“Салхин хонгор”-ын үүрсээнд

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 09 -нд

Сайхан буурал эжий минь

Зүрхэнд үргэлж уяатай

Салхин хонгор хүлэг нь

Зүүдэнд дандаа уяатай ...

Өвлийн богино өдөр малдаа явсан аав ах хоёрт ч, айл зуурын ажилтай дүү бидэнд ч тэгсхийгээд нар баруунтай хэлбийнэ. Нар жаргаж мал хотолсон үдшийн бүрийгээр гэр хуурай аргалын илчинд дулаахан ч нэг л эзгүй. Түлээ түлшээ бэлтгэж, мал ахуйгаа бүртгэн хашаа саравч руу нь оруулж, ганц нэг хусран бяруугаа ялгаж пүнзэнд нь хашиж, морины аргамжаа дөхүүлээд, бас оройн хоолны мах шөл оруулж гал бараадуулна... Энэ бол бидний сумын төв явсан ээжийг хүлээж байгаа дүр зураг.

Ээжийг хэзээ ирэх бол гээд том, жижиггүй чимээ чагнан бөөн хүлээлт байдаг сан. Саахалт айлын нохойн дууг чимээлэн чагнах зуур Овоо хангайн шил дээрээс ээжийн унасан хүрэн морь цангинатал янцгааж ижил мориндоо, ээжийг хүлээсэн хүн бүхэнд чимээ өгнө.

Ээж ойр зуурын хэрэглээний барааг “тохиролцооны” дэлгүүрээс авч ширэн богцондоо түнтийтэл хийж ганзагалжээ. Ширэн богцонд талх боов, элсэн чихэр, лаа шүдэнз, дэнлүүнд хийх керосин, мотоцикль, хөрөөнд хийх бензин, аавд жижиглэж ууталсан дүнсэн тамхи гээд байхгүй юмгүй. Мэдээж биднийг баярлуулах чихэр авахаа мартахгүй. Ширэн богцыг задарсны дараа сая ухаан орцгоож хүрэн морины амьсгаа дарагдах зуур эмээлийг нь аван зөөлөн хар өтгөн дээр дэр дэрхийтэл хөрвөөлгөөд жаахан ногоон өвс хаяж өгөөд ижил морьтой нь аргамжина даа. Ээж сумын төвийн сонин сайхныг дуулгах завсраа унасан мориныхоо явдал, чадлыг явсан зам, газрын энгээр шинжин ярина. “Төвөөс гараад Шар Чавганцын гөвдөө хүртэл гүйхээр нь яваад хэсэг амсхийлгээд, Позонгийн өтгийн амнаас Мааньтын шил гартал гүйлгээд татлаа... гэх зэргээр ярихад нь аав ах хоёр лавлан асууж амтархан сонсоно. Ээжийг төв явах болохоор хүрэн морийг хэрэг болгон адуунаас барьж авна. Учир нь манай бусад хэдийг ээж жаахан голно. Ганц нэг дөнгүүрүүдийг нь

“Бүд бад, хатуу явдалтай, ам нь хатуу хаашаа мал уу

гэсхийгээд үл тооно. Тэгээд биенд зовиургүй хөнгөлүүн шуурхай гээд хүрэн мориороо л явахыг эрхэмлэнэ. Энэ хүрэн морь АХ-ын 89 жилээр сумандаа түрүүлж, аймгийн 70 жил болоход 610-аад мориноос 17-д ирсэн хурдан адуу.

Ээж минь морины явдлыг чамладаг нь хоосон бардамнал байгаагүй, олон сайхан адуутай айлын морин дэл дээр дарцаглаж өссөн охин байж. 1950-иад оны эхээр буюу нэгдэл нийгэм байгуулагдахаас өмнө ээж төрсөн гэхээр тэднийх адуу малаа нийгэмчлээгүй байсан үе. Дүүхэлзтэл алхаж, сэнгэнэтэл хатирч залгаа хийж байгаад хазаар булаагаад л хурдалдаг хүрэн, хүрэн халзан, хонгор зүсмийн нэлээд морьдтой байсан гэж ээж дурсдаг юм. Тэр дундаа нэгэн сонин сайхан морины нэр хэлдэгсэн. ... Салхин хонгор... Салхин хонгор ямар гоё нэртэй хүлэг вэ? Тухайн үед балчир хүү би ээжийнхээ насан багадаа унаж явсан тэрхүү хүлгийн онцгой сайхан нэрийг бодож ёстой үлгэрийн хүлэг мэтээр төсөөлдөг сөн. Ээж минь тэр сайхан хүлгээрээ Баянголын өврийн өвөлжөөний зөөлөн шаргал гүвээнүүд, Бариул Хуслууртайн намаржаа хаваржаандаа, Бүрэгдэйн даваа, Морин зайвар Тэргэн замаараа "гүйлгэж" явсан байх даа. Сургуулийн дотуур байранд байгаа дүү нараа эргэхээр сумын төв орохдоо

“Салхин хонгороор тэдэн минут явлаа...

одоо тэдэн минут явна...” гээд цаг хараад л хийсгэдэг байсан гэдэг. “Адууны хурд хүүхнээ дагадаг” гэдэг хууччуулын үгний улбаа ч юм уу, ээжийн унадаг Салхин хонгорын буян заяа ч юм уу өмчинд нь ирсэн хоёр хүрэн үрээгээр аав маань эрийн хийморь сэргээж сумын наадмын айраг түрүү хүртэж эхэлсэн юм гэсэн. Манай тэр үрээ, дааганууд суманд шөвгөрч эхлэхэд Улиастын голын Өндөр Готов гэж ахмад хүн “Бамбаан хурд хүүхнээ дагах нь дээ” гэж хэлсэн юм гэнэ лээ. Манай “Хонхор сүвээт” шүдлэн, хязааландаа айрагдаад, соёолондоо түрүүлсэн, “Шарваа хүрэн” нь даага, шүдлэн, хязаалан айрагдсан гэж ярьцгаадаг байсан.

Тийм л үлгэрийн гэмээр Салхин хонгор хэмээх хурдан морьтой, моринд эрэмгий байсан хүн манай хэдийг голох нь арга ч үгүй биз. Нэгдэл тарж хувьчлалаар ирсэн цөөн хэдэн морьтой, зарим нь унаашраад уг даг болсон юмнууд ээжийн санаанд яаж ч хүрэх билээ. Харин манай “Жижиг хүрэн” морийг сүүлдхэн нэг унаж явсны дараа

“Энэ чинь харин овоо юм байна шүү”

гэж байсныг санаж байна. Энэ “Жижиг хүрэн” гэдэг морь хожмоо сумандаа түрүүлж айрагдсан юм. Тэгэхээр манай ээж морийг жаахан гадарладаг байсан байж таарах гээд байгаа юм...


Зун морины уяаны ажлын дундуур биднийг ажиглаж байгаад тэрийг тэгвэл яасан юм, ингэвэл зүгээр гээд зөвлөгөө гэмээр юм хэлнэ. Бүгдээрээ уяа руу яваад ээжид хурга тугалыг нь эргүүлэх хүн ховордсон халуун өдрүүдэд ундууцдаг ч байсан юм уу заримдаа аавыг “Мориныхоо уяа, ажлыг мэдэхгүй байж өнжин уяан дээр суулаа” гэж гоочилно. Аав тэр үгэнд нь “Тэгвэл чи мэддэгээрээ хий” гэсхийгээд хоёулаа жаахан үг хаялцаад дуугүй болцгооно.

Ээж минь Халиутын их сунгааг хэрэг болгож үзнэ. Мориныхоо давхилыг харахын хажууд хэдэн ач зээ нараа \Сэлэнгэ, Пагмаа, Амгаа гэх мэт жаахан юмнууд\ эрхлүүлэх гэж бөөн ажил. Морины хүүхэд, ач зээ нарынхаа уух хүйтэн хярам, боорцог талхыг бэлтгэж ирнэ, бас уяан дээр ирсэн худалдааны улсуудаас ундаа, чихэр, хуушуур гээд “үзсэн хоёр”-ыг нь авч өгнө. Их морь ирсний дараахан үүрэглэж залхуурсан хэдэн нөхдийг тэврэх, үүрэх дүүрэхийг зэрэгцүүлээд гэр рүүгээ хөдөлнө. Ээжийн дэндсэн гэмээр нэг зан хүүхэд эрхлүүлэх байсан юм шүү. Тэднийг өдөржин эрхлүүлчихээд түрүүлж хариад бидний унд цайг амжуулах гэж арагшаагаа яарна. За тэгээд их сунгааны дараа манайд ёс юм шиг хэдэн уяач ирнэ. Халиутын уяа бол Түнэл, Тосонгийн нийлсэн уяачид сунгаа хийдэг том уяа. Ээжийн зэхсэн хоол ундыг идээд “Их сунгаа сайхан боллоо. Би ийшээ, тэр тийшээ наадамд явна. Тэр морь тийшээ явлаа. Тэд нар тэнд айрагдчих болов уу...” гэх мэтээр ярилцаж, ганц нэг шил юмны даруулга болгон наадмын урьдчилсан прогнооз маягтай юм хөөрөлдөнө. Ээж унд ус уухаа мартаж өнжин уяан дээр наршсан тэр нөхдийг түүртэхгүй дайлаад гаргана. Ээжийн цайны амтанд өдрийн ядаргаа тайлаад сайхан наадаад ирэхийн бэлгэтэй үгс хэлэлцээд хэдэн тийшээ мордоно доо. Хэдий завандаа амжуулсан юм гэхээр хонины гэдэс чанаад, зэрэгцүүлээд баярт явах хүмүүст боорцог хийж, бяслаг шахаад тавьчихсан сууж байна. Аав маань уяан дээрээс ирээд ээжийн бяслагны өнгийг шинжинэ. Бяслаг арзайхгүй сайхан болсон байвал “Морь сайн давхина” гэж бэлгэшээнэ. Гэхдээ миний мэдэхээр жил бүрийн энэ өдөр буюу Долоодугаар сарын найманд ээжийн минь шахдаг бяслаг хэзээ ч арзайж байгаагүй, үнэхээр сайхан болдог байсан юм даа.

Хоол хүнснээс гадна бидний сумын наадамд өмсөх зүүхийг бүгдийг нь бэлтгэнэ. Би гэж нэг утлиагүй /унхиагүй/ нөхөр бараг жил бүр баярт явах гэж алба юм шиг аль нэг юмаа голж ээжийгээ зовооно. Гутал, дээл, малгай эмээл хазаар, ташуур ч байсан юм уу... хожим бодоход шал дэмий юман дээр нус, нулимс болж муу ээжийгээ зовоодог байж. Тэгсэн ч ээж минь намайг нэг аргадаад л мордуулчихна. Уяа морьдоо хөтлөөд аав, ах, дүү нартайгаа, саахалт айлынхантайгаа сумын наадамд зорин “гийнгоо” дуулаад \Би ч жаахан тааруухан дуу шуутай байсан, уяан дээр аавыг нэг удаа дуугараач гэхэд нь тун золбоо муутай дуугарсан юм гэсэн\ дэргэтэл шогшуулаад хөдөлнө. Эргээд хойшоо харахад эжий минь цайны дээжээ өргөөд биднийг үдэж хоцордог сон. Миний ээж дээр дурдсан Салхин хонгорын нуруун дээр анх салхи амталж хурд үзсэн хүн болохоор хурдны тэнгэртэй байсан гэж боддог. Ээж явсан, ээжтэй үзсэн наадам бүрт л манайх сайхан нааддаг байсан. Ээж маань тэр бүр наадамд явдаггүй байж. Миний санаж байгаагаар 1992 оны наадам, 1994 оны Тосонгийн түүхт 70 жил, 2004 оны 80 жил, 2008 оны наадмыг үзэж хүүхэд ахуй цагийн Салхин хонгор хүлгийнхээ хийморь даллан наадсан даа. Дурдсан жилүүдэд манай болон ээжийн ахан дүүсийн морьд тун сайн давхисан юм. 1992 онд дүү Д.Гэндэнсүрэнгийн хүрэн морь айрагдаж, 1994 онд сум анх удаа түүхт ой хийж хол ойрын тун олон улс цуглаж, морь уралдахад ах Д.Манзширын Сартай хээр гэж морь айрагдаж байлаа. 2004 онд манай морьд сайхан давхисан.

Энэ дундаас 2008 оны ээжтэйгээ үзсэн “сүүлч”-ийн наадам хамгийн баяр бахдал дүүрэн наадам байж дээ. Тэгэхэд дээр өгүүлсэн ээжийн ихэд тоосон манай “Жижиг” нэртэй хүрэн морь түрүүлэн ирж түмэн олноо баясгасан юм. Тэр жил ээж аав хоёр сумын төв рүү эртээ орчихсон идээ будаагаа өрчихсөн, хоол унд хийгээд тавьчихсан, дүү хүү бид хоёр мориныхоо хоол тааруулж хононо гээд ихээ хүндтэй амьтад өнжсөн. Тэр өдөр манайд аавын найз Аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Батмөнх, Аймгийн начин Буянбадрах гэж хоёр өвгөн ирээд ээжийн гарын цай, хоолоор дайлуулж, баярын ганц шил хатуу сархад хүртээд мордсоны дараа аав За хүүхдүүд минь аав нь сайхан хоёр найзтайгаа жаахан ярилаа. Морь сайн байгаа. Идэхийг нь идүүлээд, уухыг нь уулгаарай гэж захиж билээ. Тэгээд дүү бид хоёр ээжийн цай, хуушуурыг зэхэж аваад аавын захиснаар морио манаж хоносон юм.


Тэр үед зурагчин байгаагүй юм болов уу, байсан ч санаа сэхээ байдаггүй байж. Ээжийгээ мөнх юм шиг, дахиад хамт наадам үзэх юм шиг л бодож явж дээ. Жаахан сэхээтэй байсан бол сайхан ээжийгээ хурдан хүлэгтэй нь сумын наадмын асрын хажууд зурганд мөнхлөөд авахгүй юу. Гэхдээ манай ээжийн баримталдаг байсан ёс заншилтай нь ч таарахгүй байсан байж магад. Жирийн үед л морь малаа унаж эдлэхээс биш уяа сойлгоных нь үед холхоноос хараад, ажигладаг байсан юм шиг. Ээж минь хурдан морины уралдаан бол ёс заншил гэдгийг байнга ярьдаг байж. Одоо ч ёс их алдагдах болж дээ. Азарга, их нас эхэлж уралдахгүй даагаар эхлээд байхдаа яадаг юм ... Биднийг бага залуу байхад их нас мордоход "Лам гурван эрдэнэ", "Өвгөн шувуу" зэрэг уртын дууг гурваас дээш хүн дуулж гаргадаг уламжлал байдаг байлаа, морины байнд заавал энтэй бөс, цай, хадаг өгдөг байсан” гэж ярина. Малч удамтай, уяачийн гэргий Дашзэвэгийн Дэжидмаа гэж айл хотол, ахан дүүстээ ухаалаг, ажилсаг гэгдсэн, насны ханьдаа халамж түшигтэй, үр хүүхдүүд бидэндээ элбэрэл хайрын дээдийг хүртээсэн сайхан ээжийнхээ тухай дурсан санаж бичиглэхэд ийм бөлгөө.

Салхин хонгорын үүрсээнд

Бодол бэлчээн зүүрмэглэхэд

Сайхан ээжийнхээ төрхийг

Тодрон тодрон санадаг аа ...

Хайрт ээжийнхээ тухай дурсамж бичсэн. Т.Наранхүү. 2019 оны Цагаан сар.

8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.