УИХ-ын гишүүн Р.Буд: Уяатай ботго шиг төрийн ажлаас болоод адуун дээрээ очиж чадахгүй байна

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 06 -нд

Дараа жилийн наадам даан ч хол байна даа хэмээн толгой сэгсэрч байсан уяачид, бөхчүүд, харваачид наадам хаяанд ирлээ хэмээн дор бүрнээ шамдацгааж буй. Хүүхдийн гийнгоо хаа сайгүй хадан хусуур барьсан уяачид мориныхоо уяан дээрээ өнжиж байгаа энэ цаг мөчид моринд хорхойтон төрийн түшээд маань хэрхэн догдолж байгаа талаар тандлаа. Тод магнайн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Р.Буд уригдан оролцлоо. Морь хурдан уу гэсэн бидний асуултанд “Уяатай ботго шиг төрийн ажлаас адуун дээрээ очиж чадахгүй байна” хэмээн хариулж байсан.
 Энэ удаагийн парламент хамгийн олон уяачтай, тэдний нэг нь та шүү дээ. Хүүхэд байхын л моринд хорхойтой байсан гэдэг байхаа?
 Би чинь хөдөөний хүүхэд, бага нас маань морин дэл дээр өнгөрсөн гэж хэлж болно. 1967 онд анх удаа морь унасан нь сумын наадамд айрагдаж, түүнээс хойш “хүндэдлээ” гэж гологдтолоо унасан даа. Тэгээд хотод ирж сургууль соёлын мөр хөөгөөд, оюутан болсон. Гэсэн хэдий ч зуныхаа амралтаар хөдөө гарч, ер нь л адууны тоосноос нэг их холдоогүй. Авто замын газрын дарга байхдаа улсын баяр наадмын хурдан морины комиссын гишүүнээр 14 жил ажилласан нь намайг моринд эргүүлэн ойртуулсан. Нөгөө талаар манай адуу гайгүй давхидаг, хурд сайтай гэгддэг байсан. Үүний нэг жишээ нь авга ах Дарви маань Дорнод аймгийн нэг жилийн наадмын таван түрүүг авч байсан гэдэг. Ахын маань жижиг хүрэн, том хүрэн хэмээх хоёр азарганы үр төл Сүхбаатар суманд одоо ч хурдалсаар байгаа. Ах дүү нар маань хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Айлын бага хүүгийн хувьд голомтоо сахиж, адууныхаа угшлыг сайжруулах зорилгоор моринд гүнзгий орсон.
 Сүхбаатар нутаг хурдаараа алдартай. Танай адуу ямар угшилтай вэ?
 Сүхбаатар аймаг тэр дундаа Сүхбаатар сум эртнээс хурдан удамтай адуугаараа улс даяар алдартай нутаг. Хэнтий нутаг алдартай нутаг. Хэнтий нутаг Өвгөнноён Пүрэвжавын зандан хүрэн азарганы удам гал шар угшлаараа алдартай бол, Сүхбаатар аймаг нийгмийн хонгороороо алдартай. Нийгмийн хонгор бол Сүхбаатар сумын унаган адуу. Нийгмийн хонгорыг ид хурдалж байх тэр үед би ид хурдан морь унадаг, манайх нийгмийн хонгорыг уяаж байсан “солгой” хэмээх Дорж гуайнхтай саахалт байлаа. Сүүлийн жилүүдэд уяачид хурдан морь сонирхогчид манай аймгийн Асгат, Дарьганга, Сүхбаатар сумаас хурдан адуу их авч байна. Манай адуу бол Сүхбаатар сумын угшилтай. Дээр нь нутаг орныхон маань миний моринд хайртай элэгтэй сэтгэлийг хүндэтгэж бэлэглэсэн бэлгийн адуу нэлээд бий. Эдгээрээс өөрийн гэсэн угшилтай болохыг зорьж явна даа. Сүүлийн үед адуунууд маань сайхан давхиж байгаа. Ер нь манай суманд айраг түрүү авна гэдэг тэр болгон заяагаад байдаггүй хувь тавилан. Манай сумаас гэхэд л хоёр Жамъяангийн цуутай хурдан угшлууд төрсөн.
 Увс, Тэсийн гол адуу хурдан байдаг нь байгаль цаг ууртайгаа холбоотой гэдэг. Сүхбаатар нутгийн адуу хурдан байдаг нь юутай холбоотой вэ?
 Манай нутагт айраг исдэггүй учраас унага нь бойжилт сайтай байдаг. Үүнтэй л холбоотой болов уу.
 Анзаараад байхад та гаднаас нэг ч адуу авдаггүй юмаа даа?
 Би гадна дотноос цус сэлбээд байдаггүй. Бэлгэнд манай аймгийн бараг бүх сумдаас морь ирсэн. Тэднийг хооронд нь цус сэлбэх санаатай явдаг. Тэгээд ч гадны үнэтэй азарга авчраад монгол гүүг гишгүүллээ гэхэд тэр бүр сайн үр  дүн гардаггүй юм шиг байна. Адууны цусаа сэлбэе гэвэл заавал гаднаас үнэтэй азарга авчирах нь чухал биш. Монгол адуугаараа цус сэлбэж болно шүү дээ. Хамгийн гол нь гүүндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ монголын морин спортыг хөгжүүлье гэдэг үүднээс гадны хурдан адуу авчирч байгаа уяачдыг буруутгах аргагүй. Надад монгол цусны адуугаараа уралдах юмсан гэсэн нэг бодол байдаг юм. Монголын морин спорт, уяачдын холбоо үүн дээр анхараасай. Мэргэжлийн боксчин хүнийг сонирхогчтой зодолдуулж байгаатай адил зүйл шүү дээ. Ингэж өөрийнхөө уламжлалт мал аж ахуйг хүнд байдалд оруулж болохгүй. Цэвэр цусны адууг уралдуулж болохгүй гэж байгаа юм биш, тус тусад нь ангилчих хэрэгтэй юм байгаа юм.
 Та хичнээн азарга адуутай вэ? Үүнээс бэлгэнд авсан нь хэд бол?
 10-аад азарга адуутай. Азарга гэдгийг та нар зөв ойлгох хэрэгтэй. Хорин адуутай нэг азарга адуу байна. Хоёр гүүтэй нгэ азарга адуу ч байна. Тэгэхлээр арав гэдэг харьцангуй тоо шүү дээ. Гайгүй шиг эр төл гарахаар уралдчих болов уу гээд хөгөлж чадахгүй юм. Энэ жил хөнгөлөх арваад юм бий. Найзууд маань намайг битүүхэн шоолж л байдаг. Бэлгэнд авсан адуугаа тоолж байгаагүй юм байна шүү дээ. Тод манлай уяач Даваахүү ах маань хүртэл хурдан адуунаасаа бэлэглэж байлаа. Онон Тод манлай ч гэсэн адуу бэлэглэж байсан. Уяачид чинь хаа очиж, биендээ их элэгтэй шүү.
 Тэгвэл нүд унаж, үнэ хаяж авсан адуу бий юу?
 Намайг ид морь сонирхож удам угшлаа сэргээж явахад морины үнэ хямдхан 500-600.000 байж. Дээр нь намайг адууг нь сонирхохоор ихэнхдээ бэлэглэх юм уу, аль эсвэл хямдхан өгчихдөг байсан. Нэг сонин түүх хүүрнэхэд би тэр үед өгсөн нэгэн ярилцлагандаа хэдэн жилийн жилийн дараа хурдан морины үнэ 20 сая хүрнэ гэж хэлж байсан. Гэтэл одоо 20 битгий хэл 30, 40 са хүрч байх шив дээ.
 Будын гэсэн овогтой дуунд мөнхөрсөн хэд хэдэн хурдан буян бий. Ингэхэд хичнээн айраг түрүү хүртсэн байх юм?
 1998 онд улсын наадамд анх удаа морины сүүл уяж уралдуулсан. Тэр үед нэг үрээ маань 17-д давхиж хэрдээ л баярлаж байлаа. Төрийн тахилгат их уул Алта-Овооны наадамд  хоёр насны адуу уяж, азарга маань айрагдаж, хязаалан үрээ маань түрүүлсэн юм. Түүндээ урамшаад 2000 онд улсад нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ирж уралдаад хязаалан үрээ маань төрийнхөө наадамд айрагдсан.  2003 онд даага маань улсад түрүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын нэг түрүү, гурван айраг, бүсийн наадмын нэг түрүү, гурван айрагтай л явж байна даа. Сум аймгийн гээд яривал нэлээд олон юм бий. 2005 онд сумынхаа 80 жилийн ой, Алтан-Овооны тахилгат наадамд даага, шүдлэн хоёр түрүүлсэн. Манай сумын наадамд нэг дор хоёр түрүү авна гэдэг ховор тохиолдол доо. Алтан овооны наадамд хязаалангаа түрүүлсэн хар азарганд маань зориулж “Тахилгат хар” гэдэг сайхан дуу гарсан. Үгийг нь Лутбаяр бичиж, аяыг нь хөгжмийн зохиолч Хатанбаатар зохиож, МУГЖ дуучин Бүрнээбаяр дуулсан. Мөн 2003 онд улсад түрүүлсэн хул дааганд маань зориулж “Дааган хулан” гэсэн шүлэг гарсан. Ер нь яриад байвал манай адуу бүгд л хурдан. Эзний муугаас болоод тэр болгон давхиулж чадахгүй байна.
Яагаад?
 Би өөрөө адуундаа их хайртай чадахгүй мөртлөө өөрөө хажууд  нь байх дуртай. Болж өгвөл, өөрөө уяачих санаатай хошуу нэмэрлэж явдаг хүн. Би насаараа улс төрч явахгүй ш дээ. Цаг нь болохоор адуугаа өөрөө дагнаж уях бодолтой явдаг. Авто замын газрын дарга байхдаа наадам болохоос 30-40 хоногийн өмнө адуугаа хотын ойролцоо авчраад, ажлаа тараад очдог. Очоод хэлэх юмаа хэлчихээд ирдэг байсан. УИХ-ын гишүүн гэдэг нэг талаараа уяатай ботго шиг хөдөлж болдоггүй хэцүү ажил юм. Гишүүн болсноос хойш бараг адуугаа авчирсангүй. Авчрахгүй байгаа нь бас их учиртай. Би адуу ойр бол очихгүй байж чадахгүй хүн байгаа юм. Яваад байхаар төрийн ажил цалгардчихна. Тэгэхээр нэг ёсондоо адуугаа хол байлгаж, өөрийгөө хянаж байгаа хэрэг юм уу даа.
 -Аймгийн Алдарт уяачийн цол тэмдэгээ улсынхаар сольчих юмсан гэсэн нууцхан бодол байна биз?
 -1999 онд аймгийн Алдарт уяач цолыг авсан. Түүнээс хойш найм нь жил  болж байна. Бөхтэй адилхан өөрөө л бэлтгэл сайтай бол цол нэмчих боломжтой биш учраас, цолоо нэмнэ энэ тэр гэж хэлч чадахгүй. Тэгээд ч цол гэдэг их учиртай зүйл гэж би боддог. Улсын Алдарт уяач боллоо гэхэд тэр хэмжээгээрээ уяачийн эрдэмд суралцсан, морины талаар мэдлэгтэй байх ёстой. Гэтэл би чинь хэдэн дүү нартаа адуугаа даатгачихаад явдаг хүн. Мэдээж Манлай уяач Түвдэн агсан, Даваахүү, Онон гээд олонд алдартай хүмүүсээс зөвлөгөө авдаг л юм. Гэхдээ өөрийгөө болоогүй байна гэж голж явдаг шүү.
 Тэгвэл морь уяж байхдаа юуг хамгийн их цээрлэдэг вэ?
 -Цээрлэх ёстой олон юм бий. Тэр бүгдийг цээрлэхийг хичээдэг. Миний адуу өдий зэрэгтэй хурдалж байгаа нь адууны буян хишгээс гадна, гэр бүлийн маань хүнтэй их холбоотой. Манай гэр бүлийн хүн адуунд их дуртай. Хүү охин хоёр маань ч гэсэн адууг шүтэж биширч явдаг. Ер нь манайхны хувьд адуу гэдэг их эрхэм амьтан. Адуу, тэр дундаа хурдан морь их эмзэг амьтан. Адууг хайрлаж байж сая давхина уу гэхээс зүгээр нэг санаагаар хурдлаад байдаг юм  биш. 1999 онд Алтан-Овооны наадамд уралдах  гээд морио уяж байхад эхнэр маань надтай хамт очсон юм. Тэгээд нэг харсан гэрээсээ км орчим хол явчихаж, ирэхээр нь асуутал “Хаашаа л харна хэдэн адуу маань харагдаад, ямар дэргэд нь бие засалтай биш” гэж байсан. Энэ мэтчилэнгээс адуугаа хайрлаж байвал морь давхидаг. Манай гэр бүлийн хувьд хүнд яриад байдаггүй цээрлэдэг ахуйн чанартай олон зүйл бий.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна