Зураач, барималч Д.Хурцгэрэл: Анхны “Их хурд”-ын ивээн тэтгэгчээр оролцож явлаа
“Тод магнай”-н “Өв соёл”-ын хойморт энэ удаад зураач, барималч Д.Хурцгэрэл саатаж байна. Уран бүтээлч хүний хувьд хамгийн ур ухаан шаардсан бүтээл болох медальт гарах гэсэн санаагаа багтаана гэдэг тун амаргүй гэлцдэг. Хурцгэрэл автортой Энэбиш агсны хөшөө, ММСУХ-ны лого, Чингисийн гурвал, Сүхбаатарын бага нас гэхчилэн олон бүтээлүүд олны хүртээл болсон байдаг юм. Тиймдээ ч эрхэм уран бүтээлчийг хоймортоо урьж яриа өрнүүлсэн маань энэ.
-“Чингис хааны шүтээн”-ийг барих гэж байгаа тухай хоёр жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна. Энэ ажил аль шатандаа явна вэ?
-Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт “Чингис хааны шүтээн” цогцолборыг барихаар уран бүтээлчид маань ажиллаж байна. Эскиз үндсэн бүх шийдлүүд нь одоогоор дууссан байгаа. Найз нөхөд, санаа сэтгэл нийлсэн залуусын хамтын хүчээр ажил маань урагштай сайхан явж байна. Гэхдээ түүхийн юм хийж байгаа учраас судалгааны ажил их орсон. Яарвал даарна гэдэг шүү дээ. Тэгээд ч яарсан юм дутуу хийсэн санагдаад байдаг болохоор хугацаа их орох янзтай. Энд түүхчдийн баг ажиллаж байх жишээний. Их олон хүний хамтын хөдөлмөр шингэсэн ажил л даа. Одоогоор 38 хааныхаа хөшөөг бэлэн болгоод байна. Суурьтайгаа нийлээд 2,7 метр өндөртэй байх юм. Материалын хувьд ч нэлээн бодож хийж байгаа. Түүхээс харвал 13-р зууны үеийн чулуун хөшөөнүүд, язгууртны бунхан чулуугаар хийсэн нь уламжлан өнөөг хүртэл яваад иржээ. Гэхдээ монголчуудын баримлын уламжлалыг харж байхнээ уужим дэлгэр нутагт тархан суурьшсан амьдарч байсан болохоор байгальдаа зохицсон нэг их том биш баримал хийдэг байсан байгаа юм. Тийм болохоор уламжлалаа хадгалан хаадын хөшөөгөө чулуугаар хийж байна.
-37 хаан гэдэг биш билүү?
-Аригбөхийг хаан ширээнд суучихсан байхад Хубилайг өргөмжилсөн байдаг юм. Гэхдээ түүхэнд үлдсэн нь Хубилай давуу болохоор Аригбөхийг нь хасаад 37 хаан гэж ярьцгаадаг. Түүх маань нэг хүний хэлснээр яваад байж болохгүй шүү дээ. Үүнийг түүхийн эрдэмтэд ч ярьдаг. “Хоёулаа нэгэн үед хаан ширээнд сууж байсан. Гэхдээ бид Аригбөхийг хасчихаад байгаа юм” гэдэг.
-Мориныхон таныг анддаггүй юм билээ. Яаж яваад моринд орчихсон юм бэ?
-Манай уяачид чамин юманд их дуртай улс, бүүр эртнээсээ. Ахуйн хэрэглээний зүйл нь урлаг болтлоо хөгжчихсөн. Наад зах нь эмээлийг хар л даа. За тэгээд хөөрөг, дээл, бүс малгай гээд л тэр чигээрээ урлаг явдаг.
Миний хувьд МСУХ-ны тэргүүн агсан Пунцагбалжиртай танилууд явлаа. Бид ан гөрөөнд хамтдаа явж, тэр хооронд элдвийн л зүйл ярина. Тэгж байгаад анх удаа медаль хийлгэсэн юм. Тухайн үед медалийг “Зоос гоёл”-д штамбаар хийдэг байлаа. Би анх цутгуураар хийх аргыг амьдралд нэвтрүүлж байлаа. Би медалийн мэргэжлийн хүн л дээ. Өнөөдөр Монголд надаас өөр медаль цутгадаг мэргэжлийн хүн байхгүй. Намайг залууд урчуудын эвлэлийн хорооны Чүлтэм дарга энэ чиглэлээр зориуд сургаж бэлтгэсэн. Үнэндээ барималчин болгон медаль хийдэггүй. Учир нь маш нарийн ур ухаан шаардана, их бага талбайд хийдэг олон юм багтаана гээд ур ухаан, хараа шаардсан ажил байгаа юм.
-Яагаад таныг сонгож сургах болсон юм бол?
-Би шаазан ваарны үйлдвэрт барималчин хийж байгаад цэрэгт яваад, 1975 онд халагдаж ирсэн. Тэр үед ардын урлагийн анхдугаар наадам болж, би шагналын медалийг нь хийж байлаа. Тухайн үед тэр медалийг нь хийх хүн олдохгүй Чүлтэм гуай намайг дуудуулсан юм. Ингэж л урчуудын эвлэлд хүрэл цутгуурын ажилд орж байлаа. Энд ажиллаж байх хугацаандаа энэ чиглэлээр социалист орнуудаар курс сургуульд их ч явсан. Энд сонирхуулахад Сүхбаатарын хөшөөг хүрлээр цутгах ажлын багийн ахлагч явлаа. Тэгэхэд хамт ажиллаж байгаа залуустайгаа Эрдэнэтэд эскизээ хийгээд Москвад очиж хүрлээ захиалан авчраад хангамжинд хадгалуулдаг юм байна. Дараа нь эскизээ хүлээлгэн өгөөд хүрлээрээ цутгахаар Эрдэнэт рүү зөөх гээд иртэл өнөө хадгалуулсан хүрэл маань ор мөргүй алга болчихсон байдаг байгаа. Тэр чинь 1990 он юм шүү дээ. Сүүлд сургийг нь сонсохнээ хэсэг нөхдүүд Хятад руу гаргаад торго, хадаг, халуун сав болгоод ажилчдадаа тараагаад өгчихсөн байсан.
-Та хэрэгт орох дөхсөн үү?
-Үгүй ээ. Харин намайг дуугүй бай гэж олон удаа заналхийлсэн. Ингээд өөрчлөн байгуулалт болж хамаг юм бутраад үгүй болоход Чүлтэм дарга “бид хоёрын хийхээр төлөвлөсөн бүх юм нурлаа. Одоо чи хувиа бод. Гэхдээ медалиа ерөөсөө хаяж болохгүй шүү” гэж захиад үдэж билээ. Ингээд 1993 онд үйлдвэрээсээ гарсан ч даргынхаа захисанаар медаль хийх ажлаа орхиогүй. Үнэнчээр зүтгэж явсаных олон сайхан медальтай болсон шүү.
-Үзэсгэлэнгээ гаргаж байв уу?
-Бие даасан үзэсгэлэн гаргаж байсангүй. Одоо ч өтөлсөн хойноо яршиг даа л гэж бодох юм. Харин олон улсын үзэсгэлэнд хэд хэдэн удаа оролцож байсан. Миний уран бүтээлд түүхт хүмүүсийн хөрөг нэлээд бий. Жишээ нь Гүррагчааг сансарт нисэхэд Гүррагчаа, Жанибеков хоёрын дүрстэй медаль одоо үндэсний түүхийн музейд байгаа. Мөн алдарт зураач Цэвэгжав гуай, барилгын яамны сайд Тлейхан гээд л. Марзан Шаравын хөргийг хийгээд гадны үзэсгэлэнд явуулж байсан. Эдгээрээс “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн үзэсгэлэнд тавигдсан Чингисийн гурвал байгаа юм. Чингисийн залуу, идэр, өтөл гурван цаг үеийг харуулсан медаль л даа. Бидний бүтээлийг олон нийтийн хүртээл болсон өдрөөс эхлээд оюуны өмчөөр хамгаалчихдаг, олон улсын журам бий. Манайд ч ялгаагүй л дээ. Гэхдээ сүүлийн үед миний бүтээлүүдээс зарим нэг архины шошгон дээр харагдах болсон нь таалагдахгүй байгаа учраас зөвшөөрдөггүй. Тиймдээ ч хоёр ч архины компанитай зарга үүсгээд авсан. Миний уран бүтээлээс гадна дотны олон л ном сэтгүүл дээр гардаг юм. Эх орныг маань сурталчилж байна гэдэг утгаараа энд би юм хэлдэггүй. Харин архийг бол хэзээ ч зөвшөөрөхгүй. Би хоёр жилийн өмнө Бурханхалдун уулыг “Мон лаа” группийн нөхдийн тусламжтайгаар цэвэрлэсэн. Тэгэхэд бараг 3 тонн шахуу архины шил гарсан гээд бод доо, даанч тоогүй.
-Энэбиш агсны хөшөөний автор та гэсэн байхаа?
-Бид сайн найзууд явсан. Тиймдээ ч найзынхаа гэгээн дурсгалд зориулан хийсэн юм. Мэдээж гэр бүлийнхэн ч оролцсон. Тухайн үед ганцхан хөшөө хийх нь тийм ч аятайхан санаа байгаагүй болохоор цогцолбор болгосон. Төрийн хүн гэдэг утгаараа хөшөөг тойруулаад төрийн долоон эрдэнийг, төрийн хүний эрхэмлэж явах зүйлсийг оруулсан. Хажууд нь Энхтайван барималчийн хийсэн морин хуурыг, баруун талд нь унаганы зохиомжийг найзынхаа удмын давхар сартай наран тамгатай нь хийж өгсөн.
Тэдний овгийн адуу нь давхар сартай наран тамга байдаг юм билээ. Уг нь жил болгон угааж цэвэрлэмээр байгаа юм. Өнгөрсөн хавар би өөрөө угаасан.
-Манайхан тэр бүр овгийн тамгаа мэддэггүй шүү дээ?
-Харин тийм, мэдэхгүй хүмүүс олон бий. Уг нь овгийн тамгаа хэрэглэж баймаар байгаа юм. Би Хаадын цогцолбортоо тамгаар хөшөө хийж байгаа. Эхний ээлжинд 81 тамгаар хөшөө хийнэ. Эхнээсээ 10-аад нь бэлэн болчихсон.
-Мориныхон таныг моринд “уруу татахгүй” байна уу?
-Би хотын унаган хүүхэд. Одоо энэ “Өнчин хүүхдийн асрамжийн сургууль”-ийн буурин дээр төрсөн хүн байгаа юм. Миний аав Завхан аймгийн Алдархаан, ээж Увс аймгийн Давст сумын хүмүүс. Хэдийгээр хотод төрсөн ч аавынхаа гөрөөч сартуул овгийг авсан. Манай сартуулууд чинь том хамартай, ногоон нүдтэй, арзгар үстэй хүмүүс дээ. Манайхан гурван үеийн гөрөөч улс. Тиймдээ адуу малнаас хол өссөн л дөө. Үнэндээ нохой тэжээж байснаас морь тэжээж, уяж явсангүй. Гэхдээ монгол хүн болохоор төрийнхөө наадмаар хурдан морины уралдаанаа шимтэн үзнэ л дээ, сайхан байдаг юм.
-Анхны “Их хурд”-ыг зохион байгуулахад оролцож байсан гэдэг юм билээ.
-Тийм ээ. Анхны “Их хурд”-ыг ивээн тэтгээд, 3 сая төгрөгийн мөнгөн эмээлийг хийж өгч байлаа. Аман хүзүүний морины бай байсан юм. Тэр үед түрүү морины байнд УАЗ-469 машин өгч байлаа. Тэр наадмын медалиудыг би хийж явлаа. Тэрнээс миний морь уяна гэж юу байхав. Энд сонирхуулахад Даваахүү Тод манлай бид хоёр чинь нэг үеийнхэн. Бас гайгүй, гэмгүй сайхан нөхөрлөдөг юм. Нэг удаа би найз дээрээ азарга тавьчих адуу хэрэгтэй байна гэвэл манай яваад оч гэж байна. Яваад очлоо. Тэгсэн энэ л чамд таарна гээд нэг бор азарга өгдөг юм байна. Бид ч хамаагүй ярина л даа. Тэгэхээр “чи ч муугаа л өгч байгаа биз” гээд тоглоом шоглоомоор хэлчихлээ. Манай хүн ч дуугүй байсангүй. “Муу санаатай хог шүү. Наадахаа аваачаад захын уяачаар уяулахад л айрагдана, үзээрэй” гэж байна. Ингээд бор азаргаа Мөнгөнморьтдоо аваачаад цэргээс халагдаж ирсэн нэг залуугаар уяуллаа. Тэр үед манайх 20 гаруй гүүтэй болчихсон байсан болохоор азаргаа солих санаатай найздаа хандсан нь хэрэг л дээ. Тэгсэн өнөө бор азарга маань Мөнгөнморьт сумандаа айрагдчихдаг байгаа. Үүнээс хэдэн жилийн дараа Даваахүү нөгөө аваачсан азаргаа уяулсан уу гэж асууж байна. Тоглоод уяулсан, баян ходоод болсон гэвэл ёстой худлаа залж байна даа гэж байсан. Авахдаа үг хаячихсан болохоор айрагдсан гээд хэлчихвэл эрд ялагдчих гээд байгаа байхгүй юу. /инээв/
-Мэдээж бор азарганы амжилт танд урам зориг нэмсэн байх даа?
-Би амьтан зовоогоод яахав гэж боддог юм. Нэг удаа Баяндэлгэрийн гавьяат малчин Хо.Магсар хуц тавьчих хурга олж өгөөч гэлээ. Тэгэхээр нь би Сүхбаатарын Баянцагаанаас авчирсан хониноосоо нэг хуцан хурга өгсөн юм. Тэгсэн гавьяат надаа нэг хурдан удмын адуу бэлэглэсэн. Надад ирээд нэг жил өнжүүлээд сумын наадамд давхиултал аман хүзүүдчихдэг байгаа. Хөнгөн хөлтэй, зоо зөөлөнтэй, гараад зугтаачихдаг шар хээр морь байдаг юм. Нутгийн залуус уяад өгье л гэдэг юм. Би мал зовоогоод ямар хэрэгтэй юм бэ гээд өгдөггүй. Хүн чинь сонин шүү. Уяулахыг хүсдэггүй хэрнээ яг уях бол хэрэгтэй зүйлийг нь зөөгөөд л гүйнэ шүү дээ. Үнэндээ түрүүлээд ороод ирэх ч бас сайхан юм билээ. Өнөө Гүрээ гавьяатын хэлдэгээр өөрийн эрхгүй л огшино гээч.
-Та одоо Мөнгөнморьтод амьдарч байна уу?
-Тийм ээ. Би чинь уран бүтээлийнхээ хажуугаар сумынхаа мал эмнэлгийг хариуцдаг ажилтай. Анх 1999 онд хувьчлал болоход авах хүн олдохгүй хүчээр шахуу надад өгчихсөн юм. Нэг хэсэг бас л хэцүү басйан л даа. Одоо нэг үеэ бодвол ажил үйлс сайн байгаа шүү. Үнэндээ мал эмнэлэг гэдэг надаас дэндүү хол салбар болохоор бэрхшээлтэй зүйл их л гардаг байлаа. Гэхдээ би чадахгүй байсан ч гар бие оролцохгүй л бол өр өвдөөд байсан юм. Амьдарнаа гээд оччихсон хүн чинь нүдэн дээр маань харагдаад байхад амиа хичээж болохгүй гэж бодсон. Би чинь ан гөрөө, ой мод гээд байгальтай ойр амьдардаг хүн. Нөгөө талаар Мөнгөнморьтын маань ард иргэдийн амьдрал ахуй өнгөтэй өөдтэй байж “Чингисийн онгон” маань сүндэрлэх учиртай. Ингээд өнөөг хүртэл мал эмнэлгийн салбартаа ажилласаар явна.
Одоо манай суманд 3000-4000 толгой үхэр, 10-аад мянган хонь, нийтдээ 14-15 мянган мал байна. Үнэхээр амаргүй ажил гэдгийг мэддэг болоод хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн байна. Манай мал эмнэлгийн ярьдаг юм. “Хүний эмч бол зөвхөн хүнээ эмчилнэ. Харин малын эмч хүн малгүй эмчилдэг” гэж. Мал эрүүл байвал хүн өвдөхгүй гэсэн санаа байхгүй юу.
-Үнэхээр олон ажил амжуулдаг юм байна даа?
-Тийм шүү. Би дээр хэлсэн дээ. Манайхан гурван үеэрээ гөрөөчин улс гэж. Тэр утгаараа байгаль дэлхийгээ хайрлаж байх учиртай. Өвөг дээдэс маань ч тэгж захьж ирсэн. Хүмүүсийн дунд анчид бол алуурчид гэсэн ойлголт явдаг. Үгүй ш дээ. Ан дуусчихвал анчин байхгүй. Ангаа байлгаж байхын тулд амьдарч байгаа орчныг нь хайрлах хэрэгтэй гэсэн үзлээр бид хүмүүжсэн. Нэг хэсэг энэ уламжлал тасарсан л даа. Одоо харин сэргэж байгаад би их баярлаж байгаа. Би 2008 онд “Мэргэжлийн анчдын холбоо”-г байгуулсан. Манай гүйцэтгэх захирлаар Бадам гэж залуу ажилладаг юм. Бид хааяа төр засагтай чинь муудалцанаа, тэр хууль дүрэмд чинь юм оруулна гэж. Гол нь хүмүүс бид нийлээд ан амьтнаа, ой модоо хамгаалах ёстой байгаа юм. Дээхэн мод тарих, эмийн ургамал цуглуулж эмийн заводын түүхий эд бэлтгэх гэхчилэн олон ажлыг хийдэг байлаа. Тэр уламжлалыг сэргээж, хойч үеийнхээ толгойд юм хийхсэн гэсэн бодлоор холбоо байгуулаад ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд манайхны тарьсан мод тоогоо алдсан. Эхний жил гэхэд 60-70 мянган мод, дараа жил нь 100-200 мянга болгосон байгаа. Мөнгөнморьт сумандаа хүлэмжинд гараараа үрийг нь суулгадаг юм. Энэ нь гөрөөчин бидний хувьд ангийн хишгээ хувааж байгаагийн нэг хэлбэр юм даа. Энд хэлэхэд манайхан уулнаас ургаж байсан модыг авчирч өөр газар суулгачихаад мод тарилаа гээд яриад байх юм. Үнэндээ тарина гэдэг чинь үрээс суулгаад, арчилж тордоод ургуулахыг хэлж байгаа юм.
-Өнөө цагт чоно агнаж хийморио сэргээдэг эрс олон болсон байна. Та энэ тухай юу гэж боддог вэ?
-Өвгөн гөрөөчид бол зохицуулалттай ан хийдэг байсан. Улсаас ч тийм бодлого барьж байсан. Жишээ нь Богд ууланд бугын тоо толгой олдоод ой сүйтгэх гээд байхаар нь бидэнд үүрэг өгөөд зохицуулалттай ан хийлгэж л байлаа. Даанч одоо тийм юм алга. Өвгөн гөрөөчдөөс уламжлаад ирсэн нэг айхтар үг бий. “Хятадтай сайдсан тохиолдол болгонд ангийн тоо толгой эрс цөөрдөг. Тэр тусмаа бугын тоо толгой их ховорддог” гэж. Үүнийг одооны залууст хэлэхээр хүний эрх гээд сонсохоо больж дээ. Энд нэгэн түүх сөхөхөд Хайсанхүлэг хааны үед их ган гачиг зуд турхан болж гэнэ. Тэгэхэд анчдын ахлагчийг дуудаж, ард иргэдийг ан авлаж, түлээ модоо бэлтгэхээр ойд оруулахыг зөвшөөрч байна гэж хаан айлджээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр анчид нэг ёсондоо ойн хамгаалагчид байсан байгаа юм.
Бас нэг зүйл сонирхуулахад хөвчийн анчдыг гахай агнахыг зөвшөөрдөг байсан тухай өвгөд ярьдаг. Гахайнаас бусдыг агнаж идэж байгаарай гэж захьж байгаагүй байна шүү дээ. Яагаад гэхээр гахай бол агаар дуслаар дамждаг өвчин туслаа гэхэд хуйгаараа үхдэг. Үүнээс болж ой мод өмхийрдэг авултай байсан байна. Чоно ч гэсэн дээ. Цас орохоор явж чонын гөлгийг нь суйлдаг байсан. Гэхдээ эхэд нь заавал нэгийг үлдээдэг уламжлалтай. Жинхэнэ анчид бол машинаар хөөж, онгоцоор буудахыг анд тооцдоггүй юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна