаар нь хүүхэд ч урамшина. Энэ мэтээр аавынхаа сургаалийг хэрэгжүүлээд л явж байна.
Сайн эцгийн буянаар олон жил хурдан шандаст хүлгүүдээрээ өөрийн болон нутаг усныхаа нэрийг гаргасны хувьд би гурван жилийн өмнө “Удмын уяач” гэдэг сайхан дуу хийлгэсэн. Миний төрсөн эгч Пүрэвцэнд СТА хүн байсан юм. Хүү нь Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгын дуучин% СТА Э.Мягмарсүрэн гэж бий. Мягмарсүрэн маань “Малчин” телевизийнхнийг дагуулж ирээд, хоёр гурван өдөр зураг авалт хийлгэж, клипжүүлсэн. 
-Та эцэг, эхээсээ арвуулаа юм байна. Хэд нь аавынхаа уяаны эрдмийг залгамжилсан бэ?
Манайх гурван хүү, долоон охинтой айл. Хоёр эгч маань бурхан болчихлоо. Ах маань хөл гар муутай, морь уяхгүй, төв дээр суудаг юм. Миний дээд талын ах багадаа морь уядаг байсан. Одоо хотод амьдарч байгаа. Би дороо хоёр охин дүүтэй. Олон жил тууштай уяж байгаа нь би л байна даа.
-Та хэдий үеэс бие даан уяж эхэлсэн бэ?
Би 1990 онд наймдугаар анги төгсөхдөө есдүгээр сарын 1-ний уралдаанд даага айрагдуулаад л эхэлсэн. Тэр үед таван морь уяхад гурав нь аавын нэр дээр, хоёр нь миний нэр дээр уралддаг байлаа. Аав маань бурхан болохдоо “Хойтон жил үүнийг уяарай” гээд Чимэд-Очир гуайн адууны эхтэй хонгор морь зааж өгсөн. Битүү морь байсан л даа. Би аавынхаа захиснаар тэр морийг нь уяад, сумын баяр наадамд түрүүлгэж байлаа. 
-Аав тань их насны морьдоор сайхан нааддаг байжээ. Сумын наадамд нийт хэдэн их насны морь түрүүлгэсэн юм бол?
Манайх нийлээд их насны морь найман удаа түрүүлгэсэн. Тав нь аавын нэр дээр, гурав нь миний нэр дээр уралдсан юм.  
-Бидний өмнө байгаа энэ зургийг та түрүүн юу гэж тайлбарласан бэ?
Тийм. 1998 онд хонгор морь түрүүлж байгаа нь энэ. Тэгэхэд Санжаа гуай “Ноднин аав чинь битүү мориор түрүү аваад бурхан болсон. Чи аавынхаа захиасаар энэ жил уяж, бас түрүү хүртлээ. Би цоллоё” гээд духан дээр минь үнсээд, цоллож өгсөн юм.
-Тэр жил та хэдэн насны морь уясан юм?
Их насны гурван морь, нэг хязаалан үрээ, бага насны ганц хоёр адуу уясан. Их насны морьдын нэг нь сумын баяр наадамд түрүүлсэн. Өмнөх жил түрүүлдгээ аймгийн баяр наадамд аваачиж аман хүзүүдүүлээд, дөрөвлөсөн шарга халзан морио Баянцагааны “Хоёр түмэн адууны баяр”-т аваачиж, 519 морь уралдсанаас 18-аар давхиулж байлаа.  
-Гурвууланг нь нэг дор явуулалгүй, хуваагаад явуулчихдаг байсан юм уу?
Тийм. Салгаад, явуулчихсан чинь гурвуулаа гурван газар нэрийг маань гаргасан шүү. Аав минь бурхан болохдоо надад хоёр адуу уяарай хэмээн зүсэлж үлдээсний нэг нь зэгэл морь. Зэгэл морь 1997 онд хязааландаа дөрвөлж, соёолондоо тавлаад түүнээс хойш хэд хэдэн удаа аман хүзүүдсэн юм. Баянцагаан, Баян сумдад ч бас аман хүзүүдсэн. Нэгэнд нь аман хүзүүдэхдээ Тод манлай уяач Хэнмэдэх гуайн хурдан цавьдар морьтой хамт ирж байлаа. Бас нэгэн удаа Налайхад түрүүлсэн халтар морьтой хамт ирсэн. Баян суманд гурван ч удаа очиж аман хүзүүдсэн. Тэгээд 22-тойдоо наадмаа отголоход Ш.Жамцын хүү Мөнхбат надад ийм шүлэг бичиж өгсөн. Манай нутгийнхан аавыг өвгөн Шарав гэдэг юм. 
...Улаан худагийн зэгэл адуу 
Уралдаж сурсан хурдан хүлэг
Өвгөн Шаравын удмын адуу
Өвлөж авсан хүүгийн эрдэм
Ээрэм талын яруухан хүлэг
Эвдсэн амжилт нь дэндүү өндөр
Холын замын зэгэл адуу
Хорин хоёртой отголж байна... гэж шүлэглэж байлаа.
Тэгэхэд Алагийн Баатар гуайн Ойдов асар дотор орж ирээд “Миний хүү энэ сайхан зэгэл морийг хязаалангаас нь эхлэн уяад, хөл гарыг нь авахуулчихалгүй сайхан уралдуулж, 22-тойд нь отголлоо” гээд олон хүний нүдэн дээр охин адуу бэлэглэж байлаа. 
Миний уяж байсан их насны морьд дотор зэгэл шиг адуу ховор оо. Түүнээс хойш Гуулин зээрд морь сумын баяр наадамд айрагдсан, Баян-Эрхтий хайр-ханы наадамд Дэлгэрхааны ганц морьтой хоёулхнаа их хол тасарч ирсэн. Дараа нь буурал морь уясан. Ноднин Налайхад түрүүлсэн хонгор морь ч байгаа. 
Би ч тоолдоггүй л байсан юм. Тэгсэн чинь ноднин жил манай сумын Баяржавхлан гэдэг залуу “Дагва ах аа, та чинь их насны 12, 13 морь уясан хүн байна. Долоо, найм нь энд тэнд айрагджээ. Нөгөөдүүл нь ч бас сумандаа сайн л давхиж байсан байна шүү” гэж билээ. 
Аавынхаа хэлсэнээр адуугаа номхруулж, хүүхэдтэйгээ сайхан харилцан, олон түмэнтэйгээ нийцтэй явахад морь өөрөө л ороод ирдэг юм шиг байна. Бас хүний аз хийморь ч гэж байдаг л байх.
-Хонгор халзан морь бол Даваанэрэн гуайн халзан азарганы угшилтай. Ингэхэд зэгэл морь хаанахын угшилтай адуу вэ?
Манай уяан дээр байгаа адууны 70-аад хувь нь Даваанэрэн гуайн халзан азарганы угшилтай. Халзан азарганы охин төлөөс нь гарсан зээрд халзанаар манайх азарга тавьсан юм. Зэгэл морь маань халзан азарганы дөрөв, тав дахь үеийн адуу болчихож байгаа юм.
-Уяач өөрөө арга барилаа зөв олоод, адуугаа мэдрээд, тухайн жилийн уяа сойлго зөв байхаар уясан болгон уралдаан бүрт сайн харайгаад байдаг даа. Та олон ч удаа айраг, түрүү “бөөндөж” байжээ. Тэдгээрээс хэдэн оны ямар наадмыг нь онцгойлон дурсах дуртай вэ?
Би өөрийн адууны цоохор азаргыг 2006 бил үү, 2007 онд аман хүзүүдүүлсэн юм. Тэгэхэд Пүрэвээгийн цагаан түрүүлж, Ардын хувьсгалын  90 жилийн ойгоор улсад гуравласан Баттөмөр гуайн хүрэн азарга гуравлаж, их насанд Баттөмөр гуайн хээр түрүүлж, миний зэгэл аман хүзүүдэж байлаа. Нэгэн удаа манай хадам ах Бат-Очир гуайгаас бор даага 500 мянган төгрөгөөр худалдан авч, би тэрийг нь уяж, гуравлуулсан юм. Маргааш нь даага уралдахад Занабазарын нэрэмжит наадамд аман хүзүүдэж, улсад айрагдсан Бат-Очирын хул даага түрүүлж, миний бор гуравлаж байлаа.
-Алддаггүй хүн гэж үгүй. Уяачийн хувьд орой руу чинь ортол сургамж хайрласан наадам таарч байв уу?
Хүн амжилттай байхаараа хөөрчихдөг. Алдаан дээрээсээ ч их суралцдаг. 2000 оноос хойш зуд турхан болоод гурван жил айраг хүртэж чадаагүй гэж би дээр хальт дурдсан даа. Тэгээд бодож байгаад ганц даага уяад, сумын баяр наадамд айрагдуулж байлаа. Мөн есдүгээр сарын 1-ний уралдаанд саахалтаас арай холхон зайтай түрүүлсэн. Тэгээд бодоод байх нь ээ, “Зуд турхан болоод байна, эд нарыгаа жаахан тарган байлгая” гээд хайрлаад л унахгүй, номхруулахгүй байсан нь алдаа байсан байна лээ. Догшин адуу бол мянга уяад нэмэргүй. Хамгийн түрүүнд буюу наадмаас өмнө гүүгээ барина. Тэгээд зун амраана. Намар орой хамгийн сүүлд буюу аравдугаар сард тавина. Тэгээд адуу номхон, гүү болгон номхон. 
Би ганц хүүтэй. Аавынхаа хэлдэгийг л хүүдээ захиж сургамжилдаг юм. 
-Залуучууд мэдэхгүй, чадахгүйгээ танаас асууж, зөвлөгөө авдаг л биз дээ? 
Хэд хэдэн залуус наашаа, цаашаа гэдэг л юм. Гэхдээ би “Хүний морийг уяан дундуур уяхгүй. Уяхаар болвол намар нь өөрөө унаж, хорыг нь гаргана” гэдэг юм. Хэд хэдэн хүний морийг уяж үзсэн. Хадам ахынхаа морийг Дэлгэрхаанд айрагдуулчихаад маргааш нөгөөдөр нь энд ирээд суманд түрүүлгэж л байлаа.  Эрдэнэдалай гуайн хээр азаргыг хязааланд нь суманд айрагдуулж л байсан.
-Бидний урилгыг хүлээн авч амттай сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
Eрөөл бат оршиг ээ. 

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна