Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарвал алсдаа хурдан хэмээдэг

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 14 -нд

Эцэг дээдсийн буян хишиг болж илгээгдсэн хурдан халиун мориныхоо ачаар олноо танигдсан Нүдэн гуравдугаар багийн уяач Сунайндагвын Ганболд 1958 оны хавар Хөөвөр хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон эрийн гурван наадмын хоёроор нь наадагч тэрээр сум орон нутгийнхаа анхны Алдарт уяач бөгөөд сумын Заан цолтой. 

Түүний хөдөлмөр зүтгэлийн үнэлэмж болсон Онц тээвэрчин, Тээвэрчний алдар, Уяачийн алдар одон болон Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд энгэрт нь гялалзах аж. 

-Та бол энэ нутгийн нэрт уяачийн хүү. Бага нас тань хурдан хүлгийн нуруун дээр өнгөрсөн байх. Аавынхаа ямар хурдан хүлгүүдийг унаж байсан бэ?
-Би айлын хоёр дахь хүүхэд. Аавынхаа уясан морийг олон жил унасаан. Моринд томдож хасагдаад аавдаа тусалдаг болж, 1984 оноос хойш буюу бурхан болсноос нь хойш бие даан морь уяж байна. Энэ сумын данжаад азаргануудын нэг Аварга халзан гэж байсан юм. Тэрний төл хүрэн халзан гүүг аав аваад өөрийнхөө хонгор азарганд хураалгаж хүрэн халзан морьтой болж байлаа. Тэр нь 1983 онд Дарьганга, Онгон нийлж наадам хийхэд соёолондоо түрүүлсэн. Тэгээд аав минь бурхан болж, халзан морь ахад нь ирсэн ч би бараагүй юм. 
-1985 онд халиун шүдлэн дөрвөөр давхиулж байж. Энэ таны халиун азарга уу?
-Тийм. Түрүүний халиун азарга. Халиун азарганы эцэг нь Чагнаадоржийн шаргал. Эх нь манай өөрийн хээрэгч гүү. Даагандаа уралдаагүй, шүдлэн анх уягдаж дөрөвт ороод, 1989 онд сумандаа түрүүлж, 1990 онд Алтан овооны тахилгад айргийн тавд давхисан. Тэр жил сумын наадамд халиун азарганы төлийн төл хонгор соёолон түрүүлж байлаа. 
-Эцэг нь халиун азарганы тань төл юм уу?
-Тийм. Эх нь хойноос гарч ирээд хөлгүй болчихдог Магсаржавын хар азарганы төл хонгор гүү байсан. 
-1994 онд их насны хээр морь айргийн дөрөвт хурдлуулжээ. Энэ ямар удамтай адуу вэ?
-Эцэг талаараа Дүйдэнгийн харын угшилтай. Хөдөлмөрийн баатар Гомбо гэж хүн Дүйдэн гуайгаас хар азарганых нь төлийг авч азарга тавьсан. Аав маань амьд сэрүүндээ нөгөө азарганд нь хээрэгч гүүнийхээ удмаас тавиад хээр морь гарахгүй юу. Тэгээд суманд нэг айрагдсан. 
-Хээр морь айрагддаг жил халиун шүдлэн түрүүлсэн байна. Алдарт халиун морь тань мөн үү?
-Тэр чинь миний халиун морь. Эхийг нь би 1-р бригадын Галсантүвдэн гэдэг хүнээс авсан юм. Тэр гүү Боргилын ухаа азарганы төл. Мөн л Дүйдэн адуу. Суманд шүдлэн түрүүлээд, хязаалан аман хүзүүдсэн. 1996 онд соёолон морь аймаг руу авч яваад Эрдэнэмандал хийдийн ой болон аймгийн наадамд түрүүлгэсэн. 1997 онд хавчигт нь өнжөөгөөд, 1998 онд сумандаа дахиад түрүүлгэсэн. 1999 онд Алтан овооны тахилгатай жил хөлийг нь болиогоод уралдуулж чадаагүй. Дараа жил нь сумандаа дахин түрүүлээд, 2001 онд гурваар давхисан. Тэгээд л ер нь уралдаагүй дээ. 
-Ойрын таван сумынхан Ганболдын халиун гэхээр анддаггүй гэх юм билээ. 
-Зартай байлгүй яах вэ. Би халиун морио Дарьганга, Наран, Баяндэлгэрт түрүүлгэж байсан. Нийт 15 медальтай морь шүү дээ.
-Жил бүрийн уяа харилцан адилгүй шүү дээ. Хэдэн онд илүүтэй хурдан байсан бэ?

-1998 онд их хол түрүүлсэн. Би нэг муу 69-тэй, түүгээрээ дагах гэтэл газар дээрээ шахуу хаягдсан (инээв). Халиун морь бараг км гаруй тасарч түрүүлсэн. Хамгийн хол түрүүлсэн нь тэр байх. Миний халиун морь соёолон хүртлээ гараад л тархилчихдаг. Тэгээд тэр чигээрээ барианд ордог байсан юм. Соёолонгоосоо хойш дундуур юм уу, хойгуур гараад нэхэж уралддаг болсон. “Морины гараа саарвал алсдаа хурдан” гэсэн үг бий. Тиймээс би халиун морио улам чангарч байна гэж ойлгосон.
1996 онд соёолондоо аймагт очиж хоёр түрүүлсэн гэж түрүүн хэлсэн шүү дээ. Тэгэхэд мөн хачин сайн тавьсан. Халиун соёолон барианд орчихоод байхад колонкийн урдуур дараагийн морь нь гарч ирээгүй байсан шүү дээ. Мадаггүй тавьсан байна лээ. Аймаг гэдэг чинь том дов шүү дээ. 
-Сумандаа хурдан байгаа адууг аймагт нэг уралдуулчих юмсан гэсэн хүсэл уяач болгонд бий. 

-Тэгэлгүй яахав. Миний аав “Аймагт уралдмаар байна” гэдэг байсан ч амжаагүй. 1996 оны өвөл баруун урд нэг уралдаан болсон юм. Тэнд би азарга, соёолон хоёроо хоёуланг нь түрүүлгэчихээд сууж байхдаа “Морьд маань зөв онгойж. Энэ жил аавынхаа хүслийг гүйцээе” хэмээн шийдээд морин тэрэгтэй аймгийн наадмыг зорьж, азаргаа айргийн таваар, халиун морио түрүүлгэсэн. Аймгийн наадмын дараа Эрдэнэмандал хийдийн таван жилийн ой гээд олон газрын уяачид цугларсан бүсийн чанартай уралдаан болоход халиун морь овоо зайтай түрүүлсэн. 


-Халиун морио зураглаач. Ямар хийцтэй морь тийм хурдан байдаг юм бэ?
-Нэг их булай том биш жижигхээн морь шүү дээ. Толгой сайхан. Гэм хайсан хүнд нүд муутай. Жартгар гархилсан нүдтэй адуу байсан юм. Өвөл, зунгүй өгсөж уруудаж уралдахдаа нэг удаа тэжээл идэж үзээгүй. Хөөрхий тэрэндээ ч юм уу нэг их наслаагүй ээ. 13-тай өнгөрчихсөн юм.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг. Аль ч газрын наадамд очсон халиун морины тань сургаар таныг эчнээ танина биз. 
- Өө тэгэлгүй яах вэ. Халиун морины Ганболд гэвэл Наран, Дарьганга, Баяндэлгэрт андахгүй. Морь гэдэг чинь тийм сайхан амьтан байхгүй юу. Одоо ч гэсэн моринд дуртай хүүхдүүд халиун морины Ганболд гэхээр бүчээд авна (инээв). Халиун морьтойгоо байхдаа би гэдэг хүн баавартай эр байсан юм биз дээ. Тэр үед түрүүлсэн морины байнд даага өгдөг байлаа. Би олон адуу авсаан. Өөрөө барилдаад чиг л авч байлаа.
-Яггүй эр байх нь. 
-Ноцолддоггүй монгол эр хүн гэж хаа байхав. Ах нь сумын заан цолтой. 1982 онд сумандаа түрүүлээд, 1983 онд Дарьганга Онгон нийлж наадам хийхэд аймгийн Арслангуудтай барилдаж дахиад түрүүлсэн. Гурав дахь нь нэлээд хэдэн жилийн дараа сумандаа түрүүлж билээ. 
-Байнд ирсэн адуу хурдалсан тухай цөөн бус удаа дуулж байлаа. Та шагналынхаа үрээнүүдийг уяж байв уу?
-Уяагүй ээ. Тэр үед морь уях чинь одоотой адил нэр хүндтэй байсангүй. Аргагүй дуртайдаа л морь уядаг байлаа шүү дээ. Морины бай шагнал ч гэж сүртэй юм байсангүй. Миний аав гэхэд насаараа морь уячихаад ганц медаль авч үзээгүй хүн. Медаль гэж өгдөггүй байсан. Аавыг бурхан болсны дараа 1985 онд би Дарьгангын наадмаас анхны медалиа авч байлаа.
-Хурдан халиуны ах дүүс хэр хурдалсан бэ?
-Эхийг нь би Гантулга дүүдээ өгчихсөн юм. Сувайрахаар нь уналганд хэрэглэж байгаад эндүүлчихсэн байна лээ. 
-Халиун морь түрүүлэхэд аймагт айрагддаг азарга тань өөрийн унага уу?
-Өвөл Халзанд уралдаж байгаад Нацагдорж гэдэг хүнээс есөн настай азарга авсан юм. Уг гарал нь Сүхбаатар сумын адуу гэнэ лээ. Сүүлд сураг сонсохнээ зурагчин Төмөр гэдгийн адуу гэж дуулдсан. 
-2000-гаад оны эхэн үед хоёр хээр адуугаар наадаж. Эднийхээ удам, угшлыг танилцуулаач.
-Дүйдэнгийн хар, Хүүхэн Шүүлэнгийн хээрийн угсаатай. Их, бага хоёр хээр морь байсан. Нэг хээр нь шүдлэндээ айрагдаад дахин айрагдаагүй. Харин бага нь 2000 онд хязаалан гуравлаад, соёолон аман хүзүүдэж, нас нийлээд нэг зургаалсан.
-2002 онд их насны хар морь айрагдуулж байж. Энэ ямар удамтай адуу вэ?
-Тэр Асгат адуу. Би Алтан овооны анхны наадамд хүрэн азаргаа түрүүлгэсэн Шагдаржав гэж улсын аварга адуучнаас соёолон морь авч байсан юм.
-Танд ирэхээсээ өмнө уягдсан юм болов уу?
-Даагандаа дөрвөөр нэг давхисан гэсэн. Би авсан жилээ есөд оруулаад, дараа жил нь айрагдуулсан. Тэгээд хулгайд алдчихаад олоогүй юм. 
-Энэ сумын анхны Алдарт уяачдын нэг болж байсан гэсэн. Хэд дэх дугаарын үнэмлэх танд хадгалагддаг вэ? 
-Би анхных нь. Шар гуай бид хоёр зэрэг Алдарт уяачид болж байлаа. 
-Морь хурдан байх он жилүүдэд аархах сэтгэл төрдөг үү?
-Үгүй шүү. Харин ч эсрэгээрээ ах нь улам л номхон болоод байдаг юм. Аав минь амьд сэрүүндээ “Хүн морь уяж сурна гэж байхгүй. Даруу томоотой бай” гэж сургадаг байсан. Аавын тэр сургаал санаанаас гардаггүй. 


-Таны нэгэн адил амжилт үзүүлэхийг хүсч буй залуу уяач нарт санаа өгөх үүднээс сургамжит наадмын дурсамжаасаа хуваалцаач. 
-Ах нь хоёр хүүтэй. Нэг нь хотод ажилладаг. Нөгөө нь энд мал маллаж, морь уядаг. Тэр хүүгийн маань соёолон өнгөрсөн жил суманд түрүүлээд, аймгийн наадамд аваад явлаа. Урд шөнийнх нь хоолыг би тааруулах санаатай “Аав нь аваад хоночихъё” гэсэн хүүхдүүд “Дэмий та ядарна” гээд зөвшөөрөөгүй. Өглөө нь хөтлөөд ирсэн хоолны алдаа хийчихэж ”Өнөөдөр морь чинь айрагдахгүй ээ. Хоолны гэм хийчихэж” гэсэн. Тархинд явж байгаад 13-д ирнэ лээ. Түүнд би их харамссан. Аавыгаа хонуулчихсан бол ганц шөнийн хоолыг өгчихнө шүү дээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл залуус уяа өөрчлөгдсөн гэлтгүй ахмад настнуудынхаа үгийг дуулж, зөвлөгөөг нь сонсож байх хэрэгтэй. Ер нь морь уях гэдэг туршлага хуримтлуулах гэсэн үг юм шүү дээ. 
-Туршлага ч аргагүй хэрэгтэй шүү. 
-Манай аав морины гэдсийг тэмтэрч хоол тааруулдаг хүн байсан. Би аавыг тэмтэрмэгц араас нь залгаад тэмтэрч үздэг.Тэгсээр гартаа баримжаатай болсон юм. Тэгж тааруулахгүй бол цагт найдаж, төдөн цагийн хоолтой хэмээн тооцох нь буруу юм. Хүн уяж буй адуугаа голох биш, өөрийгөө голж байх хэрэгтэй. Эзэн сайн бол морь давхина. Эзэн муу бол морь сайн байсан ч нэмэргүй. Ах нь ингэж боддог хүн.
-Санаж явах үг байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж буй эрхэм таны ажил үйлсэд амжилт хүсье ээ.
-Баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас... 2020 он


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.188

    Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.

    Reply