Монголын хурдны цөм Морин тойруулгын хурдан хүлгүүд-Индекс түүний төлүүд

Сэтгүүлч
12-р сарын 22 -нд

Индекс дуудлагатай шар хээр азарганы нэгдүгээр үеийн төл 1974 онд төрсөн Морин тойруулгын Тогоруу дуудлагатай халтар азарга /эх нь Морин заводоос ирсэн халтар гүү/ 1979 онд Ардын хувьсгалын 58 жилийн ойн их баяр наадмын уралдаанд түрүү, Ардын хувьсгалын 59 жилийн ойгоор айргийн гурав, Ардын хувьсгалын 62, 63 жилийн ойн их баяр наадмын уралдаанд дараалан түрүүлж, нийтдээ дээд насандаа гурван түрүү, нэг айраг хүртсэн агуу хурдан хүлгээс гадна төлүүд нь, төлийн төлнь олон түмэнд гайхагдсан олон хурдан хүлэг төрсөн.

Монгол Улсын Манлай уяач агсан Д.Гарамжав гуай 1983 онд Морин тойруулгын Тогоруу халтар азарганд Дундговь аймгийн Нэрэнжээгийн адууны хар гүүг хураалгаснаас гарсан төл хавчиг халтар азарга 1989 онд Ардын хувьсгалын 68 жилийн ойн их баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан. Энэ халтар азарганы төл Сэргэлэн сумын наадамд нэг түрүүлээд хөл нь муудаад цаашид уралдаагүй.
Д.Гарамжав гуайн халтар азарганы төлүүдээс өсгий цагаан хар азарга бага насандаа 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ойн их баяр наадмын шүдлэнгийн уралдаанд түрүүлж, энэ оныхоо наймдугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн шүдлэнгийн уралдаанд аман хүзүүдэж, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор хязаалан аман хүзүүдсэн. 


Морин тойруулгын Тогоруу халтар азарганы төл 1989 онд төрсөн халтар азарганы төл Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хар азарга 1999 онд Ардын хувьсгалын 78 жилийн ойгоор дааганы уралдаанд түрүүлж, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хязаалангийн уралдаанд аман хүзүүдсэн. Мөн халтар азарганы төл Э.Эрдэнэчулууны том шарга 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор соёолон насны морьдын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Архангай аймагт явагдсан “Тамирын хурд”-д түрүүлсэн.


 Шаргын дүү шарга /энэ хоёр шаргын эх бор гүү Хэнтийн гаралтай/ 2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн их баяр наадмын шүдлэн насны уралдаанд түрүүлж, мөн Архангай аймгийн “Тамирын хурд”-д түрүүлж, Өвгөн ноёны наадамд айргийн гуравт хурдалсан. 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хязаалангийн уралдаанд айргийн дөрвөөр давхиж, “Шувуун саарал” наадамд түрүүлсэн. 2002 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойн их баяр наадмын соёолонгийн уралдаанд түрүүлж, Дундговь аймгийн 60 жилийн ойгоор түрүүлсэн. 2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойн их баяр наадмаар азарганы уралдаанд айргийн дөрвөөр давхиж, 2004 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор түрүүлж, тэр жилдээ “Их хурд-3”, Сүхбаатар аймгийн Алтан овооны төрийн тахилга наадмуудад дараалан түрүүлсэн. 

Мөн 2007, 2008, 2009 оны төрийн наадамд завсаргүй гурав түрүүлж, 2007 онд шигшмэл морьдын "Их хурд-4" уралдаанд аман хүзүүнд хурдалсан. 


Мөн сонгомол морин спортын саад харайлтын төрөлд нэгдүгээр үеийн эрлийн Хараацай бор морь соёолон насандаа Монгол Улсын цол зэргийн нэгдсэн ангиллын спортын мастерын норм биелүүлж, Монголын морин спортын ууган мастер Төмөржаагийн Даваадорж эх орны дээд амжилтыг саадны өндрийг 130, өргөний 130 см-ээр тогтоож, шинэ сүргийн өвөрмөц шинж чанарыг тодорхойлсон билээ.

 Хараацайн араас Чандага шарга, Уянга хээр, Бангад халтар, Жаргалан зээрд, Жавхаа, Уяанга бор, Сүлд, Сансар, Үүлэн ухаанууд, Арбук хар дуудлага, хочтой морьд спортын мастерын норм, эх орны дээд амжилтыг олон удаа тогтоож үнэхээр ухаантай, зориг тэвчээртэй, чадалтай хүлгүүд тодрон морин спорт сонирхогч, моринд дуртай ард түмнээ байнга баярлуулж байв. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна