Уяач Н.Алдар: Аймгийн Алдартын болзол хангачихаад байгаа

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 03 -нд

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын уугуул, уяач Н.Алдар энэ удаагийн зочин байх юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Залуу уяачийн моринд орсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Би хүүхэд байхын л моринд хорхойтой нэгэн явлаа. Манайхан морь мал уяхгүй л дээ. Харин би морь уяж байгаа нутгийн хөгшчүүл дээр өөрөө гүйж очоод “морийг чинь унаад өгье” гэж гуйна шүү дээ. Энэ нь хожмоо моринд орохын эхлэл байсан юм болов уу. Түүнээс олон жилийн дараа буюу 2009 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Очирбатын Ариунболд гэж залуугаас нэг шүдлэн үрээ авсан юм. Тэр үед Хэнтийгээс зургаан үрээ ирснээс ганцхан л үлдчихсэн байсан нь тэр. Хүмүүсийн хэлдэгээр сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн надад ирээд олон удаа айраг түрүүнд хурдалж баярлуулсан. Энэ нь залуу уяач надад ташуур өгч, морь уях их эрдэмд илүү шамдах хэрэгтэйг ойлгуулсан. Ингэж л моринд орсон түүхтэй гэх үү дээ. Одоо үр төлөөр нь би наадаж байна. Сүүлд Сүхбаатар аймгийн Дарьгангын Хүрлээгээс нэлээд хэдэн азарган үрээ авчирч адууныхаа цусыг сэлбэх ажлыг хийгээд авсан. Ихэвчлэн зүүн зүгийн адуу л цуглууллаа.
-Уяа сойлгоо өөрөө тааруулчихаж байна уу?
-Тэгэлгүй яахав өөрөө л уядаг. Багадаа хурдан морь унаж өссөн маань нэмэр болдог гэж боддог юм. Мэдээж морь унах, уяхад ялгаа их бий. Гэхдээ хүүхэд байхдаа морь уяж байгаа уяач ах нарыг харж байсан маань бүүр түүрхэн үлдэж л дээ. Би чинь Жамба гэж өвгөний морийг унадаг байсан юм. Их сайн уяач байсан тухай мэддэг хүмүүс нь ярьдаг. Морь унадаг байхад өвгөн  “морь чинь өөрөө чамд зааж хэлээд өгнө” гэж хэлдэг байлаа. Үнэхээр ч сайн адуу хүнийг уяач болгодог гэж үнэн шүү.
-Өнгөрсөн жил төрийнхөө баяр наадам даага айрагдуулсан шүү дээ. Тэрнээс өмнө улсын наадамд очиж байв уу?
-Үгүй ээ тэр бол анхных нь. “Битүү уяач” анх удаа улсын наадмын өндөр довд очоод эрлийз ангилалд даага айрагдуулж байлаа. Мэдээж түүнээс өмнө үзэгчийн хувиар оччихоод төрийнхөө их баяр наадамд уясан хүлгэдээ түрүүлж, айрагдуулах гоё байх даа хэмээн өөртэйгээ ярьж битүүхэн мөрөөдөж явлаа. Хээр даага наадмаас өмнө Сэлэнгэ аймгийн Цагаанморьтын бүсийн уралдаанд айргийн гурваар хурдлаад байсан юм. 2011 онд “Нийслэлийн магнай хурд” шалгаруулах уралдаанд түрүү магнай болж байлаа. Жижиг наадмуудад 11 уралдсанаас 9 түрүүлсэн нь улсын наадмыг зориход их нөлөөлсөн. Тэр жилээ наадмын дараа төвийн бүсэд очиж уралдаад наймласан.
-Хаанахын адуу юм бэ?
-Эцэг нь Будённый үүлдрийн азарга. Харин эх нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бураа хэмээх Пүрэвжавын азарган үрээ Сэлэнгэ аймгийн Сүмбэр сумын Октябрт ирж гарсан төл нь байгаа юм.Энэ хавар Сэлэнгийн бүсэд нэг даагаа мордуулж, аман хүзүүдсэн. Уг нь түрүүлж явсан ч үзүүр дээрээ хулгаад хоёрлосон байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяачдын холбооны дарга Хашаагийн хүрэн халзан Англи азарганы төл байгаа юм.
-Шинэ монгол адуугаар л нааддаг юм уу?
-Үгүй ээ, холиод л наадаж байна. Яахав түрүүлж, айрагдаад байгаа нь шинэ монгол адуунууд юм уу даа. Манай Сэлэнгэ  чинь цустай, нэлээн сайжирсан адуутай. Миний хувьд нэг англи халтар азарга бий. Сүхбаатараас гүү авчирч гишгүүлээд гарсан төлүүд нь дажгүй шүү. Гэхдээ мэдээж
Монгол адуу сайхан л даа. Яваандаа монгол адуугаараа л наадна гэж боддог. Одоо харж байхад эрлийз адуугүй хүн байхгүй болчихлоо. Үүнийгээ дагаад төрийн наадмын хурдан морьдын уралдаан ч будлиантай болоод байна. Эрлийз нь эрлийздээ, монгол нь монголдоо уралдахгүй хэл ам татлаад байгааг бүгд л харж байгаа. Ялгаж уралдуулах нь зөв л дөө. Гол нь ялгаж салгахдаа зөв хиймээр байна. Уралдаад ирсэн хойно нь маргах биш, гарахаас нь л сайн ялгаад өгчихье л дээ. Уяачид маань ч ёс зүйтэй байж шударга сайхан л “өрсөлдөе” гэж хэлмээр санагддаг юм.
-Энэ жил хаагуур наадсан бэ?
-Энэ жил манайхан галаараа дөчөөд морь уяж сойсон. Хээр үрээгээ энэ жил өнжөөгөөд дараа жилээс Дүнжингаравын хурд, улсын наадам хоёртоо мордуулах санаатай байгаа. Уяач хүнд тэвчээр их хэрэг болох үе байдаг юм байна. Анх овооны наадамд мордуулаад айрагдуулчихвал боллоо гэж боддог байлаа. Гэтэл том жижиг гэлтгүй аль ч наадам босго өндөр болсон байна. Энэ нь морь уядаг хүмүүс олон болсонтой холбоотой байх л даа. Хүссэн нь очоод айраг түрүү авчихдаг юм биш болсон. Цус сэлбээд адуунууд ч их сайн болсон байна. Анх овооны наадмаас айраг аваад үзчихсэн гэж битүүхэн горьддог байсан бол улсын наадмын айраг амсчихлаа. Тэр хэрээр ухаан суудаг ч юмуу. Ер нь адуу хүнийг их өөрчлөх юм. Анх морь уяж эхэлж байхдаа өглөөний нартай уралдаж босоод уяаныхаа баасыг цэвэрлэхээс өдөр эхэлдэг байдаа. Магадгүй сэтгэл зүрхээ зориулан хичээсэн болохоор улсад морь айрагдсан байх гэж боддог. Би залуу хүн. Гэхдээ сүүлийн үед морь уяж байгаа залуусыг хараад шүүмжлэл төрөөд байдаг юм. Өөрөө адууныхаа зүсийг мэдэхгүй шахуу хүн уяач хөлслөчихөөд “за болж байна уу” гээд л том том дуугарахыг яана. Болоогүй нэг том наадамд морь айрагдуулчихвал их л оронтой тоо хэлээд зарна гэх юм. Би лав хурдан морь сонирхсоноосоо хойш нэг ч морь зарж үзээгүй. Тэр тухай бодож ч байгаагүй. Айраг түрүү гэж улайрахаасаа илүүтэй адуунаас эрч хүч амар амгалан олдог нь сайхан юм. Хүний амьдрал болсон хойно сэтгэл гонсгор байх үе гарна шүү дээ. Тэр үед адуугаа хараад сууж байхад аяндаа л тайвширчихсан байдаг юм. Адуу гэж ийм л сайхан энергитэй амьтан даа. -Хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ? Цолонд дөхөж байна уу?
-Аймгийн Алдартын болзол хангачихаад байгаа. Улсын наадмын нэг, бүсийн гурван түрүү айраг, сумын 20 гаруй айраг түрүүтэй. Гэхдээ би аймгийнхаа наадамд уралдаж үзээгүй. Улстай нэг өдөр болдог болохоор амждаггүй юм.
-Унаач явлаа гэсэн. Энэ жил унаач хүүхдийн асуудал хурцаар яригдаад байгаа. Та энд ямар бодолтой явдаг вэ? 
-Одоо бол унаач ховордсон цаг шүү дээ. Хүүхдүүд тэр бүр морь малтай ойр өсөхгүй байна. Тийм болохоор л өнөөдрийн унаач хүүхэдтэй холбоотой яриа гараад байгаа юм болов уу гэж боддог. Дөнгөж морь унаж сурч байгаа хүүхдийг эмээлж өгөөд л гаргачихаж байна шүү дээ. Сураагүй хүүхэд чинь яах уу. Тэр их бужигнаанд ороод ирэхээд эвгүйхэрнэ, толгой тархи нь эргэнэ, бараг л ингээд л ойчлоо гэж бодтол өөрсдөө эмээл дээрээсээ үсэрчихдэг. Дээр үед бол зайдан мордуулдаг байлаа. Ямар нэг байдлаар ойчлоо, морь уналаа, булгилаа гэхэд зайдан хүүхэд сугараад л үлдчихдэг байхгүй юу. Адуу хэзээ ч хүнийг дайрахгүй. Нөгөө талаар 100 адуу уралдлаа гэхэд 100 машин дагаж байна. Үүнийг болиулахсан гэж боддог.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна.
-Баярлалаа. Нийт Монголынхоо ард түмэнд алтан тууртын босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай гэж ерөөе.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна