Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Ч.Бүргэдээ: Бор үрээ Сэлэнгийн бүсэд түрүүлсэн болохоор горьдож байлаа

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 05 -нд

-Төрийнхөө наадамд морь айрагдуулсан танд баяр хүргэе?  Энэ жил хаагуур хаагуур наадсан бэ?
-Баярлалаа. Морь уяж эхлээд долоо, найман жил болохдоо төрийнхөө наадамд алгасалгүй морьдоо мордуулж байсан ч анх удаа төрийн хишиг хүртлээ. Үнэхээр баяртай байна. Энэ жил бор үрээ улсын наадмаас нэг, Төвийн бүсийн даншгаас нэг айраг хүртлээ. Бусад нь гайгүй шүү, 10-20-ийн хооронд давхицгаалаа.
- Моринд орсноос хойш ямар ямар амжилт гаргаад байна вэ? Бор үрээгээ айрагдана гэхэд хэр итгэлтэй байв?
-2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилээр анх удаа төрийнхөө наадамд уясан морьдоо уралдуулж байлаа. Тэр үед гуч гаргаад л ирж байсан юм. Үүнээс гурван жилийн дараа буюу АХ-ын 88 жилийн ойн баяраар их насанд хээр морь зургаалсан нь “залуу” уяач миний хувьд урам нэмсэн хэрэг байлаа. Харин бор үрээ ноднин шүдлэндээ Өвөрхангайн Бүрдийн 80 жилд түрүүлж, он гараад хязааландаа Сэлэнгийн бүсэд түрүүлсэн  болохоор наадмаар юм дуулгана даа хэмээн битүүхэн горьдож л байлаа.
-Хэзээнээс эхлэн хурдан морь сонирхох болсон юм бэ. Ингэхэд та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би Өвөрхангайн Бүрдийн хүн. Барилгын инженер мэргэжилтэй. Одоо барилгын зураг төслийн “Зуун найм” ХХК-ийн захирал хийдэг. Харин морь уяад долоо найман жил болж байна. Аав маань уяач хүн байсан болохоор хүүхэд нас адууны захад өслөө шүү дээ.
Анх Төв аймгийн Өндөр ширээтийн  аймгийн Алдарт уяач Очирбат гэж хүнээс нэг хурдан үрээ авч азарга тавьж байлаа.
-Удам залгах уяач байх нь ээ?
-Тийм ээ. Ухаан орох цагаасаа л адууны дэргэд хүн боллоо. Аав маань морио уяна, би унана. Аав Бүрд сумандаа болон ойрын сумдаараа нааддаг байлаа. Айраг түрүү чамлахааргүй цуглуулсан байх шүү. Харин би моринд томдоод ирэхийн үеэс сургууль соёл гэсээр нэг хэсэг завсарласан. Социализмын үед одоо шиг морь мал гээд явна гэж байхгүй шүү дээ. Ингээд өнөө “хувьсгалын тохироо” гэгч нь бүрдэж 2005 оноос хойш морь уях болсон маань энэ.
-Ах дүү олуулаа юу. Тань шиг морины хорхойтнууд байх даа?
-Бид эцэг эхээс наймуулаа. Биднээс гурав нь одоо морь уяж байна. Би Пэрэнлээ дүүтэйгээ морьдоо уядаг юм. Дүүг маань морины хорхойтнууд Бор азаргаар нь андахгүй дээ. Бас нэг дүү маань Бүрд сумандаа морь уядаг. Пэрэнлээ дүү бид хоёрын морийг манай хамаатны Батдэлгэр уяач уядаг.  Батдэлгэр маань энэ жил улсын наадамдаа даага айрагдуулсан байгаа.
-Компанидаа яагаад “Зуун найм” нэрийг өгсөн юм бэ?
-Бэлгэдлийн юм даа. 108 суварга, 108 зул гээд л байдаг даа.
-Ах дүү хоёр адуу хэр цуглуулж байна вэ?
-Бид адууныхаа цусыг сайжруулах тал дээр их анхаардаг. Англи, Араб азарганууд байна. За бас барга гүүнүүд байна. Одоо тус бүр дөрөв таван азарга адуутай боллоо. 
-Ярилцсанд баярлалаа.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна