Д.Хишигдорж: Арслан цол аваагүй биш, авч үзсэн шүү

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гаригт наадмын сорилго барилдаан болсон. Тус барилдааныг сонжиж, нэг үгээр наадмын тактикаа боловсруулдаг юм. Энэ үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын заан Д.Хишигдоржтой таарч ярилцсан юм. Тэрбээр 1964 оны луу жилтэнүүдийн нэг бөгөөд хамгийн том биетэй нь.

-Энэ жилийн сорилго барилдаанаас ямаршуу төлөв ажиглагдаж байна вэ. Наадамд дээгүүр барилдах бөхийн өнгө харагдана биз?

-Барилдаан бүр сайхан. Ер нь улсын наадамд хэн сайн бэлтгэл хийсэн, од нь гийсэн бөх түрүүлдэг учиртай. Тиймээс өнөөдөр эдгээр залуугийн тэр нь түрүүлнэ гэж хэлэх арга алга. Бүгд л сайн байна.

-Тантай уулзсаных асуух гэснээ асууя. Танай 1964 оны луу жилтнүүдээс улсын цолтон олон төрсөн гэдэг байх аа?

-Миний үеэс улсын цолтон олон төрсөн нь үнэн. Цол авч чадаагүй нь ч бий. 1982 оны барилддаг дөрвөн цэрэг байлаа. Тодруулбал дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Сүхбат бид гурваас гадна хэдхэн насаар ах улсын начин Р.Цоггэрэл гэж бий. Харин “Алдар”-т улсын гарьд П.Сүхбат, заан Ц.Баярсайхан, харцага Б.Жавхлантөгс гээд олон сайхан луутнууд байсан.

-Танай үеийнхэн тухайн үед монгол бөхийн дэвжээг эзэгнэж байсан гэж хэлж болох уу?

-Болно. 1980-1995 оны хооронд тийм л байсан юм чинь. Тэр ч байтугай 1992 оны улсын их баяр наадамд дөрвөн луу жилтэн шалгарч байсан шүү дээ.

-Ер нь та хэзээнээс эхэлж барилдсан бэ?

-18 настайдаа цэрэгт ирж тусгай хороонд алба хаасан. Хоёр жил улсын тусгай обьект хамгаалсан. Тэр үед надтай нуруу ойролцоо цэргүүдийг ямар нэгэн тэмцээн уралдаанд явуулдаггүй байлаа. Энэ мэтчилэн хугацаа алдсан зүйл бий.

-Харуулд гаргах гээд явуулдаггүй байсан хэрэг үү?

-Тийм.

-Тэгээд “Хүч” спорт хороонд хэзээ оров?

-Халагдах жилээ орж нэг жил бэлтгэл хийсэн. Тухайн үед бөх болох гэсэн олон залуу байсан ч барилдаан нь мэдэгдэхгүй. Харин надад болмоор санагдаад үлдсэн хэрэг. Анги, нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдаанд хэд хэд оролцсон. Гэхдээ боксоор илүү.

-Бокс тоглодог байсан юм уу?

-Тийм. Бөхөөсөө илүү байсан байх шүү. Ихэвчлэн хоёр, гуравдугаар байр эзэлнэ. Миний ганц өрсөлдөгч болж байсан хүн бол хүнд жингийн спортын мастер Очирбат гэж улсын олон удаагийн аварга байв. Түүнд л ялагддаг байлаа.

-Тэр үед ирээдүйгээ боксоор төсөөлж байв уу?

-Анхныхаа шагналуудыг боксоор авсан. “Хүч” спорт хороо тамирчнаар авах гэхэд  татгалзсан. Надад бөх илүү дотно санагдаж байсан юм.

-Бөхийн бэлтгэлээ хаана хийдэг байв?

-УИД-ийн ард нэг байрны подвальд хийдэг байсан.

-Цэргийн анги чинь хаана байсан юм бэ?

-Зурагтад. Өглөөд нь гүйлтээ хийж хоолондоо орчихоод бэлтгэлдээ ирнэ. Ер нь өдөрт дөрвөн цагийн байнгын бэлтгэл хийнэ. Гэхдээ чөлөөт бөхөөр шүү дээ. Наадмын өмнө л 14 хоног үндэсний бөхөөр бэлтгэл хийдэг байсан.

-Тухайн үед таны гол өрсөлдөгч хэн байв?

-Мэдээж луу жилтнүүдээ нэрлэнэ. Тэр тусмаа улсын заан Ч.Бямбадорж. Бид тамирчин болох гэж эхнээсээ л хамт явсан. Цэрэг, улсын цол авахдаа ч цуг байсан. Түүнийг бөхчүүд болон бөх сонирхогчид уран барилдаантай гэж үнэлдэг.

-Тэр үед таны жин, өндөр хэд байсан юм бэ?

-184 см өндөр, 84 кг жинтэй байсан.

-Танай удам ерөнхийдөө биерхүү юу?

-Аав минь биерхүү байсан. Гэхдээ барилдаж байгаагүй. Ээжийн аав “Ваар” Содномдорж гэдэг том биетэй байсан гэнэ билээ. Түүнийг Г.Вандан аваргатай хүртэл ноцолдож байсан гэж нутгийн хөгшчүүд ярьдаг. Тэгээд ч манай сумын залуусыг “Өндөр биетэй” гэж ярьдаг. Зарим нь нутагтаа л барилдана. Намайг бага байхад залуудаа сайхан барилддаг байсан Чимэд-Очир гэж бөх байлаа. Одоо ч байгаа л даа. Миний үеийнхэн түүн шиг бөх болохсон гэж их хүснэ.

-Өвөөгийнхөө талаар мэдэх үү?

-Нутгийн хөгшчүүдийн ярианаас их сонссон. Их бяртай байсан гэсэн. Г.Вандан аваргыг хаядаг байсан гэдэг. Гэхдээ нутгаасаа гарч барилдаж байгаагүй. Өгийнуурын гүүрийг барихад Г.Вандан аваргатай уулнаас мод буулгадаг байж. Гэхдээ модны бүдүүн талыг нь өвөө, нарийн талыг нь Г.Вандан аварга өргөдөг байсан гэсэн. Баригдахгүй байгаа адуу дэргэдүүр нь давхихад сүүлнээс нь нэг л дугтарч хойш нь суулгаад тогтоодог байсан гэсэн. Үгүй мөн бяртай байсан байгаа биз.

-Таны хувьд том, жижиг биетэй бөхийн алинтай нь барилдахад амар вэ?

-Жижигтэй нь. Барьц авах, барилдахад арай амар. Адилхан том биетэй хүн авч шидчих гээд хэцүү шүү дээ.

-Таны дархан мэх юу байв?

-Янз бүрээр хөл авдаг байлаа. Тэр чөлөөт бөхөөр барилддаг байсны тус л даа. Бас хонгодно, давхар хамна. Ихэвчлэн сэрвүүгээс барилдана. Золговол ихэвчлэн давуулж гуядна.

-Чөлөөт бөхийг хэзээ орхисон юм бэ?

-1991 оны ДАШТ-д оролцож ирээд л орхисон. Тэр үед зах зээл эхэлж спорт хөөх хүн ховор болсон.

-Гар, хөлийнхөө алинд илүү бяртай вэ?

-Хоёр гартаа гайгүй байсан болов уу. Надтай барилддаг байсан бөхчүүдээс асуувал сайн мэднэ.

-Таны үеийнхнээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн түрүүлж цол авсан уу?

-Тийм. Дараа нь улсын гарьд П.Сүхбат, харцага Б.Жавхлантөгс авсан. Би цол авах хүртлээ мөн ч олон удаа тунаж, унасан даа. Миний хувьд хоёр, тавын даваанд олон унасан. Тэгж явсаар 1989 онд улсын начин цол хүртсэн.

-Б.Бат-Эрдэнэ аваргыг давж байв уу?

-Улсын цол авснаасаа хойш аваргатай таарах бүртээ унана. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор О.Балжинням аваргад ч унасан. Улсын наадамд тэднийг ерөөсөө хаяж болдоггүй юм. Б.Бат-Эрдэнэ аваргыг заалны барилдаанд цөөн хэд өвдөг шороодуулсан.

-Та заан цолоо хэдэн онд хүртсэн юм бэ?

-1992 онд. Начин болсныхоо дараа энэ цолыг авах гэж нэлээд мэрийсэн. Тамирчин хүн бэртэхээс болгоомжлох хэрэгтэй юм билээ. Начин цол хүртсэнийхээ дараа хөлөө гэмтээгээд олигтой барилдаагүй. Хэрвээ гэмтээгүй байсан бол аль эрт цолоо ахиулах боломж байсан. Ядаж л цолоо батална. 1991 онд чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож байгаад шөрмөсөө сунгаад. Эрч хүч нэлээд буурсан. Би дээр Ардын  хувьсгалын 70 жилийн ойн наадмын долоогийн даваанд О.Балжинням аваргад унасан гэж хэлсэн шүү дээ. Тэр жил надад заан цол өгөх ёстой байсан. Даанч өгөөгүй.

-Зургаа давсан бөхөд үү?

-Тийм. Их ойн жил зургаа давсан бөхөд заан цол олгодог байсан юм. 1990 оны шилжилтийн үе таарч юм бүхэн замбараагүй болчихсон болохоор больсон гэдэг. Тэр үед үндэсний бөхийн гэж болдог байлаа. 1990 оны тус тэмцээнд би түрүүлж, улсын гарьд Д.Баяраа агсан хоёр, заан С.Сүхбаатар гурав дугаарт орсон. Тийм амжилт үзүүлсэн гурван бөхийн цолыг ахиулдаг байсан юм. Гэтэл бидэнд өгөөгүй. Урьд жил нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аварга О.Балжинням үзүүрлэж заан, Ц.Баярсайхан гуравт орж начин цол хүртсэн. 1989 онд гэсэн үг. Харин би 1990 онд начин цолтой түрүүлсэн хэрэг. Гэхдээ надад заан цол өгөх ёстой байсан. Өгөх байх гэж их ч бодсон. Тэгж явсаар 1992 онд хүссэн цолоо хүртсэн дээ. Түүнээс хойш хэд хэд шөвгөрсөн.

-Таныг арслан цолын үнэмлэх өвөртлөөд буцаачихсан гэдэг. Яагаад тэр вэ?

-2001 онд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурал болж бөхчүүдэд дүйцүүлж цол олгох болсон юм. 1990 оноос хойш улсын аварга шалгаруулах барилдаан зохиогдохоо больж, “Их сорилго” болдог болов. Анхны “Их сорилго”-д би түрүүлсэн юм. Тэр үед УАШТ-нд түрүүлсэн бөхөд цол олгоно гэсэн тогтоол хэвээрээ байсан юм билээ. Тэгээд надад улсын арслан цол олгох болсон юм. Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нараас гадна олон бөх цол нэмсэн шүү дээ. Арслан цолтойгоо сар хэртэй явсан. Гэтэл эрэмбэн дээрээс маргаан үүссэн юм шиг байна билээ. 1990 онд арслан цол хүртсэнээрээ би хамгийн дээр гарахаар байлаа. Тэр үед “Ирэх долоо хоногийн барилдааны үед М.Энхболд даргаар гарын үсэг зуруулаад цолыг тань албан ёсоор өгнө” гэж хүртэл ярьж байв. Гэтэл өнөө дарга маань гадаад руу яваад долоо хоногийн дараа болох барилдаан хойшилсон. Тэр үед хэсэг хүн МҮБХ-г шүүхэд өгснөөр асуудал замхарсан. Тэгэхээр ах нь арслан цолыг аваагүй биш, авч үзсэн байгаа биз дээ (инээв).

-Таныг Хашаат сумаар явж байхдаа улсын заан Ч.Санжаадамыг бөх болгоно гэж хотод авчирсан гэдэг юм билээ?

-Тэр суманд нэг барилдаан болоход түүний ах Ч.Чимэддорж барилдсан юм. Түүнийг бөх болгох санаатай хотод дуудахад ирээгүй. Сүүлд надтай таарахдаа “Миний бөх болох өнгөрсөн. Харин хоёр дүүг маань бөх болгоод өг. Одоо хөдөө байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “Биерхүү юу” гэхэд “Миний дараагийн дүү нэлээд өндөр. Бага нь махлаг” гэнэ. Би лавшруулаад “Тамхи татдаг уу” гэхэд “Бага нь татдаггүй” гэхээр нь тэр дүүг нь гээд “Говь” клубт З.Дүвчин багшийн удирдлага дор хичээллүүлсэн.

-З.Дүвчин багш хэрхэн хүлээж авав?

-“Булдруунууд нэг мэдэхэд алга болчихно доо” гэж байсан. Нэлээд хэд хоногийн дараа З.Дүвчингээс асуухад “Нөгөө булдруу чинь яг хэлсэн ёсоор алга болчихсон шүү” гэдэг байгаа. Дараа нь Өгийнуурын ой болоход би очсон юм. Тэгэхэд Ч.Санжаадамба явж байна. Тэр үед тохой нь гэмтэлтэй байсан юм билээ. Би ч “Намар очно шүү” гэж хэлээд явсан. Түүнээс  хойш З.Дүвчин багшийн гараас гараагүй ээ.

-Таныг мөсөн шагайд нугасгүй гэж ярьдаг юм билээ?

-Тийм. Энэ спорт үнэхээр сайхан л даа. Намайг хүүхэд байхад нутгийнхан маань Тамирын голын мөсөн дээр их тоглоно. Тэгэхэд би үеийнхэнтэйгээ хөлдөө тэшүүр  углачихаад сумыг нь зөөнө. Харин хотод ирснээсээ хойш хэсэг хүнтэй Яармагийн гүүр хавьд тоглодог болсон. 2000 онд үүнийг жинхэнэ спорт болгож нийтэд сурталчилах гэж тэмцээн зохион байгуулж, зэрэг, цол тэмдэг олгодог болсон.

-Моринд ч нэлээд хорхойтой гэж сонссон...

-Нутгийн ардуудын өгсөн хэдэн буян бий. Цөөн хэдийг өөрөө худалдаж авсан. Сонирхлынхоо дагуу хааяа сойдог юм.

-Энэ жилийн наадамд хүлгийнхээ тоосыг өргөх үү?

-Санаа бий.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Хоёр охин, нэг хүүтэй. Гэр бүлийн маань хүн хувийн байгууллагад ажилладаг.

У.БАЯРСАЙХАН

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна