Аймгийн Алдарт Уяач Д.Самбуу: Удам залгасан адуучин хүн дээ, би

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 29 -нд

Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Д.Самбуутай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны дээдчүүлд хусуур сойзоор гоёсон уяачид байв уу?
-Миний аав Дорж анхны өртөө адууг маллаж байсан. Нэгдлийн адууг 20 жил маллаж байгаад 1962 онд бурхан болсон. Харин миний хувьд 1971 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болсон юм. Удам залгасан адуучин хүн дээ,би.
-Аав тань морь уяж байсан юм болов уу?
-Уяж байсан ч дээгүүр давхиж байгаагүй юм шиг байна лээ. Тухайн үед одоо шиг тэмдэглэсэн зүйл ч байдаггүй байж. Миний мэдэхээр Буурал духт гэж хүрэн азарга, Өсгий цагаан хээр үрээг уяж уралдуулдаг байлаа. Гэхдээ би аавынхаа морийг унаж байгаагүй. Зургаан настайгаасаа хойш арваад жил Жавын Лхагваа гэж хүний хээр халтар морийг унаж давхиулсан. Тав түрүүлж, зургаа долоо айрагдсан мундаг хурдан адуу байлаа. Баянговьдоо яригдана шүү. Тухайн үед Шовгор Нацаг, Дун Лхагваа, Гомбо нарын нутаг орондоо яригдсан уяачид байдаг явлаа. Тэдний уясан морьтой ан мана үздэг байсан энэ Лхагваагийн хээр халтар.
-Тухайн үеийн сумын наадам хүүхэд насны дурсамжинд тод үлдсэн байх даа?
-Их л шороогоор булуулдаг байсан санагддаг юм. Бидний үед чинь эрэг ганга, бутан дундуур харайна. Тэгэхээр урд яваа морины шороо нүднэ. Хөөрхөн бэрхшээлийг туулж уралддаг байлаа. Арваад км яваад гайгүй болно. Тэгээд Хар овоог чиглээд зүтгээд л байна  шүү дээ. Одоо харин сайхан болсон байна. 
-Харин та бие даан морь уях болсон нь хэзээ юм бэ?
-1971 оноос уяж эхэлсэн гэж болно. Тухайн үедээ өөрийн өмчийн хэдэн морьтой. Түүнээсээ сартай хүрэн морио голдуу уяна. Харин 1980 оноос хойш азаргаар наадах болсон. Би чинь  1984 онд хангай руу отроор нүүсэн юм. Тэндээс ирэхдээ нэг цоохор азарга авч уяж эхэлсэн. Тэрнээс өмнө уячихаар сайн азарга байсангүй.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны наадмаас авч байв?
-Нэлээн хожуу авсан л даа. 1989 онд анхны айргаа амссан санагдаж байна. Тухайн үедээ цоохор азаргаа багийн болон сумын наадамд айргаар хурдлуулдаг байлаа. Гэхдээ түрүүлгэж үзээгүй. Уяаны талд л алдаа гаргаад байсан шиг байгаа юм. Энэ азарганы дараа нэг халтар азарга гарч  ирээд мөн л олон айраг авч өгсөөн. Даанч бас түрүүлж байгаагүй. Тэр үед манай сумын наадмын түрүүг Баацагаан, Баян-Өндөрийнхөн ирээд авчихдаг байлаа.
Миний амжилтын оргил үе 1990-ээд оноос хойш яригдах болов уу. Сумандаа сайхан ч наадсан. Харин 2010 он гарсаар морь уясангүй дээ. Гэхдээ дуртай юм болохоор бүүр орхичихож чадахгүй юм. Энэ жил хэдэн адуу тэжээсэн. Уралдах бэлтгэл хийгээд л сууна.
-Цоохор азарга ямар, ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Хангайгаас авсан цоохор азарга дөрөв, таван жил тасралтгүй айрагдсан. Сүүл рүүгээ цоохор азарганы удмын хар морь гарч ирсэн нь дөрөв айрагдсан. Харамсалтай нь 1990 оны зуд гэж сүрхий юм аваад явсан, хөөрхийг. Би чинь тухайн үедээ 300 гаруй адуу хариулна. Тэгэхээр тааралдсанаа л уяна. Хүүхдүүдийнхээ тоогоор морь уяна гээч. Бараг зэлнийхээ даагыг зэлэн дээрээс нь барьж авч уяад хүүхэд мордуулчихдаг байлаа. Ажил их байсан ч дуртай болохоор уяаны ажлаа яаж ийгээд л амжуулдаг байж. Адуу малтай ноцолдоно, айраг цагаагаа бэлдэнэ гээд л. Адуучин чинь ажлын нормтой. Өнөөхөө биелүүлэх гээд уяаны ажилдаа төвлөрдөггүй байсан тал бий. Яахав хувьчлалаас хойш илүү боломжтой болсон гэх үү дээ. Би чинь хувьчлалаар олон хүүхэдтэй гээд 100 гаруй адуутай үлдсэн.
-Хэдэн жил нэгдлийн адуу малласан бэ?
-1971 онд илгээлтээр гараад л нэгдэл тарах хүртэл ажилласан. Яг 20 жил адуу маллажээ.
-Цаг хатуу үед отроор их нүүдэллэдэг байсан бололтой?
-Тиймээ, отроор их явна. 1984 онд Баянхонгорын наад Цээл Цагаан бухад, 1989 онд Өвөрхангайн Таацын гол руу отроор явж байлаа.
-Говьд адуу маллах хэцүү юу?
-Одоо их хэцүү болжээ. Дээхнэ үед нэгдлээс хэрэгтэй зүйлээр хангачихдаг байсан болохоор гайгүй яваад ирдэг байлаа. Одоо хэн хангаж өгнө гэхэв. Олон адууг чинь маллаад өгөх хүн ч олдохгүй юм. Нөгөөтэйгүүр жил ирэх тусам өвс ургамлын гарц муудаж байна. Хуучных шиг хоёр гурван адуу авчраад тавьчихвал адуу идээшлэх газар яагаад ч олдохгүй болж. Нөгөө хэдэн малтай улс чинь тараад тараад буучихсан. Хуучин цагт бол зохион байгуулалттайгаар  богийг нэг тийш нь шахчихна, бодын нутаг гээд уулаа чөлөөлчихдөг байсан. Одоо тийм юм байхгүй. Ууланд богтой улсууд ч хэдэн малаа тараачихна. Адуу нь ч ялгаагүй. Хэрвээ зуд болбол тэр хэдэн адууг маллах хүн олдохгүй шүү дээ. Зүгээр зэлүүд туучих юм. Хааяа нэг очиж хардаг юмуу үгүй юм уу мэдэхгүй.
-Тэр үед гүний усаар услах уу?
-Гүний усаар услахгүй ээ, ховоодоно. 350 адуу услах гэж хөөрхөн ажил болно шүү дээ. Тухайн үедээ азарга азаргаар нь услачихдаг байсан. Нэг азарга адуу чинь гайгүй. 10, 20 минут болно гэхээр 17,18 азарга адуу хоёр, гурван цаг болох жишээний. Гэхдээ ганц хүнд бол бэрхээ.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Би долоон хүүхэдтэй.  Багадаа тэдний дэм тус гэж юу байхав. Харин тусад ороод ирэхийн цагтаа унагаа татаад өгдөг болох жишээний. Манайх охин голдуу. Тэд маань ээждээ туслаад, ойр зуурын гэрийн ажлаа амжуулаад эхлэхээр өөр л юм билээ. Тэрнээс өмнө бол залуу насны аагаар эхнэртэйгээ бүх ажлаа амжуулдаг байж. Ийшээ тийшээ явахдаа өөрийнхөө унааг сойчихно. Илгээлтийн эздийн хаврын чуулга уулзалтанд оролцоно. Тэнд очоод бас морь булгиулна, сургана, уургална. Морио уяад ганц нэг айраг амсчихна. Одоо ч нас яваад энэ бүхэн ард хоцорч байнаа. Сүүлд сумын төв дээр уран уургач, бугуйлчийн тэмцээн болсон. Түүнд уг нь булгиулахаас бусдыг нь хийчихмээр санагдсан. Гэтэл булгиулах гээд хоёр харайсан нэг л явцгүй ээ. Сэтгэл нь байвч нас явчихаж дээ.
-Удам залгасан гурав дахь үеийн адуучид байна уу?
-Хүүхдүүд маань хувийн аж ахуйтнууд гэх үү дээ. Хоёр банди надтай хамт адуу маллаж байна. Хөдөө нэг охин байгаа. Ямар ч байсан одоогоор гурав нь мал маллаж байна. Би чинь хэдэн ач зээ нараа хардаг ажилтай. Өөрөөр хэлбэл “цэцэрлэгийн багш” гэх үү дээ. Эднээс маань нэг зээ хүн хурдан морь унана. Намайг залгамжлаад морь уях болов уу гэж горьдоод л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Та бүхэнд ч баярлалаа. Ажил үйлсэд тань амжилт хүсье.

"Тод магнай"сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна