Аймгийн Алдарт уяач Д.Пүрэвсүрэн: Аав минь “тархины тавд орохгүй адууг уяад яадаг юм” гэдэгсэн

А.Тэлмэн
2017 оны 8-р сарын 24 -нд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Пүрэвсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Бид ярилцлагаа ихэвчлэн хэдийнээс морь уяж эхэлсэн тухай асуултаар эхэлдэг. Харин танаас яагаад ч юм хамгийн сайхан наадмын тухай дурсамжаас эхэлмээр санагдлаа?
-Манай аав уяач хүн байлаа. Уяач уяачдаа аймагт олон удаа их насны морь түрүүлгэж, айрагдуулсан сайн уяач. Тийм чансаатай аавдаа морь уяж тоогдоно гэдэг амаргүй. Уях гэж байгаа морьдоо аавдаа үзүүлнэ. Тоодой гэж морь таньдаг хүн байсан юм. Тэр хоёрт л уяж болох нь уу гээд харуулна. Аав өөрөө их насны сайн морьдтой болохоор түүнээс доошхийг хардаггүй, хэрийн юм тоохгүй хүн. Тархины тавд орохгүй бол уяад яадаг юм гэхээр хүн юм уу даа. Би нэг халтар морь үзүүлж байгаад уяж, аймагт аман хүзүүдүүлж байлаа. Тэр жил Нямын хүрэн түрүүлж байсан. Доржсүрэнгийн хээр гэх мэт аймгийн хэдэн сайн уяачдын морьд бүгд л уралдсан. Тэгэхэд л аав маань их баярласан даа. Би ч аавдаа тоогдсондоо их баярлаж байж билээ. Миний хамгийн сайхан наадам тэр.
-Аргагүй сайхан дурсамжтай наадам байна. Манай уншигчдад аавынхаа тухай ярьж өгөхгүй юу?
-Манай аав Дорж бол Хорол гэж хүний хамгийн том хүү нь байгаа юм. Залуугаасаа морь уясан, моринд дуртай хүн байсан. Нэгдэлд тэмээнээс бусад дөрвөн хошуу мал малласан. Би ч бас 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч аавтай хамт нэгдлийн адуу малласан. Аав маань Баян-Овоо сумаар тогтохгүй Баянхонгор аймагтаа нэлээн олон удаа морь уяж түрүүлгэж, айрагдуулсан сайн уяач. Хавь ойрын сумдад ч бүгдэд нь түрүүлж байсан. Аймагт их морины гурван түрүү, нэлээн хэдэн айрагтай. Дандаа их морь уядаг. Хүрэн, хээр хоёр их насны морь нь байнга дараалан орно.
-Гурав түрүүлдэг нь ямар морь юм бэ? Хаанахын ямар удам угшилтай адуу вэ?
-Хүрэн морь. Хүрэн морийг аавын найз Тоодой гэдэг хүн Архангайн чигээс нас гүйцсэн морь авчирч өгсөн юм гэсэн. Архангайд тархины тавд ч ордоггүй байж. Тэгээд Архангайнхан ирчихээд одоо л нэг барцад нь гарч, хурдалж байна гэж ярьцгааж байсан гэдэг юм билээ. 49,50-аад онд завсаргүй завсаргүй түрүүлж байсан.
-Сумандаа түрүүлчихээд давхар аймагт ирж уралддаг байсан юм уу?
-Тэр байтугай аймгийн төв Галуутад байхад аймагт түрүүлчихээд, маргааш нь Өлзийтийн наадамд очоод түрүүлж байсан гэдэг. Манай аавын найз Тавтай гээд өвгөн байсан. Тэр Өлзийтийн хүн нутагтаа аваачиж тавина гэхэд нь аав өнөөдөр аймагт уралдчихаад шөнөжингөө яваад маргааш яаж давхих юм гээд дургүйцсэн гэнэ лээ. Гэтэл найз нь зөрсөөр байгаад морь унаж байсан манай ахыг өвөртөлчихөөд шөнөөр явчихсан. Тэгээд идүүлж барьж явсаар үүрээр Өлзийтөд ирэхэд хүүхэд нь сэрээгүй унтаж л байж. Өглөө нь уралдаад бас түрүүлчихэж байсан үнэхээр гайхалтай хурдан морь. Миний санаж байгаагаар гурав түрүүлж, гурав дөрөв айрагдсан байх. Айргийг нь би тодорхой мэдэхгүй байна, Лайшир гуай л сайн мэднэ дээ. Лайшир гуайн яриагаар хоёр түрүүлсэн мэдээ нь олдоод, нэг түрүү нь олдохгүй байсан чинь нэг жил аймаг зун наадам хийлгүй, намар нь наадамлахад тэнд түрүүлсэн байх нь гэж надад ярьж байна лээ.
