СОНГОМОЛ УЯАНЫ ТӨЛӨӨЛӨГЧ ЖҮРМЭДИЙН РЭНЦЭНДОРЖ

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 03 -нд

Төв аймгийн Зуунмод сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Жүрмэдийн Рэнцэндоржийн намтар түүхийг уншигч танаа сийрүүлэн хүргэхээр зэхлээ. Тэрээр Түшээт хан аймгийн Далай гүний хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг "Олон нуур" хэмээх газарт 1929 онд төрж, 1950-аад оны эхээр Төв аймгийн Лүн сумын нутаг Хөшгийн өвөрт Голын майхан, Хөдөө майхан, Дээд, Доод налуу, Хатан гозгор, Таван нуураар нутаглаж байхдаа морь уях гараагаа эхэлсэн бөгөөд 1954 онд Лүн сумын  Майн баяраас анхны айргаа хүртжээ. Харин төрийн зарлигт наадмын анхны хишгээ таван жилийн дараа буюу 1959 онд “Лүнгийн сайхан хээр”  хэмээн алдаршсан хээр мориороо хүртэж байжээ. Тэр жил хээр морь сум, аймаг, улсад уралдан хоёр түрүүлж, нэг айрагдан уясан эзэн, унасан хүүхэд  хурсан олноо цэнгүүлсэн түүхтэй. Тодруулбал 5-р сарын 1-нд Лүн суманд нь болсон Монголын залуучуудын оюутны анхдугаар фестивальд түрүүлж, 6-р сарын 1-нд Төв аймгийн наадамд дахин түрүүлэн,  сар гаруйн дараа 7-р сарын 11-ний өдөр төрийн наадамд айргийн тавд хурдлан алдар цолоо дуудуулж байжээ.

Энэ цагаас хойш Ж.Рэнцэндорж уяач Монгол төрийн наадмаас нэг түрүү, найман айраг хүртэн 1994 онд Монгол Улсын 26 дахь улсын Алдарт уяачаар тодорсон бөгөөд 56 жил алтан туурайтын сүүл шууж хурдан хүлгийн тоосонд хутгалдан өргөн олноо цэнгүүлсээр 77 насандаа мөнх бусыг  үзжээ. Адуу судлаач, доктор Г.Төмөрхадуурын хэлсэнлэн “Монголын сонгомол уяаны томоохон төлөөлөгч төдийгүй социализмын үед хурдан морины уяа сойлгыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан бурханлаг буурал”-ын амжилт алдрын цувааг сийрүүлбэл:    

Улсын наадамд үзүүлсэн амжилт:

Он

АХ-ын ой

Нас

Зүс

Байр

Угшил

1959

38 жил

Их нас

Хээр

        5

Банкны Цэвэгжав

1968

47 жил

Азарга

Цагаан

5

Лүн, шингэн Дорж

1968

47 жил

Хязаалан

Хээр халтар

3

Лүн, Рэнцэндорж

1974

53 жил

Хязаалан

Хээр халтар

3

Лүн, Анжаагийн Балган

1975

54 жил

Соёолон

Хээр халтар

5

Лүн, Анжаагийн Балган

1975

54 жил

Хязаалан

Хар буурал

5

Лүн, Рэнцэндорж

1990

69 жил

Азарга

Хар

3

Төв, Баянцагаан

1991

70 жил

Азарга

Хар

4

Төв, Баянцагаан

1992

71 жил

Азарга

Хар

1

Төв, Баянцагаан

2003

82 жил

Азарга

Цагаан цоохор

сул

Лүн, Рэнцэндорж

 

Дээрх нэг түрүү, есөн айргийн  зургаа нь Лүн сумын угшилтай адуунуудын амжилт  байдаг. Түүнчлэн 2003 онд хурдан хар азарганых нь  төл цагаан цоохор азарга хүүхэдгүй гуравт хурдлан айрагдсан боловч, дүрмийн дагуу таван байр ухраан барьжээ.


Ууган хүүгийн / Р.Дагвадоржийн/ дурсамж

Миний аав Жүрмэдийн Рэнцэндорж 1929 оны төмөр морин жил Түшээтхан аймгийн Далай гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Олон нуур” хэмээх газар төрсөн юм гэнэлээ. Гурван настай төрсөн эцгийнхээ дүүгийнд өргөгдсөн хэдий ч багаасаа эмэг эхтэйгээ тусдаа өрх болж амьдарсан хүн. Ардын хувьсгалын 30 жилийн ойд нутгийн ахмад уяачдыг дагаж морь уясан бололтой. Далан долоо насандаа бурхан болсон. Тэгэхээр 57-58 жил алтан туурайтын сүүл боож (шууж), хурдан хүлгийн тоосонд өргөн олноо цэнгүүлжээ. Дөчөөд жил нь улсын наадамд хурдан хүлгээ уралдуулахдаа нэг түрүү, есөн айраг авсан. Одоотой адил хүний сайн,  хурдан морь уяж уралдуулах гэж байсангүй. Дээрх амжилтыг нь харахад анхны айраг,  сүүлийн айраг хооронд 44 жилийн зайтай, амжилт хоорондоо 6-15 жил, нэг нүүрлэхээрээ жил дараалдаг нь харагдаж байна.

                Аав Тод манлай уяач Д.Даваахүү нар “болохгүйгээ хүрэхээр гарцаагүйгээр нь хийгээд байхад л (сайн уяад) болдоггүй юм шүү дээ” хэмээн ярьж байхыг би нэгэнтээ сонсож байсан юм. Одоо цагийн уяачдын амжилт 1-3 жил дуулдаад алга болж байна. “Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг шиг шантрахгүй, уйгагүй оролдоод байхад дахиад гараад ирнэ дээ.

                Нэгэн удаа би Зууны манлай уяачтай ярилцаж байхад Д.Даваахүү аавын минь тухай ярихдаа: “Мань өвгөн морь нь сайн байгаад нэг нүүрэнд гараад ирвэл ч алдана гэж байхгүй л дээ” гэж билээ. Ер нь уяач хүн сайн дээр нь илүү сайн болгох гэж байж алддаг байх. Аавыхаа зөвхөн улсын наадамд гаргасан амжилтыг нь харахад л яах аргагүй олон жил тогтвортой, уйгагүй сайн уяж байжээ.


Гаргасан амжилт - хурдан морьдынхоо түүхийг дурсахуй дор:

  • Улсын наадмын анхны айраг авсан нь: Лүнгийн сайхан хээр
  • Ардын хувьсгалын 47 жилийн ойгоор хоёр айраг хүртсэн цагаан цоохор азарга, хээр халтар хязаалангийн тухайд
  • 1974 оны Ардын хувьсгалын 53 жилийн ойд хязааландаа айргийн гуравт, дараа жил нь соёолондоо айргийн тавд хурдалсан хээр халтар үрээ бол Эрдэнэ, Баянзүрх чиглэлийн адууны угшилтай, уул гарал нь Лүн сумын уугуул Анжаагийн Балган (Улсын харцага, ардын багш Сэрээтэр гуайн төрсөн ах) гэдэг хүнээс худалдан авч хурдлуулж байжээ.
  • Төрийн түмэн эх хар азарганы тухай:

1959 онд Улс хувьсгалын 38 жилийн ойд "Лүнгийн сайхан хээр" гэж олон түмэнд алдаршсан морио их насанд тавд хурдлуулж анхны улсын наадмын айраг хүртсэн юм.

Дайны дараах жилүүдэд наадам цэнгэл элбэг бус, 50-аад оны дунд үед улсын наадамд зөвхөн азарга, их нас, даага гурав уралдуулж бусдыг нь хасаж ч байсан удаатай гэдэг. Гэтэл 1959 онд "Монголын залуучууд оюутны анхдугаар фестиваль" гэдэг урлаг спортын олон төрлийг хамарсан их өргөн ажил зохиогдож, үүний дотор Монголын уламжлалт эрийн гурван наадмыг нэг бүрэлдэхүүн хэсэг болгосон нь нэгдэл нийгэмд орсны дараах хөдөөгийн малчдын сэтгэлийг хөдөлгөж олныг хамарч олон морь уралдсан томоохон наадам болж байжээ. Энэхүү фестивальд хээр морио уяж 5-р сарын 1-нд Майн баяраар сумандаа, 6-р сарын 1-нд аймагтаа түрүүлгэж, 7-р сарын 11-нд улсын наадмаар айргийн тавд хурдлуулжээ.Тэр жил Гал гуайн хүрэн морь түрүүлж, Самдан жолоочийн хүрэн халзан аман хүзүүдэж, манай хээр морь гуравт хурдалсан. /Баяр наадмын цуваанаа Ж.Рэнцэндоржийн хээр морь тавд баригдсан байх бөгөөд хүү Дагвадорж нь “тэр жилийн цуваа хэд хэдэн янзаар бичигдсэн.Манай хээр морь гуравт орсон нь гарцаагүй үнэн” хэмээсэн юм/ Энэ цагаас хойш хээр морь нь “Лүнгийн сайхан хээр” хэмээн олон түмнээ алдаршжээ. Хээр морийг Лүн сумын гүүрны Гарам гэдэг хүний хүү Даваахүү унаж уралдуулсан юм.1963 оныг хүртэл дахин улсын наадамд уралдаж чадаагүй ч хээр морь нь Төв аймгийн Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант, Өвөрхангайн Бүрд, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумдад түрүүлсэн гэдэг.

1968 оны Ардын хувьсгалын 47 жилийн ойгоор цагаан цоохор азарга айргийн тавд, энэ азарганы үр төл хээр халтар хязаалан үрээ айргийн гуравт хурдлуулсан. Энэ цоохор азаргыг Лүн сумын Дорж (шингэн) гэдэг хүнээс хязааландаа суманд хол түрүүлсэн байхад нь авсан. (Хөвчийн Пунцагдоржийн угшилтай гэдэг). Хүмүүс тэр жил Буянт- Ухаагийн уруу тавд явсан Сааргай Банзрагч гуайн хүрэнг цагаан азарга маань дайрч айрагдахад "Энэ хүрэн азарга гуравдахь удаагаа улсад зургаалж байгаа нь энэ" гэцгээж байсан юм.


Харин хээр халтар хязаалан үрээ маань урьд жил нь улсад түрүүлсэн Төгс-Очир гуайн бортой зуузай холбоотой ирээд халтар зөв талд нь хүмүүсийн дундуур орчихлоо. Гэтэл хоёр биенийхээ зөв талд орохоор тэмцэлдэж яваад үзэгчдийн хойд жигүүрийн хаалтанд шахагдах тэр агшинд гуравт холхон явсан зайдан хүүхэдтэй хүрэн үрээ буруу талаар нь давхраар нь хөндийхөн дайраад түрүүлсэн юм. Энэ нь Баянцогтын Лхүмбын хүрэн үрээ байсан юм. Тухайн жил Баян-Өнжүүл сумын уугуул сарьсан Гомбожав гуайн бага хүү Батсуурь унаж хурдлуулсан.


1975 онд улсын наадамд хязааландаа айрагдсан хар буурал үрээ бол 1968 онд улсад айрагдсан цагаан цоохор азарганы үр төл юм.


Хязааландаа улсын наадамд гуравт хурдалсан үрээ авч соёолонд нь хорин хоёрт, хавчиг үрээ арван нэгд, долоон настай айргийн гурав, найман настай айргийн дөрөвт хурдлуулж, есөн настайд нь төрийн түмэн эх болгосон. Хар азаргаа Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ч.Бавуудорж  (1950-иад оны сүүлчээр Лүн сумын орлогч даргаар ажиллаж байсан) гуайгаас худалдан авсан.


Сүүлд 2003 оны Ардын Хувьсгалын 82 жилийн ойд хар азарганы төл цагаан цоохор азаргаа (эх нь 1968 онд улсад айрагдсан цагаан цоохор азарганы төл) айрагдуулсан боловч хүүхэд нь унасан учир тухайн жилийн дүрмээр таван байр ухраасан. Цагаан цоохор азарга маань Буянт-Ухаа дээгүүр Цэнгэл сайдын саарлын ард хүүхэдгүй гараад ирлээ. Тун удалгүй зам усалдаг хоёр машины араар урагшаа уул руу гараад явчихлаа. Гэтэл морьтой цагдаа нар эргүүлээд шахаж оруулаад айрагдсан юм. Энэ үед азаргаа хүлээн зогссон бидний нүдэнд жижигхэн цоохор азарга маань хүүхэдгүй жолоо нь хөлдөө ороод унжчихсан томоо гэгч харагдаж зарим маань танилгүй өнгөрөөж билээ.

Анх Монголын Морин Спортын Уяачдын Холбоо байгуулагдаад уяачдад цол олгоход Төв аймгийн Сэргэлэн сумын Даш гуай улсын наадмын 12 айргаар Манлай уяач, аав минь нэг түрүү, найман айргаар Алдарт уяач болсон (1 түрүүг 3 айрагт тооцдог байсан бөгөөд манлай уяачид нэг айраг дутсан байсан юм).

Миний аав хурдан морь их үнэлж авдаг хүн байлаа. Ер нь улсын наадамд түрүүлж, айрагдаж байсан нь энэ болохоос биш сум, аймгийн бусад жижиг наадамд сайн давхиж байсан авуул олон адуу бий. Аав минь нутаг усандаа угшилтай, сайн адуутай гэгддэг байсан. Өөрийнх нь унаган адуу угшил сайтай хурдан гэгдэж байснаас бага насандаа бие даан морь уяж эхэлсэн гэдэг. Миний мэдэхийн 1968 онд улсад айрагдсан цагаан цоохор азарга, 1974, 75 онд улсад айрагдсан хээр халтар азарга, 90-ээд онд нэг түрүүлж, гурав айрагдсан Түмний эх хар азаргануудын угшилтай адууг сайн гэхээс яахав дээ.


Улсын наадамд олон жил хурдны морь унаж айрагдсан ач охин Д.Пүрэвсүрэнгийн дурсамж:

Би бага наснаасаа эхлэн өвөөгийнхөө хурдан морьдыг унаж, улс аймгийн олон наадамд уралдан удаа дараа айраг, түрүү хүртэж явсан морины хорхойтой нэгэн. Мэдээ орохдоо л би морин дэл дээр шуугин нисч, өвгөн аавыгаа даган явдагаа санадаг. Намайг анх гурван настай байхад морь унаж сургасан гэдэг. Анхны морь унах гараагаа хүүхдэд ээлтэй гэгддэг цагаан мориноос эхэлж байлаа. Бэлчээрт идээшилж байхад нь хүртэл бид зайдан (эмээлгүй) 7-8 хүүхэд сундалдан унаж гэр дөхдөг байлаа. Бүр хүзүүнээс нь толгой хүртэл сундлахад биднийг ер унагадаггүй толгой өндөр сайхан хүлэг байсансан. Бага наснаасаа өвгөн аав, эмэг эх хоёртойгоо өсч торнисон би 1990 онд Улаанбаатар хотод шилжин ирснээр 22-р дунд сургуульд тэргүүний гэгдэх сурагчдын тоонд ордог байлаа. Өвгөн аав, эмэг эхээсээ холдсон болохоор маш ихээр үгүйлэн санаж, сурагчдын амралт болохыг тэсч ядан хүлээнэ.


Ер нь л гэрийн ажлаас хол адуу мал дагаж, өвгөн аавтайгаа хамт байх дуртай. Үүрийн гэгээ цайхаас өмнө эртлэн босч хоёул адуунд явна. Өдөр нь морины ажлаа хамтдаа хийнэ. Орой нь адуугаа хамт гаргаж, өглөө унтаж хоцрохгүйн тулд тэврээд унтдагсан. Ийнхүү өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хамт байх хугацаанд өвгөн аав минь надад амьдралын ухаан, морь унах, уях эрдэм, залуу насны эгзэгтэй явдлууд, алдаж онож явсан үеэ дурсан ярина. Мөн  сайн морь, сайн хүний шинж байдлыг давтан өгүүлнэ.

Анх хурдан морь унадаг жил өвгөн аав минь намайг өөрөө эргүүлж тавьж өгөхдөө хаана явах, хэрхэн яаж эргэх, салхины аль талд явах, хэдийд нөөж, хэзээ ороолгон амыг нь тавих зэрэг гараанаас бариа хүртэлх бүх эрдмийг зааж өгсөн. Ингэснээр тухайн үедээ бас л хашир, шилдэг  морь унаач хүүхдүүдийн тоонд ордог байв.

Анх таван настайдаа улсын наадамд хурдны морь унасан юмдаг. Намайг бага байхад Хундан Бавуу гэдэг хүнээс хар зүсмийн азарган үрээ авч билээ. Дандаа хамт байдаг болоод тэрүү, дэндүү хайртай охин нь байсан юмуу хар азаргыг миний нэр дээр зүсэлж өгч билээ. Хар азаргаа ирсэн цагаас эхлээд би өөрөө л унана. Жил бүрийн морь ёслох эхний өдөр заавал булгиж намайг унагаадаг уламжлалтай. За одоо л булгина байх даа хэмээн дөрөө хавчаад бэлдэж байхад биеэ тавирч, сэмбэлзтэл алхаж байгаад л гайгүй юм болов уу хэмээн хангинатал гийнгоо өргөж явтал, булгиад л унагачихна. “Дандаа ингэдэг адуу шүү” хэмээн өвгөн аав минь гүйж ирээд охиноо сэгсэрдэгсэн. Зургаан жил дарааллан хурдны морь унахдаа улс аймгийн наадмуудаас олон айраг, түрүү авсан нь өвгөн аавын минь сургасан эрдмийн ач. Одоо эргээд бодоход Түмэн эх хар азарга, өвгөн аав хоёртойгоо өнгөрүүлсэн тэр жилүүд хамгийн их сургамжтай, хамгийн жаргалтай үе минь байсан санагддаг.

Ардын Хувьсгалын 70 жилийн ой юмдаг. Улсын наадамд таван жил, хар азаргатай гурван жил уралдахдаа 22, 11 өнгөрсөн жил нь гуравт хурдалсан болохоор ойролцоо уралдах хурдчуудыг андахгүй, унадаг хүүхдүүдийг нь ч бараг танина. Азарга маань ч их сайн байгаа гарцаагүй түрүүлэх л бодолтой. Газрын бартаа, үлий нүх, замын сул чулуу зэргийг ажиглан явлаа. Азарга эргэлээ. Түргэний гол хүрэх үед цээжний хэдэд гараад ирлээ. Айдсын даваа өөд урдаа найман азаргатай давж, яг таван азарганы ард нөөн дарсаар, эхний зургаа хол тасарч билээ. Алдар толгойг гурван азарганы ард дарсаар, тойртол хойноос танихгүй хүүхэдтэй, урьд огт хараагүй хээр азарга тасархай явсан зургаан азаргыг юу юугүй ташраар нь дайран гарлаа. Би ч тэрүүхэн хооронд хол алдчихмааргүй санагдаж, цуг л явуулчлаа. Хар азаргаа нөөж явсан болохоор Алдар толгойн үзүүрээс Догшин тар өгч буй мэт бид хоёр зуузай холбон арын морьдоос хол саахалтын хэртэй тасарлаа. Буянт Ухаагийн гадаадын зочин, төлөөлөгч, дарга нар үздэг, дэнж дээрх хүмүүс ч харагдав. Гэтэл хээр азарганы хүүхэд хоёр талаар ташуур өгөн ороолгож,  гуугалан хол тасарлаа. Би ч тэндээ зогсож байгаа мэт хол хоцров. Буянт Ухаагийн ар луу ороход морин тойруулгын сартай хүрэн, Лхүндэв гуайн хул азарга хоёрт дайруулан дөрөвт хурдалж билээ. Зөв уралдсан бол дөрөвт бус аман хүзүүдэх боломж тэр жил байлаа. Тэр жилийн түрүүлсэн азарга маань МУ-ын манлай Х.Сүрэнхорын Алдарт босоо хээр байсан юм. Энэ алдарт азаргатай нэгэн дэнж дээр уралдаж явсан бахархам түүх минь энэ буюу...

Түүний дараа жилийн наадмаар хар азарга маань түрүүлж, би жин хүнддэж, хурдан морь унах эрхээ хасуулснаар Өвгөн аавыгаа даган уяач хүүхэд болж, бэсрэг наадмуудаар морь уян, олон айраг түрүү, шагнал авдаг байж билээ.

Бид эхээс тавуул. Бидний аав 1954 оны модон морин жилийн хаврын сүүл сарын шинийн 15-нд Лүн сумын нутагт Рэнцэндоржийн ууган хүү болон мэндэлсэн.

Аав маань 1960-1963 онд жижиг наадмуудад, 1963-1967 онуудад улсын наадамд уралдан хурдан мориноос хасагдсан гэдэг. 1967-1970 он хүртэл уяа дагасан линсий (хөлс авах, хүний өөрийн ам хамар хатуутай хадуурдаг морь унах, гал тогоо барих, морин тэрэг хөтлөх, жолоодох, наадамд явахад хонох, үдлэх, нутаг идэш сонгох, морины хүүхэд амраах, майхан сахих, морь услах, уяа зоох, морь хөдөлгөх) хүүхдийн ажилд орсон юм гэнэлээ. Улсын наадмаас хойш 7-р сарын 17-нд сумдын наадам болоход тэр үеийн уяачдыг даган  аавынхаа уралдуул гэсэн морьдыг, унаач хүүхдийн хамтаар авч яван уралдуулж байсан түүхтэй хүн.

1970 оноос мэргэжлийн сургууль, эр цэргийн алба хааснаар том бага наадмуудад зөвхөн морь уяаны цагаар л амралт, чөлөө аван очдог байсандаа хэмээн ярьдаг сан.

Бидний аав авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй  ба зах зээлийн шилжилтийн үеийг хүртэл хотын авто тээврийн 5-р бааз, Тээврийн институт, Төв аймгийн авто тээврийн 13-р баазад мэргэжлээрээ ажиллаж байгаад 1990-иэд оны дунд үеэс эхлэн мал аж ахуйтай эргэн холбогдсон хүн.

Аав маань 1990-иэд оны эхээр Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Чандган хавиас  охин голдуу гурван азарга адуу авч ирж адууныхаа цусыг сэлбэсэн юмдаг.

Ийнхүү аав минь адууныхаа чанарыг сайжруулсны дараа өвгөн аав маань нутгийн хүүхдүүд болох Дашцэрэнгийн Гэрэлт-Одод халтар үрээ, Гомбосүрэнгийн Төмөрхадуурт хар үрээ өгсөн байдаг. Гэрэлт-Одын халтар азарганы төл нь хурдан морь сонирхогчдын дунд Цэндбаатарын "Тугал ухаа" нэрээрээ алдаршсан хул азарга билээ. Төмөрхадуурын хар азарганы төл зээрд үрээ Боржигоны даншигт хязаалан айрагдсан байдаг. Аавын маань энэ нөр их хөдөлмөрийн илрэл болж Ц.Алтанхуяг, Б.Цэндбаатар, Г.Төмөрхадуурын хурдалсан морьдын угшлуудыг дурдаж  нутгийн олныг баясгаж байгааг харахад үр ач бидний сэтгэлд дотно байдаг юм.


Одоо би Хүнс судлалын ухааны магистр зэрэгтэй, Монголын томоохон сүлжээ дэлгүүр болох “Имарт”-ийн “Хоол үйлдвэрлэлийн хэсэг” –ийг хариуцах ажил үүргийг нэр хүндтэй гүйцэтгэхээр зүтгэн яваа хоёр сайхан хүүгийн ээж нэгэн.

Өвгөн аав 50 гаруй жил морь хурдлуулж уралдуулахдаа хүний, өөрийн, хүүгийн хүүхдүүд гээд хорь гаруй хүүхдээр хурдан хүлгүүдээ унуулснаас өөрийн том хүү Дагвадоржоос өмнө Лүн сумын Гомбосүрэнгийн Батмөнх, Гомбосүрэнгийн Дагва, Гарамын Даваахүү, Балдандоржийн Чинбат зэрэг хүүхдүүдээр унуулсан байдаг. Г.Батмөнх нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Г.Дагва нь Монгол улсын гавьяат эмч, Г.Даваахүү нь Цагдаагийн хошууч гэх зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд болсон юм.

                Өвгөн аавын минь гүндүүгүй, хүний төлөө гэсэн ажил ч хичээнгүй аливаа зүйлсийг үнэн сэтгэлээсээ хийдэг нөр хөдөлмөрч, адууныхаа хийморийг дээдэлсэн тууштай зан нь ач охин миний сэтгэлд тодхон үлдсэн.

УЯАН ДЭЭРЭЭ ХАНГИНАТАЛ ЯНЦГААН АДУУРУУГАА ТЭМҮҮЛЭХ МИНИЙ ХАР АЗАРГА, ЦАНГИНАТАЛ ГИЙНГООЛОН НАМАЙГ ДАГУУЛАН ДАВХИДАГ БАЙСАН МИНИЙ Л ӨВГӨН ААВ ХОЁР СЭТГЭЛД МИНЬ ТЭР Л ХЭВЭЭРЭЭ ХОНОГШИН ҮЛДЭЖ ДЭЭ.

"Тод магнай" сэтгүүл

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.