Аймгийн Алдарт уяач Д.Түмэндэмбэрэл: Гурван том түүхт ойгоор их насны морь түрүүлгэсэн ховорхон амжилттай хүн дээ, би

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 06 -нд

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Түмэндэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Домогт долоон саарлын нэг хар саарал морины эзэнтэй уулзаж буйдаа баяртай байна. Хурдан хүлгийнхээ тухай бидэн ярьж өгөөч?
-Миний  саарал морь Баянцагаан сумын нутаг Алтантэвшийн гол хэмээх сайхан нутагт тэнцсэн унага. Энэ голоос ах дүү долоон хурдан саарал морь гарсаны хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь миний саарал морь.Зөвхөн Баянцагаан сумынхаа АХ-ын баяр наадамд долоон удаа түрүүлсэн. Нэгдэл байгуулагдсаны 30 жил гэдэг юмуу бусад ойн баяр наадмуудад лав 22 түрүүлж, айрагдсан.
-Долоон сааралын хэд дэх нь юм бэ?
-Дөрөв дэх нь. Нөгөө хэд нь Дариймаагийн саарал, Гочоогийн саарал, Жигжидийн саарал, Ж.Борын саарал, Мөнхбатын саарал, Монхорын саарал гэж байсан. Би нийлээд хоёр жил болж байхад нь авсан. Надад ирэхээсээ өмнө сумынхаа наадамд хоёр түрүүлчихсэн байсан. 1968 онд  лав соёолон үрээ түрүүлж байсан юмдаг.
-Тэгэхээр 1964 оны унаган байх нь ээ?
-Тэгж таарах нь.
-Саарлуудын хурд танигдчихсан байсан үе. Нууц биш бол ямар ханшаар авч байсан бэ?
-1970-аад онд 2000 төгрөг бэлэн өгөөд авна гэдэг бас л өндөр ханш байсан. Надад ирснээсээ хойш Баянцагаан сумынхаа наадамд тав удаа түрүүлж, Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын наадамд түрүүлсэн. Нэг жил хоёр, гурав ч түрүүлэх үе байлаа. Ямартай ч найман даагаар шагнуулж байсан юмдаг.
-Ер нь ямархуу адуу байсан юм бэ?
-Цайлган цагаан сэтгэлтэй, их хөнгөн морь байсан. Номхон уяа нь орохоор сайварлаад ирдэг. Хол ойргүй давхил сайтай. Биеийн хэлбэр урт, тунгалаг хар нүдтэй. Гэхдээ хатуу амтай авч нисдэг тийм морь байсан.
-Суманд долоо түрүүлэхдээ хэний ямар морьдтой түрүү булаалдаж байсан юм бэ?
-Эрдээгийн халзан, Дамбажавын хээр, Балбарын алаг, Гомбожавын Гудиггүй зээрд, Лхүндэгийн Тэгш хүрэн зэрэг морьдтой уралддаг байлаа.Нэгэн үе манай сум чинь сайн их морь олонтой байсан шүү. Тэднээс хамгийн олон түрүүлсэн нь миний саарал, дараа нь Мөнхбатын хар саарал. Суманд тав түрүүлсэн адуу. Түүний дараа манай Хулан, Лхүндэгийн Тэгш хүрэн хоёр  дөрөв, дөрөв  түрүүлсэн амжилтаараа ордог юм.
-Аймгийн наадамд уралдаж байсан уу?
-Ерөөсөө явж байгаагүй. Боломж бололцоо нь ч бүрдээгүй юм. Манайхаас аймаг хүртэл бас хөөрхөн зайтай. Тэр хол замд морь хөтлөөд явахад нэлээд хэд хоног шаардлагатай. Тэгж найр наадам хэсч явбал дарга цэрэг зэмлээд сүйд болно шүү дээ.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?
-Худалдааны байгууллагад 40 гаруй жил ажилласан. Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар арваад жил ажиллаж байгаад сүүлдээ багийн Засаг дарга болсон. Тэр ажлаа 11 жил хийж байгаад тэтгэвэртээ гарсан даа.
-Саарал морь хэд хүртлээ уралдсан бэ? Хамгийн бахтай түрүү нь хэдэн оны наадам байсан бэ?
-Саарал морь 15 хүртлээ уралдахдаа намайг тувт  баярлуулсан. Сумдын наадмын арван түрүүнээс гадна 12 айрагтай. 15 хүргэж зодог тайлаад,18-тай талийсан байх. Гэхдээ ах нь ганц саарал морины амжилтаар аймгийн Алдарт уяач болоогүй юм шүү. Наана нь нэртэй сайн морьд цөөнгүй байсан. Одоо ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамжаад морь уяж л байна.
-Хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Хамгийн анх өөрийн унаган шар хээр морио уясан. Тэр маань тийм олон түрүүлээгүй ээ. Баян-Өндөр суманд нэг түрүүлж, нэлээд хэд айрагдсан адуу. Айргаас бол ер нь мултарч байгаагүй дээ. Тэрний дараа Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат МУ-ын Алдарт уяач Шамгай гэж хүнээс нэлээд хэдэн адуу авсан. Ер нь олон газраас адуу авсан даа. Баянхонгор аймгийнхаа хангайн сумдаас чиг л морь авч байлаа. Бууцагааны Хүнбиш гэж хүнээс нэг хүрэн морь авсан нь сумандаа нэг түрүүлээд, дөрвөн удаа айрагдсан. Дөрөв айрагдахдаа хоёрт нь аман хүзүүдсэн байгаа юм.
-Дээр сумын наадамд дөрөв түрүүлсэн хүрэн морины тухай ярьж байсан. Тэр хаанахын адуу вэ?
-МУ-ын Алдарт уяач Шамгай гэж хүнээс 20 хургаар Хулан тахь нэртэй хондон морь авч, сумынхаа наадамд дөрөв, Шинэжинст суманд нэг түрүүлгэсэн. Мөн Эрдэнэ, Баян-Өндөр сумдад айрагдсан. Би АХ-ын 50,60,70 жилийн ойгоор их насны морь түрүүлгэсэн ховорхон амжилттай хүн байгаа юм. 50 жилийн ойгоор хар саарлаа, 60 жилээр Хулан тахиа, 70 жилийн ойгоор Бууцагаанаас авсан Хөөрхөн зээрд морио түрүүлгэсэн. Мөн 80 жилийн ойгоор миний хүү Мөнгөнтулгын цоохор азарга түрүүлсэн.
-Хөөрхөн зээрд чинь хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Намайг авахаас өмнө амжилт гаргаагүй битүү морь. Гэхдээ их хөөрхөөн. Ямар сайндаа Хөөрхөн зээрд гэж нэрлэж байхав. Нэг түрүүлж дөрөв айрагдсан. Тэгж явахдаа бас нэг жороо хар морь авсан нь хурдалсан. Мөн Эрдэнэ сумаас борлог соёолон авч түрүүлгэж байлаа. Дараа нь манай сумын нэг өвгөн авъя гээд байхаар нь өгчихсөн олигтой давхиулж чадаагүй.
-Жороо мориор хэрхэн наадаж байв?
-Би арав гаруй жороо мориор наадсан хүн. Хатантуул хүүдээ өгсөн Хулгар хээр гэж жороо морь тав зургаа түрүүлсэн. Хулгар хээр Алтантэвшийн голын унага.
-Ингэхэд та ер нь хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан бэ?
-Манай аавын талынхан бүгд морь уядаг улс. Би  багадаа хурдан морь унаж байгаад хасагдаад морь уясан хүн. 50 гаруй жил морины уяанаас холдсонгүй. Морь ч уядаг, тэмээ ч уядаг. Залуудаа бол хөөрхөн ноцолдчихдог байлаа. Сумын заан цолтой. Манайхан ер нь бөх, морийг ихээхэн дээдэлдэг улс. Морины өв соёлыг уламжилж, цаашдаа үр хүүхэддээ өвлүүлэх гэж зүтгэж яваа гэхүү дээ. Тэр ч утгаараа 1993 онд Баянцагаан сумандаа уяачдын холбоо гээчийг байгуулалцаж анхны тэргүүнээр нь ажиллаж байлаа. 2008 он хүртэл ажиллаад залуустаа хүлээлгэн өгч “Алтанжолоо” гэж гал байгуулан ахлагчаар нь ажиллаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгчлэн энэ жил манай гал уяан дээрээс дөрвөн азарга түрүү, айрагт багтлаа. Түрүү, аман хүзүү, айргийн дөрөв, таваар давхисан.
-Удам залгах залуу уяачдын морь хэрхэн хурдалж байна вэ?
-Би есөн хүүхэдтэй. Гурван хүү маань гурвуулаа морь уядаг. Одоогоор цол хэргэм аваагүй л байна. Манайх Сүхбаатарын  Дарьганга, Хэнтийн Галшир болон Төв аймгийн адуутай. Хүүхдүүд маань дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морьдоо сайн уях байхаа.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь та бүхнийг өнөд ивээх болтугай.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна