Зургаан хонгорын эзэн Х.Жуурайдорж Алдарт

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 13 -нд

Тэнгэрт заяат шандаст хурдан хүлгэдийн уяаг эвлүүлж, хурд ирлэнэ гэдэг хэр баргийн аавын хүүд тохиох хувь биш. Тэр тусмаа уясан хүлгэд нь урамтай сайхан уралдаж, түрүүлж айрагдах нь хийморилог нэгний ховорхон тавилан билээ. Тийм нэг ховор тавилангийн эзэн нь  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн иргэн, аймгийн Алдарт уяач Х.Жуурайдорж агсан юм. Морь уях төрийн их хэрэгт шамдан хотол олноо цэнгүүлэх их үйлсэд хүчин зүтгэсэн тэрээр 1936 оны гал хулгана жил Хүүхэний дунд хүү болон мэндэлжээ. Хөдөөгийн  багачуулын адил малын захад балчир насаа өнгөрүүлж, ухаан орсон цагаасаа хурдан моринд шимтэх болсон тэрээр 1976 онд Цогтцэций сумын уугуул Норовдорж гэгчээс соёолон бор морь авч түүнийгээ сумынхаа наадамд түрүүлгэн өм нээгдэж байсан гэдэг. Хурд таних нүдтэй, басхүү түүнийгээ эвлүүлэх дөртэй дүүдээ урам өгөхөөр авга эгч Гандимаа нь 1977 онд хүрэн морь бэлэглэсэн нь хожмоо “Аварга хүрэн” хэмээх нэрийдсэн цуутай хүлэг болсон юм. Сайн санааны үзүүрт тос болж ирсэн хүрэн морь үнэхээрийн хурдан буян байсан бөгөөд сумынхаа наадамд дөрвөн жил дараалан түрүүлж, /дараа нь дахин хоёр түрүүлсэн/ “Аварга хүрэн” хэмээх өргөмжлөлийг хүртэж байсан гэдэг. Ийнхүү нутгийн дэвжээг эзэгнэн наадах болсон Х.Жуурайдоржид олноо “зовхи” хэмээн алдаршсан Балдандорж буурал хар даага бэлэглэсэн нь хожмоо Баян-Овоо, Цогтцэций  зэрэг ойролцоох сумдын наадамд ес түрүүлж, олон айрагдсан Тогос хар хэмээх хурдан морь болсон билээ.
Х.Жуурайдорж агсан морь сайн танихын зэрэгцээ, адууны торгон ирийг тун сайн тааруулдаг нэгэн байсныг нутгийнхан одоо ч дурсан ярьдаг. Ямар сайндаа л айлын адуунаас эмнэг хонгор даагыг онцолж, “би авч уяъяа” хэмээгээд долоо уралдуулан, долоо түрүүлгэж олныг шуугиулж байхав. Алдартын нүдэнд дааган цагаас олзлогдсон энэхүү хонгор морь үнэхээр гайхалтай хурдан хүлэг байсан бөгөөд 1984 оны Номгон сумын наадамд хол тасарч түрүүлэн гайхашруулж байсан гэдэг. Х.Жуурайдорж агсан энэ талаар дурсахдаа “Номгон сумын уяачидтай хамт их морь гаргачихаад 7-8 км орчим явсны дараа араас нь хөдөллөө. Тэгсэн хонгор морь байдаггүй. Тархинд л гарсан байх учиртай гээд эхний хэдэн адуунд хайсан ч байдаггүй. Хадуураад явчихав уу гээд ийш тийшээ сураг тавьтал харин тээр урд үзүүрт тоос гарч байна. Араас нь нэхсээр байж гүйцээд очтол хонгор морь арынхаа адуунаас 1,5 км орчим зайтай тасарчихсан давхиж явсан. Тэгээд л тэр эрчээрээ хол тасархай түрүүлж билээ” хэмээдэгсэн.
Баян-Овоогийн буурал уяач адууг ингэж л ирлэж, тавьсан сум шиг шуугиулдаг байж билээ. Х.Жуурайдорж агсан зургаан насанд зургаан хонгор адуу уяачихаад, аймгийн наадмыг зорьж явсан зайтай эр. Бас болоогүй зургаан  хонгор адууных нь гурав нь цулбуур өргүүлчихээд ханхайж суусан ёстой нөгөө “хоншоортой” уяач. Тийнхүү олны харцыг булааж, наадамчдын амны зугаа болж байсан олон хонгорынх нь эцэг хонгор азарга Цогтцэций сумын уугуул Галсандампил гэгчийн унаган адуу бөгөөд шүдлэнд авч байсан гэдэг юм билээ.
Х.Жуурайдорж агсан ээжийн эрхэм хүү. Гурван хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж гадаа гарч эр, гэрт орж явсан муу ээжийнхээ магнайг тэнийлгэж сайн мэдээг олон дуулгасан Х.Жуурайдорж агсан аймаг, сумын наадмаас 60 гаруй түрүү, 100 гаруй айраг хүртэн аймгийн Алдарт уяач хэмээх орон нутгийн ханасан цолны эзэн болсон юм. 1995 оноос аймгийн наадамд уралдах болж тэр жилээ хязаалан хонгор үрээ түрүүлгэж, дараа жил нь зургаан  насны зургаан хонгор адуутай ирж соёолон аман хүзүүдүүлж, шүдлэн, даага айрагдуулж байсан аж. Түүний дараа жил буюу 1997 онд даага аман хүзүүнд хурдлуулж,1998 онд соёолон үрээг азарганд түрүүлгэж дээлэндээ багтахгүй хөөрч явсан гэдэг. Аль ч наадмаас айраг түрүү алдаж үзээгүй буурал уяач адуугаа дааган цагаас нь эхлээд дэлийг нь засчихдаг “этгээд” зантай. Азаргаа хүртэл хөхлийг нь үлдээгээд дэлийг нь засчихна. Тиймээс Алдартын уяан дээр дэлийг нь зурайтал зассан зургаан насны адуу үүрсэн дүүхэлзэж байдагсан. Ийнхүү эрдэнэт хүлгийн шандсыг шалгаж, эр хүний  ид хавыг гайхуулж явсан буурал уяач 2008 онд 73 насанд бурхны хүлгэдийг уяаг тааруулахаар тэнгэрийн орноо одсон бөгөөд зээ хөвгүүд нь хусуурынх нь хөлсийг хатаалгүй уяа эвлүүлж буй.
Голомт залгаж, гийнгоо хадаасан зээ хөвгүүд
Х.Жуурайдорж агсан гурван охинтой. Ууган охин Нармандах, удаах охин Цэвэгмид, отгон охин Нарангэрэл. Уяан дээр өсөж, уяан дээр ухаажсан охид нь аавынхаа үйл хэргийг хамгийн ойроос дэмжигчид. Чухам тиймдээ ч хөвгүүдээ ухаан орсон цагаас нь өвөөд нь туслуулахаар явуулдаг байв. Бага охин Нарангэрэлийнх нь ууган хүү Үнэнбат өвөөгийн өвөрт эмээл дээр бүүвэйлэгдэж хүн болсон нэгэн. Өвөө хаана тэнд л Үнэнбат хүү гүйж явна. Өвөөгийн уясан морийг унана, гар хөлийн үзүүрт нь зарагдана. Яваандаа ойр зуурын уяаны ажлыг эмхлүүлнэ, тэгсээр нэг л мэдэхэд өвөө шигээ “хурдан морины хэнээтэн” болчихсон тууж явах нь тэр. Э.Үнэнбат 1991 оноос хурдан морь унасан ч том биетэй болохоор тэгсгээд хасагдаж, туслах уяачийн албанд “томилогджээ”. Гэсэн хэдий ч морь унасан богинохон хугацаандаа олон айраг түрүүг авчирч байсан адтай нэгэн. Унаснаа тогтоодооггүй Тод хар хэмээх хангал морийг Э.Үнэнбат л унана. Унахдаа түрүүлгэнэ. Тэрээр 1992 оны  Баян-Овоо сумын наадмыг дурсах дуртай. Учир нь тэр жил Тод хар, Үнэнбат хоёр тун одтой наадсан юм. Догшин морь унаж буй хүүгээ гаргаж өгөхөөр явсан Эрдэнэбат  морьд эргэхэд бусгахаас нь айгаад ганцааранг нь аваад үлдчихэж. Нэг мэдсэн түрүүчийн морьд километр шахуу тасарчихсан. Хүүгийнх нь нүд бүлтэлзэн байсан гэдэг. Адууны дэргэд хүн болсон Э.Үнэнбат нэг л мэдэхэд аавынхаа гараас жолоогоо дугтарч аваад, тоос нь л харагдах морьдыг нэхэж гарчээ. Хамгийн сүүлд гарч, магнайдаа тоосгүй түрүүлсэн тэр наадмыг өнөөдөр ч гэсэн Э.Үнэнбат уяач дурсан ярих дуртай. Х.Жуурайдорж агсан 2007 онд Цогт-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Энхээ гэж хүнээс голомт залгах зээ хүүдээ хүрэн даага авч өгөн “миний хүү энэ даагаараа азарга тавиарай” хэмээн захисан гэдэг. Алдартын шинжсэн хүрэн азарга хожим нь хоёр түрүүлж, гурав айрагдсан бөгөөд үр төл нь ч гэсэн урамтай сайхан давхиж  Э.Үнэнбатыг сумын Алдарт уяачийн цолонд хүргээд буй гэсэн.
“Сайн хүний үр сүүт гүүний унага” гэдэгчлэн Х.Жуурайдорж агсны зээ хөвгүүд цөм моринд хорхойтой. Ууган охин Нармандахынх нь ууган хүү Н.Зоригтбаяр мөн л өвөөгийнхөө унаач, туслах уяач явсан. Харин өнгөрсөн хавраас эхлэн бие даан морь уяж, таван ч айраг хүртээд байна. Тэгэхдээ гурван айргийг нь өвөөгийнхөө угшлын хул даагаар, харин нөгөө хоёрыг нь зүүн зүгээс авчирсан хул үрээгээрээ хүртжээ. Алдартын дунд охин Цэвэгмидийн хүү Номин-Эрдэнэ мөн л хурдан моринд сонирхолтой, хусуур сойз бүсэлсэн нэгэн. Тэрээр 2005 оноос бие даан морь уяж сумынхаа сургуулийн 70 жилийн ойд даага аман хүзүүдүүлж, энэ жил Харзаг багийнхааа наадамд азарга тавлуулжээ.
Ийнхүү Аварга хүрэнгийн эзэн Алдарт уяачийн цууг хойч үе нь суу болгон үргэлжлүүлж явна. Удам дамжсан уяачдыг хурдан хүлгүүдийнх нь хийморь мөнхөд ивээж явах болтугай.

А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна