Л.Бямбаноров: Миний хар морийг “төрийн наадмын адуу биш” гэж олон уяач хэлж байсан

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 30 -нд

“Бямбаноровын хар морь түрүүллээ гэх тэр агшинд нэг л дотор огшоод байсан. Маргаашнаас нь төрийн наадамд их морь түрүүлгэнэ гэдэг их том хувь тавилан гэдгийг ойлгосон” хэмээн ярих түүнийг Дундговь аймагт танихгүй уяач үгүй. Нутаг хошууныхаа нэрийг хурдан хүлгийн буянаар цуурайтуулж яваа түүнтэй уулзаж улс бүсийн наадам торгон жолоо өргөсөн хурдан ажнайнуудынх талаар ярилцлаа.
-Ярилцлагаа нутгийнхаа нэрийг гаргасан таны хурдан хүлгийн талаар эхэлье. Хурдан морь хэзээнээс уясан бэ?

-2004 оны хавар би Дундговь аймгийнхаа хэсэг уяачдыг дагуулан адуу авахаар том урт шаланз хоёр гурван машинтай Сүхбаатар аймгаар явсан. Биднийг Луусын Эрдэнэчулуун Манлай ахлаж явсан. Нутгийнхаа уяачдын зүүн зүгийн хурдан адуутай болгоё, өөрөө ч сайн адуу цуглуулъя гээд арваад уяач авч явсан. Тэгж явахдаа Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Шагдарсүрэн гэж буурал толгойтой өвгөнийнд анх буусан. Тэдний адууг үзэж байхдаа хар морио харсан. Авах гэтэл өндөр үнэ хэлээд байхаар нь орхиод цааш явсан.  Наран, Баяндэлгэр зэрэг  хэд хэдэн сумаар орж 20 гаруй адуу авчихаад буцаж явахдаа  өмнө үзсэн хар морийг авмаар санагдаад болдоггүй. Угаас тэр морийг авна гээд  хоёр морины зай үлдээсэн байсан. Шагдарсүрэн гуайнд дахин очиж хоноод ярьсан чинь үнээ овоо буулгасан. Гэтэл өглөө нь адуугаа ачих гэсэн чинь анхны үнэ хэлдэг байгаа. Тэр үед адуу одоогийнх шиг үнэтэй байгаагүй.  Тэгээд би хэлсэн үнээр нь авсан. 
-Ямар настай байсан. Өмнө наадамд орж байсан юм уу?
-Үгүй, битүү адуу. Хязааланд авсан. Шагдарсүрэн гуай бол удамтай уяач, залуудаа Халзан сумын намын хорооны  даргыг олон жил хийсэн хашир, хахир өвгөн.  Гэхдээ буянтай хөгшин, хэдийгээр үнэрхсэн ч харамгүй сэтгэлээр өгчээ гэж бодсон. Говьшанхад түрүүлснээс нь хойш өвгөнд баярлаж яваа. Морь уяна гэдэг хэцүү.  Уяач, эзэн, унаач хүүхэд ч юм уу, морины хоол идэш эдгээрийн аль нэг нь болохгүй бол давхидаггүй.
-Сүхбаатар аймгаас авчирсан морьдыг тань анх хэн уясан бэ?
-Нутагтаа Эрдэнэчулуун манлайгийн уяанд үлдээсэн. Анх авсан морьдоо 2004 оны улсын наадамд мордуулаад их морио эндүүлчихсэн. Эрдэнэчулуун манлайгийн бэлгэнд өгсөн хонгор морийг нь бас эндүүлчихээд сэтгэл санаа жаахан тийм болчихоод дараагийн өдөр нь  даага, хар хязаалан хоёроо мордуулалгүй наадмын дундаас нутаг буцаж байлаа. Харин хязаалангаа аймгийн наадамд мордуулчихсан чинь айрагт хүрээд ирсэн. Бас даага маань айрагдсан.
-Тэр үед хар морь чинь бас сайн байсан биз дээ?
-2005 онд соёолондоо улсад уралдаад 11, Өвөрхангай аймгийн Хархоринд болсон Өндөргэгээн Занабазарын 360 жилийн ойн наадамд хамгийн сүүлд нь гараад, ардаас нэхэж уралдсаар 9-д орсон. 2006 онд хавчигт нь өнжөөсөн. 2007 оны хавар Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон анхны “Их мандал” бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхисан. Ер нь тэр наадмыг би бараг санаачилж, хамтран зохион байгуулсан хүн. Говийн бүсийн наадмыг нутаг орондоо зохион байгуулъя гэхэд Б.Наранхүү 20 сая төгрөгийн хандив өгч зохион байгуулалцаж байсан. Би уяачдын холбооны гүйцэтгэх захирал байсан. 2007 онд “Говьшанхын хурд” бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэр үед миний хар морийг уяачид харчихаад “энэ адуу ч дээ, төрийн наадмын адуу биш байна” гэж байсан. Би юм хэлээгүй. 2008 оны улсын наадамд хар морийг түрүүлэхэд мэдэмхийрч байсан уяачдын ам таг болсон.  
-Төрийн наадамд их морь түрүүлгэсэн хүн бүтэн жил айлын хойморт залагддаг гэж Баярмагнай гуай ярьж байсан.  2008 оны наадам таны хамгийн их дурсах дуртай наадам байх?
-Би хөөрч догдлоод байдаггүй. Тэр наадмаар би морь дагаж явахад миний хар морь 80 гаргаж эргэсэн. Цагаан хөтөл дээр гараад ирэхэд 50 руу ороод ирсэн. Цагаан хөтөл оруулахад яах ийхийн зуургүй эхний тав руу орчихсон. Харахад соёолондоо Хархорины наадамд явж байсан шигээ  давхил нь ороод ирчихсэн, ерөөсөө туучаад л өнгөрч байсан. Эрдэнэчулуун Манлай “Наадах чинь суухын зовлон байхгүй. Туучаад л ороод ирнэ. Хашаа руу очъё” гэсэн. Хашаа руу давхиад очсон чинь түрүүллээ гэж зарлагдсан. Би уяач Эрдэнэчулуунаа оруулчихаад, өөрөө машиндаа суугаад үлдчихсэн. Миний морь түрүүллээ гэх тэр агшинд нэг л дотор огшоод байсан шүү. Маргаашнаас нь төрийн наадамд их морь түрүүлгэнэ гэдэг их том хувь тавилан гэдгийг ойлгосон.
-Түмэн олны өмнө морио цоллуулаад зогсож байхад ямар мэдрэмж төрж байв?
-Миний баярлаж гомдох маань далд байдаг. Сэтгэлдээ бол үгээр илэрхийлж хэлэхийн аргагүй л баярласан.
-Одоо хүмүүс түрүү морины мялаалгын наадам гэж хийдэг болж. Та хийж байв уу. Тэр жил  та аймгийн Алдарт уяач, Эрдэнэчулуун МУ-ын Манлай уяач болж байсан гэдэг?
-Тийм. Эрдэнэчулуун гуайн хүү Пүрэвсүрэн бас аймгийн Алдарт болсон. Эрдэнэчулуун гуайнх өвс ногоо дагаад нүүдлээр явж байгаад Сангийн далай дээр ирж буусан. Өлзийт сумын Сангийн далай нууран дээр нэг Манлай, хоёр Алдарт уяач, хар мориныхоо мялаалгыг хийсэн. Миний хар морь улс бүсийн наадмын хоёр түрүү, нэг айрагтай. Одоо 13 настай морь бий. 2008 оноос хойш  хөл нь болохгүй болоод уралдуулаагүй.
-Хар мориноос чинь өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байгаа вэ?
-Хүрэн азарга байна. 2009 онд хамгийн сүүлд шаргыг улсад уралдахад  эхний хэдтэй явж байгаад   барианаас 30 метрийн зайнд суугаад 9-д орсон. Сүхбаатарын Онгон сумын Бат-Эрдэнэ гэдэг залуугаас авч, хар морьтой цуг авчирч байсан. Хүрэн азарга маань бүсийн наадамд нэлээд хэдэн удаа айрагдсан. 2004 онд даагандаа Дундговь аймгийн наадамд гурав, 2007 онд соёолондоо “Их мандалд” тав, “Говьшанхын хурд-3”-д дөрөв, “Говьшанхын хурд-4”-т азаргандаа дахин айрагдсан. Мөн би “Босс хээр” азаргаа Дорнод аймгийн Баян-Уул сумын Баярсайхан гэж залуугаас хязааланд нь авсан. 2003 оны “Говьшанхын хурд-2” бүсийн наадамд соёолондоо тав, 2007 оны  “Говьшанхын хурд-3” бүсийн уралдаанд бас айрагдсан.  2009 онд Завхан аймагт болсон Очирвааны бүсийн наадамд даагаа айргийн гурваар давхиулсан.
-Улсын наадмын 1 түрүү, бүсийн наадмын 1 түрүү, 7 айрагтай. Та улсын цол авахаар болчихсон юм биш үү? Эрдэнэчулуун манлайтай хэдийнээс нийлсэн. Уяа салсан нь хэзээнээс вэ?
-Бид хоёр 2002 оны үед нийлсэн. Өнгөрсөн намар наймдугаар сард адуугаа ав гэсэн. Тэгээд л авсан.
-Одоо таны морийг хэн уядаг вэ?
-Дундговь аймгийн Луус сумын Ууганбаатар гэж  залуу уяж байгаа. Саяын наадамд битүү их морь, азаргыг шинэ уяач маань уяж 31, 51-ээр л орж ирсэн.
-Даваахүү баатар “хурдан морио хүний зэрэгт тооцож гоё нэр өгөх ёстой” гэж ярьдаг. Та хар мориндоо нэр  бодож байсан уу?
-Бодож байсан шүү. Тэгээд Бямбаноровын хар гэж дуудагдсаар сүүлд нь бодохоо больчихсон.
-Таны “Босс хээр”, хүрэн азаргануудын төлүүд нь яаж давхиж байгаа вэ?
-Хүнд өгсөн төлүүд нь сайн давхиж байгаа. Баян-Өлгий, Говь-Алтайд бий. Манай уяач л найздаа өгсөн гэсэн. Хэн гэдэг хүнд өгсөнг нь мэдэхгүй.
-Моринд дурлах болсон шалгаан тань юутай холбоотой вэ?
-Би хотод төрсөн. Манай аав, ээж хоёр Дундговь аймгийн Луус сумынх. Луус суманд манай ах дүү олон бий. Зуныхаа амралтаар Дундговь руу ирдэг байсан. Аав, ээжийн ах дүү нар нэгдлийн адуу малладаг байсан.  Тав, зургаан настай байхдаа би нэгдлийн тэр олон адууг өглөө хураагаад ирдэг байсан. Хотын хүүхэд мөртлөө моринд их дуртай, морь унана, тарлана, хүүхдүүдтэй уралдана. Миний энэ сорви бол багадаа моринд өшиглүүлсэн сорви байгаа юм. /үзүүлэв/ Сургууль соёл, ажил гэж явж байгаад 1998 оноос эхэлж адууг сонирхож орсон доо.
-Одоо та ямар алба хашдаг вэ?
-Төсөл, уул уурхай, барилга, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай.
-Аймгийнхаа уяачдын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан?
-Манай нийслэлд байгаа уяачид, моринд дуртай хүмүүс, аймаг орныхоо уяачидтайгаа нийлж байгаад МСУХ-гоо өөрчилье, шинэчилье, чаддаг мэддэг бололцоотой хүмүүсээ холбооныхоо тэргүүлэгчдээр тавьсан.  Намайг дэд тэргүүнээр тавьсан. Би дүрэм журам үзээд гүйцэтгэх захирал болгон гурван жил гаруй хугацаанд  хийсэн.
-Нутагтаа томоохон хэмжээний уралдаан зохион байгуулах нь тухайн нутгийн уяачдад их үр өгөөжтэй байдаг. Таны санаачилж зохион байгуулсан “Их мандал” бүсийн уралдаан Дундговийн хурдан морины хөгжилд түлхэц нэмэр болсон байх гэж бодож байна?
-Гол зорилго нь тэр. Тэр уралдаанаас хойш Дундговийн уяачид нутаг орондоо тулга тойроод уралдах хэрэггүй. Уяж чаддаг л бол зоригтой, эрсдлээ даагаад явахад амжилтанд хүрдэг гэдгийг манай уяачид мэдэрсэн.  Том наадам зохион байгуулахад бэрхшээл байлгүй яахав. Гэхдээ би бэрхшээл гэж ярих дургүй, тэрийг бэрхшээл гэж бодохгүй даван туулж байх ёстой. “Мон уран” компанийн Наранхүү 20 сая төгрөг өгч байсан.  Мөн Төрбат дарга маш сайн дэмжсэн. Дээр нь Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөлийн бүх хүмүүс өөрсдийн бололцоогоор мөнгө хандивласан. Тэгж байж хэл амгүй сайхан наадам хийсэн дээ. Нутгаасаа гарч уралдаж чадаагүй уяач нараа алдаршуулахад нэлээд ахиц болсон наадам гэж би боддог.
-Миний асуух асуулт өндөрлөж байна. Танд хэлж ярихаар бодож яваа зүйл байвал нээлттэй?
-Улс бүсийн наадамд хоёр удаа их  морь түрүүлгэсэн хувьтай хүн би. Энэ амжилтанд хүргэсэн хүний эхэнд Эрдэнэчулуун Манлай, хоёрт нь манай унаач хүүхэд Сүхээ, гуравт нь хар морийг надад зарсан Сүхбаатар аймгийн Шагдарсүрэн гуай байгаа юм. Уяач Эрдэнэчулуун маань халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, морины уяа сойлгыг нь тааруулж явсан болохоор би морьдынхоо амжилтыг тэр хүн дээр өгсөн. Манлай уяач цолонд хүрэхэд нь нэмэр болсон байх. Хүн ажил хийж байхад  түүнийг нь үнэлэх ёстой. Шагдарсүрэн гуай маань одоо бурхан болчихсон. Говьшанхад хар морь түрүүлсэн орой нь тэдний гэрт хар морины төрөл юу байна гээд хэдэн жийптэй хүмүүс давхиад очсон гэсэн.  Улсын наадамд түрүүлсэнийх нь дараа Шагдарсүрэн гуайн адуунаас хар морины цусан төрлийн бүх адуу зарагдсан гэж сонссон. Тэр нутгаар явбал Шагдарсүрэн гуайнхаараа ороод гарна гэж би боддог.

Цэрэнжаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна