Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан жолоог өргөөд цоллох нь алдар гавьяаны хэрэг

Сэтгүүлч
2022 оны 2-р сарын 26 -нд

Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул нэгэн Алдартын ярилцлагыг хүргэж байна.

-Улсын хурдан морь цоллооч, шүүгч гэдэг цолыг хэзээ авсан юм бэ? 

-Монгол улсын морь цоллооч, шүүгч гэж энэ эрхэм хүндтэй шагналыг 2006 онд хүртсэн. Говь-Алтай аймгаас анх Ванчиг гэж хүн энэ шагналыг авсан бол дараагийнх нь би. Энэ цол Чингис хааны үеэс улбаатай. Улсаас уг цолыг бий болгож хүртээсэнд их баярлаж явдаг.
-Хэдэн оноос хойш хурдан морь цоллож байна вэ? 
-Би 1972 оноос аймгийн наадамд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж эхэлсэн. Үүнээс хойш 40 гаруй жил өнгөрчээ. 
-Аль наадмын морьдыг цоллож байв? Хэдэн насны морь цоллодог вэ? Зарим хүмүүс чинь нас болгоныг өөрөөр цоллоод байдаг. 

- Манай Тайшир сум наадмаа аймгийн баяртай цуг хийдэг байсан учраас голдуу аймагт морь цоллож байсан. Сум тусдаа наадмаа хийдэг болсноос хойш морь цөөхөн цоллосон. Сүүлийн гурван жил эрүүл мэндийн байдлаас болоод морь цоллохгүй байна. Нэг наадамд хамгийн ихдээ дөрвөн насны морь цоллох явдал байдаг. Сүүлийн жилүүдэд цоллоочийн тоо нэмэгдсэн учраас нэгээс хоёр морь л цоллодог болсон байна лээ.  
-Эргээд бодоход аль насны морьдыг илүү олон цоллосон байна вэ?
-Азарга, соёолон, их насны морийг их цоллосон байдаг юм.
-Танаар хамгийн олон удаа алдар цолоо дуудуулсан ямар хурдан хурц хүлгүүд байв?
-Олон морь бий. Үүнээс тодруулбал, МУ-ын Алдарт уяач Дэлгэр сумын харьяат Пүрэвдоржийн хүрэн халзан азарганы цолыг олон удаа цоллосон доо. Энэ  азарга аймгийн наадамд дөрөв түрүүлсэн. Завхан, Дэлгэрийн даншигт тус, тус нэг айрагдсан. 
-Тэр бүрт нь та цоллож байсан юм уу?
-Би Завханы даншигт цоллоогүй. Бусдад нь цоллосон. 
-Хурдан морь цоллодог болоход тань юу нөлөөлсөн бэ? 
-Аавыгаа морины цол дуудаж байхыг ганц, хоёр удаа харж байсан. Тэгээд их сайхан санагдаад ааваасаа сурсан даа.
-Олон үгийг нэг амьсгаанд багтаах гээд л олон төрлийн чадварууд байх ёстой байх шүү дээ? 
-Тэгэлгүй яахав. Хүмүүсийн аялгуу, айзам бүр өөр, өөр байдаг. Зарим нь их хурдан хэлдэг бол зарим нь аялгуутай хэлдэг. Тэр бол хүн, хүний онцлог юм. 
-Таныг морь цоллож явсан хэдэн оны ямар наадам дурсгалтай санагдсан бэ?  
-Наадам бүр дурсгалтай. Онцолж хэлбэл, Дэлгэрийн даншигт Пүрэвдоржийн халзан азаргыг түрүүлж ирсний дараа цоллоход маш сайхан байсан. Учир нь хүрэн азарга маш хол тасарч ирсэн. Уясан уяач, унасан хүүхэд, хурсан олныг шуугиулж ирсэн ажнай хүлгийн алтан жолоог өргөөд цоллох нь их алдар гавьяаны хэрэг гэж би бодож явдаг. 
-Өөрийнхөө морь цоллох арга ухааныг бусдад өвлүүлэн үлдээсэн үү?  
-Хоёр, гурван шавьтай. Зарим нь аймгийн наадамд морь цоллодог. Мөн зарим нь сумдын наадамд морь цоллож байна. Хамгийн бага нь сургуульд сурдаг Дүгэрсүрэн гэж хүү бий. Түүндээ морь цоллох соёлыг өвлүүлэн үлдээхээр бэлдэж байгаа. Энэ хүүхэд маань ирэх жилээс морины цол дуудаж эхэлнэ. 
-Та улсын наадамд морь цоллож байв уу?
-Төрийн наадамд хараахан очиж цоллоогүй ээ. Надад урилга ирсэн ч биеийн байдлаас болоод очиж чадаагүй. 
-Шүүгч гэдэг нь ямар учиртай юм бэ?
-МУ-ын морь цоллооч хүн давхар шүүгч байна гэсэн заалттай байдаг.  Морин спортын бүх наадмыг шүүх бүрэн эрхтэй юм. Жишээлбэл хурдан морь, уран уургач, бугуйлчийн тэмцээнийг шүүж болно. Шүүгч бол улсын хэмжээний цол учраас хаана ч хүчинтэй. Харин хурдан морьдыг шүүнэ гэдэг нь барианд орсон морьдод хяналт тавих юм. 
-Хурдан морь цоллодог хүмүүсийн ихэнх нь найр ахладаг бололтой. Та найр ахлаж хоёрыг ойртуулж холыг учруулж байв уу?
-Найр ахласан. Нэлээн олон наадамд ч явсан. Хүүхдийн даахь үргээх, хүн гэрлүүлэх гээд. Манай энэ багаас айл болж тусгаарласан залуусын найрыг бүгдийг нь л ахласан даа. Миний айл болгосон залуусын дотор аймгийн Алдарт  уяач, манай сумын уяачдын холбооны тэргүүн Чилхаасүрэн байна. Мөн аймгийн Алдарт уяач Адьяасүрэн, Гүррагчаа, сумын Алдарт уяач Зээноров нар бий. 
-Найр ахладаг хүмүүс юуг мэдэж, чаддаг байх ёстой юм бэ?
-Найр ахлаач бол ёс журмаа сайн мэддэг, түүнийгээ дээдэлдэг байх ёстой. 
-Та аймгийн Алдарт уяач цолтой? Ер нь хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ? Таны өвөг дээдэст морь уядаг хүн байна уу?
- Манай аав морь уядаг байсан. Гэхдээ аавын үед цол, хэргэм олгодоггүй байж. Багаасаа аавыгаа дагаж хурдан морь унасан. Тэгээд 1975 оноос бие дааж морь уяж эхэлсэн дээ. 
-Аав тань хэдий үеэс морь мал уяж эхэлсэн юм бэ? Ямар хурдан морьдтой байв?
-Манай аав Тайшир сумын Наран бригадын харьяат Товуужав гэж хүн байсан. Цуутай хар морьдтой байлаа. Хамгийн сүүлийн хар морийг нь би мэддэг юм.  Аймгийн наадамд азарга анх уралдаж эхлэхэд манай хар азарга хоёр түрүүлж, нэг айрагдсан байдаг. Тэр хар азаргыг л би мэднэ. Ааваас өмнөх үе морь уяж байсан эсэхийг би мэддэггүй юм. 
-Та 1975 оноос эхэлж хурдан морь уясан. Анх ямар нас зүсний мориор уяачийнхаа гараагаа эхэлж байсан бэ? 
-1975 онд цэргээс ирээд морь уяж эхэлсэн. Анхны айраг, түрүүгээ 1978 онд соёолон насны морио аман хүзүүдүүлж авсан даа. 
-Таныг аймгийн Алдарт уяач цол хүртэхэд ямар хурдан хүлгүүд нөлөөлсөн бэ?. 
-Миний халиун морь дааганаасаа эхэлж хэд, хэдэн удаа айрагдсан. Мөн бага насны хээр морь амжилттай байсан. Бас нэг шар хээр морь, хүрэн даага хоёр сайн давхисан. Би бага насны адуугаа аймагт нэлээд айрагдуулсан амжилтаараа аймгийн Алдарт уяач цолыг авсан. 
-Аймгийн баяр наадмаас хэдэн айраг түрүүтэй вэ?
-Аймгийн баяр наадмаас нэг түрүү, зургаан айрагтай.
-Ямар насны морь түрүүлүүлж байсан бэ?
-1992 онд халиун даага түрүүлүүлсэн.  Манай сум аймагтай ойрхон учраас ихэвчлэн аймагт нааддаг байлаа. Харин сүүлийн үед тусдаа наадмаа зохион байгуулдаг болсон. Сүүлийн үед эрүүл мэнд муудсан учир морь уяхгүй байна.
-Та газар, газрын олон наадамд оролцсон байх. Таны оролцсон наадмуудаас хамгийн чансаа өндөр, том наадам гэвэл?
-Би Дэлгэрийн даншиг наадамд оролцож байсан. Тэр наадамд миний морьд 20 дотор ирсэн. 
-Сүүлийн үед уяачид адууныхаа цусыг сайжруулахаар энд, тэндээс азарга, гүү авчирч байна. Таны хувьд?
-Миний хувьд адууныхаа цусыг сайжруулах тал дээр их анхаардаг. Хэнтий аймгаас азарга авчирч тавьсан. Харин гүү бол нутгийнх. 
-Та Галуут багийн хүн. Танай багийг эртнээсээ хурдан хүлгүүдтэй байсан гэдэг.  Энэ багийн сайн уяач болон хурдан хүлгүүдийн талаар ярьж өгөөч?
-Галуут баг хурд сайтай, хурдан болон жороо мориороо алдартай. Манай багийн уяачид морийг сайн уядаг байлаа. Даанч өвгөн уяачид одоо алга даа. Дээхнэ үед уяачийн хөдөлмөрийг дутуу үнэлдэг байсан юм болов уу гэж боддог. Цол олгодог болсноос хойш манай баг аймагтаа хамгийн олон аймгийн Алдарт уяачтай болсон. Дээхнэ үеийн уяачдаас дурдвал Ааюу-Аяа гэж хөгшин байна. Энэ хүн морьдоо аймагт олон удаа түрүүлүүлж, айрагдуулсан. Тухайн үед цол олгодог байсан бол тэр хүн аймагт байтугай улсын Алдарт уяач болохоор байсан. Түүний хүү Раднаасэдийн хээр морь аймагт нэг түрүүлж, хоёр айрагдаж байсан. Алдартай хурдан ажнай байсныг би сайн мэднэ. 
-Тухайн орон нутагт домог мэт яригддаг хүлгүүд байдаг. Нэр цууд гарсан  Галуутын унагуудыг нэрлээч?
-Аюушийн бор гэж алдар цуутай бор морь байсан. Галуутын морийг яръя гэвэл энэ морийг л ярина. Аймагт олон түрүү, айраг авч Говь-Алтайн түүхэнд бичигдсэн сайн морь юм. Мөн Чулууны халтар морь аймагт хэд, хэдэн удаа түрүүлж, айрагдсан алдар цуутай хүлэг юм. 17 насандаа аймгийн баяр наадамд түрүүлсэн. Дөмөн Цэндийн бөөн сүүлтэй хээр морь аймгийн наадамд хэд, хэдэн удаа айрагдаж байсан.  Мөн Сампилын бор морь аймгийн наадамд олон айрагдсан. Их насны морьдыг ярьвал ийм байна. Азаргаас Д.Сандагийн хээр аймгийн наадамд тав түрүүлсэн. Энэ азаргаараа бид их бахархдаг.
-Сүүлийн үеийн буюу дунд үеийн сайн уяачдаас гэвэл? 
-Манай баг хамгийн олон Алдарт уяачтай гэж би хэлсэн. Түүн дотроо аймгийн Алдарт уяач Чилхаасүрэн, Н.Лхагвасүрэн, С.Гүррагчаа, Адъяасүрэн нар байна. Тун удахгүй манай багаас улсын цолтой уяач төрнө гэж би боддог юм.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүү, нэг охинтой. Хүүхдүүд тусдаа гарсан. Хамгийн бага хүү надтай хамт мал, маллаж байна. Энэ маань морь уяна гэдэгт итгэлтэй байгаа. Моринд ч сонирхолтой.
-Ярилцлагаа таны оролцсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. 
-Хамгийн анхны айргаа авахад их өндөр сэтгэгдэл төрж байсан. Соёолон морио аман хүзүүдүүлж алтан жолоог нь өргүүлээд цоллуулж зогсоход маш сайхан байж билээ. Түүндээ урамшиж өдийг хүртэл явлаа. 
-Баярлалаа. Үе дамжин хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа танд болон танай гэр бүлд эрүүл, энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
 За баярлалаа. Та бүхний ажилд амжилт, амьдралд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсье.

"Тод магнай" сэтгүүлийн Говь-Алтай аймгийн тусгай дугараас... 2017 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.77.136

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply