Ж.Баярсайхан: Аймгийнхаа 70 жилээр даага, шүдлэн хоёр насны түрүүг авч байлаа

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 02 -нд

Аймгийн Алдарт уяач Ж.Баярсайхан: Миний цуглуулсан хурдаас 5 дахь үедээ хүрэн, зээрд зүсмийн адуу гарч их хурдалж байна

- Аймгийн Алдарт уяач болтлоо туулсан таны морьтой холбогдсон түүх хэрхэн эхэлсэн бэ?
-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, 1949 онд төрсөн, үхэр жилтэй. Жамъян гэдэг айлын хамгийн том хүү. Манай аав хурдан морь шинждэг, уядаг хүн байсан учир би 5 настайдаа анх хурдан морины нуруун дээр гарч, аймаг сумандаа олон ч ах дүү нарын болоод өөрийн эцгийн морийг унаж айрагдуулж байсан. Сумандаа сайн унаач гэгдэж хүн болгон надаар морио унуулахаар хөөцөлдөж ааваас гуйдаг байлаа. Том болсон хойноо сургууль соёл, алба ажил гэж нэг хэсэг адуу малтай хавиралгүй яваад 1991 оноос тэтгэвэртээ гараад морь уяж эхэлснээс хойш 20 гаруй жил морь гэдэг амьтантай нөхөрлөжээ.  
- Өнөө цагт ямар ажил алба хашиж байгаагаас үл хамаараад төрийн түшээд хүртэл морь уяж байна. Харин та ямар ажил алба хашиж байсан болоод хүүхэд цагаасаа нуруунд нь мордсон хүлэг морьтойгоо ойр байж чадаагүй юм бэ?
-Би Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Сэргийлэн хамгаалах албаны дарга, хэсгийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга гээд янз бүрийн л ажил хийж байсан. Миний тэтгэвэртээ гарах тэр үед хувьчлал болж нэгдэл тараад, цөөн тооны хэдэн мал аваад хөдөө гарсан даа. Бидний үед ажилтай хүнийг морь мал уяулдаггүй, тэр тусмаа хуулийн байгууллагын ажилтан хүнд бүр хэцүү байлаа. Уг нь залуугаасаа морь уяж байсан бол Аймгийн алдарт байтугай цол авчихаар байсан гэж боддог юм. Одоо ч хүүдээ бүгдийг даатгаад, өөрөө аймгийнхаа төв дээр хэдэн морь тэжээгээд байж байна. Миний хүү мянгат малчин, Сумын алдарт уяач бий.
-Таны үеийн зарим улсууд нууцаар морь уяж, түүнийгээ өөр хүний нэр дээр уралдуулдаг байсан тухайгаа дурсдаг. Таны хувьд ийм зүйл тохиолдож байв уу?
-Нууцаар л уядаг байсан даа. Би хөдөө ажиллаж байгаад 1978 онд аймгийн төвд Цагдаагийн сэргийлэн хамгаалах албаны даргаар томилогдож ирсэн юм. 1979 онд 3 дүү цэрэгт байхад аавынхыгаа аймагт ойр нүүлгэж ирээд, орой үдшийн цагаар, хагас бүтэн сайнаар хөлс авч морио уядаг байлаа. Тэгээд тэр жилээ аймагт шүдлэн үрээ түрүүлгээд, намар нь даага түрүүлгэсэн. 1980 онд 3 насны морь уядаг юм. Ажил тарангуут сэмхэн гарч 15 км давхиад морин дээрээ очоод шөнө ирнэ. Тэгээд аймагт хавчиг азарга дөрвөөр орлоо, хоёр жил дараалан түрүүлсэн соёолон азарга 3 дахь жилээ түрүүлнэ гэж горьдож байтал ажил төрөл нь дутчихавуу яав аман хүзүүлчихлээ. Тэгээд 12-нд Аймгийн дарга “Сэргийлэн хамгаалах албаны дарга их сайн ажилласан. Дэгтэй сайхан наадам боллоо, цагдаа нараа сайн удирдсан, бас морь сайн хурдлууллаа” гээд морины цолон дээр надад баяр хүргэлээ. 13-нд ажил дээрээ очоод сууж байтал удирдлагын зөвлөлийн хуралтай гээд дуудаж байна. Би өөрөө удирдлагын зөвлөлийн гишүүн болохоор даргадаа ёсолчихоод суутал “Та зогсож бай” гэж байна. Аймгийн баяр наадамд хоёр морь айрагдуулчихсан, шагнах байх гэж бодоод зогсож байтал “Хувийн эрх ашгийг хичээж хоёроор нь морь уяж айрагдуулсан, арга хэмжээ авна, цол хасна” гэж загнаж билээ.
-“Таван бодтой” албан хаагч ямар угшлын морьдоор наадаж байв?
-Би хорь гаруйхан насандаа уурхайд төлөөлөгчөөр ажиллаж байхдаа аавынхаа Дарьгангын жижиг зээрдийн угшилтай үндсэн адуун дээр нь Хэнтийн Галшар Буянтын адуу, Бүрэнцогт/одоо Мөнххаан сумын баг болсон/-ын Баадуудоржийн алаг, Хэнтийн 10 жилд гурваар орсон босоо цавьдар гэсэн угшлуудыг их цуглуулсан. Тэр үед малчин 17 бод, албан хаагчид 5 бодтой байх ёстой байлаа шүү дээ. Таван адуунаас дээш тоолуулбал хурааж авна, феодал, хувийн эрх ашгийг хичээгч гэж загнадаг байлаа. Тэгээд л сэмхэн аав руугаа, 3 дүү рүүгээ явуулдаг байсан. Тэр угшил явсаар одоо 5 дахь үетэй залгаж байна. Төрсөн сум Асгатдаа төлөөлөгчөөр ирснээс хойш Халзангийн Улсын манлай уяач Ухна гуайн адуунаас бас цус сэлбэсэн. Тэр хүн манай хүний ойрын хамаатан, миний хадам хөгшин байгаа юм. Мөн Асгатын чанга Рэнцэнгийн хүрэн, Батын Лхамсүрэнгийн хар азаргануудын угшлыг нийлүүлээд одоо миний адуу 5 дахь үедээ голдуу хүрэн зээрд адуу гарч их хурдалж байгаа. Ер нь Халзангийн Манлай уяач Ухна гэдэг өвгөний адуу бол улсад нэрд гарч байгаа адуу. Надад олон сайн адуу өгсөн. Ухна гуайн халиун азарганы төл болох аавын ембүү хүрэн азарга надад ирээд дааган цагаасаа намайг олон ч баярлуулсан, их ч төл гаргасан.
-Энэ олон хурдуудаар цус сэлбэсний дараа адуу тань хэр хурдалж байсан бэ?
-Хэнтийн босоо цавьдар, Баадуудоржийн алаг гэдэг азарганы дундаас гарсан төлүүдийг хооронд нь сольж тавиад, тэр хоёрын дундаас гарсан бага шаргал гэж эмнэг гүүг Дорж өвгөнөөс худалдаж авч байсан юм. Тэрийг Дарьгангын жижиг зээрдүүдийн угшилтай аавынхаа унаган хүрэн азарганд авчирч тавиад хүрэн азарга гарсан. Тэр хүрэн азарга 1979-1980 онд шүдлэн, хязаалан насандаа 2 жил дараалан аймагтаа түрүүлж, соёолон аман хүзүүлээд, хавчиг морь аймагт дөрвөөр оруулсан. Тэр жилээ бас нэг даага түрүүлгээд миний нэртэй үндсэн адуунууд хурдалж эхэлсэн. 1991 онд аймгийн тээвэрчдийн 70 жилийн ой аймгийн наадамтай давхар болоход шаргал даага, хүрэн халзан үрээ хоёроор хоёр түрүү авч байлаа. Тэгэхэд бүх сумд наадмаа түрүүлж хийгээд сумдын эхний 10 байрны морьд аймагт ирж уралдсан болохоор нас насанд хоёр, гурван зуугаараа уралдсан том наадам болсон. Мөн Асгатын 70 жилд шаргал даагаа түрүүлгэж байсан.
-Тэгвэл тав дахь үедээ явж байгаа хүрэн, зээрд адуунууд эзэндээ хэр олон удаа айраг амсуулсан бэ?
-Миний Гоё хүрэн азарга даагандаа Дорнодын бүсэд таваар орж байсан. Тэгэхэд Дорнодын бүсэд улсад эхний тавд орсон бүх даага ирж уралдахад дөрвөн эрлийз дааганы ард ганцхан монгол даага хол тасархай ирж таваар орсон юм. Шүдлэндээ Хэнтийн бүсэд аман хүзүүлээд, 2009, 2010, 2011 онуудад аймгийн аварга хүлэг шалгаруулахад түрүүлээд байна. Мөн 5 дахь үеийн төл болох УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны зээрд азарга уржнан хавчиг азарга улсад гурваар ороод, Архангайд Тоглохын талын хурдад аман хүзүүлсэн. Эднээс гадна гадагшаа гарсан адуунууд маань ч улс, бүсэд орж байгаа. Эрдэнэцагаанд дөрөв тав түрүүлээд байгаа Сүхээ гэж хүний хар азарга манай адуу. Дундговьд хүрэн халзан азарга гарч ноднин гурваар орсон, Эрдэнэтэд хар адуу хоёр гурав айрагдаад байна. Мөн Дундговиос нэлээд адуу авсан, Архангайд хоёр засаатай адуу очсон, их хурдалж байгаа гэсэн.
-Ч.Улаан сайдад Тайван зээрдийгээ хэдэн насанд нь өгсөн юм бэ? Өмнө нь яаж давхиж байсан адуу вэ?
-Хязааланд нь бэлгэнд өгсөн юм. Битүү шүдлэн үрээ сургаж байхдаа их тайван номхон, хурдан гэдгийг шинжээд тэжээж байсан. Улаан бид хоёр дээр үеэс ах дүүс шиг болсон улс. Гэр бүлээрээ манайхаар орж гарч, цагаан сараар золгохоор ирдэг. Нэг цагаан сараар золгохоор ирэхэд нь  Гоё хүрэн маань даага,  Тайван зээрд хязаалан байсан, тэр хоёрыг тэжээж байсан юм. Тэгээд энэ хоёрын аль дуртайгаа ав гэсэн. “Ахаа даага нь эх нь залуу юм, та хэдэн жил төлөө авахаа бод. Харин хязааланг чинь авъя” гэсэн. “Их тарган байх шиг байна соёолонд нь уралдуулах уу?” гэсэн чинь “Хавар эрт ирээд авчихна, хязаалангийн хүчийг дийлэхгүй гэж юу байхав” гээд авсан. Очсон жилээ хүчийг нь дийлэхгүй, их тарган уралдаад улсад 13-аар орсон. Соёолондоо бас эрлийзтэй уралдаад 7-оор орсон.
-Тайван зээрдийгээ улсад гуравлахад нь та хамт уяаг нь тааруулсан гэсэн билүү?
-Нөгөө Гоё хүрэн маань энд хэд хэд түрүүлээд байтал “Ах энд ирж уралд, Архангайн бүсэд явъя. Давхар уяагаар хүрээд ир” гээд дуудахаар нь наадмаас арван хэд хоногийн өмнө очиход Улаан гэр бариад бэлдчихсэн байсан. Тэгээд Тайван зээрд хавчиг азарга гуравлаж, харин Гоё хүрэн хязаалан маань 9-өөр орсон. Би хувьдаа жоохон гутранги л байсан. Тэгтэл улсууд чи улсад ирээд ийм олон адуунаас 9-өөр оруулчихаад гутарч болохгүй гэж загнуулаваа.
-Анх удаа улсын наадамдаа уралдахдаа хязаалан есөөр оруулчихаад яагаад гутардаг билээ? Ямар нэг шалтгаан байсан хэрэг үү?
- Би ч улсад анх очиж байгаа нь л тэр л дээ. АХ-ын 90 жилийн ойгоор улсдаа тоосоо өргөнө гээд анх удаа улсад явж уралдсан юм. Миний Гоё хүрэн хязааланг гаргаад шүдлээд явуулчихсанаасаа хойш эргүүлж авчраад цаг шахуу болгож байгаад сэрвээний өндрийн хэмжээгээр эрлийз гэдэг юм. Би ч ямар очиж чадах биш. Айхтар ч юм билээ, цагдаа нар намайг барьж авчихаад оруулахгүй. Хэзээ хойно нь жийптэй хүн авч яваад тавьсан. Тэгээд 340 гаруй хязаалангаас есөөр оруулсан даа. Би ч бухимдахдаа “Миний хүрэн адууг өнөөдөр та нар хавчиж хасаж болно, маргааш дахиад өөр адуу ордог юм шүү, та нар чадалтай бол хасаарай гэж байсан.” Архангайн бүсэд хөл нь биш байхаар нь энд ирж орхичихоод, зээрд азаргынхаа уяаг Улаантайгаа тааруулъя гээд очсон юм. Архангайд Тайван зээрд аман хүзүүдсэн. Миний хол гарсан нь улсдаа нэг, Архангай, Хэнтий, Дорнодын бүсэд нэг нэг уралдлаа даа.
-Түүнээс хойш гоё хүрэн хэр давхиж байна вэ? 
-Ноднингоос эхлээд хөл нь сулраад уралдуулахгүй байгаа. Одоо хавчиг азарга бий. Гоё хүрний төрсөн дүү энэ жил шүдлэн үрээ тэжээж байна. Энэ жил их хурдална гэж дотроо бодож байна.
-Таны аймаг, бүсийн айраг түрүүний тоо хэд хүрээд байгаа вэ?
-Аймагтаа 3 түрүү, арваад айрагтай байгаа байхаа. Сүүлийн үед аймгийн аварга хүлэг шалгаруухад бол 7-8 айраг, түрүү болж байгаа. 2008 онд аймгийн алдарт цолоо авсан.
-Дээр та аавыгаа морь шинждэг, уядаг тос даасан буурал байсан гэж ярьсан. Аавынхаа талаар дурсахгүй юу?
- Муу аав минь 1995 онд ойчсон юм. Багаасаа сургууль, ажил алба гэж хөндий яваад ааваасаа морь уях эрдмээс нь олигтой юм дуулж авч чадаагүйдээ харамсдаг юм. Тэр талаар дүү нараасаа дор доо. Манай аав морь сайн мэддэг, нэгдлийн адууны эхээсээ төөрсөн унагыг азарга, эхийн хэлбэрээр олгож өгдөг их онцгой хүн байлаа. Гурван дүү нэгдлийн нэг суурь адуу малладаг, нэг суурь гэдэг чинь 1500 адуу шүү дээ. Тэр олон адуунаас унага самуурах, хязаалан гүү унагаа орхичихоор нөгөөдүүл эхийг нь олохгүй. Тэгээд аавыг дуудахад тийм азарганы хэлбэртэй юм тэр адуунд нэг үз дээ гэхэд л тэнд нь унагаа хаясан гүү байдаг байсан. Асгатын гавьяат адуучин Намжил, аймгийн энх сүрэгтэн, адуучин Лхамсүрэн нар манай аавын энэ чадварыг их дурсдаг юм. Тэр үед хувьдаа арван хэдхэн адуутай, жилдээ 1-2 адууг зуны цагт наадмаар уяхад зарим үед айрагдаж, түрүүлдэг байлаа. Тэгэхэд уралдахаар гарч байгаа морьдыг хараад энэ өнөөдөр цагаан өнгийн юм амсуулнаа, наадах чинь ч орчих байхаа гэхэд тэр адуу айрагдаж байх жишээтэй. Гарч байгаа адууг шинжихдээ их онцгой байсан. Олон хүүхэдтэй, нэгдлийн хоньтой ядуу малчин байсан хэрнээ хүний олон жил муу давхиулсан адууг шинжиж аваад уяад уралдуулахад тэр нь ороод байдаг байсан. Морины шилийг барьж үзээд л зөөлөн өөхтэй байна, зөөлөн шилэмтэй байна ч гэж байх шиг. Би одоо хэр нь харуусдаг юм. Зөөлөн өөх гэж хоёр арьсны дунд хэдэн хуруу байхыг хэлдэг юм, зөөлөн шилэм гэж хаагуур нь барьж үзэж байсан юм мэдэхгүй. Би ч дураараа, нэлээд эрх байсан болохоор залуудаа саахалзаад ирж хоол цай болчихоод, морьдоо харчихаад л буцахаас асууж мэдсэн юмгүй үлдэж дээ.
-Гэхдээ алтны хажуудах гууль шарлана гэдэг шиг морь шинжиж авахаас өгсүүлээд хоосонгүй болов уу гэж бодож байна?
-Бас ген байдаг юмуу хааяа нэг гайгүй шинждэг тал бий. Асгатад ирээд нэг хүний 2 жил уяад аравт ч ороогүй адууг авч уяад айрагдуулсан. 1993 онд Зохиолчдын баяр гэж Асгатын Дөхөм гэдэгт наадам хийхэд Асгатын Мангал гэдэг өвгөн уяж байгаагүй битүү хязаалан уралдуулахаар ирсэн байхад нь нэг адуутай хамт 1500 төгрөгөөр авсан юм. Тэгэхэд хүмүүс намайг ямар их хөрөнгөтэйдээ тэгж байна гэж гайхаж байсан. Таны энэ адууг авъя, аавдаа үзүүлье гэсэн чинь “Чи ердөө уралдаж үзээгүй юмыг аваад тэр өвгөнд юуг нь харуулах гэж байгаа юм” гээд загнууллаа. Сунгалт энэ тэрд ч морьдтой нийлээгүй, өвгөн ганцаараа хонины бэлчээрээрээ жаахан ажил хийсэн байсан. Надад бол хурдан адуу шиг л санагдаад заавал авъя гэж шийдсэн. Тэгээд хазаар, боолтыг нь сольж, өвгөнд мөнгөө өгч явуулаад, хязаалангаа мордуултал хол түрүүлж байсан. Зун нь мөн сумандаа түрүүлгэсэн юм. Тэр адуу хязаалан, соёолон, хавчиг насандаа надад их хурдалсан. Тэгээд бүтэлгүй хүүхдээр унуулаад хөлийг нь ёргиочихсон юм. Би ер нь өөрийнхөөсөө гадна хэд хэдэн битүү морь авч хурдлуулсан. Сүүлдээ ч улсууд энэ нохой нэг юм мэдэж байгаа гээд морио өгөхөө байсан.
-Та ямар шинжийг голчилж адуу шинждэг вэ?
- Би бол морины чих толгой, хамрын самсааг гол төлөв харах гээд байдаг юм. Хоёрдугаарт туур, шөрмөсийг харна. Шөрмөс уян бөгөөд гарын хуруу хоёр талаас нь бариад үзэхэд хуруу орчихоор гүнзгий зайтай, туур бол хомбондуу ирмэгтэй, өсгий нь газарт наалдаагүй, хөндий байвал зүгээр. Ташаан толгой, ахар сүүл урттай, ухаан нь даралт ихтэй гэсэн үг л дээ. Тэгээд хойд хөлийн хоорондын зай, тавилтыг их хардаг. Ялангуяа шогшиж дэргэж явуулж байж харах гэдэг хүн дээ.
-Танай дүү нар аавынхаа энэ эрдмээс хэр өвлөж үлдсэн бэ?
-Манай гурван дүү адуунд их гарамгай. Нэг нь 1980-аад онд улсын аварга адуучин болсон. Тэрнээс адуу мал уяад сүйд болоогүй. Адууг сайн эдэлж хэрэглэдэг, сургадаг. Ёс болгож хаа ганц төрийнхөө наадамд морио уяж л байдаг юм.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Тиймээс улсад унаган адуу нь гуравласан хүний адуу шигээ хийморилог үгээр ярилцлагаа жаргаая.
-Би ч одоо настай хүний тоонд орж байна. Тиймээс залуучууддаа хандаж хэлэх үг байна. Адуу гэдэг угшилтай болсон, хүн бүрийн адуу сайжирсан болохоор тэрнээс олж сонгож уях өөр хэрэг, уях адуугаа эдлэх гэдэг бүр ч чухал хэрэг юм шүү. Сүүлийн үед залуучуудыг харж байхад бага адуу битгий хэл том адуугаа ч унахаа байж. Дандаа л машин, мотоцикль. Бидний үед бүх ажлаа мориор л амжуулдаг байсан. Би таван сумын дунд сардаа мориор тойрч ажил үүргээ гүйцэтгээд, 7 хоногт нь төвлөрсөн суман дээрээ ирдэг байсан. Морь гэдэг унаа эдэлгээнээсээ их шалтгаалдаг. Ялангуяа намрын, өвлийн, түрүү цасны унаанаас их юм шалтгаална. Одоо уяж, хурдалж байгаа нь уурга мэдэхгүй, чөдөр мэдэхгүй, төв дээр голцуу тэжээнэ. Баригдахгүй нэгийг нь уут барьж гүйж барьдаг болжээ. Манай аав “Эмнэг адууг чөдөрт сургахад шөрмөсний суналт ирдэггүй, шөрмөс нь бөхөждөг. Эмнэг адуу их дэвхэцдэг, тэрэндээ хөл нь бэхэждэг. Адууг уургалж угзрах сайн, тэрэндээ төвөнх шахалзуурын бяр ирж, амьсгал сайжирдаг” гэж ярьдаг байсан. Урьд улсууд морийг шинжээд арай шахалзуураар бага юмуу гэдэг байлаа. Одоо тийм юмыг нь бид байхгүй болгоод байнаа гэсэн үг. Би ч ялгаагүй. Сүүлд Хэнтийн бүсэд чөдөрлөж үзсэн. Гүйдэл орчихсон адуу гэрийн нохой энэ тэртэй тоглоод гүйгээд алга болох аюултай юм билээ. Эдлэх нь яахав, хөл гарт нь хал балгүй сайн унах хэрэгтэй. Унаа үзсэн адуу зооны бяр сууна. Үүнийг л өөрийн дотно гэсэн болгондоо хэлдэг юм даа. Яагаа ч үгүй морь хөлгүй боллоо, шөрмөс нь сунаж байна л гэж байна, энэ чинь хөлийн бяр суухгүй, шөрмөс суухгүй байна гэсэн үг. Тэрийг л залуучууддаа захимаар байдаг юм, өөрийнхөө хүүхдэд ч хэлдэг юм. 
-Залуу уяачдад ус, агаар шиг тустай зөвлөгөө байна. Та урт насалж, удаан жаргаарай.

Д.Энхтуяа

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна