Унаач хүүхдүүдийг хаанаас олох вэ?

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 31 -нд

Монголчууд бид ХХ зууны дунд үе хүртэл цэвэр нүүдлийн амьдрал, ахуйтай байж, түүний дээд давхрага нь болсон  нүүдлийн соёл иргэншлийн өөрийн гэсэн өвөрмөц соёлтой байлаа. XYI зуунаас Манжийн эрхэнд орж, тодорхой вассаль эрхтэй байсан нь өөрийнхөө ахуйдаа тохирсон өвөрмөц соёолоо хөгжүүлэхэд нь саад болсонгүй. Бурханы шашин нь Монголын уламжлалт ахуйн зан заншил,соёл ойлголтуудыг эвдэхийг хүссэнгүй, тэгээд хамгийн сайн нутагшиж чадснаар нүүдлийн соёлыг улам баяжуулав. Өөрөөр гадаад харилцаа бараг байсангүй Харин 1911 оноос эхлэн гадаад ертөнцтэй бие даасан харилцааг хөгжүүлэх оролдлого хийж эхлэнгүүт л бид дэлхийн соёл иргэншилд ихээхэн ойлгомжгүй, хэт хоцрогдсон мэтээр ойлгогдох болжээ. Энэхүү хандлага нь нийгмийн ухамсарт тусгалаа олж, өнөөг хүртэл бидний мөрөн дээр дарамт болсоор байна. Нөгөө талаас хэдэн зуунаар дэлхий ертөнцөөс тасархай байж, ихээхэн хуужимсаг нийгмийн тогтолцоотой байсан тул түүнийг эвдэж, дэлхий нийтийн хөгжлийн түүхэн хандлагатай ямар нэг байдлаар хөл зэрэгцэн алхахад заавал гадны үзэл суртал, нөлөөг хүчээр хийх шаадлагатай тулгардаг. 1921 оноос эхэлж хийсэн бөгөөд энэхүү хувьсгалт өөрчлөлтүүдийн сайн, муу талын авч үзэхгүй. Аливаа хувьсгал  нь нийгмийнхээ сууриас эхлээд нийгмийн бүх л давхрагыг, цаашилбал эдийн засгийн бүтэцийг эрс өөрчилсөн бол бахархал, харамсал, хэлмэгдүүлэлт, сургамж авах, үгүйсгэх гээд маш олон асуудлыг төрүүлдэг. Тэгэхлээр энэ бол түүхэн сургамжийн асуудал болохоос гадна түүхийн ухааны судалгааны томоохон обьект нь болдог.  XX зууны дунд үеэс эхлээд цэвэр мал аж ахуйн орноос аж үйлдвэр- хөдөө аж ахуйн орон болох нийгмийн томоохон зорилтыг тавьж, энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд социализмын үед ихээхэн чармайсан. Бараг л аж үйлдэр-хөдөө аж ахуйн орон болчихлоо гэж зарлахад хүрч байтал 1990 онд ардчилсан хувьсгал гарч, дэлхий дахинд нээлтэй болсон чинь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагаас бас ихээхэн хоцрогдсон болохоо ахиад л нэг өдөр мэдэв. Гэтэл  чухам тэр үеэс  л эхэлж дэлхий дахины даяарчлалын эрин хамт зочилж, бидний сонирхолыг үл тоомсорлон нэг л шөнө өвөрт минь ороод ирсэн. Энэ бүхэнд нүүдлийн соёл иргэншил бэлэн байгаагүйгээс гадна чухам яаж цаашид хөгжихийг бодож тунгаах ч зав  өгсөнгүй. Иймд түүх, соёолоо муулах, түүхэн замналаа харааж зүхэх, олон улсын стандарт хандлагуудыг аль болох түргэн нэвтрүүлэх, Монгол орноо харин хүмүүст хамгийн муу, муухайгаар ойлгуулах, өөрсдөө харь гүрнээс ирсэн мэтээр жүжиглэх, бусдаас ичих нүүргүйгээр гуйж гувших хандлага ноёрхож эхэлсэн дээ. Харин ардчилсан хувьсгалаас хойш 20 жил болоход аж-үйлдэр хөдөө аж ахуйн орон болох бус, цэвэр уул уурхайн орон гэв гэнэтхэн болчилоо. Энэ бүгдэд өөрийн гэсэн логик байх нь мэдээж. Гэхдээ Монгол улс шиг нэг зууны дотор хэд хэдэн нийгмийн формацийг маш богино цаг хугацаанд дамжсан орон байхгүй. Үүнийгээ дагаад нийгмийн ухамсар,үнэ цэнт зүйлс, ойлголтууд нь ч савалгаатайгаар эрс өөрчлөгдсөөр байна. Энэ нь сайн уу, муу юу гэдгийн авч үзэхэд эрт байна. Хамгийн гол нь нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс хоромхон зуур алга болж байгааг л бид биеэрээ мэдэрч байна. Дэлхийн нийтийн хандлагаас хэт хоцорвол  эрт, орой хэзээ нэгэн цагт их үнээр төлөгддөг. Тэгэхлээр буруугүй ч юм шиг. Гэхдээ түүхэн бодит үнэн гэж хараат бус зүйл бас байна аа. Энэ бол дэлхийн нүүүдэлчдийн хүчэрхэг гүрнүүдийн төрүүлсэн Монголын өндөрлөг нь эрс тэс уур амьсгалтай, газрын хөрсний үржил шимт давхрага нь маш ядмаг, түүнийг хэн ч тогтоож барьж болдоггүй догшин эрэмггий салхи хоромхон зуур эвдэж сүүтгэдэг байгалийн тогтолцоо нь биднээс хараат бус. Чухам иймд энэ өндөрлөгт бий болсон ард түмэн нь байгаль-экологийнхоо тогтолцоонд хамгийн сайн дасан зохицож чадсанаас гадна байгаль-экологи, биосферийнхээ салшгүй  бүрэлдэхүүн хэсэг, дээд бүрхүүл нь болж чадсанаар  үнэхээр хүчтэй гүрнүүдийн байгуулж байжээ гэж Л.Н.Гумилев гуай үзжээ. Энэ бол аливаа нэгэн угсаатныг бусдаас өөр байлгадаг байгаль-биологийн хуулийн тусгал нь болдог. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн үүсч хөгжиж, хөдөлмөрийн багаж хэрэгслийг эзэмшснээс хойш  дандаа  л байгаль эхээ өөрийнхөө эрхшээд оруулахыг эрмэлзэж байсан бол Монголын өндөрлөгийн нүүдэлчид  олон зуун жил байгаль-экологийнхоо нэг бүрэлдэхүүн болж болж байсан нь ховорхон тохиолдол. Чухам энэ хандлага нь байгаль эхээ унаган төрхөөр нь хадгалан үлдээж, үүнтэйгээ уялдаад маш консерватив нийгмийн тогтолцоог хөгжүүлж, бидний гарт өгчээ. Харин хойч үе нь яг эсэргээр нь хөгжүүлж эхэллээ. Уул уурхайг эзэмших ёсгүй гэж байгаа юм биш, харин түүнийг хамгийн сүүлийн үеийн техник технологоороо эзэмшихээс гадна байгаль-экологийн тогтолцоо нь маш эмзэг тул ямарч  улсад байхгүй хатуу хяналтан доор байх ёстой гэсэн л санамж л даа. За энэ ч яахав. Болдог зүйл болдогоороо болж, харамсал, бахарлын аль нэгийг авчирах байх. Харин уламжлалт нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт зүйл буюу монголчуудын мянган жилийн соёл, цаашилбал  нүүдэлчдийн 7-8 жилийн соёлын өв салхинд хийсээд алга болж байгаа нь уул уурхыйн баялгас дутахааргүй нөхөж барашгүй хохирол амсаад байна. Энэ талаар дэлгэрэнгүй бичвэл нижгээд ном зохиол болох нь тодорхой. Харин энэ удаад хөндөн тавьсан асуудлынхаа хүрээнд хурдан морины хүүхдийн талаар хэдхэн санаа оноог тусгахаар шийдлээ.
      Өнөөдөр монгол хамгийн ховор бараа бол хурдан морины хүүхэд болсон. Үүнд ниймгийн хөгжил, нийгмийн ухамсар, хэвлэл мэдээлэл анархист хандлага, уламжлалаа уландаа гишгэж ирсэн зуун жилийн түүх, уяач бидний хариуцлага ч ихээхэн нөлөөтэй. Би мал нийгэмчилж байх үед төрсөн. Өөрөөр хэлбэл мал хувийн өмчид байхыг мэдэхгүй . Гэхдээ тухайн үед нүүдлийн соёл иргэншил бараг хөндөгдөөгүй байсан тул тэрхүү соёлоор хүмүүжсэн.  4 настайдаа морь унаж сурж, хурдан морь унаж, эмнэг сургаж, айраг ууж, дуу хуураар нь өлгийдүүлж, бахархаж өссөн дөө. Өнөөгийнх шиг чөлөөт хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл бараг байгаагүй тул аав, өвгөд хөгшчүүдийг бурхан шиг хүндэтгэж, тэдний ярьж хэлж  байсан зүйлийг хүндэтгэлтэйгээр соносож, дагаж мөрдөж ирсэн дээ. Гэхдээ ганцхан зүйлээр эхлэл төгсөлгүй ярьдаг өрнөдөг. Энэ бол зөвхөн хурдан морь тухай болно. Иймээс бидний үе бол үнэхээр цэвэр нүүдлийн соёл дотор бойжсон  хамгийн сүүл үе нь мөн. Энэ нь миний хувьд хамгийн том бахархал болох үлдлээ. Гадаад сургууль төгсөж, хэд хэдэн орноор явж, ухаан суух тусам нүүдлийнхээ соёлоор бахархах хандлага л улам нэмэгдэж байсан даа. Манай аавын үе тэнгийнх бол социализм байгуулж байгаагаа буруутгадаггүй, харин ч дэмждэг байсан боловч нүүдлийнхээ соёлын өвийг хэт уландаа гишгэж байгаад  үнэхээр харамсдаг. Үүнийг гаднаас хүчээр тулган хүлээлгэж байна гэж дургүйцдэг байсан. Энэ нь ор үндэслэлгүй зүйл биш байв. Харин 1990 оноос бид гадна хүч нөлөөлөөр бус, харин өөрсдөө дотроосоо бусдыг соёл иргэншлийн үнэт зүйлсийн шүүрэн авч, уламжлалт соёлоо устгах ажлыг гүйцэтгэж эхэллээ. Энэ бол даанч харамсалтай. Нөгөө талаас нийгмийнхээ хуулийн дагуу сөрөг хүчин үүсч “Соёл уламжлалаа хадаглах хандлага” ч гарч ирж байна. Харамсалтай нь олон нийтийг хамарч чадахгүй, эрч хүч сулхантай байгаа нь ирээдүйд нөлөөлж чадахгүй нь тодорхой байна. Үүний нэг тод жишээ нь хурдан морины уралдаан хөгжөөд ирэхээр хүүхдээр морь унуулахгүй гэсэн нийгмийн уур амьсгал  хүчээ авах болсон явдал юм.
    Намайг хүүхэд байхад хүн болгон морь уядаггүй байсан ч  айл болгон олон хүүхэдтэй. Хурдан морины хүүхдийг шинжиж, сонгодог. Сурлагаар  онц, сайн сурдаг, сэргэлэн цовоо хүүхэд л унана шүү дээ. Ялангуяа биеэр хүнд, том толгойтой, хүлээн авалт удаантай хүүхдээр хэн ч морио унуулдаггүй. Тэгэхлээр хурдан морь унадаг хүүхэд бол өнөөгийн телевизийн одуудаас дутахааргүй хүндэтгэлтэй байв. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд хэн ч бай, морь унахыг хүснэ. Эмэгтэй хүүхдүүд их адтай унана. Ингэж  морь унасан охидуудтай яриа хөөрөө ч их дохирно. Тэгээд ч аавынхаа хамгийн хайртай охидууд нь болдог. Иймэрхүү хандлага 1990 оны хүртэл ямар нэгэн байдлаар үргэлжилсэн. Гэхдээ манай эмэгтэй хүүхдүүд 1970 оноос эхэлж хэлмэгдсэн. Монголчууд мах, гурилаас өөр зүйлээр бараг хоололдоггүй байсан бөгөөд байнгын цагаан идээ хэрэглэхээ больчихсон чинь хүүхдүүд архидтай болж, тэр нь том болоход нь хөлний майг байдлаар илэрдэг байсныг “Морь унасан хүүхдийн хөл майг болдог” гэсэн “шувуухайг” хэвлэлээр нисгэж, олонд суртачилж  эхэлснээс хойш сум, тосгонд амьдардаг хүмүүс охидуудаа хурдан морь унуулахыг бараг больсон. Энэ бол хамгийн алдаатай, хуурамч ч суртачилгаа байснаас гадна бусад орны байдлыг буруугаар тусган авсан  ойлголт  байсан ч нийгэмд зохих үүргээ сайн гүйцэтгэж, өнөөг хүртэл амь бөхтөй байна.
    Ер нь нийгэмд тогтсон аливаа ойлголт, хандлагыг таягдан хаяхад хамгийн амархан, харин түүний төлөвшүүлэхэд хэд дахин хүч чармайлт, цаг хугацаа хэрэгтэй  байдаг нь түүхэн үйл явдлаар  батлагдчихсан. Гэтэл 1990 оны ардчилсан хувьсгалтай мөр зэрэгцэн олон улсын хүний эрхийн төлөө байгууллагууд нь борооны дараа ургасан мөөг шиг гараад ирэв ээ. Эмэгтэйчүүдийн хамгаалах, хүүхдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах, жендерийн төлөө гээд нэрлэж барагдашгүй олон байгууллага орж  ирэн монголчуудын толгойг угааж эхлэв. Бид сүүлийн 4-5 зуун жил толгойгоо угаалгаж байгаа. Монгол хүн мах их иддэг болоод тэр үү, толгойн хир нь сайн угаагдаж өгдөггүй онцлоготой. Энэ нь нөгөө л бэлчээрийн мал аж ахуй, цэвэр нүүдлийн ахуйтай холбоотой.Тэгээд ч  Монголын өндөрлөгт тоос шороо салхи гурав элбэг болохоор тэр байх. Харин сүүлийн үед орчин үеийн олон төрлийн үйлчилгээтэй шампун олноор орж ирж, хүмүүс өргөн хэрэглэх болсноор толгойн хаг нэмгэрч эхэлж байна. Энэ нь сайн уу, муу юуу гэдгийн мэдэхгүй юм даа. Эдгээр олон улсын байгууллагыгн үндсэн зорилго, үүргийг бүр мөсөн үгүйсгэж байгаа юм биш. Шаардлагатай болоод үүсч, олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх. Харин аливаа шинэ үзэл суртал нь  тухайн ард түмнийхээ соёл уламжлалыг хүндэтгэж, түүний нэгээхэн бүрэлдэхүн болж  байж үр дүнгээ өгдөг. Гэтэл бид бод шал өөр. Бүгдийн хувьсгалын үсрэнгүй байдлаар өөрчлөхийг хүснэ. Монголын хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд “Зуун ямаанд жаран ухна”-ны үлгэрээр бий болж, хэвлэл мэдээллээр суртачилгаа явуулж эхлэв. Өнчин өрөөсөөн, эх эцэгтээ хаягдсан, сургуулиас завсардсан, тараншей хүүхэд, бэлгийн замын өвчин,үр хөвөрөл хөндөх гээд  олон хурц асуудал  одоо хуртэл  байгаа ч, тэд хурдан морины хүүхдийг шүүрэн авч “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр мөн” гэдэг санааг дэвшүүлж өөрсдийгөө их дөвийлгөж эхлэв. Үүнийг Монголын хүүхдийн төлөө байгууллага цаагуураа их дэмжиж, их л далбигнасаар байна. Энэ бүгдийн өмнө уяачид бид буулт хийж өгснөөр  одоо эцэг эх нь хүүхдээ морь унуулахыг хэн ч хүсэхээ болив. Нийгмийн хүрээнд хүүхэд хурдан морь унахаар үсэрч ойчоод үхээд байдаг юм шиг уур амьгалыг бий болгож чадав. Харин эдгээр байгууллагын ажилчид нь эцэг, эх, ах дүү, эмээ өвөө нараас нь илүү бидний хүүхдүүдэд хайртай болж, эцэг, эхийн хийгээд уламжлалт хүүхдийн хүмүүжлийг үгүйсгэж, бүх асуудлыг тэд мэддэг болж хувирсан. Гэтэл өөрсдийнхөө хүүхдээ бусдаас илүү хүмүүжүүлсэн нь ер харагдахгүй байгаа бөгөөд харин ч сайн судлаад үзвэл “хүнд гарууд” байдаг бололтой.Дэлхийн хүүхдийн төлөө төрийн бус байгууллага нь 1960 оноос үүсэлтэй бөгөөд баруун европыг орнуудад их хүчээ авч, татварын мөнгийн угаах ажилд их мэргэшсэн байгууллага болчихсон. Харин зарим нэгэн хараат бус судлаачдын үзэж байгаагаар энэхүү байгууллага байгуулагдснаас хойш хүүхдийн хүмүүжилд эерэг өөрчлөлт гарсан гэхээс илүүтэй сөрөг нөлөө их бий болж, орчин үед гарц нь харагдахаа больсон гэсэн дүгнэлтттэй байдаг юм билээ. Харин монголчуудын хувьд харийн нь бол чавганц байсан хамаагүй,дандаа зөв байдаг шүү дээ.
   Нөгөө талаас улс, орон даяар урд өмнө байгаагүй олон тооны морь уралдах болсон. Манай орны онцлого бол уралдааны нэгдмэл стандарт замгүй, тэгээд ч аливаа спорт бол гэмтэл согогыг том, бага гэхгүйгээр дагуулж явдаг. Энэ үүднээсээ бол хурдан морины хүүхэд мориноосоо унах, зарим үед бэртэх бол уяач бидний хариуцлагагүй гэхээс илүүтэй уг спортын мөн чанартай холбоотой. Гэхдээ уяачид,хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа хүмүүс ч зохих хариуцлагыг хүлээх ёстой. Үүнийг аль аль талаас зөв ойлголж, хамтын үйл ажиллагаагаар засах хэрэгтэй. Хаяа хүүхэд эндсэн тал гарсан. Энэ бол хариуцлагагүй асуудал.Түүний шалтгааны сайн судалж, цаашид гаргахгүй байх бүх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэтэл хүүхэд гэмтэхээр хэвлэл мэдээллээр урьд нь ер байгаагүй үзэгдэл шиг сэтгүүлчид шуугина. Нөгөө хүүхдийн байгууллагын төлөөлөгчид телевизийн од болж хувирна. Хурдан морио унуулж байгаа уяачид бол хамгийн бүдүүлэг, зөвхөн өөрийнхөө бүдүүлэг эрх ашиг,зугаа цэнгэлийнхээ төлөө хүүхдийн амь насыг хайралдаггүй гээд чальчаж эхлэнэ. Гэтэл машин осол авари, эмч хүний харуицлагагүй байдал, эх эцгийн харалган хандлага, гэр бүлийн хүчэрхийлэл, гэнэтийн аюултай байдал, санамсаргүй тохиолдол зэргээс  хүүхэд амиа насаа алдах нь хэдэн арав дахин их байгаа шүү дээ. Үүний нэгэн адилаар онгоцны ослоос  жилд цөөн биш хүн амь үрэгдэж байдагч, машины ослоор хэдэн зуу дахин үрэгддэгийн дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Тэгэхлээр хэвлэл мэдээллийг ашиглаж, өөрийнхөө хувийн явцуу эрх сонирхолыг дээш тавьсан этгээдийн эсрэг хамтын хүчин чармайлт их үгүүлэгдэж байна.Үүнд Уяачдын холбоо чухал үүрэгтэй.
    Нөгөө талаас нийгмийнхээ хандлагыг дагаад моринд дуртай, хурдан морь уядаг төвийн  хүмүүс ч өөрсдийнхөө хүүхдээр морь унуулах нь битгий хэл, ажил хийгээд ирсэн морийг уяа тойруулж хөтлүүлэхээ болив. Орчин үед ядмаг буурай айлын сургууль завсардсан хүүхэд л морь унаж байна гэхэд хэлсдэхгүй. Гэвч тэд маань дандаа малын хажууд байдаггүй болохоор морь унахдаа хүртэл сул.Цаашилбал нүүдлийн цэвэр ахуй алга болж байгаа тул үндэсний бахархал улиран одож эхэл  байгаа нь цаагуураа ихээхэн сөрөг нөлөөтэй байна. Хурдан морины  хүүхдиийг шилэн сонгодог байсан түүх улиран одлоо. Тэгэхлээр хурдан морины хүүхэд ховордсон байдлыг ганцхан хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагад бурууг нь өгөх нь  өрөөсгөл хандлага болж хувирч байна.
     Гэхдээ чухам яагаад хурдан морины хүүхдийн асуудлыг нүүдлийн соёлын хүрэээнд бид эмзэг хүлээн авч байгаа талаарх ойлготоо зөв тайлбарлах шаардлагатай.  Аливаа үндэстэний соёлын суурь гэж  гэж заавал байдаг бөгөөд тэр нь газар сайгүй л байдаг байгаль-экологийн тогтолцоо, түүний дээд давхрага болох хөрсний гадаргуу ихээхэн нөлөөтэй байж, угсаатанг бүрэлдэн тогтох, угсаатаны түүхийг бичилцдэг. Монголын өндөрлөг нь цэвэр нүүдэлчин ард түмнүүдийг төрүүлэхдээ сүр жавхлан нь адууны аж ахуй байсан билээ. Чухам иймд Монголын соёл өвөд адууны соёлын хүмүүжил бол хамгийн чухал нь. Ер нь бэлчээрийн мал аж ахуйн оргил  нь адууны аж ахуй бөгөөд түүний охь нь хурдан морины уралдаан байдаг. Хүүхэд хурдан морь унаж уралдах бол нэг хэрэг, харин хурдан морь унаснаас адуу, малыг унаж эдлэх, маллах, түүний тойрсон агуу соёлын тээгч хүмүүсээс суралцах, ёс суртахууны хүмүүжлээр хүмүүжих, морь уяж сойх агуу сургуулийн дамжааг дүүргэж, эцэстээ Энхрий хайрт Монгол орон, өтгөс дээдсийнхээ түүхэн замналаар бахархах хүмүүжлийг төгс олж авдаг. Ийм сурган хүмүүжил бол дэлхийн хаа ч байдаггүй. Энэ бол нүүдэлчдийн агуу акедеми нь болдог. Чухам иймд хурдан морины хүүхэд нүүдэлчдийн уламжлалт соёлын өвийг ирээдүйд тээж ч явах үндсэн элемент болоод байна. Нөгөө талаас Монгол улс яаж ч хөгжлөө гэсэн нүүдэлийн мал аж ахуй байж гэмээ өөрийн өвөрмөц соёлоо хадаглаж үлдэхээс гадна байгаль-экологийнхоо өвөрмөц тогтолцоог аль болох эвдэдгүйгээр олон зуун жилээр үр ашигтай байх ганцхан нөхцөл нь байдаг. Энэхүү өндөрлөгт аливаа өндөр ашиг шимтээ мал үр ашигтайгаар удаан оршин тогтнох  ямар боломжгүй нь түүхэн явцаар нотлогдсон. Чухам иймд хурдан морины хүүхдийг зөвхөн хайрлаад зогсохгүй, харин түүнийг төрийн бодлогоор дэмжиж, зориуды сурган хүмүүжлийн программаар бэлтгэх  ёстой.
   Хурдан морь сонирхогч, уяач хүмүүс ч гэсэн хурдан морины хүүхдийг бэлтгэхэд, өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх  шаардлагатай байна. Хүүхэд морь унаснаар гэмтэж бэртэж, бараг хүн амын өсөлтөнд сөрөг нөлөөтэй шахуу юм ярьж байгаа хүмүүсийн эсрэг уяач болгон нэгдмэл ойлголттой байх шаардлага урган гарч ирж байна. Би хурдан мориноос унаснаа сайн санадаггүй, харин адуу, мал хариулж явахдаа үлийнд  өдөрт 10-20 удаа унадаг байсан шүү. Заримдаа айхтар ойчдог ч хэзээ ч  шантарч байгаагүй. Харин зуугийн талын наслахдаа эрүүл  мэндээр тун гайгүй хүний тоонд ордог. Миний үе тэнгийнхэн орчин үеийн эрхүүлж өссөн хүүхдүүдийн эрүүл мэндийг бодвол үнэхээр эрүүл саруул өссөн шүү. Тэгэхлээр эрүүл мэнд бол хайр харламжаар ч бий болчихдоггүй нь ойлгомжтой. Цаг үеийнхээ шаардлагыг дагуу  хэвлэл мэдээллээр хурдан морины хүүхдийн бодол санаа, морь унах чадварыг магтан дуулсан нэвтэрүүлэг бэлтгэж суртачлах ажил үгүйлэгдэх болов. Цаашилбал олох улсын хүүхдийн байгууллагын хэт ухаантай, номлол айлтгагч нөхдүүдэд зөв ойлгуулах, хэрэв ойлгохгүй бол тэндэнд долгинодог хандалгыг төрийн түвшинд гаргадаггүй байх уур амьсгалын бүрдүүлмээр байна.
    Орчин үед аливаа спорт нь нийгмийн амьдралын томоохон бүрэлдэхүүн болоод зогсохгүй, олон  улсын улс төрийн бодлогын томоохон элемент болж хувирсан. Спортын аливаа төрөл  нь олон улсын түвшинд нэгэн жигд хөгжөөд ирэхэээр тухайн спортоор хүүхдүүдийг 4-5 наснаас эхэлж хичээллүүлэхгүй бол амжилт олохгүй болох нь тодорхой болжээ. Гимнастик, уран гулгалт, хоккей, бусад тулааны спортоор хар багаасаа хичээлэх нь хурдан морины хүүхдийн морь унахаас илүү л биеийн хүчний ачаалал, стрессийн даван туулах шаардлагатай тулгардаг. Бид ч гэсэн хурдан морио бага хүүхдээр унуулахдаа орчин үеийн хандлагыг  баримтлах  хэрэгтэй шүү дээ. Харин монголчууд үүнийг аль эртнээс хэрэгжүүлж  эхэлжээ. Тэгэхлээр хурдан морины хүүхдийн талаар адаглаад уячдын хүрээнд орчин үеийн зөв ойлголттой болж, үүн дээрээ тулгуурлан хурдан морны хүүхдийн талаар баримтлах төрийн бодлогын тодорхойлж, Монгол улсын ерөнхийлөгчийн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх юм бол нүүдэлчдийн соёлын  өвийг аль болох удаанаар хадгалах үндсэн элемент нь болж болох байна.
      Хурдан морины зүтгэлтэн хүмүүс ч гэсэн зөвхөн морио уралдуулж түрүүлгэх, өөрийгөө хэвлэл мэдээллээр сурталчилахаас өмнө хурдан морины хүүхдийн ирээдүйд дорвитой ажил хийхийг хичээдэг баймаар байна. Эцэст нь хурдан морины хүүхдийн ирээдүйн талаар, тодруулбал яаж бэлтгэхэв, хурдан морь унасан хүүхдийг цаашид яаж хөгжүүлэхэв, тэдний олж авсан мэдлэгийг яаж цаашид ашиглахав гээд л олон асуудлаар хэлэлцүүлэг хийж, нэгдмэл ойлголт, хатуу бодлоготой болохгүй бол монголын хурдан морь уралдах нөхцөл ойрын ирээдүйд устаж алга болох нь. Тэгэхлээр хурдан морины уралдааныг цаашид хөгжүүлэхээс өмнө хурдан морины хүүхдийг асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэж, орчин үеийн нийгмийн түмэргийлэлийг яаж зөөлөвчлөхөв гэдэг асуудалд ихээхэн анхаарч, хамтын хүч чармайлтыг гаргах хэрэгтэй. Эс авбаас хурдан моринд дуртай байх, хурдан адуу цуглуулах ,адууныхаа үржилийн ажлыг бодлоготой явуулах  чинь ямар ч үр дүнгүй болох нь ойлгомжтой болчихлоо.
    Г.Төмөрхадуур

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна