Аймгийн Алдарт уяач Ё.Аюурзана: Хар морины буянаар Халхын олон сайхан уяачидтай танилцсан


Өнөөдрийн зочныг эрхэм уншигч, морь сонирхогч та бүхэн эчнээ танина. Монгол төрийн наадамд хоёр жил дараалан айрагдсан Энэрэлтийн хар морины унаган эзэн, Галшар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ёндонгийн Аюурзана өнөөдрийн зочин хойморт саатаж байна.1957 онд Сангийн далай багийн нутаг Элгэн хэмээх газар төрсөн тэрээр 1972 оноос уяачийн замналаа эхэлжээ.
-Цуут хүлгийн эзэнтэй уулзаж буйдаа баяртай байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Яриагаа хар морины удам угшлын талаар эхэлье хэмээн бодож байна?
-Хар морины дээд удмыг хөөвөл хуучин Буянт сумын нэрт уяач Монхор Халтарын Жаал улаан гэдэг азарганы гуравдахь үе болно. Яг өөрийн эцэг нь Галшар сумын Раднаабаатар гэдэг хүний хурдан хүрэн азарга байгаа юм. Тэр хүрэн азаргыг манай дээр байдаг байсан юм.Тэгээд гарсан төл нь хар морь.
-Ганц л төл авсан юмуу ?
-Үгүй ээ. Сумандаа хоёр гурав түрүүлсэн бас нэг хүрэн азарга байсан. Миний аав 25 жил нэгдлийн адуу малласан.Би аавыгаа залгамжлан 15 жил нэгдлийн адуу малласан. Манайхан удмаараа адуучин улс л даа. Аав маань бас морь уяна. Би аавынхаа уяаны эрдмийг өвлөж, 1982 оноос эхлээд хурдан морь уялаа.1991 оныг хүртэл арван жилийн турш уяад ганц ч адуу айрагдуулж чадаагүй. Тэгэхээр сүүлдээ шантардаг юм билээ.Болъё гээд шийдчихсэн байсан нэгдлийн орлогч дарга Лхагвасүрэн гуай “Миний дүү тэгдэггүй юм. Ахиад морь уя“ гэж зөвлөөд хүрэн азаргаа дааганд нь уяж багахан наадамд гурваар давхиулан анхны айргаа авч байлаа. Авахдаа бүр нэг дор хоёр айраг авсан. Нэг соёолон морь уясан чинь бас гурваар давхиад тэгээд л улам ороод явчихсан даа. /инээв/ Дараа жил нь хүрэн шүдлэнгээ сумандаа түрүүлгээд, хурдны өм нээгдсэн дээ. Тэрнээс хойш айраг түрүү алдаагүй дээ. Тэр жил хар морь сөөнгө даага зургаагаар давхисан. 1993 онд ах хүрэн нь хязаалан үрээ гуравлаад, хар шүдлэн дөрвөөр давхисан. Ингээд л ах дүү хоёрын наадам эхэлсэн дээ.
-Олон жилийн хүлээлт, хичээл зүтгэл талаар болсонгүй?
-Харин тэгсэн. Хар морь 1994 онд хязаалан үрээ сумынхаа наадамд аман хүзүүдэхэд, ах нь долоогоор давхисан. Ах хүрэн нь сумандаа хоёр түрүүлж, хэд хэд айрагдсан. Гэхдээ хар морио голлоод ярьчихъя. 1995 онд соёолон суманд дөрөвт ороод, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын наадамд очиж түрүүлсэн. Тэр жилээ жалгын наадамд хоёр гурав ч түрүүлсэн байх. Хэд хэд уралдаж, уралдах болгондоо л түрүүлж байсан юмдаг. Дараа жил нь хавчиг морь бас хоёр гурав түрүүлсэн. Тэрний дараа 1999 онд найман настай морь сумандаа анх түрүүлж байлаа. Тэр жил би сумын наадмаас гурван түрүү, нэг айраг авч их сайхан наадсан юм. Галшар гэдэг чинь хэр баргын хүн гурван түрүүг нь аваад байдаг дов биш. Монхор Халтар гуай, Оготор Балжинням гуай хоёр л гурван түрүүг нь авч байсан юм гэнэ лээ. Тэгээд дараагийнх нь би.
-Хар морь түрүүлсэн. Нөгөө хоёр нь....
-Ах хүрэн азарга нь, бас нэг шүдлэн үрээ түрүүлж, нэг даага дөрвөөр давхисан юм. Миний хамгийн сайхан наадсан жилүүдийн нэг нь тэр. Тэр жил Боржигоны бүсийн наадам болсон шүү дээ. Тэр наадамд хар морь ёстой сүүлээсээ идсээр яваад есөөр давхиж, хүрэн азарга маань жаахан хүч дутаад хойхнуур орсон.
-Тэр наадмын дараа хар морь зарагдсан уу?
-Тэгсэн өвөл нь зарагдсан. Онон, Дуламсүрэн, “Мандал Алтай”-н Балдандорж гурав ирээд аваад явсан. Уг нь зарахгүй гэж бодож байсан ч, зарчихсан./инээв/ Ярьж хөөрөөд суухаар хүний санаа бас хувирдаг л юм билээ. Монгол хүн морь ярихаар хөөрөлгүй яахав./инээв/ Нөгөө талаараа халхын том уяачид ирлээ. Нутаг орны, миний нэр гарна гэж бодсон доо. Тэр маань ч ёсоор болж, халх даяар алдар нь түгсэн дээ. Би өөрөө уяад байсан бол тэгж давхиулаа ч уу, үгүй ч үү. Улсын наадамд би ганц л явсан. 2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор хүрэн азаргатайгаа очоод дөчин хэдээр давхиулж, буудан морио уяаны алдаа гаргаад хойхнуур давхиулсан. Тэр буудан хар мориноосоо илүү адуу л даа. Хүмүүс ч илүү гэдгийг нь хэлдэг л байсан. Буудан морь сумандаа таваас хойшилдоггүй байсан адуу.
-Хар морийг тухайн үедээ их өндөр ханшаар зарагдаж байсан гэдэг юм билээ?
-Шинэ 69-өөр л өгсөн. “Монголд анх удаа их насны морь 69 хүрлээ” гээд улс шуугиад л байсан. Би олон наймаа хийж байсан биш. Морины үнийг мэдэхгүй шүү дээ. “69-өөр өгнө гээд” тэрүүгээр л болсон.
-Энэрэлт агсан “сайн адуунд үнэ хайрлахгүй” гэсэн гэдэг юм билээ?
-Тийм байхаа. Би тэрийг яаж мэдэхэв. Гадаадад сургууль төгсч, тэндээ ажиллаж байгаад ирсэн гэдэг юм билээ. Аав нь дипломатч хүн байсан гэдэг байх шүү. Монголдоо ирээд НИК-ийн захирал болж, морь мал сонирхож эхэлсэн гэдэг юм. Өвөрхангайнх гэдэг байхаа.
-Тиймээ, Төгрөг сумынх?
-Галшараас адуу авна гэхээр нь хүмүүс миний хар морийг зааж өгсөн юм шиг байгаа юм. 1999 оны өвөл 12 сард зарагдаад, 2000 оны улсын наадамд дөрөвт давхиж, Өвгөн ноёны наадамд хүүхэдгүй түрүүлж, 69-өөр шагнуулж байсан. Би Энэрэлттэй Өвгөн ноёны наадмын дараа уулзсан. Яриа хөөрөөтэй, даруухан хүн байсан. Тэр жил Архангай, Өвөрхангайд том наадам болно гэж байхад нь би “хар морийг минь нутагт нь авчирч уралдуулаарай" гэж хэлсэн юм. Тэгээд наашаа ирж уралдаад түрүүлсэнийх нь дараа “эзэнтэй нь уулзана” гээд надтай уулзаж, “намар ирээрэй” гэж урьсан юм. Тэгээд яахав сайн хүлгийнхээ буянаар хотод очиж хэд хоног сайхан амарч байгаад ирсэн. Би хар морины буянаар халхын олон сайхан уяачидтай танилцсан.Онон, Дуламсүрэн, Аюуш, Сандуйжав, Батхүү, дааган Ганаа гээд л...
-АХ-ын 80 жилийн ойгоор мөн айрагдсан?
-Тэгсэн. Улсад таваар давхиад, давхар уяагаар “Их хурд”-д уралдах үеэрээ хөл нь болиод амжилт гаргаагүй. Тэрний дараа жил эзэн нь нас бараад тэрнээс хойш дуулдаагүй. Дам сонсохноо Өвөрхангайд талийгчийн дүү нар уядаг. Тэндээ гайгүй давхиж байгаа гэсэн. Уг нь ховорхон заяах хурдан хүлэг л дээ.Онон ч хэлдэг байсан юм. “Миний хээр, чиний хар шиг морьд дахин олдохгүй дээ” гэж.
-Нэг эцэг эхийн төлүүд хэр нь харилцан адилгүй байдаг шүү дээ?
-Харин тийм. Хар морь, хүрэн азарга хоёрын дүү хэд хэдэн үрээ байсан ч ах нарынхаа хэмжээнд хүрээгүй. Ер нь айлын адуунд сайн төл өгдөг ганц нэгхэн л гүү байдаг.Хэрвээ удамтай гэсэн болгоноос сайн юм гардаг байсан бол байнга л хурдан адуу төрөөд байна биздээ. Дээхнэ үеийн хөгшчүүл сайн адуу зуун жилд нэг төрдөг гэдэг байсан нь оргүй үг биш байх шүү. Одоо надад хар морины дүү нэг хязаалан үрээ бий. Өнгөрсөн жил сунгаан дээр хол байсан ч уралдаан дээр тамир нь дутаад олигтой давхисангүй. Ер нь ч одоо тэжээлгүй адуу уралдана гэж байхгүй юм байна даа.
-Тэжээдэггүй хэрэг үү?
-Энэ хавраас л тэжээлээ. Мэдэхгүй болохоор хүн амьтнаас асууж байгаад тэжээсэн. Тэр тал дээрээ алдаа гаргасан уу. Бүү мэд. Монгол хээрийн эзэн Пүрэвдоржоос авсан үрээгээ сунгааны үеэр хөлийг нь эвгүйтүүлчихсэн. Нэг үе морь сайн давхиж байснаа хэсэг өнждөг шүү дээ. Тэр жишгээр би арваад жил айраг амсаагүй байж байгаад өнгөрсөн жил хоёр айраг авлаа.
-Адууныхаа удам угшлыг сайжруулахын тулд үрээ байдас авдаг байлгүй. Хаа хаанаас авч байна?
-Сая ярьсан Пүрэвдоржийн адуунаас авлаа.Би ер нь азарга нэг их аваад байдаггүй. Авлаа гэхэд гүү голдуу авна. Азаргаа бол өөрийнхөө хэдээс л тавина.
-Хар морь улсын наадамд айрагдсаны дараа адуу авах гэсэн хүмүүс цөөнгүй ирээ байлгүй?
-Ирсээн ирсэн. Архангай руу хүртэл аваад л явсан. Тэндээ очоод хурдалж л байгаа дуулддаг юм. Одоотой адил ямар эзнийг зарлах биш дээ.
-Сүүлийн үед адуу мал зарж байна уу?
-Зараагүй ээ.
-Нэгэн цагт аавыгаа даган адуу маллаж, морь уяж байсан гэдэг. Тэгвэл одоо таныг залгамжлан уяа эвлүүлж буй залуус хэр олон байна?
-Миний аав 1957 онд нэгдэлд ороод 25 жил адуу маллахын зэрэгцээ морь уядаг байсан. Тэр үед морь мал уялаа гээд одоотой адил алдар цол өгөх биш. Харин ч найр наадам хэсч ажил цалгардууллаа гээд арга хэмжээ авчих гэдэг байсан цаг. Миний хувьд 1972 онд Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөөд илгээлт авч 1975 оныг хүртэл үхэр хариулсан. Тэгээд цэрэгт явж хотод холбооны ангид албаа хаагаад, 1978 онд халагдаж ирээд нэгдлийн адуу хариулсан. Ер нь ухаан орсон цагаасаа хойш адуу малнаас хол байсангүй өдий хүрлээ. Би дөрвөн хүү, хоёр охинтой. Хоёр охин хүний эхнэр болцгоосон. Нэг хүү хотод, нэг хүү Оюутолгойд, бас нэг хүү энд байна.Бага хүү уяач болох гээд хөдөө мал дээр гарсан. Дунд сургуульд байхдаа самбо, жудо, чөлөөт бөхөөр барилдаж 40-өөд медаль авсан. Нэгдүгээр зэрэгтэй аравдугаар ангиа төгсөөд бөхийн сургуульд явсан ч “ааваа би бөхөөр амьдрахгүй юм байна. Хөдөө гарч морио уяя” гээд. Би угаасаа сургуульд явахад нь дурамжхан байсан юм. Тэгж хэлэнгүүт нь дор нь авчраад хөдөө гаргачихсан. Одоо эхнэр хүүхэдтэй болоод өрх тусгаарлаж байгаа. Хүүдээ хэдэн адуугаа өгнө дөө.
-Бидний ярилцлага энэ хүрээд жаргаж байна. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь, таныг танай үр хүүхдүүдийг өнө мөнх ивээх болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр яриагаа өндөрлөе. Ярилцсанд баярлалаа.
-Энэ хүртэл зорин ирж, бидний санал бодлыг хуваалцаж буй танай хамт олонд бас ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна