НЭРТ УЯАЧ “НИСЭХИЙН” ДЭЛГЭРЦОГТ

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 26 -нд

Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилд Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймгийн маань түүхт 90 жил тохиож байна. Төрөлх нутгийнхаа тэгш ойг угтан Дорнодын эрдэм төгс уяачид, эрэмгийн хурдан хүлэг морьд, сэргэлэн цовоо уралдаанч хүүхдүүдийн тухай бяцхан товхимол гаргах бодол өвөрлөн явахад Нисэхийн Дэлгэрцогт хэмээн олны дунд алдаршсан нэрт уяачийн тухай олонтаа сонссон тул, түүний том охин Д.Дашдуламтай уулзаж аавынхаа тухай дурсамж өгүүлснийг Та бүхэндээ хүргэж байна. 

-Та сайхан хаваржиж байна уу? Хоёулаа таны аавын уугуул нутаг, бага залуу насны тухай дурсамжаар эхлэе...
-Миний аавыг Банзрагчийн Дэлгэрцогт гэдэг, хуучнаар Аравжаргалант сум, одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1944 оны Бичин жил эхээс мэндэлж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөн, 1963-1966 онд Улаанбаатар хотод цэрэгт Жанжин штабын техникийн алба хааж, улмаар улиран Зүүнбаянд томилогдон ажиллаж байх үедээ, тухайн үеийн Орос улсад урилгаар цэргийн сургуульд явах байсан боловч ээжтэй минь ханилсан, нялх биднийг үлдээн хол газар суралцахаар явж чадаагүй тул нутагаа эргэн ирсэн гэдэг. Бага наснаасаа хурдан морьтой амьдралаа холбож Баянтүмэн сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач О.Шадав гуайн унаач байсан, тэр эрхэм хүнийг морины, уяаны багшаа хэмээн хүндэлж ирсэн. Ингээд аймгийн Махкомбинат, Нисэх онгоцны буудалд ажиллаж, төрөлх сумынхаа “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн малчин гэгдэж 1970-аад оноос эхлэн хурдан морь уяж, хусуур сойз бүсэндээ зүүсээр насыг элээсэн хүн дээ...
-Халхгол сумын уугуул Б.Гаваа багшийн 1999 онд бичсэн “Дорнод талын унага” номонд Б.Дэлгэрцогт уяачийн Дорнод аймгийн баяр наадмаас түрүү, айраг хүртсэн олон сайхан хурдан буянгуудын цуваа байна. Энэ тухай?
-Тийм ээ, одоо ингээд эргээд бодож байхад миний аав үнэхээр хурдан морины төлөө нойр хоолоо умартан хөдөлмөрлөж, морийг хүний, өөрийн ялгалгүй уяж, хийморьтой тэнгэрлэг хурдан моринд зүрх, сэтгэлээ өгсөн хүн байжээ. Аавын минь уясан морьд гэвэл Мангад Дамбийн халтар азарга, Борын шөвгөр хүрэн, Жамъяндоржийн хээр,Чойжав гуайн хээр, Буяндэлгэр, Лувсангончиг гуайн морьд, давхарын Бямбаагийн хар азарга, Намжилийн хар даага гээд олон хүний, найз нөхдийнхөө морьдийг уядаг байлаа. Мөн өөрийнхөө хул алаг азарга, улаан азарга гээд адууг уяж олон түрүү айраг хүртсэн. Улаан азаргыг Сүхбаатар аймгаас өөрөө явж даага авчирсан юмдаг. Миний удаах дүү унаж аймагт 2 удаа аман хүзүүдсэн, жижиг бага наадамд нийт 30 гаран айраг түрүүтэй гэж дүү маань ярьдаг. Ааваас хойш тэр азарга маань халзан Шаага гэж хүнд очсон. Мөн аавын унаган балиу халзан гүүнээс гарсан эр төл болгон хурдалсан. 


-Б.Дэлгэрцогт гуайн уяаны онцлог юу байв?
-Би хүүхэд байсан болохоор аавынхаа морины тэр үеийн уяаны онцлогын талаар сайн хэлж мэдэхгүй юм аа, гэхдээ аав минь зун цагт морины уяа эхлэхээр зарим жил Хэрлэн голын эрэг дагаж өлөн чийгтэй өвс идүүлнэ, тэгснээ гэнэт болиод хойшоо нүүж Сэргэлэн дэнж гарч уяагаа хатгана, уралдахын өмнөх орой дэрсэн дотор 2 хазуулаад “За боллоо” гэдэг, зарим үед морио услахгүй, голын усаар угаадаг гээд элдэв арга хэрэглэнэ. Наадам дөхөхөөр гэртээ орох нь цөөрдөг их ажилсаг, хувийн зохион байгуулалт өндөртэй хүн байсан. Аавыг дагаж ах маань морины ажилд нухлагдаж их юм сурсан байх ёстой, миний хувьд охин хүүхэд болохоор тэр ажилд нь өөрийн чадах хэмжээнд оролцож уясан морьдыг нь захиа даалгаврын ягштал биелүүлэн унаж, морин тэргээр найр наадамд очиж, хээр хөдөө хонон, тулганд ил гал дээр цай буцалгаж, ээжийнхээ бэлдэж өгсөн борц, гурилыг нийлүүлэн хоол хийнэ. Эмээлээ дэрлэн аавынхаа нөмөрт унтаж өнгөрүүлсэн жаргалтай хүүхэд насаа дурсах сайхан байна шүү... Наадмын дараа аав минь морины ажилтайгаа ноцолдсоор, харин би наадмаар 6-н насны морь унадаг байсан тул их ядарч босоод ус ууж, хоол идсэн ээ ч санахгүй 2-3 хоног унтдаг байж билээ. Энд нэг зүйлийг дурьдахад аавтай минь хамт Балчин-Ойдов, Дэлэг, бунханы Рэнцэн, Ваанчигжамба, Алтангэрэл, хэцүү Даш, хэлтэрхийн Даш, Цагаан-Овоо сумын Чулуун, Дашбалбар сумын Цэпил буриад, Улсын Алдарт уяач Сэдэд, малын эмч Чимэддорж гээд олон уяачид морьдынхоо тар, сунгааг хийж, уяаныхаа алдаа оноогоо ярьж, зөвлөлддөг, манайхны морьдын сунгаа аймгийн наадмын өнгийг тодорхойлдог байв. Аймгийн төвөөс зүүн урагш Хутаг уул, Сүүл нуур, Хашаатад голдуу морьдоо уяна. 
-Нэрт уяачийн охин мэдээж сайн уралдаанч байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ... Аав ээж хоёр маань таван хүү, дөрвөн охин нийт 9-н хүүхэд төрүүлж өсгөсөн буянтангууд. Ээжийг маань Г.Оюунцэцэг гэдэг, одоо Улаанбаатар хотод амьдардаг. Би дээрээ ганц ахтай, доороо долоон дүүтэй, айлын том охин... Аав минь дүүг маань өвөртөлж, намайг эмээлийн ганзагаар минь даруулж ах маань адуутайгаа цуг тууж явсан үеэс л би морь унаж сурсан даа... (инээв) Хамгийн бага болон нэг эмэгтэй дүүгээс маань бусад долоон хүүхдээ цөмийг нь хурдан морь унуулж өсгөсөн. Уралдаж ирээд нүд, шүд нь гялалзсан халтар хүүхдүүд аавынхаа дээлийн өвөрт халсан гаазтай ундааг хамар, амаараа цутган бөөн инээд ханиад болон ууж, наадмын хуушуураа амтархан иддэг байсан минь нүдэнд харагдана. Миний унадаг Борын шөвгөр хүрэн гэж их гоё морь гараа руу очихдоо тонгойн өвсний толгой үмхэлж давхидаг, эргэнгүүт буруу тийшээ хадуурдаг, би замын турш мориныхоо амтай ноцолдсоор ирдэг байв. Нэг удаа аймгийн наадамд унасан морь маань айрагдаж чадалгүй зургаалчихаад шарандаа “Би айрагдаж чадаагүй юм чинь 6-д биш 7-д орох байсан юм” гээд орилж уйлсан гээд л аавын маань найзууд намайг хэзээ хойно шоолдогсон. Бас аавынхаа “Чи морьтойгоо ганцаараа цаашаа ширүүхэн яваад сайн хөлслөөд ирээрэй” гэсэн захиасыг биелүүлэлгүй нөгөө хэдтэйгээ цуг цогиод ирснийг аав маань мориныхоо байдлыг хараад шууд мэдэж нэг их айхтар загнуулж билээ. Багаасаа морь унаж, эрэгтэй хүүхдүүдтэй торхны модоор хийсэн сэлмээр байлдаж, тэвэг өшиглөнө. Ангийнхаа охидыг өмөөрч хөвгүүдтэйгээ ноцолдож өссөн их эршүүд охин байлаа. Хамт морь унаж байсан Одгаравынхаа толгойг дэггүйтэж хага цохичихоод, одоо сорвийг нь харахаар санаа зовдог юм. Гарааны зурхай руу явж байхдаа моринд зөндөө л тангаруулж явлаа. 


-Морь унахын сайхныг одооны хүүхэд багачуулд дурьдана уу?
-Наадмаар түрүүлж айрагдаад төв цэнгэлдэхэд морио цоллуулах хамгийн гоё шүү... 1970-аад оны дунд үе, 80-аад оны эхэнд намайг морь ид унаж байхад орос чемодан, 250 төгрөг, 380 төгрөгний үнэтэй орос одъяал, банка, сармагчны зурагтай печень, бас 25, 50 төгрөг байнд их өгнө. Цолноос гараад ирэхээр морь сайн унасан гээд морины эзэд 10-аас дээш төгрөгөөр нэмж шагнана. Ээжийнхээ оёж өгсөн унаач хүүхдийн хувцас, овоодойг өмсөж, туухавч зүүж, түрийтэй арьсан гутал өмсдөг байлаа. Зун тэгээд аавтайгаа цуг л морины уяан дээр өнжинө. Сүүлд том болоод мориноос хасагдаж “Найрамдал” зусланд амарч байхдаа морио санаж, шөнө зүүдлэж уйлж байв. 
Миний ах Д.Цолмонбаатар жинхэнэ сайн уралдаанч байлаа. Дамбий гуайн халтар азарга гэж 5 удаа түрүүлсэн их догшин, булгидаг хурдан азаргыг ахаас минь өөр хүүхэд унаж чаддаггүй. Ах маань нэг удаа араас нь нэхээд гүйцэхгүй байсан мориныхоо хүүхдийг “Чихэр өгье” гэж дуудаад ардаа оруулж байсан түүхтэй хүн дээ... (инээв)
Өвөл цагаан сарын баяраар бас сайхаан... Ээж маань их уран хүн, бүх хүүхдүүддээ шинэ дээл оёж өгнө, битүүний орой л товч, шилбийг нь оёж дуусгана. Маргааш нь шинийн нэгэнд хашаа дүүрэн уяж хоносон морьдоо унаж, гэр хороолол, цаашлаад аймгийн төвөө тойроод л цагаална даа. Хэсэж дуусаад гэртээ ирж, дээлийнхээ бүсийг тайлахад нь айлуудын өгсөн бэлэг сархийтэл асгардаг сан. Ер нь тэгээд өвлийн улиралд Нисэхийн байранд гэр маань пиг хүнтэй, 20-н цагаан түмпэн дүүрэн мах чанана. Айлчин, гийчид аавтай минь хууч хөөрөн, гэгээ ортол хурдан морины угшил, түүх домог ярьж нойргүй хонодогсон. Аав минь их олонтой хүн явж дээ... Зуны цагт бор гэрийг минь тойроод олон хүн, хүүхэд багачуултайгаа унтана, ээж минь 2 дөчийн бидон цай чанаад өдөртөө дуусчихдаг байлаа. Хулсан Лхагва, сэргийлэхийн Дорждэрэм, Баянтүмэнгийн Жамъянсүрэн, Ажваа буюу Х.Арсланбаатар, Шар Нацагаа, Дашзэвэг, Адьяа, Ванчинпүрэв, соом Жагаа, Халхголын Багвар нарын ах нар гээд уяачид, Нисэхийн дарга, ажилчид, хилийн цэргийн дарга, зоосоор сайн мэргэлдэг Ваанчигдамба, морь сайн хатгадаг Элбэг Ядмаа ах гээд моринд элэгтэй олон сайхан хүмүүсийн дунд бид хүүхэд насаа жаргалтай үджээ.
-Дэлгэрцогт гуай морины угшил их мэддэг хүн байсан гэдэг?
-Тийм ээ, миний аав их ойтой сайтай хүн байсан, тэдний тийм азарганд ийм гүү хураалгаж гишгүүлээд, тэр унага гараад тэрэнд очоод тэгж хурдалсан гээд удам угшлыг нь их сайхан ярина, хүмүүс түүнийг нь сонсох гэж манайд их цуглана. Гоё дуулна, зурна, сийлбэр хийдэг, мориныхоо хусуур сойз, хазаар ногт, чөдрийг өөрөө хийнэ. Хурдан морийг сайн таньж шинжинэ, энэ Ц.Эрдэнэцогт ах аавыг маань дагуулж ийш тийш их авч явж адуу их цуглуулсан, бас уяа морьдынхоо дэлийг их сайхан засна, сүүлийг нь соёогоор задлаж, өтгөн бол шингэлнэ, хөхөл санчигийг нь хүртэл шингэлдэгсэн. Багачуул биднээр морьдоо байнга өнгөлүүлж, чавхайсан өнгөлөг морьд уяан дээр байсан сайхаан... Надад азарганы дэл сүлжихийг заасан шүү... (инээв) 1997 онд аймгийн Уяачдын холбооны анхны хурал, хаврын уралдааны бай шагналд 1 морин хуур урлан, 5-н уурга наан хандивлаж байсныг нь би санаж байна. Дунд сургуулийн маань “Ёлко”-ны багт наадмын амьтны багийг хүртэл хийж өгдөгсөн. Их ажилч, хичээнгүй хүн байсан тул 1980 оны хаврын зуднаар ард нь үлдсэн ажлын газрынхан нь сандралдаж Дашбалбар сум руу төлд явсан аавыг минь онгоцоор буцаан авчирсан түүхтэй.


 -Таны үеийн унаач нар их сайхан марзайлдаг, бас морь сайн унаж байсан хүүхдүүд сайн уяач болсон түүх байна?
-Төвийн аймгуудад “Гийнгоолно” гэдэг, харин манай зүүн аймгийнхан марзайлна гэдэг юм. Бас л аав маань зааж өгсөн дөө...
УМ МАРЗАЙ НУМ СУУХАЙ
ГЭГЭЭН БОГД ӨРШӨӨ
гэж марзайлахаар морьд дүүхэлзээд, алхаа гишгээ нь гоё болдог юм. Их уртаар гоё уянгалуулж дууднаа... Үүнийг би энэ зун морины хүүхдүүдэд зааж өгье гэсэн бодолтой байгаа. 
Би сургууль соёлд яваад л мориноосоо хөндийрсөн, харин хүүгээ морь уяна эсвэл барилдах болов уу гэтэл хүний их эмч боллоо. Охин маань миний мэргэжлийг эзэмшиж гоо сайханч болсон. Би чинь ”Монгол улсын Мастер гоо сайханч” цолтой хүн. Сониноос гэвэл сар шинээр аавын найз Дорждэрэм ахтайгаа золгохоор очиход “Миний охин л морь сайн уях хүн дээ” гээд л инээдэг юм. 
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Наадмаар морь үзэхээр өөрийн эрхгүй уухайлдаг ш дээ. Одоо хурдан морины уралдаан улам хөгжжээ. Уралдаанч хүүхдүүдийг иж бүрэн хамгаалалтын хувцастай байхыг шаарддаг болсон байна. Гэнэтийн ослын даатгалд хамруулж, 7-гоос дээш настай хүүхдийг зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр морь унуулдаг болж, гарааны төхөөрөмж ашигладаг болсноос хойш морь дутуу эргэж будилахаа больсон гээд ололттой тал зөндөө байна. Харин адуугаа ч зүслэж мэдэхгүй нөхдүүд цол авах тохиолдол мэр сэр гардаг талаар наадамчин олон ярихыг сонссон маань их гайхруулж байгаа. Миний аав “Аймгийн Алдарт уяач” цол авахынхаа өмнөхөн 2002 онд 58-хан насандаа гэнэт өвчинөөр тэнгэрт хальсан, хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол том цолтой уяач байх байжээ гэж би боддог юм. Ээж маань аавыг аймгийн наадмын 9-н түрүү, 21-н айрагтай гэж ярьдаг. Гэхдээ аавынхаа тухай ярилцлага өгч, олонд хүргэж байгаадаа би маш их баяртай байнаа. Та бүхэнд гялайлаа...


Ярилцсан: Хатагин Б.Батсайхан


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна