Аймгийн Алдарт уяач Ш.Баатаржав: Хүнд нэг л хурдан морь заяадаг юм гэнэ лээ, тэр нь миний хээр

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 12 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Баатаржавтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 
-2015 он гарсаар сайхан наадаж байна уу?

-Манай аймагт таван сарын нэгнээс өмнө морь уралдахыг зөвшөөрдөггүй юм. Он гарсаар анх удаа Увс аймгийн зүүн бүсийн уралдаанд хоёр азарга, нэг даагатай ирээд, гурван айраг авч, үнэхээр сайхан наадлаа.
-Ямар угшилтай, хаанахын адуунууд вэ?
-Дааганы эцэг нь Дорнод аймгийн Баян-Уулын гэдгэр Лхагваа гэж хүний адууны угшилтай бор азарга бий. Харин эх нь миний унаган адуу. Тэсийн голын шар гүү бий. Анхны уралдаандаа ийнхүү ороод айрагдлаа. Азарганы нэг нь Тэсийн голын унаган адуу. Эцэг азарга нь Увс аймгийн Зүүнговь сумынх, эх нь миний адуу байгаа юм. Өнөөх нь болох хул азаргыг Сүхбаатар аймгийн Онгуу манлайгаас авч байлаа. Орлой угшлын хонгор азарганы төл гүүнээс гарсан юм. Эцэг азарга нь мөн л Тэсийн адуу. Улсад соёолондоо 55-аар ирж байлаа.
-Улсын наадамд очиж наадаж байсан байх нь ээ?
-Тиймээ. Яармагт нааддаг байхад хоёр, Хүй долоо худагт нэг наадсан. Өсөхбаяр Аварга түрүүлж, Гантогтох үзүүрлэж байсан гэхээр 2002 он юмуу даа. Тэгэхэд би жороо хар морио улсад түрүүлгэж байсан. Энэ хар морь 1999 онд Ховдын “Алтайн унага-99” даншигт хоёроор орж, Говь-Алтайн даншигт гуравлаж, Завхан аймгийн 80 жилийн ойд түрүүлж, Увсын даншигт аман хүзүүдэж байлаа. Дээр нь аймгийн наадмын амжилтууд бичигдэхээр надад 49 медаль авч өгсөн буянтай амьтан. Дөрвөн хөл шийр цагаан хар морь байсан болохоор Вандан алаг гэж нэрлэсэн юм. Гэхдээ хөөрхий одоо байхгүй ээ, тогоо тосолсон. Тэр жилийн улсын наадамд бас их насанд Чонон хээрээ мордуулж, 35-аар давхиж ирсэн. Энэ наадамд Нагааранзын хүрэн халзан морь түрүүлж, Ононгийн хээр аман хүзүүдэж байлаа. Яармагийн сүүлийн наадам байх шүү. Чонон хээр дараа жил нь буюу 2003 онд Завхан аймгийн 820 жилийн ойгоор 34-өөр давхиж, 2004 онд улсад очиж Хүй долоо худгийн дэнжид 10 гаргаад ирсэн. Тэр жилээ долоон сарын сүүлээр Хархоринд болсон “Их Хурд”-д 10-аар орсон. Намар нь 9 сард Тэсийн ойд бэлдэж байгаад хөлөө авсан. Түүнээс хойш уяагүй. Сүүлдээ хөл гар нь муудаад мөн л тогоо тосолсон. Манайхан ийм заншилтай. Тэгээд толгойг нь овоон дээр тавьдаг.
-Бэрх л зүйл байна даа?
-Тэгэлгүй яахав. Уйлж байгаад л гаргадаг юм.
-Чонон хээр таны унаган адуу юу?
-Тийм ээ миний унаган адуу байгаа юм. Эцэг азарга нь хойд Тува талын гаралтай. Эх нь Увс аймгийн Хяргас сумын Арцын голын хээр гүү байлаа.
-Тэр хээр морь чинь хэдий үеэс уягдаж эхэлсэн юм?
-Даага, шүдлэн, хязааландаа уралдаагүй. Унаж эдэлдэг л байлаа. Уг нь ч дааганд нь нэг үсэргэж үзсэн юмаа. Нэг их явахгүй болохоор нь бүдүүрч байгаад давхих байх гэж бодсон юм. Долоотойдоо сайн байж, хоёр, гурван овоо бумбад тасарсан. Тогтохын Цэвээний хонгор гэж олон ч бүсийн уралдаанд орсон халзан морийг жижиг наадмуудад өмнөө оруулж үзээгүй. Цэвээн чинь баруун бүсэд тав зургаа оруулаад улсын Алдарт уяач болсон хүн.
-Уг нь сайхан адуу байж дээ, гамтай уралдсан бол?
-Харин тиймээ, сайхан адуу. Улсын наадамд арав гаргаад ирэхэд Даваахүү Тод манлай харчихаад “миний дүү энд нь байлгаж, тэжээгээд уралдахгүй юу. Давхил нь хойд хөлдөө хүч ихтэй юм. Энэ нь хөлөндөө халтай” гэж хэлж байсан.
-Тэгээд шөрмөс цохичихсон юм уу?
-Тийм ээ, шөрмөс цохисон. Ингээд естэй хөлийг нь аваад, аравтай өнжөөгөөд, 11-тэй овооны наадамд хоёр ч түрүүлгэсэн. Тэсэхгүй бага наадамд оруулаад, бүүр хоёр хөлийг нь авчихсан юм. Тэгээд л за болъё доо гэж бодсон. Дараа нь ойр зууртаа унаж эдэлж байгаад 17,18 хүрээд тогоо тосоллоо.
-Унаа эдэлгээнд хөнгөн биз?
-Хөнгөн, унахад сайн. Барааг нь харагдаж байхад байнга л хоёр чих сортолзож байдагсан. Яг  чоно шиг болохоор нь Чонон хээр гэж нэрлэсэн юм.
            Хүнд нэг л хурдан морь заяадаг юм гэнэ лээ. Надад хээр морь л заяасан гэж боддог. уйлав  Өөрийнхөө муугаас болж алдаа гаргасан. Хэрвээ одоо заяасан бол өөр байхсан гэж дандаа боддог.
-Дэндүү их дасжээ?
-Их дассан л даа. Тиймдээ ч мартахад амаргүй. Ярих тоолондоо өөрийн мэдэлгүй нулимс унагачихаад байдаг юм.
-Уяачид хайртай хүлгэдээ шүлэг, дуунд мөнхөлсөн нь байдаг даа?
-Надад хэн бичиж өгөхөв. Яруу найраг бид хоёр холдоод удаж байна. Миний жороо хар моринд Увс аймгийн Зүүнговь сумын Заяа гэж хүн  шүлэг бичиж өгч байлаа. Жороо хар нэг шүлэг, нэг дуутай.
-Улсад Чонон хээрийг жороо морьтойгоо л авч очдог байсан юм уу?
-Үгүй ээ. Эхлээд жороо морьтойгоо очоод, 2004 онд халтар азаргаа авч очоод соёолонд уралдаад 55-аар ирсэн юм. Архангайн Батцэнгэлийн ойд айрагдаж, Өвөрхангайн Хужиртын 70 жилийн ойгоор тасархай түрүүлж яваад хадуураад 11-ээр ирсэн. Жоохон хадуурах дуртай. Одоо 16,17 хүрээд байна. Төлүүдээс нь харин хурдлаад байгаа шүү.
-Улсад түрүүлсэн хар жорооны эцэг эхийн аль нь жороо байв?
-Том жижиг олон наадамд түрүүлсэн. Том биетэй эрлийздүү адуу байлаа. Эх нь болох их хөгшин жороо гүүг хэн нь хулгайлж яваад хаясан юм бүү мэд. Хавар муутгаад хаячихсан байхад нь авч, асрах болсон. Хөөрхий их шүд муутай. Би өвөл зунгүй асарч, улаан хивэг өгдөг байлаа. Ингээд дараа жил нь энэ хусран гүүгээ өөрийн хээр азарганд гишгүүлж, ганц төл авсан нь ийм мундаг жороо байсан юм.
-Олон газрын наадамд явж нааддаг байжээ?
-Тийм ээ, олон олон. 95 оны Сархайрхан, 1997 оны баруун бүсийн Дэлгэрэхийн даншигт очсон нь олигтой давхиагүй. Би ч явах дуртай хүн дээ. Тэр үед хаана наадам болно явчихдаг байлаа. Уяачид адууны тоосонд орох гэж ярьдаг даа. 1998 оны “Их Хурд”- д ганцхан хар морио ачиж очоод тавь гаргаад сайхан наадаад л ирсэн. Одоо тэр үеийг бодоход морины дөртэй болж байна. Тэрнээс нэг их сайн уяач бишээ.
-Улсын наадамд ямар машинаар гарах уу?
-Би орон нутгаасаа морио ачсан анхны хүмүүсийн нэг байх шүү. Тэр үед 53,30-аар ачна. Буулгахад ч амар байдаг юм. Сүүлдээ ч УАЗ-аар ачдаг болсон. Улсын баяр наадам, “Их Хурд”-д оролцохоор 48 хоногийн урд мориныхоо хүүхдүүдтэй гарч байлаа. 2004 онд Хүй долоон худагт адуугаа манай эндээс нүүж очсон жижиг Мээлээгийнд тав хонуулсан. Сэтгэлийг нь сэргээж байгаа нь тэр юм.
-Таны хээр моринд мориныхон үнэ хэлж шохоорхож байв уу?
-Тэгэхэд Шөвгөр Өлзий гэж Сэлэнгийн хүн 35 сая төгрөгөөр авъя гэхэд “ах нь өгч чадахгүй” л гэж хэлсэн.
-Ингэхэд та морь уяад удаж байна уу?
-Би хилийн цэрэгт заставын дарга хийж байгаад хошууч цолтой тэтгэвэрт гарсан. Хүүхэд байхаасаа л хүний морь унаж, хошного холгуулж явлаа. 16 хүртлээ Зүүнговь, Тэсийнхний морийг унасан. Мээлээн хул гэж Тэсийн их туранхай хул морийг аймагт нэг удаа түрүүлгэсэн юм. Хүүхэд байсан явдал дундаа ядраад унтаад л нойрмог хүн л явлаа. Харин сумдын наадмуудаас айраг, түрүү олныг авсан. Ямар сайндаа л “айраг түрүү авдаг, нөгөө хурдан хошногот”-оор морио унуулна гээд эртнээс захиалчихдаг байж билээ. Манайх болохоор унааны л ганц, хоёр морьтой. Нэгдэл нийгмийн үед олон адуу гэж юу байхав.
-Захиалгат унаачийг юугаар шагнах уу?
-Нэг эсвэл гурван төгрөг өгнө. Хамгийн их нь 10 төгрөг. Намар сургууль ороход ямар ч байсан хэд хэдэн улаан аравттай очдог байлаа. Энд сонирхуулахад би Дорноговийн Улаан-Уулын 12-р отрядад  холбоочин байсан юм. Тэгэхэд цэргийн ангид нэг зуугуул даага муудаад хоцорсныг авч, шүдлэнд нь Өргөн сумын нэг наадамд би өөрөө уяж, өөрөө унаад дөрөвлүүлж  билээ. Сүүлд нь Дорноговийн аймгийн наадамд хэд хэд айрагдуулсан. “Радиодистын хар” гэж нэртэй ч болсон.
-Ангийн нэр гаргалаа гээд чөлөөгөөр шагнуулж байв уу?
-Сумын наадмаас айраг авсан гээд долоо хоногийн чөлөөгөөр шагнасан юм. Увстаа ирнэ гэхээр өнөө долоо хоног нь дуусчих учраас Чойрт нагац эгч дээрээ хэд хоног амарч байсан.  Дараа нь хилийн цэрэгт байхдаа жижиг наадмуудаар их наадсан. Тухайн үед гарт ойрхноо л уядаг байлаа. Ингэж явахдаа угшилтай айлаас ганц охин даага авах жишээний цуглуулсаар 1990 оноос хойш эрчимтэй моринд орсон.
-Хаана хаанаас адуу авав?
-Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өвөрхангайн Хайрхандулаан, Ховд гээд л. Ховдын Алдарт уяач Янсангийн хүү нь миний цэрэг байсан юм. Өвгөнөөс би нэг гүү авч байлаа. 99 оны даншигт хүрэн морь түрүүлгэсэн хүн дээ, энэ Янсан. Бас Боршува гэж хүнээс нэг азарган үрээ авсан. Холио солио ч их хийсэн. Мөнгөөр ч наймаалцдаг байлаа. Алдарт хээр азарганы Сүрэнхорын ах Хэнтийн Дэлгэрхаанын Намсрайжаваас нэг охин даага авлаа. “Их Хурд” дээр Хөхийн Намсрайжавтай танилцаж, би авч очсон эрлийздүүхэн эр даагаараа сольж авчирсан  юм. Энэ мэтчилэн наадамд явахдаа замын зардал хийх, болбол солио хийх санаатай адуу авч гардаг байсан юм. Ингээд улсад очиход хоосонгүй л ирдэг байсан. Газар газрын тэр олон уяачидтай танилцаад Увсын Тэс гэхээр “Тэсийн адуу авъя” л гэнэ.
-Танай энэ хавийн адуу ч хямд биш юмаа?
-Тийм шүү. Хөөрхөн ханштай байгаа биз. Сүхбат аварга Далай зээрдийнхээ эцгийг надаас авч байсан юм. Хөл муутай хүрэн азарга байлаа. Жинхэнэ Тэс адуу даа. Нэг хэсэг Тувагаас оруулж ирчихээд аваргад өгчихлөө гэж их ярьцгаасан. Гэхдээ тамга нь байгаа хойно яах билээ. Би ч аварга, түүний ах Тод манлай уяач Батсүх нараас адуу авч байсан. 
          Бас Хөвсгөл рүү Дархадын улаан Мийгаа гэж нөхөр халзан азарга авсан нь сайн давхиж байгаа гэнэ лээ. Ховд руу ч явсан нь бий.
-Сайн цуглуулжээ?
-Тийм шүү. Увс аймагт гаднаас адуу авчраагүй байхад би хэзээний цусаа сэлбээд бэлэн болгочихсон байлаа. Үүний үр дүнгээр одоо давхиад байгаа нь энэ шүү дээ. Түүнээс ойрын нэг хоёр жилдээ авсан адуу давхих арай болоогүй байна.
-Жилдээ хичнээн айраг, түрүүтэй наадах уу?
-Нэгэн үе жижиг наадмаас хоосон буцдаггүй байлаа. Одоо ч хөгшрөөд өм цөм нь харьдаг юм уу цөөрөх янзтай. Гэхдээ томхон наадамд хүүхдийн нэр дээр оруулж заримдаа авдаг болоод байгаа. /инээв/
- Тэс адуу уяаны ямар онцлогтой вэ?
-Их хатуу уяатай. Би өвөлдөө 20-иод адуу тэжээж байна. Тэжээл амссаны дараа хавар турж өгөхгүй, байнга унах хэрэгтэй болчих юм. Ядаж байхад хятад мотоцикль унаад морь унах ч хүн олддоггүй. Тэгээд өнөө жил спортын мастер адуучинтай боллоо.
-Зүүн зүгийн адууг Тэс адуутай нийлүүлэхээр арай өөр унага гарч байна уу?
-Янзтай гоё гарч байна. Би бас Дорноговийн Дэлгэрэхээс нэг азарга авсан. Бас их хөөрхөн явбал явчихаар гарч байна. Ер нь сайн гүүтэй бол өмнө зүгийн азарга оруулахад хурдан гарах магадлалтай харагдаж байгаа юм.
-Тэсэд Тувагаас адуу орж ирсэн. Ингэснээрээ цус сайн сэлбэгдсэн гэж ярьцгаадаг?
-Тийм шүү, сайн сэлбэгдсэн.  Би заставын дарга байхдаа холио солио хийж л явлаа. Тэдний сайн морьтой хөгшчүүлээс ганц нэг байдас авч байсан.
-Тэс адууг Тувагаас ирсэн адуутай, эсвэл зүүн зүгийн монгол адуутай нийлүүлэхэд ямар үр дүн гардаг вэ?
-Тувагаас оруулж ирснээс зүүн зүгийнх нь илүү. Тува адуу нь хилийн цаана наана л байгаа болохоос биш адилхан л Тэсийн адуу юм. Тэс дотроо л сэлбэж байна гэсэн үг.
-Та олон адуутай юу?
- 300 гаруй адуу бий. Өнөө жил урагшаа адуугаа авч явах санаатай. Дахиад нэг сайн сэлбээд ирье гэж бодож байна.
-Энэ удаад хаа хүрэх үү?
-Гурван жилийн хугацаатай явнаа. Дараагийн Увсын даншигт адуугаа сэлбэж байгаад наадна гэж бодож байна. Мориор танилцсан найз нөхөд Хэнтий, Сүхбаатараар олон бий. Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаанаар өвөлжөөд Дорнодоос наашаа нэг эргэе гэж бодсон. 61-тэй хөгшин би хийх юмгүй зүгээр л сууж байна. Тэгэхээр адуугаа сольж, холиод, сайн мал олдвол хэдэн толгойгоор аваад ирэх санаатай. Манайхан урт насалдаг удамтай, нас байна. Хүн зорилготой байх ёстой. Ямар ч байсан гурван жилийн дараа 500 адуутай болоод ирэхэд миний адуу бас нэг янз болно. Удам залгаж морь уяж байгаа хүүхдүүдэд маань ч дэмтэй юм.
-Хүүхдүүд туслахгүй бол амаргүй л байх даа?
-Тийм шүү. Хүүхдүүд маань зуныхаа амралтаар ирж тусалдаг юм. Заримдаа чөлөө аваад ирнэ. Тэрнээс би ганцаараа яаж барах билээ. Яваандаа би өтлөөд харж хамгаалж чадахгүй болонгуут хувааж өгнө дөө. Тэрний бэлтгэл болгож адуугаа сайжруулчихъя. Хоёрт Увс аймагт Өвгөн ноён ч гэх нь хаашаа юм, “сахал” Баатаржавын гэсэн адуутай болохсон гэж боддог юм. Зорилго нь л тэр. Тэрнээс энд болж бүтэхгүй болоод эсвэл багтаж шингэхгүй байгаад нүүж байгаа  юм биш. Би нутагтаа буцаж ирээд адуунд дуртай хэн нэгэн “сайн адуу өгөөч” гэхэд харамгүй барьж өгчихөөд, Баатаржавын адуу гэж яригдаасай гэж боддог.
-Аймаг,сумын наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн наадмаас 9,10-аад болсон байхаа. Сумаас бол зөндөө, зөндөө. Би чинь 1999 оны аймгийн Алдарт уяач байгаа юм. Тэр үед өнөөдрийнх шиг олон аймгийн Алдарт байсангүй.
      Одоо бараг өлгийтэй хүүхэд авах дөхөөд байна шүү. Үнэндээ аймгийн Алдарт уяачийн үнэ цэнэ жил ирэх тусам алдагдаж байгаад харамсдаг. Би 18-тай хүүхэд малгай тавиад явахаасаа зовдог байлаа. Тэр малгай үнэ цэнэтэй учраас тэр. Өндөр хангай, өргөн олны заяа сахиусанд залбирч байж айраг хүртдэг юм. Гэтэл ам нь ангайсан хүүхдүүд бүгд л айраг түрүү авна, авна гэлцэнэ. Тэгсэн атлаа мориндоо ажил хийхгүй. Ганц хоёр үсэргэнэ гэдэг юм тар өгөөд, авчраад авна л гэнэ. Үгүй л дээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Би гэхэд хавар гурван сараас бэлтгэж байж зүүн бүсийн уралдааны гурван айргийг авч байх жишээний. Яахав залуучууд моринд орж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зарим нь алдар нэр, цолонд илүү шунаад байх шиг. Бид наадамд сайхан оролцоод ирэх гэж л явдаг байлаа. Тэгээд морь, хүүхэд мэнд яваад ирээрэй гэж захиад, болохгүй бол татаарай гэж явуулдагсан. Одоо ч яваад бай, түрүүнд нь гараад хурдлуул гэдэг бололтой.  Гэхдээ сайн сайн залуу уяачдын хөдөлмөрийг үгүйсгэж байгаа юм биш шүү.
-Таны залууд үлгэр дуурайлал болсон сайхан уяачид олон байсан байх даа?
-Сүүлд улсын Алдарт уяач болсон Цэвээн гэж сайхан уяач байлаа. Одоо бурхан болчихлоо. Хурдан хонгор халзан морьтой тэрээр зургаан бүсийн айрагтай байх шүү. Бид хамтдаа хэд хэдэн наадамд явсан. Их түшигтэй хүн. Хуучин цагт аймаг орж наадах нь цөөн байлаа. 200 гаруй км газар, халуунд морио хөтлөөд гарна гэдэг амаргүй. Ёстой л оруулъя гэснээ мордуулна уу гэхээс овооны наадам шиг олон морьд орохгүй, тийм үе. Олон ч сайхан ахмад уяачид байсан. Тэд мориныхоо эдэлгээ, уяан дээр их анхаарна. Өвөл 11 сарын 20-доос унаж эцээж тураагаад дараа нь ногоон өвсөнд оруулж таргалуулна. Тэгж таргалуулаад хавар нь уяж, хүчийг нь тогтоогоод уралдуулдаг байсан. Ёстой мадаггүй уяж байсан байгаа юм шүү. Морины хөл гар авах, морь эндэх тухай сонсогдож байсангүй.
-Олон жил морь уяхдаа морины хөл аваагүй байна гэдэг нь тухайн уяачийн нэрийн хуудас болдог гэлцдэг дээ?
-Тэгэлгүй яахав. Тухайн уяачаас их юм шалтгаална. Би хоол унд нь тохироогүй, бэлтгэл нь ханаагүй байхад явуулж хээр мориныхоо хөлийг авсан хүн би. Үүнээс өөр шалтгаан байхгүй. Тэрнээс биш долоохон настай 18 кг жинтэй хүүхэд унаж байхад хөл авах үндэс байхгүй.Тэгээд ч цөөхөн морь уралддаг байлаа. Миний буруу л даа.
-Ер нь хэдий үеэс уяачийн хор гардаг юм шиг байна?
-Олон ч наадам үзлээ. Өнгөрсөн хугацаанд  олон сайхан морийг уяж чадалгүй хөгшрүүлсэн байна. Хөл гарыг нь авч үзлээ. Эцэс нь уяаны дөртэй болж байна. 2004 оноос нэг мориор гурван жил ноцолдоход уячих хэмжээний болжээ гэж өөрийгөө бодсон. Түүнээс хойш би яах вэ сайхан л наадаж байна. Гэхдээ нас ахиад уяагаа зөөлдүүлээд байдаг болсон. Бор азарганы маань ороо нь орчихсон, гэдэс нь нарийдаад.  Харин би нөгөөхийг чинь хайрлаад нэг хөлс дутаачихаж л байгаа байхгүй юу.
-Уяач хүн ямар цээрийг эрхэмлэх ёстой вэ?
-Уяаны үеэр морины хажууд архи уухыг би үздэггүй хүн. Наадмын дараа морь айрагдлаа гээд хүмүүс архи их уух юм. Би бол амсахгүй. Морио гэртээ хүргэж байж уудаг. Наадам олон шүү дээ. Морио хайрлахгүйгээр яаж уяач болох билээ. Түүнээс гадна морь мал өвчиллөө яах уу, адуу шинжээд өгөөч гэхчилэн асуудаг. Би ч мэдэхээ хэлдэг юм. Уяа сойлго нь жоохон дутуу байна, эсвэл давчихаж гэдгийг нь хараад багцаалдаг юм. Энэ ч бас уяачийн ёс зүйд багтах болов уу. Үүнийгээ залууст хэлнэ, авах нь аваад, үгүй нь давхиад л явдаг. Гэхдээ айргийн таван морийг нэг, хоёр, гурваар нь хэлэх хүн Монголд ховор шүү дээ. Олон үеэрээ уяа сойлго тааруулж байгаа  Даваахүү Тод манлай нарын хүмүүс л мэдэх бизээ.
-Танай удамд морь уяж байгаа хүн танаас өөр байна уу?
-Миний ах Балжинням морь уядаг. Одоо Сэлэнгийн Зүүнхараад амьдарч байна. Аймаг, сумандаа айрагтай нааддаг хүн дээ. Ахын Үйсэн хүрэн гэж хусны үйс шиг өнгөтэй хүрэн морь сайн давхидаг байлаа. Даанч хөлийг нь авчихсан юм.
-Хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Би 1998 онд тэтгэвэрт гараад дараа жил нь анх удаа Сар хайрхны даншигт явж байлаа. Тэтгэвэрт гарсан чинь 36 сарын цалин гэж 1,200,000 төгрөг авсан юм. Үүн дээрээ адуу мал зарсан хэдэн цаасаа нэмээд хоёр сая төгрөгтэй явах болсон ханьсах хүн олддоггүй. Ингээд аймгийн наадамд гарсан Пүрэвцэрэнгийн Дорлиг, улсын Алдарт уяач Цэвээн нарыг гуйгаад гурван морь ачаад гарч байлаа. Тэгээд миний жороо хар морь аман хүзүүдэж, Цэвээний хонгор халзан соёолон, Дорлигийн халтар азарга тус тус түрүүлсэн. Ёстой л санаанаас гардаггүй сайхан наадам даа. Аз өм нь байсан юм уу. Бидний заяа, зам нийлсэн үү сайхан наадаж билээ. Эндээс Ховдын Булганы жороотой жороогоо тавьж үзэх хүсэл төрсөн юм.
- Торгуудууд жороо морь ихтэй юу?
-Ховдын Булган чинь замбараагүй. Сайхан ч монгол жороотой. Би гурван морь ачиж очоод нэг аман хүзүү, хоёр түрүү авч байлаа. Тэгэхэд Монхангайн Сэргэлэн гэж залуу хүлээн авч баяр хүргэж байсан. Хамгийн холоос ирж наадсан нь бид байлаа. Ингээд байны шагнал мотоцикль, “Акира” брэндийн өнгөт зурагтыг машиндаа ачаад нутагтаа ирж байлаа.
-Энэ жил Увс аймагт баруун бүсийн наадам болно. Хэдэн насны морьтой оролцохоор төлөвлөж байна вэ?
-Ямар ч байсан зургаан насны морьтой очно доо.
-2011 онд болоход нь очиж байв уу?
-Очиж байсан. Отгоннасангаас авсан Эр хонгор нэртэй хонгор даага маань 10-аар ирсэн. Сүүлд хуурай дүү гуйгаад байхаар нь өгчихсөн л дөө. Одоо надад байхгүй. Харин анх удаа болсон баруун бүсийн даншигт Сэргэлэн халтараа оруулсан. Бүсийн зургаан уралдаанд орсон адуу байгаа юм.  Гэхдээ их сонин шүү. Ямар нэгэн саад таараад дандаа 19 дотор ирнэ гээч. Хязааландаа Увсын анхны даншигт ороод сайхан өнгөлж ирж яваад ус хийчихсэн жалганд ороод хүүхдээ унагачихсан. Тэр үед аймгийн Ардын намын дарга Өндөрхангайн Батсайхан гэж бас морь уядаг хүн. Машинтай очиж хөөж барьж хүүхдийг нь суулгаад, шувуу шиг юм хойноос нь давхисаар 10 дээр ирж байсан. Дараа жил нь Говь-Алтайн даншигт барианд таван км шахуу дутуу байхад Бичээрэйн Далайн хонгор морьтой чацуурчихсан хавцлаар холбоод ороод ирлээ. Тэгсэн босоо чулуу цөмрөөд доголж, долоогоор ирсэн. Анхны Хотгойдын хурдад бас очиж байлаа. Тэгээд Багануур гэдэгт бэлтгэж байгаад элсний хонхорт орж бүдрээд хөлний шөрмөсийг нь таслаад хаячихаж байлаа, харамсалтай.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна