“Тулга-Алтай” компанийн захирал, Аймгийн Алдарт уяач Л.Батжаргал:”Алдарт цолоо хоёр айргаар мялаасан баруун бүсийн даншиг наадам хамгийн дурсамжтай нь”

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 21 -нд

-Богино хугацаанд одтой сайхан наадан Алдарт цол хүртсэн цөөн уяачийн нэг нь та юм байна. Ингэхэд ер юу таныг моринд урвуулсан юм бэ?
-Хурдан морь сонирхон уяачийн жаргал зовлон эдлэхэд хэд хэдэн зүйл нөлөөлсөн байх. Хамгийн эхнийх нь  Алтай нутгийн хурдны өлгий болсон Баян-Уул суманд төрж өсөн бага насаа морь дэл дээр өнгөрөөсөн нь нөлөөлсөн байх. Харин дараагийнх нь миний өвөг дээдэс хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн, адуунд элэгтэй эрчүүд байсан нь нөлөөлсөн байх. Миний авга ах том хэмээх Чойжил, авга хүрэг ах “жаахан” хэмээх  Ням зэрэг моринд хорхойтой ах нар байлаа. Нутгийнхан андахгүй дээ. Гэвч сургууль соёлын мөр хөөн хэсэг явж, бизнес ажил төрөл гэсээр нэг хэсэг хөндийрсөн л дөө. Тэгж явтал 2006 онд аймгийн Алдарт уяач О.Мөнхбат, Д.Хадбаатар нар “нутгийн адуугаа сайжруулья хэдүүлээ зүүн талаас хурдан морь оруулж ирье. Та нутгийн бизнесмэний хувьд дэмжээч” гэсэн санал тавьсан юм. Тэгэхээр нь би өөрийн хадам ах Баян-уул сумын морин спорт уяачдын холбоон үүсгэн байгуулагч, тэргүүн Доржсүрэн болон Доржпалам ах нарыгаа уруу татаад  Мөнхбат, Хадбаатар нарынхаа хамтаар аян замд гарсан даа. 2006 оны өдийд гурван сарын үед шүү дээ. Бас болоогүй тэрүүхэн хавьдаа хөөрхөн хөглөж, багагүй саад бэрхшээлийн туулсан ч зорьсондоо хүрэн хэдэн сайхан адуу авчирсаан.
-Хэрэгт дурлалаа гэж битгий бодоорой.  Тэр үед хэрхэн хөглөснөө дурсахгүй юу?
-Осолдож машин тэргээ эвдсэн тал бий. Гэхдээ ийм сайхан бэлгэтэй өдөр тэрийг яриад яахав.
Хэрэг гаргаад зорьсон ч хэн дуртай нь гүйж очоод л хурдан адуу авна гэдэг хэцүү. Ер нь урьдчилж судалсан уу?
-Бас ч хоосонгүй ээ. Би удирдлагийн академид Манлай уяач Онгуугийн дүү Хүрэлбор гэж залуутай нэг ангид сурч байсан юм. Тэр найз маань “манай нутгаас очиж хурдан адуу аваарай”  гэдэг байсан юм. Нутгаасаа гарахдаа “ямар ч байсан найз дээрээ яваад очиход алзахгүй байлгүй дээ” гэсэн тооцоо бол байсаан байсан.
-За тэгвэл ямар ч байсан Манлайн адуугаар орсон юм байна?
-Тэгсээн. Хамгийн түрүүнд найз дээрээ очсон. Найз маань надад замын Зоост бор азарганыхаа дүү хүрэн үрээгээ бэлэглэж, би өчигдөр /2-р сарын 24 нд/ аман хүзүүдсэн бор азаргаа, шүдлэнд эхтэй нь авсан юм. Мөн найзынхаа ах Онгуу Манлайгаас халтар үрээ худалдаж авсан.Хамт явсан нөхөд маань үрээ голдуу авч байсан бол би нутгийн сайн азарганууддаа хураалгах гүү авч байлаа. Уяачид ярьдаг шүү дээ. Сайн адуу сав сайт гүүнээс унадаг гэж. Ер нь том уяачдын туршлагыг хуваалцаж байхад гүүндээ нэлээд ач холбогдол өгдөг байсан юм билээ. Тэр болгоныг бодолцсон. Ингээд нутгийн адууны угшлыг сайжруулах бодолтой бидний хэдэн нөхөд чиргүүл дүүрэн морь ачаад ирж байлаа.
-Та өчигдөр ярьж байсан даа. Сүхбаатар луу явдаг нь бас нэг шалтгаантай байсан гэж. Тэр нь юу байсан юм бэ?
-Миний төрсөн дүү улсын начин Отгонбаярын хөдөлмөр алдрыг сум орноороо тэмдэглэх болсон юм, тэр жил. Дүүгийн алдрыг нутаг усныхан тэмдэглэж байхад ах нь байна ганц нэг морь мордуулбал гэж нутгийн залуусыг хандахад бодоод тэгээд л зориг шулуудсан даа. Морины холбогдолтой ажил хар аяндаа бүтэж байдаг бас их сонин шүү. Сүхбаатар явахаасаа өмнө нутгийн Тод манлайгуудтайгаа уулзсан юм. Тэгсэн тэр хоёр маань Асгат сум орвол  төрийн наадмын түрүү Асгат саарал азарганы эзэн “үүлэн” хэмээх Баяраатай танилцаарай гэсэн юм. Тэр ёсоор би тэднийхээр орж нэг шөнөжин адуу ярьсан. Их сайхан яриа хөөрөөтэй хүн байсан л даа. Тэгсэн Баяраа гуай “Яаж яваад би Говь-Алтайн, тэр дундаа Баян-Уулын залуучуудтай холбогдоод байдаг юм бүү мэд. Нэг учрал ерөөл байдаг байлгүй дээ. Алтайн хөх уулсынхаа салхи үнэртүүлж ирсэн чамд аавынхаа унаган адуунаас өгнөө” гээд сайхан хонгор гүү өгсөн. Тэр сайхан буурлын буян дэлгэрч олон хурдан буян гарсан. Түрүүч нь уягдаж байна.
-Та түрүү хоёр үрээ авчраад хоёулаа сайхан давхисан хэмээж байсан. Дүүгийнхээ мялаалга наадмыг хэлсэн үү?
-Тиймээ, дүүгийн маань цолны мялаалга сумын наадамтай давхцсан юм. Тэр наадамд найзаасаа авсан бор шүдлэн маань айрагдаж, Онгуу манлайгаас авсан халтар үрээ маань өнгөлж явсаар байгаад үзүүр дээрээ сууж зургаалсан. Бор үрээ маань сумын наадмаас гурван хоногийн дараа аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд уралдаад 10 дотор ирсэн. Дахиад арван хэд хоногийн дараа болсон Шарга сумын 70 жилийн ойд уралдаж түрүүлсэн юм. Тэр наадамд найзын маань бэлэглэсэн хонгор үрээ мөн түрүүлж, би  нэг өдөр хоёр түрүү хүртэж байсан юм.
-Сүхбаатар явсны хэрэг ч гарсан байна шүү?
-Тэгсэн. Миний бор үрээ үнэхээр хурдан ажнай л даа. Амжилтыг нь анзаарч хараад байхаар тэгш он жилүүдэд их мундаг давхисан байдаг юм. 2008 оны аймгийн баяр наадамд дөрвөлөөд, Ховдын даншигт очиж  соёолон үрээ долоолсон. Тэр наадамд дүү бор даага нь гурваар давхиж байлаа.
2009 онд бор үрээ Завханы даншигт очиж уралдах болдог юмаа. Тэгсэн яг уралдахынх нь өмнөх шөнө миний бие тавгүйрхэж сандаргаад уяач маань намайг аваад эмнэлэг явж байх хооронд хүүхдүүд анхаарал хандуулж байх хооронд хүүхдүүд адуугаа алдаж хиаг руу оруулаад их морь, азарга хоёр  хүлээж байсанчлан амжилт гаргаагүй.  Тэр жил ихэнх нутгаар их гантай байсан учраас морьдоо ахиж уралдуулалгүй тавьсан юм. Харин 2010 онд Говь Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд хавчиг азарга үнэхээр дийлж уралдаж байгаад үзүүр дээрээ УИХ ын гишүүн Х.Баттулгын хүрэн азарганд дайруулаад аман хүзүүдсэн. Дөрвөн их түүхт ой давхцсан 2011 онд бид төрийн наадмаа зорьж  очсон. Харамсалтай нь нийтийг хамарсан их ханиаднаас болоод азарга, их нас хоёр маань жаахан хойгуур ирсэн. Бор азарганы дүү бор соёолон 13-т давхисан даа.
-Түмэн хүлгээс тавхан нь айрагддаг төрийн наадмын дэвжээ хатуу гэхэд сайхан нааджээ?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд морь эсэн мэнд наадах шиг сайхан юм хаа байхав. Хүүхэд морь аль аль нь том дов үзэж, нүд тайлагдсан нь хамгийн завшаантай хэрэг гэж үзэж байгаа.
-Бүсийн  наадамд их морь, азарга айрагдуулна гэдэг бахтай сайхан байдаг биз? Самсаа шархируулж, огшоосон тэр наадмын дурсамжаас яриагаа эхэлье?
- Би 2010 оны сар шинээр аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм. Моринд ороод удаагүй байсан болохоор битүүхэн санаа зовж  энэ том цолыг морьдынхоо амжилтаар хариулна даа гэж бодож байлаа. Тэгээд аймгийнхаа 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд азарга, их морь айрагдуулж цолоо мялааж байлаа. Зорьсондоо хүрч, басхүү төр түмнийхээ итгэлийг алдаагүйдээ бахархсан тэр жилийн наадмыг одоо ч санахад сэтгэл өөдрөг  байдаг юм.
-Бүсийн наадамд айрагдсан  их мориныхоо тухайд?
- Онгуу Манлайгаас халтар үрээ шүү дээ. Манлайн буян Алтай нутагт минь ирж олон айраг түрүүний эзэн болж “Онгуу халтар” хэмээн нэрлэгдэх болсон юм.  Халтар морь маань баруун бүсийн даншиг наадамд айргийн дөрвөөр хурдалж түмэн олныхоо хийморийг сэргээсэн. 
-Даагандаа Завханд айрагдаж, соёолондоо улсын наадамд 13-р давхисан бор үрээнийхээ тухайд?
-Найзаасаа бор шүдлэнг эхтэй нь авсан гэж дээр ярьсан шүү дээ. Тэгэхэд эх гүү нь хээлтэй ирсэн юм. Бор гүү хавар нь унагалж хөөрхөн охин шарга унага гарсан байсан ч азарга нь барьчихсан байсан.
-Азарга унага барьчихаж байгаа юмуу ?
-Айхтар азарганууд чинь өөрийнхөө биш үр төлийг адуундаа байлгадаггүй юм байна лээ ш дээ. Бор гүүг  Мөнхбатын Хулгар халтар азарганд хураалгасан байсан юм. Тэгээд тэрний дараа жил бор гүүнээс Хулгар халтарын төл эр бор унага гарсан нь өөрийн чинь асуусан хурдан бор үрээ шүү дээ. Хоёр талын хурдтай аргагүй хурдан буян болохоор дааган цагаасаа эхлээд л хурдалсан. Даагандаа аймгийн наадамд түрүүлээд, Ховдын даншигт гурвалж, 2009 онд шүдлэндээ аймгийнхаа хаврын уралдаанд түрүүлээд, Завханы даншигт очиж уралдсан. Харамсалтай нь цэргүүд зурхайн хүүхдийг нь олсоор татаж унагаагаад сул гурваар явсаар байгаад уяа руугаа хадуураад. Хүүхдээ мордуулах гэсээр байж нэлээд хойноос хөөгөөд арван хэдээр орсон юм. Тэр жил манай нутгийн хоёр Тод манлайн мялаалга наадам, Баян-Уул сумын уяачдын өргөөний нээлтийн баяр наадамд Жанчив Манлайн хурдан хар үрээний ард аман хүзүүдсэн. Тэрнээс долоо хоногийн дараа Халиун сумын 50 жилийн ой, Говь-Алтай аймгийн урд сумдын бүсийн уралдаанд их хол түрүүлсэн юм. 2010 онд “Баянгийн манлай” хаврын уралдаанд аман хүзүүдээд, сумынхаа наадамд түрүүлсэн. 2011 онд улсын наадамд соёолондоо 13-аар давхиж, намайг их баярлуулсан. Ханиадгүй байсан бол айрагдчих байсан байх л гэж боддог. Миний хурдан бор үрээ гараа их сайтай адуу л даа. Улсын наадмаас ирээд Гомбо агсны 100 жилийн ойд түрүүлсэн.
Бор азарганы төл хэр хурдалж байна вэ?
-Одооноос л гарч байна даа. Би өөрөө  Говь Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Төлөөлөгчөөр сонгогдохдоо хурдан морины удам угшлыг сайжруулахад анхаарна хэмээн  амласан. Тэрхүү амлалтынхаа хүрээнд хаа явсан газраасаа гүү голдуу авдаг юм. Түүнчлэн 2009 оны зуднаар нутгийн 1800  адууг авч уяачдын хамт Алтайн нурууг даван Ховд аймгийн Цэцэг суманд оторлуулж арваад адууны гарзтай ирж байлаа. Нутагт үлдсэн адуу бараг дууссан, тийм айхтар зуд болсон шүү дээ.
-Адуу гэдэг амьтан сэтгэлээ өгсөн хүнийг баярлуулдаг жамтай хэмээдэг?
 -Тиймээ, хурдан морьтой нөхөрлөсөн эр улс  ёс жудгаас эхлээд олон зүйлд суралцдаг. Нэг зүйлийг ярихаа мартсан байна. 2010 оны баруун бүсийн даншигт нутгийн нэртэй адуу оруулчих юмсан гэсэн бодлоор Сүхбаатар аймгийн наадмыг очиж үзээд, түрүүлсэн хүрэн шүдлэнг худалдаж авсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Дамбаравжаагийн хүрэн гэж хурдан азаргатай хүн байсан юм билээ. Тэрний зээ хүү Наранбаатар гэдэг залуугаас хүрэн үрээг нь боломжийн үнээр авсан.
-Хүрэн үрээ даншигт яаж давхисан бэ?
-Өнгөлж яваад зургаалсан. Өнгөрсөн жил улсад очиход дунд сунгаанд түрүүлсэн. Даанч ханиад хүрээд дээр нь азарганд бариулаад хазуулаад хөл нь доголчихсон байсан учраас мордуулаагүй. Би танай сэтгүүлийн уншигч л даа. Танай сэтгүүл дээр Эрдэнэчулуун Тод манлай ярьсан байсан даа. “Морь хэдий хурдан байсан ч чөмөг нь гүйцээгүй бол аваад үлдчих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй”  гэж. Тэр зөвлөгөөг дагаад хүрэн үрээгээ авч үлдсэн. Бие сайхантай адуу байгаа юм. Азарга тавих бодолтой байгаа. Надад олон айраг амсуулах байхаа гэж итгэдэг шүү. /инээв/
 -Баян-Уулын адуу эртнээс хурдтай хэмээн уулзсан уяач болгон ярьж байна?
-Тэр үнэн шүү. Манай нутгийн адуу угаас хурдтай. Тэрэн дээр нь нутгийн залуус аль л хурдтай гэсэн газраас адуу авчирч цус сэлбэж үнэхээр чанаржуулж байгаа. Ний нуугүй хэлэхэд баруун талдаа манайх шиг сайжирсан адуутай аймаг сум байхгүй шүү.
-Та бүхний хэлсэнчлэн танай нутгийн адуу цахиур хагалах мөч тун ойрхон байгаа байхаа. Тэр үед баяртайгаар дахин уулзая. 
- За баярлалаа. Манай нутагт ирж бидний тухай сурвалжлага бэлтгэсэн танай хамт олонд баярлалаа. Тод магнай сэтгүүлээрээ дамжуулаад  Монгол зон олондоо сайн сайхан бүхнийг хүсч, хүлгэд нь хурдан, хүүхэд нь цовоо байхыг хүсэн ерөөе.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна