Аймгийн Алдарт уяач О.Бямбажав: Зүүн талын адуу ирээд эзэрхийлээд байхаар урам хугардаг юм билээ

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 11 -нд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Мэргэн 4-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Очирбатын Бямбажавтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг Баян-Овоо сумын уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг гэж байсан.  Холбоо үүсгэн байгуулсан үеийн түүхээс яриагаа эхэлье.
-Анх 1999 онд МСУХ Баян-Овоо суманд тэргүүлэгч 11 гишүүнтэй, 50-60 хүний уяачдын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм. Тэр үед ММСУХ тийм өргөн далайцтай үйл ажиллагаа явуулдаггүй, орон нутгийн уяачдаа дэмждэггүй байлаа. Миний хувьд морь уяад нэлээн хэдэн жил болчихсон байсан болохоор ер нь сумынхаа уяачдаа нэгтгэе, хамтраад амжилтанд хүрье гэсэн зорилготойгоор холбоо байгуулах санал гаргасан. Энэ санаагаа манай сумын Иргэдийн хурлын дарга байсан талийгаач Дашбазарт хэлэхэд сайхан хүлээж авсан. “Би чамд ерөнхийд нь санааг нь гаргаж өгье. Чи холбоогоо байгуул, хүнээ бүрдүүл, дүрэм журмаа боловсруулаад ир. Төрийн бус байгууллагын баримт материалыг би бүрдүүлж өгье” гэсэн. Тэгээд хамтдаа тэр үеийн Засаг дарга Ёндонлодойгийн өрөөнд ороод “ийм холбоо байгуулмаар байна, та дэмжээд өгөөч” гэсэн чинь 60000 төгрөг гаргаж өгч байсан. Энэ чинь тэр үедээ бас чиг овоо мөнгө л дөө. Ингэж л МСУХ-ны ажлаа эхэлж байсан даа.
-Анхны уяачдын хурал хэр олон хүнийг хамарсан, хэр ач холбогдол өгсөн уулзалт болж байв?
-Өө тэгэлгүй яахав. Манай уяачид маш их өндөр сэтгэлээр цугларсан. Сумын хоёр удирдлагаасаа дэмжлэг авчихсан хүн чинь уяачдаа цуглуулж, хоол ундтай баярын хурал шахуу юм хийлээ. Ахмад уяачид, дунд үеийнхэн, залуу уяач нар гээд үе үеийн төлөөлөл цуглаад, хандивын сан гэж байгуулж байсан юм. Хандивын сандаа адуу нь адуугаа амлаад, хонь нь хонио амлаад л, 20,30-аад хоньтой, дөрөв таван адуутай хөөрхөн хөрөнгө цугладаг юм. Яахав зарим нь ч өгнө гэчихээд өгөөгүй талууд бий л дээ. Хурлаараа МСУХ-ны даргаар Ёндонлодой даргыг сонгоод, нарийн бичгийн даргаар намайг тавьж байсан. ТэргүүлэгчдээрээМижид,Хүрэлсүх, Болдсайхан, би гээд дөрвөн багийн дарга, улсын Хүлэгч уяач Сономбал, аймгийн Алдарт уяач Ариун гуай, Халтар гуай, Батбаатар нарын уяачид бид хэд сонгогдсон.
-Холбоо байгуулагдаад хамгийн түрүүнд ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?
-Манай суманд аймаг, сумын Алдарт уяач байхгүй байсан юм. Иймд аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан уяачдаа нэрийг нь тодорхойлж цолыг нь авч өгье, идэвх зүтгэлийг нь үнэлүүлье. Сумын Алдарт уяач цолны болзлыг сум, аймгийн хоёр түрүү, найман айргаар тогтоосон журам боловсруулж, цол олгож эхэлсэн.
-Ямар хүмүүс Баян-Овоо сумын анхны Алдарт уяач гэгдэж түүхэнд үлдсэн байдаг вэ?
-Анхны Алдарт уяач цолыг Гончиг, Балжирын Бор, Халтар гуай нарын хүмүүс авч байсан. Халтар гуай уг нь аймгийн болзол хангачихсан байх ёстой хүн. Яагаад гэхээр эрэмбээрээ яваагүй учраас тэгээд нөгөө хүн чинь аймагт дутуу байсан байна лээ. Тэгээд бид нар тэгж зөвлөлдсөний дүнд дээш нь бичүүлж байсан.
Тэгэхэд Пэлжээ гуай аймгийн Алдарт уяач цолоо авчихсан байсан учраас бид улсын Алдарт уяачид тодорхойлж байсан юм. Мөн Самданжамц гуай гэж 25 жил азарганы даамал хийсэн хүнийг тодорхойлж, 2000 онд улсын Алдарт уяач цол авч байсан.
-Сумын Алдарт уяачийн малгай, тэмдэг байсан уу. Эсвэл үнэмлэх тэмдэг хийж өгч байв уу?
-Тэр үеийн бас нэг түүхийг яръя. Сумын Алдарт уяач цолны болзол хангасан 10 хүнд цол олгох гэтэл хандивын сан маань хоосон байдаг. Тэгээд тухайн үеийн тэргүүлэгч Дашцэрэнгийн Батбаатар найз дээрээ очоод хандивын мөнгө, хонь мал нь цуглахгүй байнаа, чи 10 хонь өгөөдөхөөч гээд гуйсан чинь хотноосоо 10 хонь барьж өгч байлаа. Түүнийгээ аймгийн зах дээр борлуулчихаад, туузтайгаа нийлээд 60000 төгрөгтэй болж байлуу даа. Тэгээд нэг малгайг 4000 төгрөгөөр хийлгэж байсан. Тэмдэг байхгүй, оронд нь тууз хийлгэж байсан юм.
-Нэг хонины үнэтэй малгай гэхээр их л үнэтэй малгай байжээ. 1999 онд 10 сумын Алдарт, 2000 онд нэг улсын Алдарт уяачтай болсон байх нь ээ?
-Тэр үед чинь хонь үнэгүй байсан. Холбоо байгуулагдсанаас хойш 2005 онд манайх аймгийн наадмаас 15 айраг, түрүүг нь авсан юм. Жороо морьтойгоо 16 болно. Энэ бол уяачид маань нэгдэж, удирдлага нар маань дэмжиж, холбоо байгуулсны үр дүн л дээ.
Тэрнээс хойш жил болгон 12 сарын 30-нд шинэ жилээ тэмдэглэдэг. Шинэ жилээрээ залуу уяач нараа урамшуулан шагнадаг юм.
-Холбооноос уралдаан зохион байгуулах тал дээр хэр анхаарч байсан бэ?
-Холбооны нэрэмжит уралдаан зохион байгуулаагүй ээ. Яагаад гэвэл манайх чинь аймагтаа болон Эрдэнэцогт, Өлзийт сумдтай ойрхон болохоор энэ газруудад очоод наадчихдаг, наадмаа зохион байгуулчихдаг. Өвлийн уралдаан бол саяхнаас буюу 2005 оноос бий болсон шүү дээ. Уралдаан зохион байгуулах тал дээр манайх дотоод журмандаа гадны сумын наадамд дэг журамтай оролцох, гадны суманд амжилттай уралдаад ирсэн морьдынхоо эзэд болон унаач хүүхдүүдийг урамшуулах талаар тусгаж өгсөн. 2019 онд манай уяачдын холбооны 20 жилийн ой болох юм. Ойгоороо хийхээр бодсон санасан юм их бий.
-Та холбооны хоёр дахь тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан. Хэдий үеэс сонгогдсон юм бэ?
-1999 онд Ёндонлодой гуай сонгогдон ажиллаад нэг жилийн дараа өөрөө ажлаа өгсөн. Тэр үед Засаг дарга нарыг Уяачдын холбоог давхар хариуцаж яв гээд томилдог байсан юм.
-Журмандаа Засаг дарга МСУХ-ны тэргүүн байна гээд заачихсан юм уу?
-Тийм. Дэмжиж ажиллана гэдэг утгаар нь тэгж явж байсан. Харин би 2001 онд сонгогдон 2005 он хүртэл ажилласан. Харин нарийн бичгийн даргаар Мижид гэж хүн ажиллаж байсан. Уяачдын холбоо байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болж, тэр хэрээр амжилт үр бүтээл бий болдог юм билээ. Хамгийн гол үр дүн нь энэ. “Эвт шаазгай буга барина” гэгчээр бүгдээрээ нэг санаа зорилготой байхад амжилт ойрхон байдаг.
-Өнөөдөр эргэж харахад холбооны үйл ажиллагаа тухайн үед та бүхний санаж сэдсэн зорилгод хүрч чадсан уу? Холбооныхоо үйл ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Холбооны хувьд эхэндээ сайн байсан. Гэвч дунд үеэсээ эхлээд л жаахан тиймэрхүү байлаа. Одоо харин сэргэх гээд байх шиг байна. Надаас энэ ажлыг авсан хүн холбоог унтаа болгосон. Уяачдын холбоо уралдаанаа хийчихдэг, 12-р сарын 30-нд жилийн ажлаа дүгнээд шинэ жилээ хийдэг байсан нь байхгүй болсон. Үнэндээ эзэнгүй шахуу болсон. Уг нь манайхан амжилт гаргаж, цэвэр цусны азаргаар хүртэл шагнуулж байсан. Ийм ажил, амжилтуудаа нэгтгэж, цааш нь ажил хэрэг болгож чадаагүй.Нөгөө цусаа сайжруулах гэсэн үрээ ч замхраад алга болсон. Одоо Засаг дарга Пүүлээг холбооны үйл ажиллагааг сэргээх байх гэж бодож байна. Хаа сайгүй л хөгжиж хөдлөхгүй бол хэрийн морь амжилт гаргах нь хол болчихоод байна шүү.
-Тэр ч тийм шүү. Одоо хоёулаа Бямбажав гэдэг уяачийн хувиар ярилцлагаа үргэлжлүүлье. Морь уях сонирхол тань хэнээс, юунаас улбаатай вэ?
-Миний өвөг дээдэс уяач улсууд. Манай аавын аав тавхай Дарам гэж хүн байв. Тэмээний тавхайг их сайн  хатгадаг хүн байсан болохоор түмэн олон тавхай гэж хочилж л дээ. Жоохон архинд дуртай, морь их сайн уяна. Тавхай Дарамын дүү нь болохоор аймгийн Алдарт уяач Гончиг гэж хүн байсан. Дарамын хээр, зээрд морь хурдан байсан гэдэг юм. Өөрөө зундаа жин тээгээд явчихдаг байсан болохоор дүү Гончиг нь хээр морийг нь уяж давхиулдаг байж. Манай ээжийн аав хурдан цавьдар хонгор морьтой Дорж гэж хүн байлаа. Тэр хүн нэг их олон морь уяж байгаагүй ч уясан морь нь их сайн давхиж байсан гэдэг.
-Аргагүй дээдсээс улбаатай хэрэг байна. Таны хувьд хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
-Би өөрийгөө моринд нэг их хорхойгүй байх гэж боддог байлаа. Улсын хүлэгч уяач Сономбал намайг моринд оруулсан юм даа. Сономбал ах намайг их дэмжиж, уяа сойлгон дээр анхаарч, өдий зэрэгтэй болгосон хүн. Би ахдаа баярлаж явдаг юм. Манай хүн өөрөө мундаг уяач, дээр нь Баянхонгорын хэд хэдэн алдарт уяачийг гаргаж ирсэн. Дүгэрсүрэнгийн шар хээрийн амжилт, аймгийн даргыг моринд оруулсан энэ бүгд Бал ахаас үүдэлтэй байхгүй юу. Энэ хүнээс би 1992 онд хязаалан үрээ аваад  тэр жилээ аймагт аман хүзүүлж, дараа нь Галуутын наадамд бас аман хүзүүлдүүлсэн. Тэрний дараа жил нь Эрдэнэцогтын 70 жилийн ойд аман хүзүүлж, буцаж ирээд сумынхаа баярт соёолон азаргануудтай тавиад хол тасархай түрүүлж байсан. Бараг хоёр км гэхэд хилсдэхгүй ээ. Тэрнээс хойш миний морь аймаг, сумын наадамд алгасахгүй айраг, түрүү авсан.
-Аймгийн баяр наадмаас хэдэн түрүү, хэдэн айрагтай вэ?
-Аймгийн баяр наадмаас хоёр айраг, нэг түрүүтэй. Сумдаас бол замбараагүй. Миний хул морь суманд гурван түрүүтэй, долоон айрагтай. Тэр үед медаль гэж өгдөггүй байлаа. Ямар ч байсан хул морь 10-аад медаль авсан шүү. Галуутын нэгдлийн алаг азарганы бага алагийнх нь төлийг би  худалдаж авч байсан юм. Тэр хүлэг надад сумаас 15 айраг, түрүү авч өгсөн. Аймагт орж байгаагүй, нэг удаа арваар ирж байсан. Одоогийн байдлаар иймэрхүү амжилттай. Жилд ганц хоёр айргаар тасрахгүй ээ.
-Та дандаа нутаг адуугаар наадаж байсан уу?
-Би дандаа нутаг адуугаараа наадаж байсан. Хул морь гэхэд Сономбал ахын, цаашлаад Өндөрийнхний цагаан угшлын адуу. Сономбалын Аварга хулынх нь төрсөн дүү. Алаг азарга бол Галуутын Бат-Очирын нэгдлийн алаг азарганы хамгийн бага хүүхдийнх нь хүүхэд. Хязаалан үрээ худалдаж авч байсан юм. Надад ирэхээсээ өмнө Бөмбөгөрт нэг түрүүлж, Галуутдаа нэг аман хүзүүлчихсэн байсан.
-Тэр үеийн бас ч үгүй уягдаад айраг, түрүү авчихсан азарга ямар үнэ ханштай байсан бэ?
-Алаг азарганы эзэн аймгийн Алдарт уяач Пүрэвтэгш ах бид төрөл садангийн хүмүүс. Тэдний хүү аймгийн Алдарт уяач Баттөрөөс авч байсан юм. Төрөл садангийн хүмүүс болохоор нэг их үнэ ханш болоогүй ээ. Мөнгөн бүсээр л авсан. Тэр үеийн мөнгөн бүс ямархуу үнэ ханштай байсан юм бол доо. Одоо бодоход 300,400 мянгаар л авч байсан байхаа.
-Алаг азарга 15 айраг, түрүү авч өгсөн гэж байсан. Хаана, яаж давхиж байсан бэ?
- 2005 онд соёолонд сумандаа наймаар давхиулаад, Загийн 80 жилийн ойд явж 13-аар ирсэн.  Дараа жил нь хавчиг азарга аймагт 10-аар давхисан. Тэгэхэд зүүн талын адуунууд их орж ирсэн үе л дээ. Дүгэрсүрэн, Золбоот эд нар чинь зүүн талын морьдоор наадаж эхэлж байсан. Золбоотын саарал азарга түрүүлэхэд, манай алаг азарга 10-аар давхиж байсан юм. Аймагт нэг л удаа уралдуулсан нь тэр. Тэгээд дандаа хойд талын Эрдэнэцогт, Баян-Овоо сумдаар уралдаж байсан. Ямар ч байсан 15 айраг, түрүү авч өгсөн. Одоо 16 настай азарга бий. Түүний төл хоёр үрээ надад бий. Нэг нь жижиг наадамд орсон, нөгөө нь Эрдэнэцогтод нэг орсон. Дөнгөж л уягдаж эхэлж байна даа.
-Одоо аль ч аймаг, суманд очсон Сүхбаатар буюу зүүн зүгийн адуугаар нааддаг болчихсон байна. Нэгэнт л энэ тоглоомоор тоглож байгаа хүн нутаг адуундаа хайртай, нутаг адуугаар наадна гэвэл хожигдох нь ойлгомжтой.
-Харин үүнийг дагахаас өөр замгүй болж байна. Хэрвээ зүүн талаас адуу авчраагүй байсан бол миний алаг азарга аймагтаа хэд хэд түрүүлчих байсан. Зүүн талын адуу орж ирээд эзэрхийлээд байхаар хүний урам хугардаг юм байна лээ. За за зүүн талын адууны хөлийн хурдыг яаж гүйцэхэв, тэгсэнд орвол энэ муу амьтныг ойр зуурын наадамд давхиулж ганц нэг айраг, түрүү авч, урам оруулж байсан нь дээр байх гэсэн бодол төрдөг юм байна. Ямар сайндаа манайхан“араг бөгсөөр нь нааддаг” гэдэг нэр өгчихсөн байхав.
-Тэгээд та зүүн зүгээс адуу мал авсан уу?
-Авсаан. Сүхбаатар аймгийн Асгатын Саранбаатараас хар үрээ авч байсан. Тэр хар үрээ маш сайн гүйсэн. Хязааландаа Галуутад бооцоот уралдаанд түрүүлээд, долоо хоногийн дараа Баян-Овоогийн баяр наадамд аман хүзүүлж байсан. Дараа нь Байдрагийн хангайн бүсийн уралдаанд 12-оор давхиулсан. Тэгээд ер нь хурдан хүлэг юм байна, нэмж тордоё гэж байтал намар нь идээшилж яваад нүхэнд унаад үхчихсын. Манай энд нинжа нар газар ухаад хаячихсан, тэр нь намрын урт өвсөнд харагддаггүй. Тэр их харамсалтай юм болсон. Их сайн үрээ байсан юмаа.
-Өөр зүүн талын азарга, гүүгээр адууныхаа цус сэлбэж байгаа юу?
-Цус сэлбэж байгаа үрээ байгаа. Сономбалын Шаравсамбуугийн Аварга хул азарганы хүүхэд хүрэн үрээ байгаа. Эх нь зүүн талын угшилтай сайхан хүрэн гүү байдаг юм. Үндсэндээ хоёр зүүн талын угшилтай адууны дундаас л гарсан гэсэн үг. Одоо тэжээгээд уяж байгаа. Энийг алаг үрээний төлтэй цус сэлбэе, дундаас нь гайгүй юм гарч ирэх болов уу гэсэн бодолтой байгаа.
-Морь уях үндэсний соёл, зан заншлыг хадгалан, үр хойчдоо уламжлуулж байдаг хүмүүс бол уяачид. Тийм учраас манай сэтгүүл ярилцаж байгаа уяач бүрээсээ залгамж халаагаа бэлдэж буй эсэх талаар асуудаг юм.
-Би ганц бандитай. Тэр нөхөр уг нь моринд их хорхойсдог байсан боловч барилгын инженер болж хотод суурьшсан. Надад ч олдохооргүй болох шиг болно лээ. Гэхдээ манай охин намайг байхгүйд хар үрээний хоол унд, ажлыг нь их сайн хийнэ. Хурдан морь авч өг, зүүн талын үрээ авч өг гэсээр байгаад тэр хүрэн үрээг авахуулсан. Үрээгээ би танаас зөвлөгөө авч байж уяна гээд байдаг юм. Тэгэхээр удам дагасан уяач гарах юм байна гэсэн бодол төрөөд байгаа.
-Миний асуух асуулт энэ хүрээд жаргаж байна. Уясан хүлэг тань хурдан байж, унасан хүүхдийн хоолой нь цээл байг ээ.
-Гялайлаа. Манай сумын үе үеийн уяачдыг 1945-1975 он, 1975-1990 он, 1990- 2000 гэх мэтээр үечлэн хувааж болно. Би бол 1990-2000 оны үеийн уяач. Ингээд нутгийн уяачдадаа уясан хүлэг нь айраг түрүүнд хурдалж, нутгийнхаа нэр төрийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна