Аймгийн Алдарт уяач О.Мөнхбат: “Манай нутагт маргаашийн наадмыг харсан юм шиг хэлдэг мундагчууд олон байлаа”

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 16 -нд

- Ах дүү гурван Алдарт гээд нутгийнхан танайхныг андахгүй юм?
-Тэгэлгүй яахав. Нэг нутаг усныхан биенийгээ андахгүй шүү дээ. Манайхан цөм л хурдан моринд дуртай хүмүүс. Аав маань анх нэгдэл  байгуулагдахад л өртөөний адуу авч хариулан, насаараа морь уясан хүн. Зүгээр ч нэг уяхгүй энэ хавьдаа морь танихдаа гайгүйд тооцогддог байлаа. Бид эцэг эхээс зургаалаа. Дөрвөн хүү, хоёр охин. Эрчүүд нь бүгд л морь мал сонирхоно доо.
-Та ч бас шаггүй хатгадаг янзтай байна лээ. Өчигдөр хээр морь хатгаж байхыг тань харсан?
-Би бригадынхаа хүний бага эмчээр ажилладаг. Гэхдээ морь уяж байгаа хүн ойр зуурын хатгаа хийлгүй яахав. Манай нутагт хатгуур сайн хийдэг хүмүүс бий. Тэдэнтэй харьцуулах юм бол бага л даа.
 -За тэгвэл уяачийн тухайд яриагаа үргэлжлүүлье. Хэдэн оноос эхлэн морь уяж байгаа вэ?
-1992 оноос хойш бие даан морь уяж байна. Ер нь цэргээс ирээд л морь уяж сумынхаа наадамд даага түрүүлгэж байлаа. Тэр даага миний хулгар халтарын төл, унаган адуу маань байсан юм. Уяач хүн унаган адууны амжилтаар өм нээгдэх сайхан л юм байна лээ.
-Дуунд хүртэл мөнхөрсөн “Хулгар” халтарынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Манай аав цаг хатуу байхад хоёр халтар гүү авч байсан юм гэнэ лээ. Нэгийг нь ногоон пийсүү соруулаар, нөгөөг нь нанжин гахай гөлмөөр авсан гэж ярьдаг юм. Аавын маань зорьж авсан их бага халтаруудаас олон сайхан хурдан буян төрсөн юм. Таны асуусан хулгар халтар азарга бол бага халтарын удамтай.
-Төрлөхийн хулгар юмуу?
-Нэг их цасан шамаргатай өдөр төрөөд чих нь хөлдчихсөн юм билээ. Тэгээд хулгар болчихгүй юу. Том халтараас нь ганц охин, бусад нь эр унага гарч, цөм сумынхаа наадамд айрагдаж түрүүлж байсан.
-Хулгар халтар даагандаа сумынхаа наадамд түрүүлж байсан гэсэн. Түүнээс хойш ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Хязааландаа Саран хайрханы даншигт долоолж, соёолондоо Дарви сумын наадамд хол түрүүлэн,  нийлсэн жилээ сумынхаа уяачдын баяр болон наадамд түрүүлсэн. Тэр үед манай сумынхан аймаг явдаггүй байхад хулгар халтартайгаа очиж түрүүлж байлаа. Ер нь бол халтар азарга
аймагт хоёр түрүүлж, нэг айрагдан, сум багийн наадамд бол их олон түрүүлж, айрагдсан адуу байгаа юм. Сүүлд нь 2006 онд Отгонбаяр начны мялаалга наадамд түрүүлээд 17 настайдаа зодог тайлсан.
-Халтар азарганы төлүүд хэр давхиж байна?
-Эр төл цөөнтэй. Анхны эр төл хар морь нь сумын наадамд аман хүзүүдээд, нийлсэн жилээ Шарга сумын наадамд айрагдсан. Харин охин төлүүдээс нь гайгүй сайн хүлэг төрж байгаа шүү.
-Мөнхбат уяачийг Алдарт цолонд хүргэсэн өөр ямар ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Арай онцлог гэж бодсон уралдаануудаас ярья л даа. 1999 оны аймгийн наадамд ахтайгаа очиж азарга, их морь түрүүлгэж, нэг үрээ айрагдуулан бас нэг их морь нь аман хүзүүнд давхиулсан нь
бахдалтай сайхан наадмуудын нэг. Мөн 2000 онд миний хоёр азарга сумын сургуулийн 70-н жилийн ойд нэг, хоёроор ирснийг онцолж болох юм. 2009 оны аймгийн хаврын бүсийн бага гурван насны уралдааны гурван түрүүг хүртсэн тэр наадам ч бас эр хүний омог бадраасан сайхан дурсамж үлдээсэн.
-Бүсийн наадамд азарга аман хүзүүнд давхиулах ч бас бахдалтай сайхан байсан байх?
-Тэгэлгүй яахав. 2010 оны  баруун бүсийн даншиг наадамд азарга аман хүзүүдүүлж, их нас дөрвөлүүлэн урамтай  сайхан наадсан. Том дов гэдэг цаана өөр юм билээ.
-Яриаг тань сонсож байхад гадагшаа гарч уралдах сонирхолтой юм шиг?
-Тиймээ, арай өндөр дов үзэж, олон адуутай уралдуулья гэсэн бодолтой явдаг. Тэр утгаараа улсын наадамд хоёр ч удаа очиж уралдсан. 2005 онд хоёр үрээтэй очоод, нэг нь 32-оор, нөгөө нь 88-аар давхисан. Өнгөрсөн жилийн тухайд соёолон үрээ 12-оор давхиж цулбуур өргүүллээ. Амжилт ахиж байна гээд өөртөө урамшаад л явж байна.
-Ингэхэд ер нь хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
-Бүсийн наадмын таван айраг, аймгийн чанартай наадмын 10 гаруй айраг түрүүтэй. Сум  орон нутаг гэвэл олоон олон.
-Сүүлийн үеийн уяаны арга барил өөрчлөгдөж буй. Орон нутагт хэр нэвтэрч байна даа?
-Хүн бүр дор бүрнээ шамдан суралцаж байна. Би танай “Тод магнай” сэтгүүлийн байнгын уншигч. Анхны дугаараас нь эхлээд цуглуусан. Танай сэтгүүлээр дамжуулан уяаны арга барилын талаар нэлээд мэдээлэл авдаг. Дээрээс нь нутаг усны хөгшчүүдээс асууж сураглаж байна. Манай сум эртнээсээ хурдтай. Маргаашийн наадмыг харсан юм шиг хэлдэг мундагчууд олон байлаа шүү дээ. Тийм мундаг хүмүүс үр сад болсон бид хичээж л байна. /Инээв/
Уяа эвлэг, морьд хурдан байх болтугай. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна