МУ-ын Манлай уяач Б.Бадраа: Аливаа зүйлд эерэгээр хандах нь морь уяхын тухайд ч бус бүхий л зүйлд тустай

Сэтгүүлч
2020 оны 2-р сарын 17 -нд

Зулзаган ногоод хашгирч ургадаг зуны эхэн сарын дугаартаа говь нутгийн нэгэн эрхмийг зочноор урилаа. АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд Өсөх зээрд үрээгээ айрагдуулан төрийн зарлигт наадмын анхны айргаа амссан тэрээр богино хугацаанд цолны болзол хангасан хоншоортой эрчүүдийн нэг. Тэгэхээр уншигч та хэний тухай ярьж буйг төвөггүй гадарлаж байгаа биз. Тийм ээ, энэ удаагийн зочин бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Бадамгаравын Бадраа юм. Сар гаруйн өмнө аймгийнхаа Морин спорт уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон тэрээр бидэнд ийн хуучиллаа.

-“Өмнийн говийн хүлэг” МСУХ шинэ удирдлага бүтэцтэй болжээ. Тэр талаар эхлээд ярилцъя?

-Тэгсээн. Өмнөговь аймгийн уяачдын ээлжит хурлаар Морин спорт уяачдын холбооныхоо удирдлага бүтцэд өөрчлөлт хийсэн. ММСУХ-ны дүрмээр холбоодын тэргүүнүүд нэг удаадаа дөрвөн жилээр сонгогдож, дахин нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн ихдээ найман жил холбоог удирдана гэсэн үг. Миний өмнөх тэргүүн Х.Түмэнбаярын хувьд найман жил холбоог удирдсан. Дүрмэнд заасан эрхийн хугацаа дууссан тул ээлжит хурлаа зарлан хуралдуулж, миний бие тэргүүнээр, дэд тэргүүнээр Амарсанаа сонгогдож, нарийн бичгийн дарга болон тэргүүлэгчдээ шинээр сонгон, удирдлагын багаа бүрдүүлсэн. Бид ажлаа аваад сар гаруйн хугацаа л өнгөрч байна.


-Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн МСУХ тун чиг нам жим байлаа. Тэгэхээр уяачид төдийгүй бид ч та бүхнээс ихийг хүлээж буй?

-Өмнөх тэргүүн хэрхэн ажилласныг би дүгнэхгүй. Хийж хэрэгжүүлсэн ажил нь олон түмний нүдэн дээр ил тул дор бүрнээ дүгнэлт өгөх байлгүй дээ. Өөрийн чинь хэлснээр уяачдын зүгээс  хүлээлт ихтэй байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс тэргүүлэгчдийн хурлаараа ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж төлөвлөөд эхэлсэн.

-Жишээлбэл...

-Холбоогоо өдөр тутмын үйл ажиллагаатай байлгах үүднээс  эхний ээлжинд байртай болгосон. Уяачид орж гарч мэдээллээ хуваалцана. Үүнээс гадна Өмнөговийн уяачид, хурдан морьдын холбоотой гэрэл зураг, бусад материалыг тэнд байрлах ажлын албанаасаа авдаг болох юм. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн морин спортын архивыг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй уралдаан наадмаас эхлээд түүнд түрүүлж, айрагдсан морьдын цувааг бүртгэнэ. Мөн уяачдын амжилтыг хөтөлж алдар цолонд тодорхойлохдоо архив дээрээ тулгуурладаг байх юм.

-Мэдээллийн бааз бий болгоно гэдэг чухал санаа байна шүү.

-Холбооны гол хийх ажлын нэг. Түүнээс уралдаан зохион байгуулах ажлыг салбар холбоод бие даагаад хийдэг болчихсон. Жишээлбэл, тавдугаар сарын 17-нд Баяндалай суманд  баруун, Номгон суманд төвийн бүсийн уралдаан боллоо. Миний бие аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачилсан “Засаг даргын нэрэмжит” уралдаанаа зургадугаар сарын эхээр хийхээр төлөвлөсөн. Мөн уяачдаа нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, улс, бүсийн чанартай уралдаануудад  уралдах боломжоор хангана. Энэ мэтчилэн санаж бодсон ажлууд цөөнгүй бий. Товчхондоо нэр зүүж зүгээр суугаад байлгүй ажил хийе, адуу малаа сайжруулъя гэвэл МСУХ гэдэг ажил ихтэй л юм. Миний хувьд аливаа зүйлийг эхлүүлсэн бол үр дүнг нь үздэг зантай. Уяачид маань итгэл хүлээлгэж  сонгосон учраас сайн ажиллаж буй бусад холбоодын жишигт хүргэх цаашлаад үлгэр жишээ болохуйц шинэ санаачлага өрнүүлэх хүсэлтэй байна.

-Өмнөговь аймгийн холбоо ММСУХ-ны анхны салбар холбоодын нэг байх шүү. Буянтогтох тэргүүн нэлээд олон жил ажилласан санагдана.

- 1995 онд үүсгэн байгуулагдсан юм билээ. Буянтогтох тэргүүн олон жил тогтвортой ажиллаж, нэлээд ажлыг хийж хэрэгжүүлсэн. Одоо ч холбооныхоо хүндэт тэргүүнээр ажиллаж байна.

-Өнөө жил “Говьшанхын хурд” уралдаантай. 20 жилийн түүхтэй уралдааныг зохион байгуулах үүргийг лав хүлээх нь?

-“Говьшанхын хурд” уралдаан зөвхөн Өмнөговьчуудын төдийгүй Монголын уяачдын хүсэн хүлээдэг уралдаан болж чадсан. Говийн бүсийн уяачдыг уриалан дуудаж, түүчээлсэн энэхүү уралдааныг санаачлан зохион байгуулагч Д.Бат-Эрдэнэ Тод манлайг би хувьдаа Монголын эрийн гурван наадам тэр дундаа хурдан морины хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсан хүн гэж боддог. 1999 онд анх энэ уралдааныг санаачлан зохион байгуулсан цагаас хойш Өмнөговийн уяачид идэвхижиж адууныхаа хурдлах чадварыг нэмэгдүүлэх, өөрсдийн уяаны арга барилаа сайжруулахад цаг үргэлж анхаарсаар ирсэн. Тиймдээ ч говь нутгийн уяачид жил бүр шахуу төрийн зарлигт наадмуудаас түрүү, айраг хүртсээр байна. Манай аймгаас гэхэд л Манлай уяач Намдагийн Хүрлээ, Улсын Алдарт уяач Наранцэцэгийн Амгалан, аймгийн Алдарт уяач Өөдөсийн Мөнхтайван, Хүүгийн Түмэнбаяр, Раднаагийн Бадрах, Хургаагийн Нэхийт, Нэргүйн Амарбаясгалан нарын улс, бүсийн  уралдаанд сайн наадаж байгаа уяач олон бий. Ний нуугүй хэлэхэд нэгэн үе манай аймгийн уяачид төрийн наадмыг зорьдоггүй. Ирлээ ч амжилт үзүүлдэггүй байлаа шүү дээ.


-“Говьшанхын хурд” уралдааны тухайд таны хэлсэнтэй санал нэг байна.

-Говийн бүсийн тогтмол уралдаантай болсондоо манай уяачид сэтгэл хангалуун байдаг. Говьшанхаараа бахархдаг. Өнөө жил “Говьшанхын хурд” уралдаан зохион байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Тэр утгаараа илүү өргөн дэлгэр зохион байгуулахыг хичээж байна. Санаачлан зохион байгуулагч Баагийтайгаа /Д.Бат-Эрдэнэ  Тод манлай/ зөвлөлдөж байгаад маргаан мэтгээнгүй өргөн дэлгэр сайхан наадам хийнэ. Сүүлийн жилүүдэд аль ч газрын наадамд очсон жалга довны үзэл гаргах хандлага ажиглагдах болсон. Сэтгүүлч та ч мэдэж байгаа байх. Өөрт тохиолдсон ганцхан жишээг хэлэхэд уржнан жил АХ-ын 96 жилийн ойгоор айргийн тавд хурдалсан миний хул соёолонг Дундговьд уралдуулаагүй.

-“Их мандал” –д уу?

-Тийм говийн бүсийн уралдаан болсон шүү дээ. Би өөрөө очоогүй юм. Тэгсэн шүдэлгээн дээр бариад уячихлаа гэхээр нь холбогдох хүмүүсээс асуутал мэдэх хүн байдаггүй. “Яагаад уячихсан юм бэ? Юугаараа тэнцэхгүй байна. Улсын наадамд айрагдсан Сүхбаатар аймгийн унаган Монгол адуу шүү дээ” гэсэн “Мэдэхгүй” гэдгээс өөр хариу хэлэх хүнгүй. “Ингэж өөрсдөөсөө холдуулсаар байтал соёолон мордоод явчихсан. Тэгээд уралдаж чадаагүй. Энэ мэтчилэн гаднаас ирсэн хурдан адууг зориудаар авч үлддэг явдал гардаг. Тиймээс бидний хувьд Говьшанхад уралдахаар зорьж ирсэн гадна, дотны уяачдадаа хүндэтгэлтэй хандаж, жалга довны үзэл гаргахгүй шударга сайхан наадна. Халхын хавтгайн хаана ч очоод уралдсан нэг л дүрэм үйлчилдэг байх ёстой шүү дээ. Бид ийм л байр суурьтай байгаа.

-ММСУХ-ны тэргүүлэгчээр сонгогдсон байсан. Төрийн бус байгууллагын сонгуульт алба олон уу?

-ММСУХ-ны тэргүүлэгч, аймгийнхаа МСУХ-ны тэргүүнээс өөр төрийн бус байгууллагын сонгуульт алба байхгүй ээ. Өмнө аймгийн даргаар ажиллаж байхдаа бөхийн холбооны тэргүүний сонгуульт албатай байсан.

Төрийн хишигтээ талархаад даруу байсан нь дээр

-Монгол Улсын Манлай уяач цол хүртсэнээс хойш анх удаа ярилцаж байна. Цолоо гардаж аваагүй нь ямар шалтгаантай юм бэ?

-Гадаадад ажилтай явахад таараад ирж амжаагүй.  Та бүхэн миний морьдыг Монгол Улсын Тод манлай уяач Агваасамдангийн Батсүх гэж хүн уядаг байсныг мэднэ. Бидний ганзага нийлж, улс, бүсийн чанартай уралдаануудад уясан хүлгүүд минь түрүүлж, айрагдсаар баяр наадмын тухай хуульд заасан Манлай уяач цолны болзлыг хангасан. Нэгэнт болзол нь хангагдсан учраас шат шатны байгууллагууд тодорхойлж Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Нэг талаасаа төрийн хишигт талархан хүндэтгэж буй ч нөгөө талаараа өөрийгөө чамлах сэтгэл төрдөг юм билээ. Монгол Улсын Манлай уяач гэгдэж яваа маань Тангаагийн минь ач. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан дүүдээ цаг үргэлж талархаж явдаг шүү гэдгээ дахин уламжилъя.

-Цол авах болсон тухай хэд хоногийн өмнө хэлдэг юм бэ?

-Хоёр хоногийн өмнө хэлсэн санагдана. Намайг эзгүй байсан ч Тангаа маань малгай толгойг минь зэхчихсэн байсан. 

-Тэгээд хэзээ хэнээс цолоо гардан авсан бэ?

-Монголд ирснийхээ дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагнал хариуцсан мэргэжилтнээс гардаж авсан.

-Манлайн мялааалга хийлээ гэж дуулдаагүй?

-Хийгээгүй ээ. Хурдан хүлгүүдийнхээ хийморь, төрийн хишигтээ талархаад даруухан байсан нь дээр. Нэгэнт төрийн тэргүүний зарлигаар олгогдсон цол учраас өнгөрсөн цагаан сараар малгайгаа өмсөж, гэр бүлийнхэнтэйгээ зураг хөргөө авахуулсаан.


-Хөрөнгө мөнгө цаг заваа харамгүй зориулаад амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүс олон бий. Тэгэхээр бас аз од, аман хишгийн хувь ерөөл яригдах байх аа.

-Аз од, хийморь лундаа яригдалгүй яах вэ. Олон газрын аав хүүгийн хурдан хурц хүлгүүд уралдаж байхад миний нэртэй морьд түрүүлж, айрагдана гэдэг азтай одтой байгаагийн илрэл. Үүгээрээ бахархаж омогшино. Дээр нь Тангаа бид хоёрын ганзага нийлснийх байх.

-Математикийн багш, Ардын Боловсролын тэргүүний ажилтан хожмын нэг өдөр төрийн цолтой уяач болно хэмээн төсөөлж байв уу? Ер нь хэдий үеэс хурдан хурц морьдыг сонирхох болсон юм бэ?

-Морь сонирхсон тухайд гэвэл нэлээд эртний түүх ярина. Огт морь мал мэдэхгүй  хүн гэнэт цол авчихаж байгаа юм биш. Хүүхэд байхдаа зуныхаа амралтаар хөдөө өвөөгийндөө очиж, морь унан мал хуй эргүүлдэг байлаа. Миний өвөө ээжийн минь аав Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Төвдийн Банди гэж хүн байсан. Өвөөгийнхтэй адуучин Дүгэрийн Дооров гэж айл зусдаг. Зундаа морь унан, хоёр хөгшний мал хуйг дөхүүлдэг тусч хүү байлаа. Тэр үеэс монгол эр хүний цусанд байх морио дээдлэх, морь унах хүсэл төрж, хожмын өдөр намайг уяач болоход нөлөөлсөн байх. Ажил төрөл цэгцрээд ахуй амьдрал төлөвшөөд ирэхээр хүүхэд насны хүсэл сэтгэл минь дийлж, басхүү найз нөхдийн нөлөө ч ороод морь уях болсон доо. Морь маланд дуртайг мэдэх зарим найз нөхөд маань  дэмжсэн л дээ. Тэгээд ганц нэг адуу худалдан авч, уяж эхэлж байхдаа Тангаатайгаа таарч хамтрахаар болсон юм.

-Бат-Эрдэнэ Тод манлайг уруу татсан юм болов уу? гэж боддог байлаа. Та хоёр чинь нэг нутаг усных. Бас нэг намын гишүүд шүү дээ.

-Манай Баагий чинь морин спортыг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулсан хүн шүү дээ. Тийм хүнтэй ойр байх нь мэдээж нөлөөлнө. Бид дунд сургуульд байхын биенээ мэднэ. Би Баагийгаас хэдэн ангиар ах. Гэхдээ нэг довын хүүхдүүд биенээ андахгүй шүү дээ. Хожмоо Баагий УИХ-ын гишүүн болж, би аймгийн дарга болж нутаг орны асуудлаар бишгүй уулзалдаж, санал солилцоно. Тэгээд нэг намын гишүүд, адилхан морь сонирхдог гэдгээрээ илүү ойлголцох болсон.

-Таны өвөө Банди гэдэг хүн морь уядаг байсан уу?

-Миний ижий өргөмөл охин нь байгаа юм. Миний өвөө морь уядаггүй, жирийн л нэг малчин.

-Та хаана сургууль төгссөн юм бэ?

-УБИС-ийг төгсөж, боловсролын байгууллагад 23 жил ажилласнаас есөн жилд нь багшилсан байдаг юм. УБИС-д орохоосоо өмнө бага ангийн багшаар ажиллаж байсан. Их сургууль төгсч ирээд Ноён сумын дунд сургуулийн захирлаар томилогдсон. Тэндээ таван жил, Баяндалай сум руу шилжиж хоёр жил Засаг даргаар тус тус ажилласан. Дараа нь аймгийн төв рүү нүүж, 1-р сургуулийн захирлаар найман жил ажиллаад,  аймгийн Засаг даргаар сонгогдсон доо.

Миний морь түрүүлэх нь нийт Өмнөговьчуудын морь түрүүлсэн хэрэг гэж бодоход сайхан...

-Тангаа Тод манлайн адуугаар нэлээд наадсан байх шүү.

-Тангаагийн тамгатай адуу  бий. Манай хоёрын тамга хоорондоо их төстэй. Дүнжингаравт түрүүлсэн хар үрээ, улсад айрагддаг Өсөх зээрд гээд л байна.

-Өсөх зээрд танд төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан байх аа.

-Тийм ээ. АХ-ын 92 жилийн ойгоор эрлийз дунд насанд таваар давхиад, Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд бас айрагдсан. Бид тэр жил их сайхан наадсан юм. Халхын цуутай уяачид төрсөн Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанаас дөрвөн айраг авна гэдэг баргийн хүүд олдохгүй хувь шүү.

-Тэгэлгүй яах вэ?

-Товгор хээр соёолонд тавлаж, Өсөх зээрд эрлийз дундад айрагдаад, хоёр хонгор даага айрагдсан. Нэг нь монгол дааганд дөрвөлж, нөгөө нь эрлийз багад аман хүзүүдсэн. Түүнээс гадна Шодон хонгор морь маань есөөр давхиж, бид нөгөө дээлэндээ багтахгүй баярлана гэдэг нь болж байлаа

-Улсын наадамтайгаа нийлээд таван айраг хүртжээ.

-Тэгсэн. Тэр жил их олон уралдаантай байсан юм. Дэлхийн адууны баяр Геннисийн уралдаанд Шодон хонгор зургаалж, Товгор хээр аравласан. Мөн Өвөрхангай аймагт болсон  “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” уралдаанд Товгор хээр дөрвөлсөн.


-Дараа жил нь хэрхэн наадлаа?

-2014 онд зээрд даага улсын наадам болон говийн бүсийн уралдаанд айрагдсан. Дараа жил нь 2013 онд төвийн бүсэд аман хүзүүдсэн хонгор үрээ маань улсад дөрвөлж, Тонжоо халзан гэдэг даага аман хүзүүдсэн. Тэр жил “Говьшанхын хурд” уралдаан болж, их морь түрүү, аман хүзүүнд хурдлан соёолон айрагдсан.

-Үзэгчдийг өндөлзүүлсэн уралдаан болсон дуулддаг. Нутгийн дэвжээн дээр их морь дараагаар нь оруулах аатай мэдрэмж биз?

-Самсаа  шархирч, нулимс хурдаг юм билээ. Тухайн үед би аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Миний морь түрүүлэх нь нийт Өмнөговьчуудын морь түрүүлсэн хэрэг хэмээн бодоход үнэхээр сайхан байсан. Үзэгчид ч маш сайхан хүлээн авсан. Уяачдын ур чадвар илт сайжирч түрүү, айргийн морийг тааварлах аргагүй болсон энэ цаг үед нэг хүний хоёр морь айрагдана гэдэг бас л ховорхон тохиох хувь заяа.

-Говийн бүсийн түрүү Төвгөр саарал хаанахын адуу билээ?

-Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Рагчаасүрэнгийн унаган адуу. Энэ жил 11 настай гэхээр би соёолон авч байж. Орон нутгийн чанартай наадамд хэд хэд айрагдчихсан морь авч, “Говьшанхын хурд”-д түрүүлгэсэн. Аймгийн чанартай наадамд сайн давхисаан. Говьшанхаас хойш хөл нь болж өгөхгүй байгаад уралдаагүй. Энэ жилээс уралдана.

-Ембүү хар Дарьгангын адуу бил үү?

-Тийм. Наранбаатар гэдэг хүний унаган адуу. Өвөрхангайд болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлж яваад үзүүр дээрээ дайруулж зургаалсан. Айрагдсан адуунууд нь ойлгомжтой учраас би түрүүлсэн л гэж боддог. Тэгээд Говьшанхад аман хүзүүдэж,Өндөр Гэгээний наадамд  гурвалсан.

-Олон адуу авсан гэсэн. Хамгийн үнэтэй нь аль нь вэ?

-Би тийм их үнэтэй адуу аваагүй. “Сайн санааны үзүүрт тос” гэдэгчлэн авсан болгон маань шахуу давхисан. Хэдийгээр том наадамд ороогүй ч ихэд шохоорхож авсан нэг адуу бий. Сүхбаатар аймгийн наадамд түрүүлсэн сайхан хүрэн морь харц булаагаад  болдоггүй наймаа хийгээд авсан ч сайн давхиагүй. Адуу эзнээ голдог юм гэсэн. Би тоогдоогүй юм байлгүй дээ.

-Ерөөсөө уралдуулаагүй юм уу?

-Өмнөговь аймгийн наадамд түрүүлсэн. Тэгээд хөлөндөө асуудалтай болоод уралдахаа больсон.

-Уяачид амжилтыг нь мялааж адуу бэлэглэх нь цөөнгүй. Танд бэлгийн адуу олон ирж байв уу?

-Миний аав Хүрмэн сумын хүн. Тэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Хоохорын Бадамсүрэн надад нэг борлог морь өгсөн нь хараахан айрагдаагүй ч улс бүсийн уралдаанд сайн давхисаан. Бас журмын нөхөд, найз нар, нутгийн олноос  бэлэглэсэн хурдан буянууд бий.

-Нэгэн үе авмал адуугаар наадаж байсан бол одоо унаган тамгатай адуугаа уралдуулж, уяачийн бахдалыг мэдэрч суугаа байлгүй. Бага адуунууд хурдан байна уу?

-Одооноос ганц нэг гайгүй үрээ гарах л янзтай байна. Сайн адуу гаргаж авна гэдэг тав арван жилийн ажил биш юм. 20, 30 жилийн цаашлаад нэг насны хөдөлмөр шаарддаг юм байна. Тийм болохоор би тоонд бус чанарт ач холбогдол өгөх нь зүйтэй хэмээн бодож байгаа. Саяхнаас адуугаа говь руугаа авчирсан.

-Өмнө нь хаана байсан билээ?

-Сүхбаатар аймагт байсан юм. Адуугаа нутаг руугаа дөхүүлэхээр шийдэж, Дундговь аймгийн Хулд суманд авчирсан. Одоо морьдын маань уяа сойлгыг нутгийнхандаа Гөөгөө хэмээн алдаршсан Жаргалсайханы Эрдэнэтөгс дүү маань тааруулж байгаа. Зун уяа эхлэхээр адуу руугаа явмаар санагдаад байдаг тул ийн нутаг ойртуулж байгаа юм. Хүний амьдралын хамгийн сайхан дурсамж хүүхэд насанд үлддэг юм байна. Сүүлийн жилүүдэд тэр ахуйгаа ихээр үгүйлэх болж.


-Ямар ахуй..

-Өглөө сэрэхэд гэрийн хаяа шуулттай. Адуугаа зэлэн дээр хураачихсан. Үхэр мал мөөрөөд цаанаа л нэг таатай.

-Нүдэнд харагдчихлаа байна.

-Энэ хүмүүс яагаад морь морь гээд байна вэ гэхээр үндсэн ахуйгаа санагалзсаных. Монгол хүн болж төрсөн л бол хөдөө нутаг, мал хуйгаас тэгтлээ хөндийрнө гэж байхгүй. Хотод төрж өссөн ч зун хөдөө очоод сайхан байгал харж сэргээд сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа хүмүүс олон байна.

Монголчууд эртнээс морио дээдэлдэг ард түмэн

-Морь уях болсноос хойш миний амьдралд... гээд хүмүүс ярьдаг. Таны хувьд?

-“Монгол хүн бэлгээрээ, хятад хүн бэлээрээ” гэж үгтэй. Аливаа зүйлийг сайн сайхан талаас нь тайлж, бэлгэшээх хандлага нэмэгдсэн. Ер нь тэгээд аливаа зүйлийг болж бүтэх талаас нь харж, эерэгээр  хандах нь морь уяхын тухайд ч бус бүхий л зүйлд тустай санагддаг. Морь уях тухайд бол би суралцагч. Зууны манлай тэргүүтэй “Ажнай” гал уяандаа гишүүнээр элссэн. Галынхаа уяачдаас алхам тутамдаа суралцаж байна. Үе дамжин морь уяж, монгол төрийн наадамд хэдэн үеэрээ морь түрүүлгэж, айрагдуулсан мундаг хүмүүсийн үг яриа, үйлдэл хүртэл өөр байдаг юм байна.

-Даваахүү Тод манлай морьддоо их сайхан сонсголонт нэр хайрладаг. Таны морьдын нэрийг хэн өгсөн юм бэ?

-Манай Тангаа, Амарсанаа хоёр л өгдөг. Адуунд нэр өгөхдөө эхлээд биеийнх нь шинж байдлыг харгалздаг байх. Тэгээд зан ааш, цаашлаад бэлгэдлийг бодолцож зөвлөлддөг.

-Нутгийн дэвжээн дээр их морь дараагаар нь оруулж, соёолон айрагдуулсан “Говьшанхын хурд-5”, хурдны голомтод дөрвөн айраг хүртсэн Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадмын аль нь илүү баяр бахдалтай санагдсан бэ?

-Аль аль нь. Тэрэнд их баярласан, тэрэнд бага  баярласан гэх юм алга. Тангаа дүүгийнхээ буянаар Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанаас тэр олон айраг авна гэдэг зүүдэнд ч оромгүй явдал байсан учраас би үнэхээр их баярласан. Мөн төрсөн нутгийнхаа довон дээр их насны морь түрүүлгэж, айрагдуулна гэдэг ховор завшаан. Уяач болгон их насны морь түрүүлгэхийг хүсдэг бол би Тангаагийнхаа буянаар түрүү аман хүзүүнд хурдлуулсан. Гэхдээ нэг тайлбар хийх нь зүйтэй байх. Х.Түмэнбаярын хонгор морь аман хүзүүнд хурдалж ирээд эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж, Ембүү хар маань аман хүзүүнд баригдсан. Уг нь  Ембүү хар маань түрүүлж яваад хадуурч эргэж орохдоо гуравт баригдсан юм. Тэгсэн баяр наадмыг зохион байгуулах комиссын шийдвэрээр хонгор морины амжилтыг тооцоогүй.Түмэнбаярын хонгор морь Тангаагийн унаган адуу. Эрлийз адуу гэдгийг хүмүүс мэдэх тул комиссын гишүүд хасах нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Үүнийг сайн мэдэхгүй улс буруугаар ойлгож, намайг хасуулсан мэтээр ярьдаг. Миний  хувьд тэртээ тэргүй нэг морь түрүүлчихсэн, нөгөө нь айрагдчихсан байхад нэг байр урагшлуулах нь ач холбогдолгүй. Хоёр, гурав ялгаагүй айрагдсанд тооцдог шүү дээ.


-Тангаадаа баярлаж явдаг гэдэг үгийг мөн ч олон хэллээ. Өөрт нь хэлдэг үү?

-Хэлэлгүй яах вэ. Дүүгээ баярлуулах санаатай чадлынхаа хэрээр дэмжиж явсан.

-Хурдан морь, хөөрөг тэргүүтэнд нүд унагаадаг гэх юм билээ таныг. Хөөрөгнүүдийнхээ талаар хуучлаач?

-Миний хувьд түүхийн дурсгал, монголчуудын ахуй соёлын илэрхийлэл гэдгээр нь илүүтэй ач холбогдол өгдөг. Ер нь тэгээд манай эрчүүд эрт цагаасаа сайн хөөрөг, сайхан эмээл хазаарыг эрхэмлэн үе дамжуулан хэрэглэсээр ирсэн эдийн соёлтой ард түмэн.

-Өөр юу сонирхох уу?

-Сайхан зураг өлгөчихөөд харж  суух бас л таашаалтай шүү дээ. Миний хувьд нутаг орныхоо холбогдолтой зургийг илүүтэй сонирхдог. Говь нутгийн байгалийн сайхныг харуулсан зураг таарвал эх сурвалжийг нь хайж олоод угаалгаж авдаг. Хүмүүс  уул, ус, ургамал модтойгоор нь хангайг сайхан гэж боддог ч хамгийн уран байгаль говьд байдаг юм шүү дээ. Гэрэл зурагчид ч хэлдэг юм билээ. Говь зураглал сайтай гэж. Чи говьд очиж үзсэн үү?

-Үзсээн. Гэхдээ гоё сайхныг мэдрэхээр удаан тухалж чадаагүй л байна

-Дараа зорьж очоорой. Нутаг нуга хүүхэд насны дурсамж минь улам бүр үнэ цэнэтэй санагдах болсон учраас монгол тавилгатай гэртэй болъё гэж боддог болсон. Хоймроо хуучны авдартай, хоёр талдаа намхан ортой, зүүн урд талдаа эзэгтэйн эргэнэгтэй, баруун урд талдаа хөхүүр зүүчихсэн. Тэгээд хана, унинд нь чөдөр, ногт өлгөчихсөн.

-Ингэхэд та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Долуулаа.

-Танаас өөр морь уядаг хүн бий юу?

-Би нэг ах, таван дүүтэй. Нэг дүү маань миний хэдэн адууг малладаг.


-Хүүхдүүд морь маланд хэр эвтэй, дуртай вэ?

-Би хүү, охин хоёртой. Хүүхдүүд тусдаа гараад явчихаар нь эхнэр бид хоёр охиныхоо том хүүг өөрсөд дээрээ авчихсан юм. Тэр хүүгээ монгол ахуй соёлд нь сургах гэж хэрдээ л хичээж байна.

-Хүү морь уях уу?

-Хоёр том аавыгаа их дэмжинэ ээ. Гэр бүлийн хүн маань ч ялгаагүй “За яаж байна. Нөгөө морь чинь хэр зэрэг байна, яаж давхив. Уяа нь хэр байна” гэгчилэн санаа тавьж, адуу малаа ачих, тэжээх бүх л ажилд тус болдог. Бас тэр телевизээр тийм уралдааны бичлэг гарч байна гээд л морины уралдаануудыг байнга үзэж байдаг юм.

-Өнөө жил уралдаан олонтой. Бэлтгэлээ базааж байна уу?

-20-иод адуу тэжээсэн. Төрийнхөө баяр наадам болон “Говьшанхын хурд”-даа уралдана даа

-Уясан хүлэг морьд нь урамтай сайхан хурдлах болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Та бүхний ажилд амжилт хүсэхийн ялдамд Монголынхоо нийт уяачдад хүлэг морьд нь хурдан сайхан, хүүхэд багачуул нь цовоо сэргэлэн байхын ерөөлийг өргөе өө.

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.2

    Ene neeree tegsen shdee. Адилхан хул үрээ олоод ирдэг зальхаа бүтэхгүй гар мөн үү. Яаж морь мал нь давхтад байдаг байна. Морин дээр мордож чадахгүй юм байж

    Reply
  • 66.181.161.35

    Xvnd gar suvv ene nuguu naasmaar vreegee soliod mongol vree bolgoodachaad irdeg gar mun bizdee.

    Reply