-Намар нь наадсаныг бодоход зун нь ган гачигтай байсан юм болов уу?
-Би ч бас тэгж бодож байгаа. Зун нь гантай байгаад л намар нь хийсэн юм уу даа. Тэр наадмыг Цагаан Эрэгт хийж байсан гэж ярьдаг. Тэгээд тэнд түрүүлсэн морь
олддоггүй юм, тэр яг аавын чинь хүрэн морь болж таарлаа гэж байсан.
- Тэр үеийн морьдууд 20 гартлаа уралддаг яс, шандас сайтай байсан гэдэг. Хэд хүртлээ уралдаж байсан юм бол?
-Аавын морь хэдтэй байсныг би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч мичин жилийн зуднаар үхчихсэн гэдэг. Үнэхээр тэр үеийн морьд яс сайтай байсан шүү. Манай суманд гэхэд Дүгэржавын зээрд гэж хөгшин морь 19-тэй түрүүлж байсан. Бүр аймагт түрүүлчихээд, дараа нь Эрдэнэцогтод түрүүлж байсныг би мэдэх юм.
-Тэгэхээр 1956 онд зуд болж байсан юмуу?
-Тийм боловуу даа. Нэг бичин жилийн зуднаар аавын дүү говиос адуугаа олж ирэхэд их тарган орсон байсан гэсэн. Тэгээд нэг өдөр тэр хүрэн морь ирж гэр дээр хүзүүгээ тавьчихаад л, бууцны хөл рүү нэг яваад л. Ингэж гурван удаа гэр дээр хүзүүгээ тавьчихаад, уруудаж явахдаа доошоо харуулдаж унаад үхчихсэн юм гэнэ лээ. Тэгээд манай ээж уйлж байсныг би санадаг юм.
-Адуу гэж ухаантай амьтан шүү. Эзэнтэйгээ салах ёс хийсэн юм шиг л санагдчихлаа. Хүрэн морьтой дараалан айрагддаг байсан хээр морь хаанахын адуу вэ?
-Бас л Архангай чиглэлийнх. Мөн л Тоодой гуай авчирч өгсөн. Манай аавын жинхэнэ жудагтай найз нь байсан юм билээ. Хээр морь хүрэн морийг байхад лав түрүүлээгүй. Тэрнээс хойш түрүүлсэн эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Улсын Начин Нямжанцанд очоод л түрүүлсэн байх.
-Хээр морио Нямжанцан гэдэг хүнд өгчихсөн юм уу?
-Нямжанцан бол манай аавын дүү байгаа юм. Дүүгээ гэр орон барьж өрх тусгаарлаж гаргахдаа хээр морио өгч л дээ. Тэгээд Нямжанцан өөрөө аймагт түрүүлэхэд хээр морь нь төрсөн нутаг Баацагаан суманд нь түрүүлж байсан юм билээ. Түүнээс хойш яаж давхисныг нь би мэдэхгүй.
-Бага хүүхэд байхаасаа аавыгаа дагаж адуу малласан гэхээр та ч бас эртнээс морь уяж эхэлсэн үү?
-80-аад оноос аавынхаа хийж байсныг залгамжилж үргэлжлүүлэх санаатай нэгдлийн жолоочийн ажлын хажуугаар завчилж аавын адуунаас ганц хоёр адуу уяж, ойр зуур уралдуулдаг болсон. Тэгээд 2006 онд аймгийн Алдарт уяач болсон доо.
-Аавын халааг залгамжлаад анхны айраг, түрүүгээ ямар удам угшилтай мориор авч байсан бэ?
-Манай хүүхдэд нагац өвөө нь өгсөн шар хээр морь байсан юм. Чухам ямар азарганы төл байсныг нь би мэдэхгүй. Тэр үед анзаардаггүй байж дээ. Удамтай л айл байсан. Даагандаа уягдаагүй. Аймаг, сум хоёр цуг наадам хийдэг байхад шар хээр шүдлэн, хязаалан, соёолондоо гурван жил дараалан түрүүлсэн. Тэрнээс хойш их насны морь аймагт аман хүзүүнд ирсэн юм байна.
-Өөр аавын хүүгийн хийморийг өргөсөн ямар хурдан ажнай байв?
-Үнэндээ ахынх нь бие жаахан тааруу, харвалт авчихсан болохоор заримыг нь санадаггүй юмаа. Худлаа ярьчихвий гэж эмээгээд л байна шүү. Сономбал бол андахгүй. Зээрд азарга сумандаа нэг түрүүлж, айраг алддаггүй л байсан. Аймагт нэг өвлийн уралдаанд барианы наахна талд хүүхэд нь ойчоод, хүүхэдгүй түрүүлсэн юм. Тэгээд нэгээр ухраагаад аман хүзүүнд барьсан. Зээрд азаргыг хүргэн Галаагаас авсан юм. Бас нэг шүдлэн, хээр морь гээд суманд айрагдаж байсан юмнууд бас бий. Миний морьдоос хамгийн онцгой амжилт үзүүлсэн нь аймагт аман хүзүүдсэн халтар морь. 
-Аавдаа тоогдсон тэр наадмын аман хүзүү халтар морь хаанахын адуу билээ? Өөр хаана яаж давхисан бэ?
-Эндхийн адуу. Үрчгэр гэдэг хүний адууны угшилтай. Би тэр хүнээс нас гүйцсэн морь авч байсан юм. Надад ирэхээсээ өмнө уягдаагүй. Тэгээд би аваад л давхисан даа.
Аймагт нэг айрагдсаных нь дараа ээжийн талын нэг дүүдээ зараад, тэрэнд очоод аймагт ахиж нэг айрагдсан. Тэгээд зүүн тийшээ зарагдаад явсан. Тэнд очоод Баянхонгорын Харцага халтар нэртэй хавийн наадмыг л туучиж байсан гэсэн. Даанч жоохон харамсалтай явдал болсон. Түрүүлээд байхаар нь шөрмөсийг нь огтолчихсон гэнэ лээ.
-Ямар муухай хэрэг вэ?
-Тийм. Надад нэг л ахдаад байдаг байсан юм байлгүй.
-Аймгаасаа гарч уралдаж байв уу? Аль эсвэл ажил алба гээд ойр зуур наадаж байв уу?
-Хол яваагүй ээ, аймаг дотроо л наадсан. Нэгдлийн жолооч байсан болохоор явах боломж олддоггүй.
-Таны аавын уяаны арга барил нь ямархуу байв?
-Одоо л морь уях гэдэг мэргэжлийн тал руугаа орж, их сүртэй болж дээ. Манай аав бол ерөөсөө гэрээсээ уячихдаг. Гаднах ганц шонгоосоо дүүжлээд хаячихна. Одооныхтой адил гортиг татаад, мордуулаад л сүйд болохгүй. Бараг тэгж уяж байхдаа л морио сайн харж ажиглаж, ямар ажил хийх вэ гэдгээ тооцоолдог байсан байх. Сүүлдээ олон жил уягдсан морьд нь бараг өөрийгөө сойдог болчихсон байх гэж би боддог юм. Үсэргээн дээр бол өөрийгөө зовоолгүйхэн шиг гурваар дөрвөөр ирнэ, хүн мал олонтой наадам болоход тасархай түрүүлнэ. Надаар заалгахгүй болчихсон морь байсан юм даа гэж аав маань ярьдаг байсан. Мэдээж уяа сойлгыг эзэн хүн тааруулалгүй л яахав. Гэхдээ л олон жил уягдсан морь нэг ийм хэмжээний иднэ гэдгээ мэддэг, хоолоо тааруулдаг болчихдог юм билээ.
-Та бол хоёр дахь үеийн уяач. Гурав дахь үеийн уяач бэлтгэгдэж байгаа байлгүй?
- Би зургаан хүүхэдтэй. Нэг банди морь сонирхоод л байх юм. Энд тэндээс адуу авчраад л гүйгээд байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг үүрд мөнх ивээж явах болтугай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна