Аймгийн Алдарт уяач Б.Дамжин: Аль ч газрын наадамд очиход Дархан хээрийг маань анддаггүй

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 01 -нд

Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батаагийн Дамжинг уншигч танаа танилцуулж байна. 2014 оны Монгол Улсын шилдэг уяачдын нэг тэрээр удам дамжсан уяачдын нэг юм. 
-2014 он таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил боллоо. Увс аймгаасаа Монгол улсын шилдэг уяачаар шалгарсан байгаа шүү дээ? Амжилтынхаа товчооныг манай уншигчидтай хуваалцаач.
-Баярлалаа. Өнгөрсөн 2014 он ээлээ өгсөн сайхан жил байлаа. Аймгийн наадамд айргийн дөрвөөр давхисан их насны зээрд морио Зүүн бүсийн уралдаанд түрүүлгэлээ. Бэчээрэйн Далайгийн алдрыг тэмдэглэх наадмыг аймгийн зүүн бүсийн наадам болгож гурван жил хамтатган хийж байгаа юм. Энд аймгийн наадмын аман хүзүү хээр шүдлэн маань аймгийн зүүн бүсийн уралдаанд гурваар ирж, сумдын ойн наадмуудаар нэг түрүүлж, хоёр, гурав айрагдлаа. Энэ мэтчилэн 2014 онд нийтдээ 12 айраг, түрүү авснаас нэг түрүү, дөрвөн айраг нь аймгийн чанартай наадмын амжилт байлаа.
-Анх удаа улсын болон аймгийн аварга уяачдын шагналыг Төрийн ордонд гардууллаа. Энэ тухай хэзээ мэдсэн бэ?
-Сар шинээр наян настай бэргэн, далан настай авга ах нартайгаа золгохоор хот орчихоод байсан юм. Тэр үеэр “Оны шилдэг уяач” болсон, төрийн ордонд орж шагнал авна. Хувцас малгайтайгаа ирсэн үү гэж утсаар ярилаа. Малгайгаа авч ирээгүй болохоор араас онгоцоор авчруулсан. Танихаас Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уяач Улаан Ганаа найз маань, Баян-Өлгий аймгийн уяачдын холбооны дарга Шарип гуай гээд олон газрын уяачидтай төрийнхөө ордонд анх удаа орох сайхан байлаа. Бидний өмнөхөн манай аймгаас Бэлчээрийн Далай гуай Манлай уяач цол хүртээд шагналаа аваад гарч ирэхтэй таарч дурсгалын зургаа татуулсан. Бид танилууд л даа.
-Түрүү магнай зээрд морь таны унаган адуу юу?
-Тийм ээ, манай унаган адуу. Эх нь манай өөрийн угшилтай гүү байгаа юм. Миний аав Алдарт уяач Батаа гэж хүн байлаа. Аавын минь адууны хээр гүүний төл зээрд гүүнээс миний энэ зээрд морь төрсөн юм. Харин эцэг нь гавьяат нэгдэлчин Нямаа гэж хурдан адуутай айлын адуу. Манай сумын хоёр ч ойд түрүүлсэн хурдан хул морь, зээрд морины төрсөн дүү хул азаргыг би авч гүүндээ нийлүүлээд гарсан унага. Одоо есөн настай. Даага шүдлэнд нь уяж байгаагүй. Харин анх хязаалан мордож, соёолонгооосоо айрагдаж байгаа амьтан даа. Хавчигтаа сум, аймагт тус тус түрүүлээд, долоон настай дахиад аймагт түрүү магнай болж, намрын зүүн бүсийн наадамд түрүүлсэн. Ноднин намрын зүүн бүсийн наадамд түрүүлээд, бас нэг жижиг наадамд түрүүлж, аймгийн наадамд дөрвөөр давхисан. Нийтдээ тав түрүүлчихээд байна.
-Тэгвэл хээр шүдлэн?
-Миний гурав түрүүлж, гурав аман хүзүүдэж, арван жил тасралтгүй аймаг сумын наадамд хурдалсан хээр азарганы төл хээр гүүнээс гарсан унага байгаа юм. Хээр шүдлэн маань бас олонтаа намайг баярлуулсан буянтай адуу. Дааган цагаасаа хурдалж, хоёр түрүүлж, нэг айрагдсан. Ноднин шүдлэндээ нэг түрүүлж, хоёр айрагдлаа.
-Дамжин уяачийг олонд алдаршуулсан Дархан манлай хээр азарганы тухай манай уншигчдад ярьж өгөөч?
-Баруунтуруун сумын аймгийн Алдарт уяач, аймгийн аварга адуучин Даваа, түүний дүү анхны баруун бүсийн наадам болох “Сар хайрханы даншиг”-т соёолонгоо түрүүлгэсэн аймгийн Алдарт уяач Ганбат гэж улс бий. Тэдний адуунаас гурван сард битүү хээр хязааланг гурван адуугаар  наймаалцаж авсан юм. Авчраад жилийн дараа соёолон азарга уяж, сумын наадамд гурваар ирлээ. Дараа жил нь зургаатай сумын 70 жилийн ойгоор зургаалж, намар нь Сагил суманд болсон Залуучуудын уулзалт-морины хурд тогтоох спартикиадад түрүүлсэн юм. Түүнээс хойш арван жил тасралтгүй айраг, түрүү авч,  намайг аймгийн Алдарт уяач болгосон буянтай амьтан. 2001 онд болсон аймгийн ойгоор 101 азарга уралдахад аман хүзүүдэж, 250 мянган төгрөгөөр шагнууллаа. Үүнээс хоёр жилийн дараа 2003 онд аймагт түрүүллээ. Сумандаа гурав түрүүлж, гурав аман хүзүүдлээ. Түүнчлэн Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Малчин сумдын ойнуудад очиж айраг, түрүүнд олонтаа хурдалж байлаа. Хөөрхий одоо байхгүй л дээ. Хөгшрөөд тогоо тослочихсон. Дараа нь Ганбатаас сая төгрөгөөр хавчиг хээр азарга худалдаж авч азарга тавьсан юм. Гарсан анхны төл нь шүдлэндээ аймагт хоёр айрагдсан миний хээр хязаалан байна. Ер нь Баруунтурууны Ганбатаас хоёр хээр азарга авснаар миний адууны цус их сайжирсан шүү.
-Хээр азарганы эх, эцэг нь ямар адуу байсан гэдэг вэ?
-Эцэг нь хул азарга, эх нь хулагч гүү байсан. Эх хулагч гүү нь Таван Тэсийн угшилтай. Баруунтуруунд шилжин очиж суурьшсан Рэгзэн гэж хурдан улаан морьтой хүн байлаа. Түүний хурдан улаан морины төрсөн дүү хулагч гүүнээс төрсөн юм билээ.
Анх намайг Баруунтуруунд очиход битүү хангал адуу байлаа. Баруунтурууны Сангийн аж ахуйн адуутай Рэгзэн гэж хүнээс Ганбат нэг охин даага худалдан авч, өөрийн хул азарганд тавиад гарсан хангал хязаалангаа надад үзүүллээ. Өөрийн эрхгүй л нүд тусаад авч байсан юм.
-Одоо төлүүд хурдан байна уу?
-Төлүүдээс нь Өндөрхангай, Зүүнхангайд Ноост гэж нэг залууд нэг хээр морь бий. Арваад айраг түрүүтэй. Өлгий суманд Даваасүрэн гэж хүнд байгаа зээрд морь нь Увсын баруун талын сумдад алдартай. Хориод алтан медальтай. Дараа нь Ховд аймгийн Мянгад сум руу дахиад зарагдсан гэж байна лээ. Ховдод очоод Мянгад сумын наадамд уржнан жил түрүүлсэн. Өндөрхангайд бас хоёр хээр морь бий. Надад төлүүдээс нь аймагт түрүүлж, аймаг, сумандаа хоёр гурав айрагдсан цавьдар морь байсан. Ер нь миний хурдан хээр азарганы төлүүд уртаашаа арав орчим морь давхисан даа.
-Та хээр азаргандаа хэдэн гүү хураалгадаг байв?
-Ер нь эр төл олонтой. Би ч 15, 16 гүү хураалгачихна. Сүүлдээ нас нь яваад тав,  сүүлийн хоёр жилд нь хоёр, хамгийн сүүлийн жил ганц гүүнд оруулсан. Сүүлийн ганц гүүнээс гарсан нэг төл нь миний аймагт түрүүлж байсан цавьдар хязаалан байгаа юм. Уяандаа нөлөөлөөд байх болов уу гэж бодоод сүүлийн жилүүдэд цөөн гүү өгсөн л дөө. Тиймдээ ч нэг жил гурван удаа уралдуулахад гурвууланд нь айрагдсан болов уу.
-Дархан азарга гэж албан ёсоор өгсөн цол уу?

-Тиймээ, сумынхаа ойгоор 15-тай азарга түрүүлээд, хойд жил нь 16-тай азарга 18-д давхисан юм. Тэгэхэд Алдарт уяач Цэнд-Аюушийн хээр, миний хээр, аймгийн Алдарт уяач Баяндалайгийн хүрэн азаргыг тус тус дархалж Дархан цол олгож байлаа. Би Увсынхаа 18 сумын ихэнхэд нь очсон. Морио хөтлөөд явж байхад танихгүй хүн гэж бараг байхгүй болж дээ. Би танихгүй байсан ч Дархан хээрийн эзэн Дамжин мөн байна гээд ирж мэнд мэдэж, баяр хүргэж ирнэ гээч. Адуу гэдэг хүнийг олонтой болгодог юм байна гэдгийг биеэрээ мэдэрч яваа хүн дээ, би. 
-Дархан хээрийг залган хурдалж буй ямар ямар хүлгэд байна даа?
-Сүүлийн үед зээрд морь маань хурдан байгаа. Үүний эх нь Дархан хээр азарганы маань охин төл байгаа юм. Зээрд морь соёолондоо нэг аман хүзүүдэж, хоёр айрагдсан. Дараа жил нь хавчигтаа сумын наадамд түрүүлээд, аймагт дахин түрүүлсэн. Манай суманд хавчигтаа түрүүлсэн хоёр дахь морь болоод байгаа. Долоон настай хойтон жил нь давхиад, найман настай хоёр түрүүлээд, хоёр айрагдсан. Энэ жил есөн настай. Аймгийн 90 жил, баруун бүсийн даншиг хээр хязаалан, зээрд морио сойно доо. Хээр хязаалан өнгөрсөн тавдугаар сарын 2-нд болсон аймгийн төвийн бүсэд гурваар, аймгийн зүүн бүсэд аман хүзүүдээд байна.
-Баруун бүсийн уралдаануудад очиж уралдаж байв уу?
-Би есөн удаа бүсийн уралдаанд явсан байна. Үүнээс Ховд аймагт болсон баруун бүсийн гурван удаагийн уралдаанд очиж байлаа. 1999 онд хээр азаргатайгаа очоод 21-ээр давхиулж, 2008 онд цавьдар соёолонгоо аймагт түрүүлгэчихээд, Ховдын “Алтайн унага” даншигт 21-ээр хурдлууллаа. Өнгөрсөн жил зээрд морио авч очоод, 70-аар ирсэн. 1995 онд Завхан аймагт болсон Сар хайрхны даншигт бүдүүн хээр морио мордуулж, 19-д давхиулсан. За тэгээд 2009 онд аймгийн Очирваань хайрхан, Баянтэсийн даншигуудад сайхан наадаад ирсэн. 2013 онд Завхан аймгийн Донойн хөндийд болсон бүсийн наадамд даага 61-т давхилаа. Увс аймагт болсон хоёр удаагийн бүсийн уралдаанд хоёуланд нь оролцлоо. Шар бүрдийн даншигт хээр азарга долоод ирлээ. 2011 онд болсон даншигт зээрд соёолонтойгоо очсон бол Баян-Өлгийн даншигт зээрд даагаа 10-т хурдлууллаа. Ер нь баруун бүсийн даншгийг алгасаж байгаагүй шүү. Хэдэн морьдоо ачаад л гардаг юм.
-Ингэж явахад газар газрын уяачид, морьдоос танайхан юугаараа ялгаатай санагддаг вэ?
-Бид ч шар өвсөөр голдуухан уядаг, эм тариандаа муухан улс л даа. Энэ талаараа яалт ч үгүй хоцроод байна уу гэж харагддаг юм. Урагшаа явахад төв суурин газрын уяачид эм тариаг сайн хэрэглэдэг юм шиг ярих юм байна лээ. Тэрнээс адууны хувьд ялгараад байх юмгүй. Гэхдээ манай энд жилдээ хоёр л уралдах жишээний. 11 сарын 10-д гээд л цас орж, 4 сарын 15 хавьцаа л харладаг. 40, 50 хэмийн хүйтэн, 20, 30 см зузаантай цастай болохоор морь уралдуулж болохгүй, тэжээж болдоггүй талтай. Гурван сарын эхээр гадаа хасах 20 градус болоод ирэхээр морио тэжээдэг. Тэгвэл дулаахан газрын морьд бол бараг арав уралдчихаж байна.
-Яриагаа Зүүнговь сумаас төрсөн Монгол улсын дөрвөн Алдарт уяачийн нэг, таны аав Батаагийн тухай үргэлжлүүлмээр байна. Танайхнаас удам залган уяа эвлүүлж байгаа хүн олон бий юу? 
-Бий бий. Манай дээдчүүлээс хөгшин аав маань хэдэн сайхан зээрд адуутай. Их насны морь голдуу уядаг, адуунд иртэй хүн байлаа. Өвөөгийн Нуруугүй зээрд нутаг орондоо нэртэй хүлэг. Сумын наадамд гурван удаа аман хүзүүдэж байсан гэсэн. Өвөө нэг удаа адуугаа хүнд өгч оторт явуулж л дээ. Тэгсэн адуучин нь дөрвөн настай морины нь нурууг өвлийн хүйтэнд аваад хаячихаж. Үүнээс Нуруугүй зээрд гэж нэрлэх болсон юм билээ. Өвөө хоёр хүү, гурван хүргэнтэйгээ сумын наадамд арван их насны арван морь авчирч уралдаж байсан гэдэг. Миний санаж байгаагаар их л өндөр биетэй хүн байсан санагддаг юм. Аавын хоёр хээрийг ид давхиж байхад өвөө амьд сэрүүн, хамт айл байдаг байлаа. Авга ах Сүрэнхор, миний аав Батаа нар удам залгасан уяачид. Аав минь жар наслахдаа  дөчин жил нь уяаны ажил хийсэн, сайхан буурай байсан юм. Хүүгээ 1984 онд сумын наадамд даага зургаалуулж, 1985 онд шүдлэн 11-ээр, 1986 онд хязаалан зургаагаар давхиулахад өөрөө явж чадахгүй болчихсон ч дандаа л хамт байсан. Аавтайгаа хамт хээр азаргаа уяж, 2001 онд аймгийн наадамд аман хүзүүдүүлж билээ. Бидний хамтдаа үзсэн сүүлийн наадам байлаа. /уйлав/ Тэгэхэд миний аав 59 настай байсан. Хээр азаргаа айрагдахад мөн ч их баярласан. Намайг дахин дахин татаж үнсээд л. Үүнээс жилийн дараа Монгол улсын Алдарт уяач цолоо аваад нэг их удалгүй өөд болсон. Тухайн үед бие нь тааруу байсан юм.
-Аавын тань нэртэй ямар, ямар хурдан адуунууд байсан бэ?
-Аав унаган адуугаараа л нааддаг хүн. Суманд долоо түрүүлж, аймагт нэг дөрвөөр ирсэн хээр морь байлаа. Хээр морь Хяргас сумын ойд түрүүлээд, Баруунтуруунд дахин  түрүүлж, Тэс суманд хоёр, сумандаа гурав түрүү магнай болсон. Үүний дараа бага хээр нь шүдлэнгээсээ хурдлан суманд гурав түрүүлсэн бол цавьдар морь соёолондоо аймагт түрүүлж байлаа. Тэр үед хүмүүс морины хурдыг хэмжиж уралдуулсан юм байна лээ. Тэгээд улсад нэгдүгээр байранд орж, тэр жилийн өвөл нь цагаан сарын дараа Алтан медалийг нь авчирч өгсөн юм билээ. Ингэж цавьдар морь баруун таван аймгийн анхны алтан медальтай ганц морь болсон түүхтэй. Би цавьдар морийг 16-тайд нь хоёр удаа унаж уралдаж байлаа.
-Аавынхаа уяаны “жор”-оос та хэрэглэж байна уу?
-Дээр үед тэжээнэ гэж байхгүй, гар өвсөөр л өвлийг давна. Аав маань уях морьдоо зун эртхэн барьж авч, дөчөөд хоног орчим хадгалж байгаад үсэргээд хөнгөлөөд оруулдаг байлаа. Одоо ч цаг үеэ дагаад их юм өөрчлөгдөж байна. Тэжээлгүй бол амжилт гаргахад хэцүү болчихлоо шүү дээ.
-Та аавынхаа сайн уяач гэдгийг мэдэрсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-2000 онд аав миний аав бага цавьдар морь хязааланд нь хөтөлж яваад, аймгийн наадамд таваар ирүүлж байлаа. Тэгэхэд хөөрхий 58-тай байсан.Нас явж байгаа ч аймгийн наадамд морио айрагдуулаад ирэхэд нь сурсан, гаршсан юм аргагүй л өөр юм даа гэж бодогдож байлаа. Тэр үед бид олон морь уяснаас цавьдрыг аймагт юм дуулгана гэдгийг эртнээс шинжиж мэдсэн болохоор ганцааранг нь аваад явсан хэрэг. Эндээс аймаг хүртэл 136 км, их хэцүү замаар морио хөтлөж очоод, айрагдуулчихаад, тав хоноод ирж байлаа. Одоо ч энэ бүхэн одоо дурсамж болон үлджээ. 
 Өвөг дээдчүүлийнхээ тухай ярих сайхан байна. Эднээс маань адууны тамга нь надад үлдсэн байдаг юм. Манай өвөөгийн тамга аагт олом тамга гэж дөрвөлжин, нэг талдаа сэртэн маягийн юмтай тамга бий. Бас өвөөгийн аавын “Говил хангай” гэж таван тэнгэр тахисан морины бурхан, аавын тамга манайд байдаг юм. Наадамд мордохдоо энэ бурхандаа мөргөөд, судраасаа адис хүртээд л гарна шүү дээ.
-Та бол гурав дахь үеийн уяач? Залгамж халаагаа бэлдэж байна уу?
-Хүү маань аавынхаа уяаны ажилд тусалдаг юм. Анх таван настайдаа морь унаж сураад, зургаан настай үсэргээнд оролцож, долоотой сумынхаа наадамд хээр азаргаа унаж түрүүлгэж байлаа. Цаг хугацаа ч хурдан шүү. Одоо хүү маань том эр болсоон. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, хотод сурч байгаа. Хичээлээ тарахаар ирж, намар явтлаа хэдэн морьдоо уядаг юм. Ноднин миний бие тааруу эмнэлэгт хэвтээд, хүүдээ уяаны ажлаа даатгасан. Тэгсэн зээрд морио уяад бүсийн наадамд түрүүлгэхэд нь үнэхээр баярласан. Ямартаа ч дээдчүүлийнхээ уяаны ажлыг үргэлжлүүлж, биеийн тамираа “хийнгээ” уяачаа хийнэ биз дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж явах болтугай.
-Та бүхэнд баярлалаа. Газрын холоос түүртэлгүй биднийг зорин ирж, сайхан яриа өрнүүлсэн баяртай байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна