Аймгийн Алдарт уяач Д.Адъяа: Шагдарын хонгор азарганы хоолыг би тааруулсан юм шүү дээ

Сэтгүүлч
2021 оны 5-р сарын 16 -нд

Сэтгүүлийн нүүр хуудаст захирагдаж, арын ярилцлагандаа яараагүйсэн бол хуучлаад л баймаар тийм нэг хүнтэй Онгон сумын дугаарыг бэлтгэж яваад уулзлаа. Шар бүрд хоёрдугаар багийн уугуул, өдгөө Баруун-Урт сумнаа амьдарч буй Онгон сумын ахмад уяач, хурдан морины зүтгэлтэн энэ эрхмийг Дондовын Адъяа гэдэг. 1939 оны 11 сард Говийн цагаан хошуу хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр хичээл зүтгэлээ үнэлүүлж Хөдөлмөрийн Хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулжээ. 

-Тантай уулзахад Онгон сумын адууны талаар нэлээд баримжаатай болно хэмээн зөвлөсөн юм. Тиймээс нэлээд өндөр хүлээлттэй байгаа.
-Аа, тэгж байна уу. Би хэзээний л моринд дуртай хүн. 1974 онд аймагтаа ирж барилгын трестийн даргаар ажиллаж байхдаа ч морь уяж л байсан. 1976 онд аймгийн баруун дор хүнээс авсан их нас, хязаалан, даага гурван насны морьдоо уяад, сунгалтанд гурвууланг нь түрүүлгэж ч байлаа. Дур сонирхолдоо хөтлөгдөөд аймгийн морины комисст орж хэсэг ажилласан. 1983-1985 оны хооронд Намын дээд сургуульд дахин суралцаж төгсөөд аймгийн гүйцэтгэх захиргааны Үйлдвэр барилга эрхэлсэн орлогч даргаар томилогдсон юм. Тэр үед Гомбожав манай аймгийн даргаар ажиллаж байв. Уул нь би хотод ажиллах санаатай байтал, Гомбожав гуйсаар байж авчирчихаад өөрөө Төв аймаг руу шилжээд явчихдаг юм. 1986 онд юм уу даа. Төв аймагт очоод “Монгол адуу” нийгэмлэг гэдгийг байгуулсан юм билээ. Тэгээд би аймгийн төв дээрх уяачдыг цуглуулж салбар нийгэмлэгийг нь байгуулсан юм. Манай салбар нийгэмлэг тэр үед их сайн ажиллаж байсан. Би аймгийн гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажиллаж байсан тул намын баярыг тохиолдуулан морь уралдуулдаг болгох санаачилга гаргаад, түүнийгээ эвтэйхэн хэрэгжүүлж чадсан юм.
-Эвтэйхэн гэдэг нь дэмжихгүй хэсэг байсан гэсэн үг биз. 

-Тэр үед манай аймгийн намын хорооны дарга Чимэддагва гэж хүн байлаа. Морь хар уралдуулах дургүй, өөрөө ч сонирхдоггүй. Тийм учраас намын баяр тэмдэглэе гэхээр тэр хүн татгалзаж чадахгүй гэж тооцоод “Гуравдугаар сарын нэгэнд намын баяр, жанжин Сүхбаатарынхаа мэндэлсэн өдөр хоёрыг хавсаргаад морь уралдуулж байя” гэж хэлж зөвшөөрүүлж байсан юм. Тэгээд хамгийн эхлээд Тарианы наана уралдсан, манай нийгэмлэгийн цагаан морь түрүүлдэг юм. Тэр цагаан адуу бол Асгатын Рэнцэндорж гэдэг хүний Ширээтийн цагаан адууны угшилтай. Есөн айраг, түрүү авсан өндөр цагаан морио уяж ирж түрүүлгээд нийгэмлэгтээ хандивлаж байлаа. Хоёр дахь уралдаан Асгатын наана, гурав дахь нь уулын наана болсон. Энэ мэтчилэн олон удаа зохион байгуулагдсаан. 1992 онд шиг санаж байна, манай уралдааныг Пунцагбалжир тэргүүтэй Даваахүү, Буяндэлгэр нарын уяачид сурвалжлагч Цагаандалай нар дээрээ сэнстэй онгоцоор ирж үзэж байлаа. Нөгөө хэд нь онгоцоороо буцаж нисээд, Цагаандалай бид хоёр нисэхийн талбайд үлдсэн юм. Тэгээд Цагаандалайгаас яагаад үлдсэнийг нь асуусан. “Миний ээж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хүн. Аав Дэлгэрэхийн хүн. Би одоо эндээсээ Дэлгэрэх явах гэж байгаа юм” гэж байсан. 
Түүний дараахан хүнсний комбинатын жолооч байсан Буйрынд хоёр, гурван удаа очиж соёолонд түрүүлдэг хар бор үрээг нь 350 мянгахан төгрөгөөр аваад явсан байна лээ.
-Хэн тэр вэ?
-Пунцагбалжир. Энэ мэтчилэн тэр үеийн томчууд манай уралдааныг их ирж үздэг боллоо. Би уяачдаа ялгарах тэмдэгтэй болгоё гээд аймгийнхаа хоёр мөнгөний дарханыг уралдуулсан юм. Даваа гэдэг мөнгөний дархан “Сүхбаатар аймгийн гэдгийг нааш нь товойлгож чадахгүй, цааш нь ухаж хийнэ” гэж. Морь нь бас энэ цагаантай адилгүй болж. Харин Гомбосүрэнгийн хүү нь “Би чадна. Үүнийг чинь яг ингэж товойлгоно” гээд үүнийг хийсэн хүн. Одоо Дорнодод байна уу даа. Тэгээд Сүхбаатар аймгийн Алдарт уяач гэдэг эмблем гарч ирсэн түүхтэй. 


-Аймгийн Алдар уяачийн малгайн тэмдэг дэх морь бол нөгөө цагаан адуу байх нь ээ. 

-Тийм. Онгоны адууны тухай яриач гээд байхад энэ бүхнийг оршил болгоод байгаагийн шалтгаан нь 1992 оныг хүртэл манай сумын уяачид аймагт ирж уралддаггүй байсан юм. Газар хол, талдаа 170 гаруй км явдаг учраас амаргүй л дээ. Тиймээс бид 1992 онд аймгийнхаа 50 жилийн ойг тохиолдуулаад сумдынхаа уяачдыг “ирж уралдаач” хэмээн урьсан юм. Тэр жил манай Онгоноос нэлээд хэдэн уяач ирж, Чулуунбаатарын халиун азарга гуравлаж, Шаарийбуугийн хээр азарга тавлаад, Чулуунбаатарын шаргал соёолон түрүүлж, Сүхбаатар эмчийн зээрд соёолон тавлаад ... 
Ингээд Онгоны уяачид аймагт ирж уралддаг болж, Онгоны хурдан морь гэдгийг таниулсан юм даа. 
-Таныг Дүйдэнгийн харын удам угшлын талаар хамгийн сайн мэднэ гэсэн. Танайхны уяачид их хар азарга нь манай Онгоны адуу, манай нутагт тэнцсэн унага гэх юм билээ. 
-За, би наадахыг чинь ярьж өгье гэж бодож байсан юм. Манай Онгоны сайн уяачдын нэг Шаргай Ядамжав гэж хүн байлаа. Хоёрдугаар багийн хүн л дээ. Одоо хүүхдүүд нь энд бий. Тэр хүний ногоон азарга хурдан байлаа. Сүүлдээ гарч давхиад хүүхдэдээ дийлдэхгүй болохоор эзэн нь намайг гуйж унуулж байсан юм. Би тэгэхэд моринд томдоод хасагчдихсан, 13 настай биерхүү хүүхэд байсан. Тэгээд би ногоон азаргыг наймаар давхиулж байлаа. Дүйдэнгийн хар гэдэг чинь энэ ногоон азарганы төл байх магадлалтай. Эсвэл халцгай Сэрдамбын хүрэн азарганы төл байх. Би яг нарийн сайн мэдэхгүй. Улс ч сайн ялгадаггүй юм. 
-Зүс болоод зан аашийг нь бодвол Ядамжавын харын төл байх магадлалтай юм. 

-Хуучны Хонгор сумын “халцгай” Сэрдамба гэж хурдан хүрэн азаргатай, их тоглодог хүн байж. Манайхны Шар бүрдээр нутагладаг Лэрвүү Дашдэндэв тэр хүнтэй наймаа хийгээд хоёр унагатай гүү авчээ. Хоёр жилийн дараа Сэрдамба гуай гүүнийхээ өртгийг авах гээд очсон, Дашдэндэв нь анх хэлж байснаасаа унжиж. Нэг эр хонины л асуудал гарсан гэдэг юм. Тэгсэн Сэрдамба гуай уурлаад хоёр гүүгээ авчихаж. Тэр үед Лэрвүү Дашдэндэв нөгөө миний ярьдаг Шаргай Ядамжав гуайн хөгшин хар азаргыг авчихсан, хоёр гүү нь түүнд хураалгаастай байсан юм билээ. Ингээд Сэрдамба гуай хоёр гүүгээ хөтөлж яваад Дарьгангын “япон” Дүгжиртэй таараад наймаа хийсэн үү, тоглоомын мөрийнд өгсөн үү. Гүүнүүдээ өгчихөж. 
Дүгжир гэдэг нь эхнэр хүүхэдгүй, алиа хошин зантай дажгүй сайн эр байсан юм. Дүгжир өнөө хоёр гүүг өөрийн дүү Дашдэндэвтээ өгөхгүй юу. 
Үүнийг хэн яриад байна вэ гэхээр Улаанбаатар хотод автын байцаагчаар ажиллаж байсан Дашдэндэвийн хүргэн Нямбуугийн Бавгар. Тэр хүн надад ярихдаа: “Дүйдэнгийн хар төл чинь Шаргайн ногоон азарганы төл” гэсэн. Гэтэл аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч байсан, моринд дуртай Буяндалай болохоор “Манай Сэрдамба ах хурдан хүрэн азаргатай байсан. Түүний төл” гэдэг юм. Одоо энэ ярианы аль нь зөв болохыг баталж нотолж, нэг тийш нь хагалж өгөх хүн алга. Тиймээс би өөрт чинь хоёуланг нь хэлж байна. За, тэгээд Дашдэндэв гэдэг хүний хар үрээг хүү нь уяад Дарьгангад аман хүзүүдүүлж. Тэгсэн Дүйдэн гэдэг наймаа их хийдэг панзчин хүн харчихаад, “Авъя” гэж. Дашдэндэв морь хар уядаггүй, наймаа ч хийдэггүй, томоотой хүн л дээ. Би мэдэх юм. Тэгээд зарчихсан юм гэнэ лээ. Тэгж хар азарга Дарьганга руу гараад Дүйдэнгийн хар гэдэг хурдан адуу болсон. 
-Шаргайн ногооны удам угшлын талаар дуулж байв уу? 
-Тэрийг ёстой мэдэхгүй юм. Ямар ч байсан манай нутгийн адуу. 
-Ямартаа ч Дүйдэнгийн хар гэдэг дүүхэлзсэн азарга Онгонд тэнцсэн овоо хурдан хүлэг юм. Танай нутгийн адууг нэлээд сүлсэн байна лээ шүү. 
-Их сайн тарсан адуу. Дарьгангад ч тэр. Манайд бас Чулууны халзан гэж аварга азарга байлаа. Тэр талаар дуулсан уу? 
-Аварга халзан гэдэг мөн үү? 
-Мөн, мөн. Анх уясан түүх нь бас их сонин. Халзан азаргыг эмнэг үрээ анх сургаж байтал усны ажлаар явж байсан баруун аймгийн нэг хүн “Хурдан морио уначихаад, унаарынхаа морийг уячихсан байна” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд л анх уясан. Олон жил түрүүлсээн. Ойр зэргэлдээ сумынхан ч андахгүй. Нэг жил халзан азарга Дарьгангад очиж уралдаж. Тэгсэн Дүйдэнгийн харын төл хэний билээ хар азарга гарч зугтаагаад, ар дээр нь нөгөө халзан азарга дараастай. Онгоны намын үүрийн дарга Далайбаяр Чулуунбаатарыг машиндаа суулгаад дагаж явсан. Хүүхэд амыг нь ангайтал татаж явахаар нь “Хүү минь ээ, үүнийг ингэж татуулаад яах нь вэ, явуулчихаач” гэсэн эзэн нь “Хүүхэд, азарга хоёр мэдэх байлгүй дээ. Хүүхэд нь олон жил унаж түрүүлгэсэн юм” гэж. Тэгж байтал Дарьгангын сум нэгдлийн дарга Бөхөө гэдэг хүн өөрийнхөө азаргыг “амыг нь тат” гэж хэлэх гээд дэргэдүүр нь давхитал халзан азарга үргээд цаашаа гараад явчихаж. Өнөө хүн сандрахдаа тойруулж хөөгөөд 10 хэдэн азарганы дараа оруулсан байгаа юм. Тэгээд бариан дээр нөгөө хар азаргаа гүйцэж түрүүлсэн юм гэнэ лээ. Тэгээд Дарьгангынхан “Онгоны халзан үнэхээр дийлдэшгүй хурдан юм байна” гэдгийг ойлгож зөвшөөрсөн гэдэг юм. 
-Аргагүй аварга адуу байжээ. Онгон суманд тэнцсэн онцгой хурдан өөр ямар хүлгүүд байсан бол. 

-Оодон сүүлтэй хурдан хар морьтой Луузангийн Рагчаа гэж хүн байлаа. Бид нэг дорын улс. Хар морины сүүлийг багад нь малд идүүлчихсэн юм уу, өөрсдөө тайрчихсан юм уу, оодон сүүлтэй адуу байсан. Сүүл нь гүйцээд ирэхийн үед эзэн нь уяад Онгондоо 4-5 түрүүлгэчихсэн юм. Чухам ямар адууны угшилтай юм, сайн мэдэхгүй. За тэр, Чулууны халиун азарга бол яах вэ. Аймагт дөрөвлөсөн, овоонд дөрөвлөсөн. Овоонд чинь Сүхбаатар аймгийн бүх хурд цуглаж байгаа шүү дээ. Тэгэхэд Намжилдоржийн хонгор гэж Онгонд олон түрүүлсэн морь түрүүлж байлаа. 
Чи Онгоноор явж байхдаа 3000-ын улаан гэдгийн талаар дуулаа биз дээ.
-Очирбат гуайн уу? Дуулсаан.
-Тэр улаан азарганы төл Хүрэлтогоогийн улаан гэж даага, шүдлэн, хязаалан, соёолондоо Онгонд түрүүлсэн хурдан адуу байлаа. Хавчиг өвөл нь Онгон, Наран, Дарьганга гурван сумын заагт уралдаан болдог юм. Улаан азарга хурдан байна аа. Уралдахынх нь урьд орой Баянгийн заставын тэнд айхтар том өргөн гуунуудтай газар тарлаж. Тэгсэн өнөө улаан азарга чинь хүүхдээ аваад тэр гуунуудаар дамжиж нисээд арайхийж барьж авсан гэдэг. Хүрэлтогоо “Энэ ер нь галзуурч байгаа юм байна. Хүүхэд алах нь” гээд уралдуулалгүй тавьчихсан. Тэгсэн өнөөхийг чинь хэдэн гүүтэй хөөгөөд Өвөрмонгол гараад явчихаж. Гүүнүүд нь цувраад ирээд байдаг, азарга нь ирдэггүй. Тэгээд нэлээн хэдэн жилийн дараа өнөө азарга чинь ташаанд нь хувин өлгөчихмөөр болтлоо эцчихсэн юм хил дээр хүрээд ирж. Нутгийн нэг хүн харж таниад Хүрэлтогоод хэл дуулгасан, ирж үзээд “Мөн байна” гэж. Тэгтлээ танигдахгүй болтлоо турж эцсэн байж. 
Би Дарьгангад барилга барьж байсан юм. Онгонд ээж, аав дээрээ хоночихоод Дарьганга руу явж байхдаа Их булагийн зүүн энгэр дэх аавын хэдэн морийг хадгалж байдаг хүүхдийнд очлоо. Тэгсэн хашаанд нь өнөө улаан азаргатай адуу байна. Тэр дотор ам цагаан буган даага байна аа. Надад аятайхан харагдаад “Энэ хэний даага вэ, хүүхээ” гэсэн чинь нөгөө залуу “Миний юм аа” гэж байна. “Чи яагаад Хүрэлтогоогийн улаан азарганы төлийг авдаг билээ” гэсэн чинь “Ноднин эх гүүг нь идшинд хэрэглэх гэж нэг хөгшин аймгаас ирээд, тэгсэн энэ адуу нь олдохгүй “Яая даа” гэхээр нь би сайн азарганд байгаа юм гээд бүдүүн тарган морио өгөөд явуулчихсан юм аа” гэж байна. “Тэгвэл хоёулаа наймаа хийх үү” гэсэн “Тэг, тэг. Та авбал ав л даа” гэдэг юм. Тэгэхээр нь Онгонд 10-т хурдалсан сайхан соёолон морио өгөөд өнөөхийг эхтэй нь авчихлаа. Буган үрээ Онгонд гурав айрагдаж, нэг түрүүлэв үү дээ. Тэгээд Шар гэдэг дүүдээ өгчихсөн.


-Энэ мэтчилэн нутаг нугаасаа олон хурд авсан биз. 

-Манай хөгшний хамаатан Гүржав гэж модны үйлдвэрийн сахиулаар ажилладаг хурдан саарал азаргатай хүн байлаа. Аймгийн баяр наадмын цувааг харвал Гүржавын ногоон, Гүржавын саарал, Батсүхийн хонгор гээд бичигдсэн байгаа. Тэр Гүржав гэдэг хүн Далиугийн угшилтай хурдан саарал азаргатай. Зарим нь Далиу ногоон, зарим нь Ламтны ногоон гэж ярьдаг. Би Гүржав ахтай уулзаад “Ах аа, танд азарганы тань үлдэгдэл байна уу” гэсэн чинь “Ахад нь гурван морь бий” гэж байна. “Гурван мориноосоо зарах уу” гэсэн “Миний дүү үзээд дуртайгаа ав. Ах нь морь хар уяхаа байсан. Энэ баруун дор л нэг хүнд хадгалуулж байдаг юм” гэдэг юм. “Ямар үнэтэй өгөх юм” гэсэн чинь “Ээ, өвөл ахдаа сувай үнээ авчраад хаячихвал болоо шүү дээ. Би дүүдээ ер үнэрхэхгүй” гэхгүй юу. Тэгээд би аавтайгаа яваад нэг хонгор морь авдаг юм. Тэр нь сунгаанд түрүүллээ. Дараа нь Батсүх дүүгээс нь хязаалан азарга авсан. Урьд нь хүн аваад эмээлтэй нь алдаж догшруулчихаад дийлэхээ байгаад “Энийг чинь барахгүй юм байна” гээд буцаагаад өгчихсөн юм билээ. Намайг сонирхсон “Чи дийлэх юм бол ав л даа” гэж байна. Тэрийг нь авчихлаа. Тэр үед 1000 төгрөгийн цалинтай. Хөгшин ч бас овоо хэдэн төгрөгийн цалинтай. Бид хоёр хадгаламжинд хийдэггүй. Дараа нь хоёр дахь хувьчлал гэж болдог юм. Яг тэр жил, 1976 онд. Батсүх ахын мал овоо өсчихсөн. Хэдэн адуу, үхэр буцааж нийгэмчилнэ гэнэ ээ. Ахын адуун дотор хусран бор хонгор даага байна, авмаар санагдаад болдоггүй. “Ах аа, энэ хонгор даагыг авъя. Би танд бяруу, үрээ хоёр өгье” гэлээ. “Өө, тэг тэг. Нийгэмчилгээнд юугаа өгдөг юм, энэ даагыг ч өгдөг юм уу гэж байсан юм. Юун сайн юм”. Ингээд гурван адуутай болчихоод уялаа. Энүүхэн баруун дор сунгасан, гурвуулаа түрүүлж байна. Аймгийн наадам боллоо. Би аймгийн наадмын морины комиссын дарга. Өөрөө морио дагаад явчих арга байхгүй. Бариа зохион байгуулна, пайз барих хүн олно гээд ажил их. Манай ээжийн дүүтэй суусан нөхөр бас моринд дуртай. Тэр морь дагая гээд хөгшин тэр хоёр миний машинаар дагаад, би үлдчихлээ. 
Миний хоншоор юм биз дээ. Миний гурвыг сунгалтанд унаад түрүүлгэсэн хүүхдийн ээж яг наадмын урьд өдөр нас барчихдаг юм. Тэгээд өнөө хүүхдээр чинь унуулж болохгүй. Манайхны таньдаг жолоочийн хүүхдээр унуулсан. Тэдний морь бол амыг нь татаж амаар нь уралддаг. Миний морь бол жаахан албадуулж явдаг. Тэгээд их насны морио явуулчихаад амдаад хараад байлаа. Миний хурдан байсан хонгор морь тээр дороос 30 хэдэд, өнөө хүүхдэд “Сай гуяд” гэж хэлчихээд комиссын ажлаа хийх гээд түрүүлээд явчихсан. Тэгээд очиход миний морь 11-д орсон. Хязаалан үрээ маань бас 11-ээр давхиад, даага харин айргийн дөрөвт хурдалсан. 
-Хүүхдээс ихээхэн шалтгаалж байгаа юм шүү.

-Онгоны хурдан хүрэн азаргатай уралддаг ганцхан адуу чинь миний хонгор байлаа шүү дээ. Тэр жил Батсүх ахаас авдаг хонгор хязаалан. Тэр хоёр л үзнэ. Тэгээд хүрэн нь түрүүлдэг байсан. Нэлээн хэд айрагдсаан. 
-Дааган хонгор нь хожмоо хэр хурдалсан бэ?

-Сүхбаатар сум руу хулгайд алдчихаад хэзээ хойно хавчиг азарга болсон хойно нь олж авахгүй юу. Тэгсэн гараа нь байгаа хэр нь цаашаа ахихаа байчихсан байсан. Яагаад гэсэн унаарт сайн азарга гээд тэр хавийн залуучууд эрэлд явахаараа барьж аваад уначихдаг байж. Тэгсээр байгаад амьсгаа суулгачихсан юм билээ. Түүний дараа бас нэг сайхан хурдан буян таарсаан. 
Уулбаяны “бүдүүн” Шагдар гэж мэднэ биз дээ. Улсад хонгор азарга гурваар оруулсан. Тэрүүгээр дамжуулж байгаад нэг сайн адуутай болсон. Тэр яасан гэхээр Уулбаяны зургаа түрүүлсэн хурдан хонгор азарганы төл хар даагыг “бүдүүн” Шагдар авсан юм билээ. Авах юу байх вэ. Баян Шаравдорж гуайн адууны ороо харагч гүүг Борын Дондогийн хөгшин хул азарганд тавиад гарсан төлийг Анзаад гээд хүү нь Шагдарын хүүд бэлгэнд өгөөд, тэр нь айрагдсан юм.
Чи дуулсан уу, үгүй юу. Уулбаяны баян Шаравдорж гэж хүн байсан юм. Сүхбаатар аймгийн тэргүүн баян хүн.Тэр хүн өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй, Анзаад гэж хүүхдийг өргөж авч. Шаравдорж гуайг өнгөрмөгц нөгөө их хөрөнгийг Анзаад нөхөр үгүй хийсэн. Сүхбаатар аймагт малыг нь авах хүн олдохгүй болохоор Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд хүртэл өгсөн. Архи дарс уудаг, айл хэсээд л явдаг. Хүүхдийн үсний найранд ороод нэг адуу бэлэглэчихээд гардаг. Ямар сайндаа анх удаа гар чийдэн гарч байхад сувай гүүгээр авч байхав. Тэр байтугай малаа сайн өсгөлөө хэмээн аавд нь өгсөн таван хошуу малын зурагтай мөнгөөр хийсэн баримлыг эвдээд аяга хийлгэчихэж байхав дээ. 
-Яасан голгүй хүн бэ?
-Тэр шагналыг дагаж ирсэн агар зандан хувин эгчид нь байсныг аваад Өндөрхааны сангийн аж ахуйн 20 жилийн ойд будаа хийгээд бэлэглэчихсэн байсан.
-Мөн холиодог эр ээ...
-Үгүй ээ, бүр холиохоор барах уу даа. Миний яриад байгаа “бүдүүн” Шагдарын ээж баян Шаравдоржийн охин юм. Бид хоёр их найзална аа. Яагаад гэхээр би барилга трестийн даргаар ажиллаж байхад манайх Уулбаяны нэгдэлтэй шифийн холбоотой. Нэгдлийн адуу мал хөөвөрлөхөд шифдээ их тусална аа. Шагдар нэгдлийн адуучин, олон адуутай. Ингэж явсаар байгаад танилцаж, дотно нөхөрлөхгүй юу. 
Тэр үед би гайгүй сайн улаан морьтой. Аймаг орчимд авчирч, улсаар хариулгаж байгаад уралдаан болоход тавьдаг байсан юм. Нэг жил би Шагдарт “Энийг өнөө өвөл уралдуулаадахаач” гээд өгчихсөн. Өнөөх ч хурдан байгаа дуулдаад л... Тэгээд хүүхдийг нь хүргэхээр очтол Анзаад гэдэг өвгөн байна аа. Би урьд нь хараагүй. “Чи моринд их дуртай хүүхэд байна. Би чамд нэг адуу өгнө өө, Аваарай” гэж байх юм. “Би авна аа. Та эргэж Шагдараар дамжуулж хэл болоорой. Би очиж авъя” гэлээ. Дараа жилийнх нь таван сард юм уу даа, Шагдар над руу хэлүүлжээ. “Өнөө Анзаад чинь Борын Дондогийн азарганд байдаг харагч гүүгээ эр сарваатай аваад иржээ. Чи ирж үз ээ” гэж. Тэгэхээр нь би давхиад очихгүй юу. “Ямар өртөг өгөх юм бэ. Хэд гэж байна вэ” гэсэн “Наад муу чинь баян Шаравдоржийн хөрөнгийг дуусгачихаад эцсийнхээ ганцхан хайртай, Борын Дондогийн жинхэнэ хулд нь байгаа ороо хар гүүгээ чамд зарж хэдэн төгрөгтэй болж хот руу эмчилгээнд явах гэж байгаа юм. Чи 1700-гаар авчихаж чадах уу” гэж байна. “Авъя” гэлээ. Тэгээд 1700-гаар гэдсэндээ хээлтэй тэр харагч гүүг сарваатай нь авахгүй юу. Тэгээд надад хар азарга гарч овоо хурдалсан. Төлүүд нь ч хурдалсан. Хамгийн гол нь харагч гүүний гэдэснээс охин юм гарсан. Тэр охиныг Хүрэлтогоогийн улаан азарганы төл, хүнээс дааганд нь авч Онгонд нэг түрүүлж, гурав айрагдуулсан хонгортоо тавиад саарагч гүү гаргаж авсан. Тэр гүүгээ Донойн Шарын хар азарганы угшилтай хээр азарганд хураалгаад эр саарал унагатай болж, таван сумын ойд түрүүлж, айрагдсан. 
-Адууны угшил гэж айхтар эд шүү. Аль сумдын ой вэ?
-Матадын 90 жилд аман хүзүү, Эрдэнэцагааны 90 жилд түрүү, Замын-Үүдийн ойд айргийн гурав, Халхголын ойд аман хүзүү, Онгоны 90 жилийн ойд айргийн гуравт тус тус хурдалж, аймгийн Шилдэг хүлэг болсон. 


Бас нэг хурдан адууныхаа талаар яриагүй юм байна. Би аймгийн “Монгол адуу” салбар нийгэмлэгийн дарга болчихоод хүмүүсийг уриалж хандив их цуглуулсны зэрэгцээ барилга контороос акталсан 53-ыг яамтай ярьж байгаад нийгэмлэгтээ авсан. Тэгээд нийгэмлэг машинаар яах вэ, нэг л хурдан сайн азаргатай болъё гээд өнөөхөө засаж янзлаад, 120 мянгаар жолоочдоо зарчихлаа. Тэгээд Алтан овоонд айрагдсан Батын Лхамсүрэнгийн хар азарганы угшилтай хээр хязаалан, хээр азаргатай айлыг зориод нийгэмлэгийнхээ нарийн бичгийн дарга Мангал, нягтлан Гөлгөө нартай Асгатад очсон хойноо нутгийн юм гээд Лхамсүрэнг аваад дөрвүүлээ болоод очлоо. Азарганы эзэн залуугийн хадам аав нь Шагдар гэж Алтан овооны тахилгад хүрэн азаргаа түрүүлгэсэн сайн тууварчин юм байж. Хээр азаргыг нь авах гэсэн өнөө Шагдар чинь үнэрхээд өгүүлдэггүй дээ. Харин хязааланг нь авбал ав гэж байна. “Хэдээр өгөх үү” гэсэн чинь “70 мянгаас буухгүй” гээд байна. Тэр үед 70 мянга чинь их мөнгө. Тэгээд яахав, авлаа даа. Тэгж хээр соёолон азарга авчраад аймагт нэг түрүүлгэж, 10 хэдэн удаа айрагдуулсан. Голдуу айргийн гурваар давхидаг юм. 
Асгатын хэдэн жилийн ойгоор ч юм бэ дээ. Уулбаяны хоёр Шагдар хурдан азаргануудтайгаа ирж. “Бүдүүн” Шагдар хонгортойгоо, Цагааны Шагдар тожинтойгоо. Манайхаас Гөлгөө өнөө хээрийгээ аваад очиж. Азарга эргэсэн, манай хээр Уулбаяны хоёрыг хөтөлж гараад гурвуулаа үзсээр байгаад үзүүр дээрээ Асгатын Даарийн Аюушийн улаан азарга түрүүлж, дөнгөж хошуу нь гарсан юм гэнэ лээ. Тэгсэн Асгатын өвгөчүүл “Нийгэмлэг хээр минь нутагтаа ирж ганц тус боллоо. Тэгээгүй бол Уулбаяны хоёр азарганд шувтруулчих шахлаа шүү” гэж байсан гэдэг. Манай хээрийг зарим нь Нийгэмлэг хээр, зарим нь Гөлгөөгийн хээр л гэдэг юм. Энэ мэтчилэн манай нийгэмлэгт Сүхбаатарын аль сайн гэсэн угшлын адууны нэлээд нь цугларсан шүү. 1990-ээд оны дундуур “Монгол адуу” нийгэмлэг, уяачдын холбоо хоёр нийлээд, уяачдын холбооны удирдах зөвлөл гэж байгуулагдсан юм. Тэгэхэд би удирдах зөвлөлийн даргаар нь сонгогдоод уяачдаа уриалж, Өвгөн ноёны наадам болон “Их хурд” руу явж наадаж байлаа. 
Нээрэн нэг түүх ярья байз. Дээр зурагт үзэж байсан, Буд их мэдэмхийрч ярилцлага өгч байна аа. “Морь сайн уядаг хүүхнүүд байдаг юм. Хаанахын ч гэнэ үү, Хорлоодой, манай Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Шагдарын эхнэр. Шагдарын хонгор азаргыг “Их хурд”-д гуравлахад эхнэр нь уяж, хоолыг нь өгсөн гэдэг” гээд хээв нэг сайхан залж байгаа юм. 
-Тийм явдал болоогүй юм уу?
-Үгүй. Шагдар чинь золигийн эр, архидчихна. Сүүлийн гурван өдөр архидаад, маргааш азарга уралдана гэж байхын урд өдөр бөөлжөөд, “үхлээ” гэж бахираад хэвтээд байдаг. Уулбаяныхаа гайгүй уяачидтай явсан юм. Өнөөдүүлдээ “Та нар миний азаргыг уяж хоно” гэсэн “Үгүй, хүний хурдан азаргыг болохгүй” гээд авсангүй. Тэгсэн надад “Чи авч хононо шүү, энэ азаргыг. Яахаа өөрөө мэд” гэж байна. Тэгэхээр нь би чинь бас муу санаатай, аймгийн намын үүрийн даргын 69-ийг жолоочтой нь нь аваад, Шагдарын эхнэрийг “За, чи намайг ямар хоол өгч, яаж байгааг хар сүүлд нь “Чи ямар хоол өгөв, яасан ийсэн гэвэл гэрч болно шүү” гээд дэргэдээ суулгачихлаа. Тэгээд хөтөлж идүүлсээр өөрийнхөө хэр чадлын хэрээр хоолыг нь тааруулаад, үүрийн дөрвөн цаг дөхөж байхад эхнэрийг нь 69-өөр буцаагаад “Шагдарыг аваад ир. Ирж азаргаа хар гэж хэл” гээд явуулчихлаа. Тэгсэн өнөөдөх чинь “Харахгүй ээ, чи өөрөө мэд” гэж хэлүүлээд ирсэнгүй. Авч явсан 40-ийн бидондоо ус хийж аваад очсон харчихаад “Ай, миний найз болжээ” гээд миний мөр лүү алгадаж байна. Тэгээд хонгор азарга нь гуравласан. Тэгсэн хөөрхий, хөөрөөд “Миний хонгор азарга гурван төлтэй. Нэг нь чинийх шүү” гээд л бахираад байсан (инээв). Хөөрхий, тэрийгээ өгсөөн. Хурдан хонгор морь болсон. 
-Их сургууль төгссөн, дарга даамал хийж явсан хүн ингээд морийг нүдэнд харагдтал ярих сайхан байна шүү. Ер нь танайхан морь малтай хэр ойр улс вэ?
-Манай аав насаараа адуу хариулсан. Хонь хариулж үзээгүй хүн. Дээр үеэсээ ах дүү нарынхаа адууг хариулаад явдаг, өөрийнхөө хэдэн хонийг ах дүү нартаа өгчихдөг. Онгон, Асгат, Халзан, Уулбаяныхан андахгүй дээ. Онгоны төвийн урд Сайрын уулын тахилга гэж болоход аавын уясан хар даага, хадам хөгшнийх нь уясан их морь түрүүлж, аав өөрөө барилдаад түрүүлчихэж. Тэрнээс хойш нутгийнхан нь “Сайрын энгэрт түрүүлсэн сарьсан хамарт Дондов” гэдэг болсон гэнэ лээ (инээв).
Манай Онгоны зүүн урд руу Сүж гэж нуур байсан. Одоо ширгэчихээд байгаа юм. Тэнд 1957, 1958 оны үед “Намч” нэгдэл гэж байгуулагдаад Дагдан Генерал даргаар ажиллаж, манай аав анхны адуучин нь болж байлаа. Тэгээд дүүгээ 10 хэд хүрэхэд би хонь хариулах, хонь холбох зэрэг ажлаас чөлөөлөгдөж, дан адуунд давхидаг, жинхэнэ эр болсноо мэдэрч байлаа шүү дээ (инээв) Зуныхаа амралтаар дан адуунд давхина. Тэгээд сургуульд явахгүй, адуу хариулдаг юм уу гэж байсан чинь ээжийн дүү Ухнай гэж эдийн засагч хүн “Миний дүү тэгж болдоггүй юм. Сурлага сайтай хүн яв, очиж сургуульд ор” гээд, тэгээд би явсан юм. Сонин л доо, анхан Хөдөө аж ахуйн дээд сургуульд хуваарилагдаж оччихоод календарийг нь хараад зогсож байсан нэг өвгөшөөрхөн багш “Хөөе, чи нааш ир” гэж байна. “Чи юун хүүхэд вэ” гэхээр нь “Би энд сургуульд орох гэж ирсэн юм аа” гэтэл 2-3 өдөр тэнд хүүхдүүдтэй хамт ногоо зулгаалгалаа. Ёстой дургүй хүрч байна гэж жигтэйхэн. “Энэ сургуулиас л больё” гэж бодож байтал манай найз Ленинградад барилгын инженерийн дээд сургуульд явах гэж байгаа гэнэ. “Хөөе, би гадаад явмаар байна. Дэмий сургуульд орчихож” гэсэн чинь “Нэг явах ёстой хүн ирээгүй байна гэж байсан даа. Хоёулаа очих уу” гээд өглөө нь боловсон хүчинтэй нь уулзлаа шүү. “Би гадаад руу сургуульд явмаар байна аа” гэлээ. “Чи ямар сурсан юм” гэхээр нь сурлагаа хэллээ. Би ангийн дарга, бас сайн сурдаг байсан гэж. “За, тэгвэл хувийн хэргээ Хөдөө аж ахуйн дээд сургуулиас аваад ир” гээд бичиг хийгээд өглөө. Хичээлийн эрхлэгчид аваачаад өгсөн, өөдөөс загнаж байна. “Арын хаалгатай хүний тоглоомын сургууль биш” гээд л загнаж, загнаж нэрэн дээгүүр улаан харандаагаар зурчихаад, хувийн хэргийг минь өглөө дөө. Тэгээд Хөдөө аж ахуйн яаман дээр очоод, сургуульд явах гээд байж байтал нэг хүүхэд “Чи ямар ангид орох гэж байгаа юм” гэнэ. Би ч тэр үед гадаад явж байвал сургууль хамаагүй гэж бодож байлаа. Иркутскт ан агнуурын сургууль гэж байна. Бодлоо, төгсөж ирээд юу хийх юм бол доо. Тэгтэл нөгөө хүүхэд чинь “Би барилга инженерийн дээд сургуульд явах юм. Хоёулаа хуваариа солих уу” гэж байна. “Юун сайн юм, тэгье” гээд хоёулаа боловсон хүчин дээр шууд ороод, солиулчихлаа. Тэгээд нөгөө найзтайгаа Ленинград руу барилгын инженерийн дээд сургуульд явсан даа. Хүний хувь заяа гэж сонин шүү. 
-Гэсэн ч та хүүхэд насны дур сонирхлоосоо урваж хөрвөөгүй л байна шүү дээ. Танаас өөр морь уядаг хүн бий юу?
-Миний дүү нар бүгдээрээ малчин, мөн моринд дуртай хүмүүс бий. Энхээ, Шар гээд бас л Онгонд морь хар уяж байсан.Одоо хүүхдүүд нь залгаад уяж байна. 
-Танай өөрийн хүүхдүүд уях уу?
-Манайх хоёр хүү, нэг хүүхэнтэй. Бага нь моринд сонирхолтой. Их нь ч сонирхох нь сонирхоно, гэхдээ түүнтэйгээ адил уяхгүй юм. Охин Америкт консулаар ажилладаг. 
-Бидний урилгыг хүлээн авч дэлгэр сайхан ярилцсанд баярлалаа. Дараа Сүхбаатарын сумдаар ээлжлээд ирэх юм. Тэгэхээрээ үндсэн сэтгүүлдээ гоё ярилцлага авна аа.

-За тэгээрэй.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна