Аймгийн Алдарт уяач С.Мөнхбат:”Анхны Говьшанхын хурдад соёолон айрагдахад л их баярласан даа”

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 09 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Мөнхбаттай уулзаж  ярилцлаа.
-Эрийн хийморь сэргээсэн эрдэнэт хүлэгтэй амьдралаа холбосон үеийн дурсамжаас яриагаа эхэлье дээ?
-Миний аав бас моринд дуртай уяач хүн л дээ. Багаасаа аавыгаа дагаж морь мал гэж явж байгаад цэргээс ирснийхээ дараагаас бие даан морь уях болсон.
- Манлай сум эртнээсээ хурдаараа гайхагддаг байсан гэдэг. Уяачийн гараагаа нутаг адуу уяж л эхэлсэн байлгүй?
-Тэгэлгүй яахав. Аав маань ч тэр,  би ч тэр нутгийнхаа адуугаар нааддаг. 1999 оны “Говьшанхын хурд” анхны бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхисан ухаа морь маань гэхэд л манай унаган адуу. Энэ жил 20 хүрээд зодог тайлсан.
-Уралдаан олшрохын хэрээр нэг адуугаар олон жил тогтвортой амжилт үзүүлэх нь ховордоод байгаа. Ухаа мориныхоо амжилтаас дуулгаач?
-Дааган цагаасаа уягдсан адуу байгаа юм. Цогтцэций сумын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Манлай сумынхаа наадамд гурав түрүүлсэн. Аймгийн наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, нэг айрагдсан. Ер нь нийтдээ 11 түрүү, 17 айрагтай хурдан буян байгаа юм.
-Унаган адуу нутгийн наадамд айрагдуулах уяачийн бас нэгэн бахархал байдаг байх. “Говьшанхын хурд-1”-ийн соёолонгийн уралдааны талаар дурсамж сөхөхгүй юу?
-Миний хувьд ч гэсэн хамгийн сайхан дурсамжтай наадам нь тэр. Онон, Дуламсүрэн, Аюуш нарын Тод манлайгууд ирчихсэн. Газар газрын 190 гаруй соёолон мордсон байх. Тэгэхэд миний ухаа үрээ ямар ч тэжээлгүй байгалиараа уягдаж дөрвөөр давхисан. Миний санахаар тэр уралдаанд Сундуйжав гуайн Дүү зээрд түрүүлж, Дундговь аймгийн Луус сумын уугуул, Манлай уяач Эрдэнэчулуун Манлайн хонгор үрээ аман хүзүүдэж, айргийн гурваар Даваахүү Тод манлайн Дэлгэр хүрэн гээд сүүлд  Ажнай Бат-Эрдэнийн нэр дээр давхидаг болсон тэр үрээ давхисан санагдана. Ийм цуутай хурдан хүлгүүдийн араас миний ухаа соёолон дөрвөөр давхиж, таваар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Хүүхэнбаатарын хүрэн соёолон орж байсан юмдаг. Тэр уралдаанд Манлай сумаас олон уяачид ирж, Өмнөговийнхны авсан 10 айргийн наймыг нь манай сумынхан авч байлаа. Дөрвөн жилийн дараа 2003 онд ухаа морь маань аймгийнхаа наадамд түрүүлчихээд, “Говьшанхын хурд-2” уралдаанд дахин дөрвөөр давхисан ч хасагдчихсан.
-Юунаас болоод тэр вэ?
-Тэр үеийн наадам их будилдаг байлаа шүү дээ. 100 гаруй морьд дутуу эргэсний дотор ухаа морь орж дөрвөөр ирээд хасагдсан.
-Ухаа морио ид хурдан байхад улсын наадмыг зорьж болоогүй юм уу?
- Тэр үед морь ачиж мэддэггүй байж дээ. Газар хол болохоор өвсний адууг хөлөөр нь авч явах хэцүү. Манайхан сүүлийн 3-4 жил л тэжээж байна. Тэрнээс өмнө дандаа байгалиараа уралддаг байсан. Бас нэг шалтгаан нь говь нутагт их орой бороо ордог. Улсын наадмын үеэр морьд тэнхрээгүй шахам байдаг юм. Аавыг минь амьд сэрүүн байхад Жанж Алдарт улсын наадамд хамт явъя  гэж байсан юм гэнэ лээ. Гэвч дээрийн хэлсэн шалтгаануудаас болоод явж чадаагүй. Эр хүний дотор эмээл хазаартай морь гэдэгчлэн тэгж байгаад төрийн наадмын дэвжээнд уралдана даа. Саяхан Дорнодын Цэндбаатараас Яруу сааралтай нэг угшилтай хавчиг морь авсан. Энд ирээд 3-4 уралдсан. Бүгдэд нь түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Тэрийгээ аваад явна гэсэн бодолтой байгаа. Мөнхтайваны хээр, Өвөрхангайн нэр уралдаж айрагдсан бас нэг хязаалан үрээ цөм энд сунгасан адуунууд байгаа юм.
-Анхны бүсийн наадамд айрагдсан 10 адууны найм нь Манлай сумынх байсан гэлээ. Ер нь танай сумынхан аймгийнхаа наадамд дархан айрагдуулна биз?
-Айрагданаа, айрагдана. Сүүлийн үед л харьцангуй цөөрчихөөд байгаа болохоос биш. 2003 оны аймгийн наадамд гэхэд л Манлай сумаас хамгийн олон буюу 200 гаруй морьд очиж уралдаж байлаа. Манайх чинь аймгийнхаа төвөөс 200-300 км зайтай шүү дээ. Морьдоо хөлөөр нь авч очиж уралдуулаад миний бүдүүн морь түрүүлж, манай сумынхан нас болгонд айрагтай сайхан наадсан. Тэр жилээ Баяндалай сумын ойд манайхан  ЗИЛ-130 машинууд дээр морьдоо ачиж очоод дөрвөн түрүү, бараг 20-н айргийг нь авчихаж байлаа. Манай сумын адуу ер нь хурдан шүү.
-Унаган хурдтай ч цусыг сэлбэж, холдуулах зайлшгүй шаардлагатай. Энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Өмнөговийн уяачид энд тэндээс адуу их авчирдаг болсон байна. Би ч бас Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зэлтэр болон Дорнодоос хэд хэдэн адуу авчирсан. Энэ хавар бас Амараа ахтай явж Мөнххаанаас гүү, хоёр ч үрээ авчирсан. Авчирсан адуу одоогоор нэг их сайн болж өгөхгүй л байна. Хангайн адуу нам өвстэй говьд ирээд сэтгэл санаагаар унадаг юм шиг байна лээ. Манай эндхийн өвс бага юм шиг боловч хамаагүй хурц л даа. Ер нь адуу авбал бага нь дээр юм байна. Дасаж зохицохдоо ч амар.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна