Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн энэ хугацаанд азарга л түрүүлгэж үзээгүй

Сэтгүүлч
2022 оны 2-р сарын 14 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм II  багийн харьяат, сумын Алдарт уяач Жигжидийн Нэргүйбаатар нь 1968 оны хавар Дөхөм бригадын төв Тоонот хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн. Аймгийн сайн малчин, МЗХ-ны Тэргүүний залуу хошой алтан медалийн эзэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хуваалцаж байна.

-Уяач таны бахархалт хурдан хүлгэдийн амжилтаар ярилцлагаа эхэлье. Та аль адуунаасаа эхэлж ярих уу?
-Долоо айрагдсан бор морь бий. Эцэг тал нь сумын Алдарт Бор-Ухнайн хээр азарганы угшилтай. Надад төл нь болох хээр азарга байсан юм. Эх тал нь манай өөрийн унаган адуу хүрэгч гүү байгаа юм. Тодруулбал, аавын дүү Аавынхүүгийн хүрэн гээд Асгатад гурав түрүүлсэн хүрэн азарганы төл бол хүрэгч гүү. Улмаар би энэ гүүгээ хээр азарганд хураалгаж бор морь гарсан. Дааганд нь сургасан юм билээ. Надад битүү шүдлэн ирээд тэр жилдээ Асгатын баяр наадамд аман хүзүүнд давхисан. Хязаалан дөрөвлөж өөр нэг жижиг наадамд орсон. Харин соёолон Сүхбаатар суманд очиж түрүүлсэн. Залгаад Эрдэнэцагааны ойд тавлаж байлаа. Дараа жил нь хавчиг морь Онгонд түрүүлсэн. Баяншаргын уралдаанд бас нэг орсон. Энэчлэн Эрдэнэцагаан, Онгон, Сүхбаатар,  Асгатаар бүдүүртлээ айраг түрүү тасраагүй л дээ. Сүүлдээ ч найм, ес хүрээд хөл нь жаахан сулраад уяхаа больсон. Одоо 16-тай. 
-Унаа эдэлгээ, морины ажилд унах уу?
-Ойр зууртаа унана аа. 
-Аймагтаа уралдуулж байв уу?
-2002 онд аймгийн 60 жилээр шүдлэн үрээ авч очоод наймаар давхисан. Хэнтий рүү Өвгөн ноёны наадамд 12-оор орсон. Өөрөөр гадагшаа гарч уралдуулж байгаагүй ээ. 
-Танай хүрэгч гүүнээс олон төл гарсан уу?
-Олон гарсан л даа. Гэхдээ бор морийг арай гүйцэхгүй атлаа хүнд өгсөн нь айрагдлаа гэдэг юм. Тухайлбал, хүрэгч гүүний төл мэнгэтэй бор шүдлэн уулын наадамд түрүүлсэн. Нэг цагаан азаргыг Онгон сумын, аймгийн Алдарт уяач Шарын Чулуунбаатарт өгсөн. Азарга болсоор энд тэнд овооны наадамд орсон. Бас нэг ягаан шүдлэн үрээ мөн хязааландаа Онгон суманд очиж  түрүүлсэн. 
-Эцэг нь ямар азарга юм бэ?
-Хүрэгч гүүг өмнө нь Махбуриадын улааны угшилтай улаан азарганд тавьж байсан юм. Тэрнээс  бор охин адуу гарсан. Тэр хүрэгч гүүний төлийн төлийг Онгоны хоёр найздаа өгсөн нь мөн л айргаар давхисан. Нэг нь хүрэгч гүүний төл, нөгөөх нь хүрэгч гүүнээс гарсан борогч гүүний төл байгаа юм. 


-Өөр ямар хурдан адуугаар наадаж байв?
-1990 он гарахад цэргээс ирээд морь уяж зээрд морио нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн. Мөн л Аавынхүүгийн хүрэн буюу манай адууны угшилтай. Түүнээс хэдэн жилийн дараа Алдарт уяач Ганбаатар ахынхаа “Их хурд”-д оролцсон буурал морийг нэг үе уядаг байлаа. Аавынхүүгийн хүрэн азарганы төл буурал морь байсан юм. Би уяж суманд түрүүлгэчихээд,  1998 оны анхны “Их хурд“-д урилгаар очиж байлаа. Тэгээд хүүхэд нь ойчоод 61-ээр орсон. Бас Онгон суманд отрядын нэг наадмаар очиж айрагдуулсан. Би чинь хэзээ хойно хавчиг морь уяад дөрөв, таван жил айраг таслаагүй. Үүнээс өөр нэг цоохор азаргатай байлаа. Энэ чинь аймгийн Алдарт уяач Лхам  өвгөний хүү Ганболдын Лхамсүрэнгийн харын угшилтай адуу. Эх тал нь Дарьгангын Диваа Бор гэж хүний цоохор гүү байгаа юм. Би дааганд нь авч, тэр жилдээ айрагдаад, шүдлэнд нь сумандаа болон Онгонд тус тус нэг айрагдуулсан. Сүүлд Бумбаны тахилгад айрагдсан. Бас хүргэн ах Алдарт уяач Цогтбаатарын ес орсон хар морийг  хэсэг хугацаанд уядаг байлаа. 
-Та морь уяад 30 орчим жил болж байгаа байх нь ээ?
-Цэрэгт явтлаа морь уясан л даа. 13-тай хүүхэд даага түрүүлгэж явлаа. Бүүр хоёр, гурвыг ч оруулаад амжсан. Тэгээд 1987 онд цэрэгт явж гурван жилийн дараа халагдаад бие даан морь уяж эхэлсэн. Түүнээс хойш хэдэн жилдээ айраг түрүү тасраагүй. Өнгөрсөн хугацаанд азарга л түрүүлгэж үзээгүй юм байна. Бусад наснаас айраг түрүү аль алийг нь амссан. Тухайлбал, 1998 онд хүрэн соёолонгоо түрүүлгэж байлаа. Тэр зээрд морио соёолонд мөн л түрүүлгэсэн. Өөр халзан соёолонгоо ч түрүүгээр хурдлуулсан. Хязаалан гэвэл Бор-Ухнайн адууны өнөө хээр чинь хязаалан түрүүлж байлаа. Шүдлэн болохоор дөрөв орсон бор үрээ байна. Сүүлд хязааланд нь “Туушин”-гийн Зоригт аваад азарга болсон байгаа. Тэр бол нэг түрүүлж, гурав айрагдсан. 
-Нууц биш бол хэдээр өгч байв? 
-Шүдлэн түрүүлгээд хязаалан 25 саяд өгсөн. 
-Бага насны адууны уяаг илүү тааруулдаг юм байна. Жилдээ бага насанд олон адуу уях уу?
-Дааганаас нь эхлээд л уядаг юм. Хүүхдүүдээ бага байхад олныг уядаг байлаа. Яваандаа эд маань мориноос хасагдаад олноор нь барьж уяхаа больсон. 
-Сүүлийн үед энд тэндээс адуу мал авч байна уу?
-1990 хэдэн он гараад адуу их цуглуулдаг л байлаа. Сумандаа хоёр жил дарааллан адууныхаа тоогоор тэргүүлсэн. Тэр чинь 1993 -1995 оны үест л юм даг. Адууны тоо 500 дөхсөн юм. Одоо бол ах дүүсийнхээ адуутай нийлээд 400-гаад юм байна. Эндээс өөрийн 200 гаруй адуу бий. 
-Адуу малын арилжаа хийх үү?
-Хийнэ ээ хийнэ. Баянхонгор руу хэд хэдэн адуу гаргасан. Жаргалантад Жанчив, Галуутад бас нэг найз амьдардаг. Тэднээрээ дамжуулаад гаргаж л байна. 
-Ингэхэд таны дээдчүүл морь уяж байв уу? 
-Аав маань морь уяж байгаагүй ээ. Харин Аавынхүүгийн хүрэн гэдгийг азарга болсон хойно нь аавын дүү бүрлээч болсон Пүрэвжав гэж хүн уяж сумандаа гурав түрүүлгэсэн. Манай суманд гурав түрүүлсэн адуу ховор шүү дээ. Сүүлд манайхны Дугарын Баяраагийн гурав түрүүлсэн азарга гарч ирсэн ч хойшоо зарагдсан. Энэ авга ахаас маань өөр морь уяж байсан хүн байхгүй ээ. Надад уяаны эрдэм заасан багш ч гэж болно. Хүүхэд байхаасаа өвгөний морио уяж байгааг харж, дагаад явна. Жоохон том болоод азарга адууг нь хариулна. Наадамд хамт явна. Заримдаа уяаны арга барилаасаа нууна аа. Нэг удаа морины хоолоо өгчихөөд унтчихлаа. Нэг сэрсэн өнөө морио бариад үлээн дээр идүүлээд сууж байх юм. “Та яаж байна аа” гэвэл  “Арай бага шүү санагдсан юм. Гэхдээ болсон байх аа” гээд эргүүлж уяад бөөн инээдэм болж байлаа. Тэр жил энэ даага түрүүлсэн л дээ. 


-Аавынхүү гэдэг хүний талаар мэддэгээ манай уншигчдад ярьж өгөөч?

-Аавынхүү хүрэн азаргаа өөрөө уядаг байсан юм. Тэмээ хариулдаг байсан болохоор наадамд ах нь уясан азаргыг нь авч явдаг. Би өвгөрсөн хойно нь өвлийн наадамд ганц удаа унаж арван хэдээр оруулсан юм. Эдний адуунд манай хоёр гүү байдаг байгаад нэгнээс нь аавын хүрэн азарга төрсөн. Аавын энэ азарга өөрөө айрагдаагүй, зургаан удаа зургаагаар орсон. Би хүүхэд байхдаа унадаг л байлаа. Дараа нь төлүүдээс хүүхэд мөртлөө л уядаг байсан. Наймдугаар ангиасаа эхлээд хоёр жил дарааллан даага түрүүлгээд, нэг жил гурваар оруулсан. Гэхдээ голцуу сунгаанд хурдалдаг. Яваандаа нас ахиад ирэхээрээ суугаад 10 гаргаж ордог болчихсон. 
-Ер нь Аавынхүүгийн хүрэн азарганы төлүүд яаж давхисан юм бэ?

-Манай хүрэнээс өөрөөр төлүүд нь ийш тийшээ гараагүй шиг байгаа юм. Нэг их уягддаг ч үгүй байсан юм уу. Мэдэж байгаагаас Даатгал хээрийн гэх Пэрэнлэйн Дамдинжав гэдэгт манай хүрэний дүү нь бил үү ах нь очоод соёолон түрүүлж байсан. Тэгээд  манай хүрэнг уяад, сунгаанд түрүүлээд ирсэн төлүүдээс нь ганц нэг нь ийш тийшээ гарсан. Тухайлбал, Сүхбаатар сум руу Шагдарын Батдорж гэдэгт манай хүрэн азарганы төл хүрэн азарга гарч, төл хээр азарга нь өвөл хэд, хэдэн айраг түрүү авсан. Тэрнийх төл энд тэнд хэд айрагдсан байна билээ. Манай суманд ч даага ирж түрүүлж байлаа. 
-Танд одоо хүрэн азарганы хэд дэх үеийн төл явж байна вэ?
-Тав дахь нь болж байна уу. 
-Гүүг нь л солиод байна уу?
-Гүү, азаргыг нь солиод галбир нь өөрчлөгдсөн. Ганц нэг хүрэн  зүстэй болж гарч байна. Гэхдээ үндэс тасдахгүй л явахыг чухалчилдаг. 
-Таны хамгийн баяр бахдалт наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе?

-Бор морийг маань шүдлэн жил  суманд хамгийн олон үрээ буюу  206 үрээ мордсон юм. Тэнд миний  бор чинь яг гараад л тасарсан. Гэхдээ яг үзүүр дээрээ хадмын  үрээ буруу талаар нь хошуу өлгөж ороод түрүүлж,  минийх аман хүзүүдсэн. Тэгэхэд зарим нэг нь чинийх түрүүлсэн л гэж байсан. Би ч “Хадамтайгаа пайз булаацалдахгүй ээ, 206 үрээ мордоход газар дээрээсээ зугтаасан нь надад сайхан санагдсан” гэж бодож байгаагаа хэлж байлаа. Энэ их сайхан наадам байсан. Бас нэг наадмаас нэг түрүү, гурван айраг авахад мөн л сайхан байж билээ. Тэр чинь 1994 он. Хээр хязаалан түрүүлж, зээрд даага аман хүзүүдээд, буурал морь тавлаж, саарал азарга дөрвөөр орсон юм. Мэдээж Асгатын наадмаас айраг түрүү олноор авна гэдэг чанга л даа. Тэр утгаараа бахдалтай наадам гэж хэлнэ. Залгаад  Алтан овоонд очиж хязаалан зургаагаар орж, мөн л сайхан наадсан юм даа. 


-Хүүхдүүдээс нь морь уядаг уу?
-Тийм ээ, уяж байгаа. Манай хэд чинь дөнгөж 20 л гарч байна. Тэгэхээр зааж зөвлөх юм их байх юм аа. Би чинь зөвлөгч л болсон шүү дээ. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүлийн Асгат сумын тусгай дугаараас...


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.76.111

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply