АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХБОЛД: ӨӨРИЙН ҮРЖҮҮЛСЭН УНАГАН АДУУГААР УЛСЫН НААДМААС АЙРАГ АВСАНДАА БАЯРТАЙ БАЙДАГ

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 09 -нд

Тосон багийн харьяат, “Тосон хурд” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Дашдэмбэрэлийн Энхболд 1978 онд Заамар сумын нутаг Бат-Өлзий хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ. МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, Уул уурхайн яамны Хүндэт жуух бичиг, Заамар сумын 90 , Төв аймгийн 90, Уул уурхайн салбар үүсч хөгжсөний ойн медаль, Биеийн тамир спортын газрын "Спортын алдар" тэмдгээр тус тус шагнуулсан аж. 

-Заамар сумын МСУХ нь 2017 онд ажил үйлсээрээ тэргүүлэн, Монгол Улсын шилдэг салбар холбоо болсон. Шилдэг холбоогоор шалгарсан арвин амжилтаасаа хуваалцахгүй юу? 
-Уяачдын холбоо байгуулагдаад 20 орчим жил болсон байна. Энэ хугацаанд Шилдэг холбоогоор шалгарахад ахмад үеийн уяачдын маань гаргасан амжилт, түүнийг залгамжлан авч яваа дунд үеийнхний хичээл зүтгэл дээр холбооны зүгээс явуулсан үйл ажиллагааны үр дүн гээд олон зүйл нөлөөлсөн нь гарцаагүй. Холбооны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа дээшээ өргөн барьснаар 2017 оны улсын шилдэг Сумын МСУХ болсон. Манай холбоо 1998 онд Заамар сумынхаа Түмэн адууны баярыг зохион байгуулалцаж, энэ баярт зориулж хөшөө цогцолбор босгож байлаа. Бүтэц зохион байгуулалтын тухайд багууддаа дөрвөн гал байгуулж, галууд нь тамга тэмдэгтэй, лого тугтай, “Өгөөмөрийн хурд”, “Догсонгийн хурдууд”, “Галын хурд” нэртэй сүлд дуутай болсон. Сүлд дуу нь бүр хит болсныг энд дурдмаар байна. МСУХ маань ч “Эрэмгий” нэртэй сүлд дуутай болж, клипжүүллээ. Энэ бүхэнд морины соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтойг бодолцож залуучууд маань асар их хөрөнгө оруулалт хийсэн. 

 
-Хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байх юм бэ?
-Хамгийн томоос нь дурдвал суварга бүтээж, түүнийгээ аравнайлах наадмыг өргөн хүрээнд зохион байгуулсан. Бөхөд Санжаадамба арслан ирж түрүүлсэн бол моринд Их хурдад түрүүлж байсан Баасанбазарын Дөлгөөн хонгор ирж түрүүлж байлаа. Мөн морь унадаг хүүхдүүдийнхээ сурч боловсроход нь анхаарал хандуулж, хичээлд нь хоцруулахгүйгээр хүргэж өгөх, амралтын өдөр нь гэрт нь хүргэх микро автобус хоёрыг авч хүүхдүүдээ зөөж байна. Мөнгөн дүнг нь бодвол нэг нь л 7-8 сая төгрөгийн өртөгтэй байгаа шүү дээ. 
-Та холбооны хэд дэх тэргүүн бэ?
-Дөрөв дэх нь болж байна уу даа. Тэргүүний ажлыг аваад гурван жил болж байна. Гурван жилийн хугацаанд хамгийн том бахархалтай зүйл бол манай сум 1983 оноос хойш тасарсан амжилт болох улсын баяр наадмаасаа айраг авлаа. Тэгэхдээ бүр 2015, 2016, 2017 онд гурван жил дараалж улс болон бүсийн наадмаас айраг хүртлээ. Энэ нь галуудын зохион байгуулалт болон холбооны зүгээс сүүлийн үеийн морины уяаны шинэ арга барил болох тэжээл, амин дэм, эмчилгээ засал, сунгаа зэргийг хэрхэн хийх талаар байнгын сургалт зөвлөгөө зохион байгуулсны үр дүн юм болов уу гэж би бодож байна. Тухайлбал бид малын эмийн үйлдвэрийн төлбөртэй сургалтыг хоёр ч удаа уяачдадаа хийлгэсэн. Нэг удаагийн төлбөр нь 500 мянган төгрөг байх жишээтэй. 
-Тэргүүлэгчид МСУХ-ныхоо үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар тогтоол шийдвэр гаргав? 
-Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид зуны баяр наадмын өмнөх болон цагаан сарын дараах уралдааны сунгааг тэргүүлэгчдийн тогтоол гаргаж нэгдсэн зохион байгуулалттайгаар хийлгэдэг боллоо. Энэ тогтоолоор бага, сунгаа, их сунгааг төд төдөн километрээс хийх, галууд ээлжлэн зохион байгуулах талаар зааж өгсөн. Манай галууд уяачдаасаа сунгааны зайн талаар санал авч, магадгүй тогтоолд зааснаас бага зайд сунгах санал гарвал түүнийхээ дагуу сунгааг хийдэг. Мөн тэргүүний ажлыг аваад уяачдынхаа нэгдсэн хуралдааныг хийж, галууд болон уяачдаасаа эрлийз, монголыг хэрхэн уралдуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр яаж ажиллах зэрэг тулгамдсан асуудлуудад санал авч нэг шийдэлд хүрсэн. Уяачдаа идэвхжүүлэх үүднээс тэдний гэр бүлийнхний дунд АХА тэмцээн, бөхийн барилдаан, ахмадуудын барилдаан зэрэг уралдаан тэмцээн зохион байгууллаа. Жил болгон шинэ жилийн баярыг тэмдэглэж, тэргүүлэгчдийнхээ хурлын шийдвэрээр оны шилдэг азарга, оны шилдэг их нас, хамгийн хурдан хүлэг, оны шилдэг уяач, шилдэг уралдаанч хүүхэд гээд таван номинаци шалгаруулдаг. Сүүлийн үед залуучууд гар утас, фэйсбүүк их ашигладаг болсон учраас уяачдадаа мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс фэйсбүүк групп нээгээд байна. Бас морины хөлсний хашаатай боллоо. Хашаатай болсноор түрүүлж айрагдсан морьдын зураг авах, наадамчдад хэний ямар морь орсныг харуулахад амар болсон. 
-Ойрын үед хийж хэрэгжүүлэхээр зорьж, төлөвлөж байгаа томоохон ажлуудаасаа дурдаач?
-Жил бүр хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажилладаг юм. Заамар сум маань 2017 онд хоёр түмэн адуутай болсон. Энэ хоёр түмэн адууны баяраараа аймгийн бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Өмнө нь хангайн бүсийн уралдааныг 2017 онд амжилттай явуулсан туршлагатай. Энэ үеэр хамгийн сайн ажиллаж байгаа гал, галын тэргүүн, сайн уяач нараа холбооны өргөмжлөл, уяачийн алдар одон зэргээр шагнаж урамшуулсан. Бас нэг томоохон ажил бол манай сумаас зарагдсан Ховд аймгийн Дарви сумын харьяат Мөнхтөрийн улс бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн  айраг авсан аварга хээр морины хөшөөг барихаар суурийг нь босгож, мөнгө санхүүгийн  асуудлыг нь шийдэхээр ажиллаж байгаа. Хийхээр төлөвлөж байгаа дараагийн томоохон ажил бол уяачдын холбооны байртай болох. Хөрөнгө мөнгийг нь сумын аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахад нь тусгах, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлах замаар босгох бодолтой байгаа. Хамгийн эхний ээлжинд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, газар авах ажлыг хөөцөлдөж байна. 
-Улсын бүсийн уралдаан Заамарт болж байсан байх аа? 
-2008 онд улсын бүсийн уралдаан болж байсан. Тухайн үед Заамараас морь айрагдаж чадаагүй л дээ. 1995 онд Баяннуурт улсын бүс болоход манай сумаас их насанд буурал морь айрагдаж анхны айраг авсан байхаа. Тэрнээс хойш Мөнхтөр Манлайн хээр морь орсон. 2011 онд Архангайн Батцэнгэл сумын Тоглохын талд болсон уралдаанаас дааганд түрүүлсэн. Ноднин Эрдэнэтийн бүсээс даага гуравт орсон. Улсын анхны айраг бол 1967 онд ардын хувьсгалын 46 жилийн ойгоор Дашзэвэг гэдэг хүний морь орсон гэдэг. 2017 онд  улсын баяр наадамд Заамараас тав дахь морь айрагт ороод байна. 
 -Заамар сумын хэмжээнд нийт хурдан морь уяж сойдог хичнээн хүн байна вэ? Тэдгээрээс улс, аймаг сумын цолтой хэдэн хүн байна вэ?
-Одоогоор манай сумаас улсын цолтон төрөөгүй байна. Аймгийн алдарт уяач 10  гаруй, Сумын алдарт уяач 50 гаруй хүн бий. Сумын хэмжээнд 120 гаруй уяачтай, уяачдаа үнэмлэхжүүлсэн байгаа. 2008 оноос гишүүдээсээ татвар авах гэж үзсэн боловч бүтэлгүйтээд галын зохион байгуулалтанд оруулсан. 
-Жилдээ хичнээн уралдаан зохион байгуулагдаж байна вэ? 
-Тогтмол явагддаг уралдаанууд гэвэл галууд өөрсдийн нэрэмжит нэг, нэг уралдаан зохион байгуулна. Гэхдээ энэ нь сумын статустай уралдаанд тооцогдохгүй. Тэр битгий хэл цагаан сарын уралдаан, хаврын уралдаан амжилтанд ордоггүй байлаа. 2016 онд сумын ИТХ-аас тогтоол гаргаж, хаврын уламжлалт уралдааныг сумын алдартын амжилтанд тооцохоор болсон. Үүнийг манай холбооны зүгээс санаачилсан юм. Уралдаан бүрт хүүхдүүдийг хамгаалах хэрэгсэлтэй байх шаардлага тавьж, хамгаалах хувцасгүйг нь уралдаанд оролцуулахгүй байгаа. 
-Холбооны тэргүүнээр үр дүнтэй сайн ажиллажээ гэсэн дүгнэлттэйгээр албан ажлын талаарх асуултаа өндөрлөж байна. Ингэхэд Энхболд гэдэг хүнийг морьтой холбогдоход хэн нөлөөлсөн бэ? 
-Энэ бол яалт ч үгүй малчин аав минь байгаа юм. Малын тоо хязгаартай байсан тэр үед айлын таван банди бид олдсон ганц нэг даага, шүдлэнгээ унаад давхичихдаг моринд дуртай хүүхдүүд байлаа. Аав ч хүүхэд болгондоо эмээл хазаар бэлдэж өгдөг байсан. Өөрөө морь уях дуртай, сумын наадамд амжилттай нааддаг уяач. Нэг жил сумын наадамд азарга, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн таван насны морь уяад тавуулаа айрагдаж байсан түүхтэй. Бас сумынхаа түмэн адууны баяраар сумаасаа хамгийн өндөр амжилт гаргаж хоёр түрүү, нэг аман хүзүү авч байлаа. Мөн аймгийн наадамд гурван айраг авч байсан. 


-Хэд хэдэн онд аймгийн наадмаас айраг авч байсан бэ? 
-2010 онд байхаа. Булган аймгийн баяр наадамд очиж гурван айраг авч, сумынхныгаа манлайлж тэр жилээ Сумын шилдэг уяач болж байлаа. 2001 онд аав маань улсын баяр наадамд очиж Яармагийн дэнж дээр наадаж байсан. Аавтайгаа хамт явсан тэр жилийн наадам их сайхан дурсамж үлдээжээ. Машин олдохгүй болохоор нутгийн уяачид нийлж Караз машиныг хонь малаар хөлслөөд очиж байсан. 380 азарга уралдахад хүрэн азарга нь арван гурваар орсон. Шарга соёолон нь Айдасын даваан дээр долоогоор гарч ирж явсаар түрүүлсэн. Одоо ч бичлэг нь байдаг юм билээ. Тэгэхэд шарга соёолонгийн араас аман хүзүүнд Дарамринчен гуайн алаг соёолон орсон юм даг. Аавын шарга соёолон их хурдан, олон айраг түрүүтэй адуу байлаа. Ихэвчлэн морио хөтлөөд ойр хавийн сумдын наадамд явж уралддаг, талдаа 100 орчим км явах энүүхэнд байсан шүү.
-Улсын наадамд морь айрагдуулсан цөөхөн тохиолдлын нэг нь таны аав байх нь. Ямар удам угшилтай адуугаар наадаж байсан юм бол оо?
-Дандаа өөрийн унаган адуугаараа наадсан. Тухайн үед энэ тэндээс адуу худалдаж авах, наймаа арилжаа гэдэг юм бага л байлаа. Унаган адууны амжилтаараа Сумын Алдарт уяач болсон. Сумын наадмаас 40 гаруй айраг, аймгийн наадмаас 3 айраг авсан амжилттай. Амьд сэрүүнд нь би Аймгийн алдарт уяачид тодорхойлоод болж чадаагүй. 
-Заамар сумаас улсын наадамд морь айрагдсан тав дахь тохиолдлын эзэн нь та. Хэдий үеэс Энхболдын гэдэг нэртэй морьд цоллогдож уралдаж эхэлсэн юм бэ?
-Манайх нэлээд хэдэн шүдлэн насны морьдтой, аав хүүхдүүддээ өмчилж өгөөд өөрсдийнх нь нэр дээр уралдуулж бидний азыг сорьдог байлаа. 2003 онд миний нэр дээр уралдуулсан шүдлэн анх айрагдаж байсан гэхээр анхны айраг тэр болох нь. Сүүлд өөрөө морины уяа тааруулаад мөн л бага насны адуугаар айраг авснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн байна.
-Улс, бүсийн наадмуудад хэзээнээс эхэлж уралдсан юм бэ?
-Юманд эрэмбэ дараа байдаг болов уу л гэж би боддог. Эхлээд л сумандаа уралдаад, дараа нь аймаг, аймгаасаа улс бүсэд уралдах зорилго тавьсан байсан. Ааваасаа үлдсэн адуунуудаа илүү сайжруулах тал дээр анхаарал тавьж, адуу маань ч сайжирсан байлаа. Тэгээд л АХ-ын 90 жилийн ойгоор улсын баяр наадамдаа тоосоо өргөе гээд 2011 онд улсын наадмыг зорьж очсон. Тэгэхэд би юмыг яаж мэдэхэв л гэж очиж байсан бол 2017 онд хоёр дахь удаагаа сумынхаа уяач нараа төлөөлөөд, нутгийнхаа нэрийг гаргахад өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэсэн бодол тээж очиж уралдаж байлаа. Ер нь улсын баяр наадамд цөөхөн очсоон. Бүсийн наадамд бол таван жил явж байгаа. 
-Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд морь айрагдуулна гэж бодож байгаагүй хэрэг үү? 
-Улсын баяр наадамд морь айрагдуулна гэдэг чинь энэ насны мөрөөдөл юм болов уу гэж би бодож байсан. Надад тэр хувь заяа хэзээ тохиох бол гээд л. Морио айрагдчихна гэж ерөөсөө бодоогүй. Эрлийз, монголоор нь ялгаж байсан боловч заримынх нь сэтгэлд нийцсэн нь ч байгаа, гомдолтой үлдсэн нь ч зөндөө байгаа шүү дээ. Миний хувьд мэдээж морь айрагдсан юм чинь сэтгэгдэл их л өндөр байсныг нуугаад яахав. 
-Улсын наадмын дараа та хаана наадсан бэ?
-Өвөрхангай аймгийн улсын бүсэд очсон. Тэнд эрлийз гэж нэг ч адуу хасаагүй, мордсон болгоныг л уралдуулсан. Уг нь ялгаж уралдуулах шадар сайдын захирамж гарсан байсан боловч үнэнийг хэлэхэд наадмаас хойш Дундговь л гайгүй мөрдсөн шиг байгаа юм. Бусад бүсүүдэд мөрдөгдөөгүй явчихсан юм шиг байна лээ. Тэнд миний морь арван дөрвөөр давхисан. 
-Эрлийз, монгол гэснээс адуугаа цус сэлбэж сайжруулах тал дээр хэр анхаарсан бэ?
-Нэг их цус сэлбээгүй ээ. Заамарын адуу чинь Жаргалант, Угтаал, Заамарын сангийн аж ахуйн  адуунуудын удамтай, дээр үеэсээ цус холдуулалт аятайхан хийгдчихсэн байсан болов уу гэж боддог. Тойруулга чиглэлийн адуунууд ч зөндөө л байсан. Миний хувьд эрлийз цустай азарга авч тавьж байсан. 
-Хэдэн онд Аймгийн алдарт цол хүртсэн юм бэ? 
-Аймаг, сумын ой давхацсан жил материалаа өгчихсөн байсан чинь миний материалтай танилцаад зургаан түрүү, арван айраг гэсэн амжилтаар Аймгийн алдарт цолыг олгосон. 
-Аймгийн алдарт уяач цолоо баталж улсын баяр наадмаас айраг авчихсан байгаа? 
-Аймгийн алдарт болсноосоо хойш аймгийн бүсийн наадамд цөөвтөр уралдсан. Ер нь яахав улс юм уу, улсын бүсэд тамиртайхан уралдъя гэсэн зорилго тавьсан. Аймгийн бүсийн уралдаанаас хэд хэдэн айраг авсан, улсын баяр наадмаас айраг авчихлаа.  
-Уяачийн амжилтын тухай ярихдаа хурдан хүлгүүдийг нь орхигдуулах боломжгүй юм. Таны уяж байсан морьдоос ямар морь нь илүү амжилт гаргаж таны нэрийн хуудас болсон бэ?
-Миний цагаан дэлт цавьдар азарга байгаа. 2015, 2016 оны Дүнжингаравт уралдаж, Заамарын Энхболдын Цавьдар цагаан гэж зарлуулан намайг олонд таниулж, нэр усыг маань дуудуулсан адуу байгаа юм. Аймгийн бүсийн наадамд уралдах болгондоо л айрагдсан. Энэ жил бас Дүнжингаравт уралдчихаад ирсэн. 
-Тэр хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан угшилтай адуу. 2008 онд хоёр найз маань адуу бэлэглээд, би очиж авч чадахгүй байсан юм. Чи голоод авахгүй байна уу гээд найзууд маань яриад байхаар нь очиж хоёр найзынхаа бэлэгний адууг авлаа. Тэгээд шууд буцалтай нь биш, хүний дээд нас аваад уяж чадахгүй, бага наснаас нь эхэлж оролдвол арай дөхөмтэй байдаг юм чинь гэж бодоод хоёр унагатай гүү хамт авсан юм. Тэрний нэг унага нь том болоод надад ингэж хурдалж, хорь орчим айраг, түрүү авчихаад байж байна. 
-Цагаан дэлтээс өөр ямар адуу эзэн хүнээ баярлуулсан бэ? 
-Өөр бас халтар морь байгаа. Нэг хэсэг ажил төрөл, сургууль соёл гээд мориноос холдоод байсан үе. 2008 онд Заамарт улсын бүс болоход ирж үзээд морио уяя гэсэн бодол төрж дараахан нь хоёр даага авсан юм. Их нас, азарга бол уралдаж байсан гээд үнэтэй болчихно, бага адууг бол анхнаас нь өөрөө оролдож уяя гээд даага авлаа. Тэр хоёр даага маань надад хорин долоо найман айраг, түрүү авч өгсөн. Нэг нь л гэхэд 22 медальтай. 2011 онд соёолон жилээ хоёулаа хурдан, нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүлэх гээд байхаар нь нэгийг нь дүүдээ өгөөд Угтаалын наадамд явуулчихлаа. Сумандаа нэг нь түрүүлээд, хүмүүс ирж баяр хүргээд байж байсан чинь “Халтар соёолон Угтаалд түрүүлчихлээ. Байнд нь мотоцикль авахаар боллоо” гээд дүү ярьдаг юм. Тэгэхэд сумандаа гурван түрүү авчихсан, Угтаалын түрүүтэй нийлээд дөрвөн түрүү авч байсан. Энэ их амжилттай наадсан сайхан наадам болж байлаа даа. Надад их ч урам зориг өгсөн. Улсад орсон үрээ маань миний өөрийн бодож үржил хийсэн адуу, яг энэ сум орон нутагт төрж мэндэлсэн унага байгаа юм. Өөрийн үржүүлсэн, сумын унаган адуугаар улсын баяр наадмаас айраг авсандаа үнэхээр баяртай байдаг. 
-Дашдэмбэрэл гэдэг хүний удмыг залгамжлуулж морь уяж байгаа хүн танаас өөр бий юу?
-Надаас гадна манай эгчийн нэг хүүхэд, хүргэн хоёр морь уяж, Дашдэмбэрэл гэдэг хүний хойчийг залгамжлуулж байна. Бид гурав нийлээд зөвхөн аймаг болон аймгийн бүсийн наадмаас дөч орчим айраг авчихаад байгаа. Хүү маань удахгүй хурдан морь унах байх. 
-Сүүлийн үеийн морин уралдааны талаар та ямар бодолтой явдаг вэ? 
-Энэ сүүлийн үеийн уралдаануудын эрлийз, монгол гэж ялгаж байгаа байдал харилцан адилгүй байгаа нь уяачдыг асар их бухимдалд оруулж байна. ММСУХ, төр засгийн удирдлагууд энэ тал дээр тодорхой нэг шийдвэр гаргаж, нэг зүйл дээр тогтохгүй бол асар их хэрүүл маргаантай наадам болж байна. Нэг талд нь багтааж байгаа гээд ард иргэдэд, уяач нарт эдийн засгийн хувьд асар их хүндрэл төвөг учруулах зүйлийг битгий хийгээсэй л гэж хүсэж байна. 
-Таныхаар энэ асуудлын гарц нь юу байх вэ? 
-Зарим газраа ялгаад, зарим газраа ялгахгүй болохоор хүмүүс монгол адуугаа ч уядаг, юмыг яаж мэдэх вэ гээд 25 хувийн цустай, 50 хувийн цустай эрлийзүүдээ ч уядаг. Монгол адуунд эрлийзээ уралдуулаад хасагдвал монголоо уралдуулчихна. Энэ нь уях морьдын тоо олон болгож, тэр хэрээр өчнөөн мөнгө төгрөг, тэжээл, хөдөлмөр, цаг зав зарцуулж байгаа юм. Олон морь уяхаар бүгд амжилт гаргах ямар ч баталгаа байхгүй болно. Эрлийз ялгахгүй уралдуулбал хичнээн сайн монгол адуутай байгаад нэмэргүй шүү дээ. Өчнөөн зардал мөнгө гаргаж, өчнөөн сар жилээр тэжээгээд үр дүнгүй. Дан монголыг нь уралдуулах юм бол хүмүүсийн зардал чирэгдэл ч багасна, хүүхдүүдийн аюулгүй байдалд учрах эрсдэлүүд ч буурна. 
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.  

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна