Хурдан морь уяж засах

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 06 -нд

Хурдан морины уяа заслын тухай Хардэл жанжин бэйс Пүрэвжавын "Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт" хэмээх судар нь өнөө үед ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд олдохуйяа бэрх эрдэнэсийн нэг болжээ. Тэрхүү сударт айлдсанаар: Морь уяхад өмнөө ойрхон уултай газар үл болох, баруунтаа ойрхон уул байх аваас хүлгийн хийн чанарт муу, хойноо хоолой газар уяваас дунд. Тал газар сайн авч хүлэг морь уйдах, эрхэм нь өмнөө устай, зүүн талдаа сайхан цэлгэр талтай, баруунтаа намхан аараг толгодтой, хойноо алс түшиг энгэртэй болоод газрын шороон өнгө нь шаравтар, баруун хойно этгээддээ ил нууртай бол газрын гэм үл болно хэмээжээ. Цааш нь алив гэрийн ойр ба үхэр тэмээний хэвтэр, бэлчээрт ойр болохгүй, хээр цэвэр өндөрлөг газар уявал хүлэг морьд таашаах ажээ хэмээн айлдсан байна.
Ажнап хурдан хүлгийг хээр уявал хээрийн сэргэлэн, зэрлэг амьтан мэт байх буй за. Хахир газар (хатуу чулуу хөрстэй газар) уяваас хөл нь сарвайх, зүлгэнд уявал чийг авах бөгөөд морин эрдэнийг уях нууцаас газрын хэлбэрийг өгүүлсэн анхны зүйл нь энэ буй за гэжээ.

Уяж засах хурдан морьдоо анх барих үндэсний ёс зүй

Наадамд уяж сойн, уралдуулах хурдан хүлэг морьдоо зуны дунд сарын шинийн хэдний бар юмуу нохой өдрийн аль нэгэнд барьж дараах ёс зүй, зан үйлийг гүйцэлдүүлдэг. Үүнд:
1. Билиг төгөлдөр энэ өдрийн ургахын улаан нарнаар адуугаа уяаныхаа баруун хойно зөөлөн хураана.
2. Эл цаг мөчид уяаныхаа зүүн дээд талд олбог ширдэг, хивсээ дэвсэж цай, идээ будаагаа зассан байхаас гадна арц, хүж бусад тансаг үнэртнээр уяагаа нар зөв гурвантаа эргэж ариусгах зан үйлийг хийх бөгөөд үүний зэрэгцээ идээ будааныхаа дээжийг эцэг тэнгэр, эх газар шороо тахин шүтдэг уул овоо, бурхан сахиусандаа өргөж Найман гэгээн, Дашзэвэг, Дашдондов болон хариулгын таван ном Банзрагч, Дамдингийн түй зэрэг уншлага уншуулж морины хийморийн сан тавьж шавдаг өргөх зан үйлийг ёсчлон гүйцэтгэвээс сайн болох тухай өвгөн ноён Пүрэвжав гуай айлджээ.
3. Морьдоо уяхдаа наран ургах зүг буюу зүүнээсээ азарга, дараа нь их морь, дунд морь, удаа нь бага морь, шүдлэн даага гэхчлэн нас дараалан уях болой. Үүний хамт азарга болон бусад азарган үрээ, морьдыг үл уйдуулахын тулд эхний хоёроос гурван өдөр байдсуудыг хамт уявал сайн буй.
4. Хурдан хүлгүүдийн уяаг тэмээний унгас, дээснээс бус зүйлээр сайтар үйлдэхийг сургаснаас гадна морьдоо анх барихдаа ихэд хөөж барих нь дунд, гараараа зөөлөн барихыг хичээгтүн гээд гэнэдүүлэн барихыг адаг муу хэмээн сургасан байдаг.
5. Уяаны шон модыг яргүй, шув шулуухан, залуу хус модоор хийх бөгөөд морьдоо барьж дуусаад уг морьд омогшин ардагшсан байх тул уяанд дасгахын тулд үд хүртэл ямарч уяа засал хийлгүй тайван амгалан байлгана. Харин үдээс эхэлж энэ жилийнхээ уяа заслын анхных болох уяагаа тойрч гишгүүлэх гишгүүлэлтээр эхэлнэ. Гишгүүлэлтийг зарим нутагт "баалгах" гэх нь ч бий. Энэ нь агуулгын хувьд дасгал сургуулилт гэсэн нэгэн утгат ойлголт ажээ.
6. Хурдан морио унаж уралдагч хүүхдүүд тарлалт, сунгалт, гишгүүлэлт бүрдээ ёс зүйт хувцас хэрэглэлээ өмсөх ёстой бөгөөд гишгүүлэлтийг нас насаар нь зөрүүлж гишгүүлэх учиртай. Тэгэхдээ түрүү морины баасан нойтон баасыг авахгүй тэр хэвээр үлдээнэ.  Жишээлбэл:  азаргаа эхэлж гишгүүлсэн бол дараагийн гишгүүлэлтээр их морио эсвэл дунд морио, үгүйвээс бага мориороо эхэл гэсэн үг юм.
7. Гишгүүлэх үйлдлийн бүхий л явцад уралдагч хүүхдүүд байнга гийнгоолох буюу марзайлж хурдан
морьдынхоо сэтгэлийг сэргээх байгалийн зөн билгийг ёсчлон үйлдэнэ. Ингэх нь монгол үндэсний
уламжлалын гүн агуулгатай ажээ.
8. Ер нь хурдан морьдын уяа заслын үед уяач шинжээч хэн гуай ч бай тайван амгалан ямагт зөн билигт үг хэлэлцэж ерөөл өргөж байх учиртай.
9. Тийнхүү гишгүүлэлтийг анхны өдөр үдэд, дараа нь их үдээс хойш, удаа нь нар жаргахын өмнө, төгсгөлд нь нар жаргасны дараа гэх мэт дөрвөн удаа хийх. Уяа засал жигдэрч морьд уяа орох бүрд гишгүүлэх технологийг өдөрт дөрвөөс таван удаа хийвэл зохино. 
10. Хурдан хүлгүүдээ барьсан ёслол төгөлдөр тэр өдрөөс эхэлж ажнай хурдууд, агт сайн морьд адуун сүргээ магтан дуулсан сэтгэл сэргээх уртын болон зохиолын дуунуудаасаа дуулж хуурдах нь утга уянгын төдийгүй гүн учир холбогдолтой билээ.
 
Хурдан морь уяач, шинжээчийн хувийн зохион байгуулалт эрхэмлэх ёс зүй

Бидний өвөг дээдсийн сургаалд тэмдэглэгдсэн хурдан морь уяач хүн бол шинжээч хүн, шинжээч хүн аваас уяач хүн гэж бичигдээгүй сургаалыг үндэслэн ажнай хурдан хүлгүүдтэй айл гэр, хувь хүний зохион байгуулалт, ёс заншлаас өгүүлэхэд:
1. Хурдан морьдын уяаг гэр байшин, малын хашаа саравч, тугалын зэл болон ахуйн бусад зүйлээс
салхины дээд талд дор хаяад 150-200 метрээс алс зайд босгох.
2. Хурдан морины уяа орчимд бод, бог мал бэлчээх, туух, гилэх, хэвтүүлэх, хураахгүй байж элдэв хог
новш болгохгүй цэвэр цэмцгэр байлгах.
3. Уяа морьдын орчимд нийтээр бие засах газар гэгдэгч жорлон, бусад бохир зүйл байхыг эрс хатуу
цээрлэх. Эс ингэвээс хурдан хүлгүүдийн хийморь гутах.
4. Уяа, уяа морьдын ойр хавь ялангуяа салхины дээд талд мал бусад амьтны сэг зэм зэрэг элдэв үл
зохилдох үнэртэн танартан үнэртэх харагдахаас цээрлэхтүн. Эс ингэвээс ажнай хүлгүүдийн сэтгэл
гутаж хийморь доройтох ажээ.
5.Уяаны дэргэд сайн сайхны зөн билэг, ерөөл магтаал зохилдсон үг хэлэлцэхээс өөр ёс бус үг
хэлэлцэж сөргөлдөхийг эрс хориглодог байна.
б.Хурдан морины уяаны дэргэд уяач, шинжээчид, уралдаач хүүхдүүдээс гадна сэтгэл өгч гүн
хүндэтгэгч өөр уяач шинжээчдээс бусад хүмүүс цугларч тэнэж хэсэхийг эрс хориглодог.
7. Хурдан морьдын уяа, уяа заслын үед бүсгүй хүнийг тийш нь очуулдаггүй ёс заншилтай байсныг
хүн бүхэн мэдэх билээ.
8.Хурдан морьдын уяаны дэргэд алс холын айлчин гийчин, эрэлчин хайгуулчин зэрэг явуулын
хүмүүс унаа хөсөг, машин тэрэгтэйгээ очихыг эрс хориглодог бөгөөд хэрэв уяан дээр зайлшгүй очих
хэрэг тохиолдвоос явгаар очих ба очсон хэн боловч уяаны салхины доороос очиж, уяач шинжээч
нартай монгол заншлаар амар мэндээ эрэлцэн золгож, билиг ерөөл төгөлдөр үг хэлэх учиртай.
9.Уяа заслын аль ч үед уяач шинжээчид архи, тамхи зэрэг идээ будаа хэрэглэхийг хатуухан
хориглодог ажээ. Үүний зэрэгцээ согтуу хөлчүү, өвчин эмгэгтэй хэн ч бай тийш очих нь бүү хэл
зүглэхийг ч үл тэвчмой.
10. Уяа засал ид хийгдэж байгаа ид ачааллын үед шөнө дундлан унтаж, үүр цайхтай хамт босох ба
энэ үеэр адуу манагч хөвгүүд адуугаа манаж гэртээ эртлэн ирэхэд бэлэн зэлэн байж ээлжийн уяа
засалдаа ордог тухай дээдсийн сургаалд айлдаж сургасаар ирсэн. Уяа засал хийгдэж байгаа хурдан
хүлгүүдтэй айл хотын зан ааль айван тайван байхаас гадна уул овоо байгаль дэлхий, сахиус
шүтээндээ билигдлийн уншлага уншуулж идээ будааныхаа дээжийг өдөр бүр өргөж байхыг
өвгөдийн сургаалд тэмдэглэсэн байдаг.
11. Уяач шинжээчид хийгээд уралдагч хүүхдүүдийн хувцас хэрэглэл, эмээл, хазаар, ташуур, хусуур,
хударга, гөхлийн болоод сүүлийн боолт тэргүүтнийг гэрийнхээ хоймор тусгайлан бэлдсэн цах-дэгээ
ханын толгойд залваас зохино.
12. Ажнай хурдуудын уяа сойлгын үед уралдагч хүүхдүүд болон уяач-шинжээч өөрөө унтаж хэвтэх
ор дэвсгэр тус бүрдээ байхаас гадна уяа засал ид хийгдэж байгаа оргил ачааллын хугацаанд
эхнэрээсээ дэр сажадаг эрхэм ёсон эртний судруудад бичигдсэн байдаг.
13. Уяач шинжээч хэн боловч морьдоо өдөр болгон өглөө оройгүй ажиглаж гадаад дотоод байдал,
өвс идэж ус уухыг нь хүртэл хянаж "хурд, хүч, гэдэс" гурвын тэнцвэрийг олохыг юу юунаас илүү
эрхэмлэхтүн.
14. Наадам эхэлнэ гэхэд урьд өдрийн үд, үдээс хойхно хүрэх газраа хүрч хамгийн түрүүн дов сонгон
буух ба наадмын баяр цэнгэл дуусангуут бүх морьд унаа хөсөг их бага хүмүүс бүгдээрээ хамгийн
түрүүнд нүүж нутгийн зүг хөдөлж байх.

Адуун сүрэг агт морь, ажнай хүлгүүдээ дээдлэн хүндэлж төрийн сүлдэндээ мөнхөлсөн морьтон монголчуудаас дэлхийн нүүдэлчин, малчдын соёл иргэншил ялангуяа хэлгүй агаад бүтээлч сэтгэлгээгүй өвөрмөц байгалийн зөн билэгт монгол адуун сүрэг, агт морьд, ажнай хурдан хүлгүүдийнхээ гадаад дотоод тогтолцоог танин мэдэхүйн ажиглалт судалгаа, тусгайлан сорилт туршлагын философи сэтгэлгээгээр тогтоон соёрхож шагласан зөвхөн морьдын ардын бус дэлхийн соёл, шинжлэх ухаанд оруулсан хаана ч зарлаж хаана ч дэвтэрлээгүй нэгэн зүйл нээлт, мөнхийн гавъяа мөнийг цухас тэмдэглэсүгэй.

Азарга уяж засах

Азарга уяж сойхдоо тарга хүчний байдлаас хамаарч харилцан адилгүй хугацаанд уях боловч ихэвчлэн 25-30 хоногт багтаадаг. Уяж байгаа азарганд хэт олон гүү хураалгаж болохгүй. Хурдан хурц азарганд 4-5 гүү л хураалгахад хангалттай. Сүргийг нь өөр азарга бусад адуунаас хол хөндий бүр нийлүүлэхээргүй ус бэлчээрт маллана. Өдрийн уяа засал дуусах үед азаргаа сүрэгт нь тавьж, тайван амгалан идүүлнэ. Өглөө адуугаа хурааж морьдоо барих цаг нь орчин үеийн цагаар өглөөний 5 цаг 30 минутаас 6 цаг орчимд байвал зүгээр.
Азарган хурдыг барьсан анхны өдрийн бага үд, их үд, нар жаргахын өмнө, хойно гэсэн цагийн дөрвөн үед гишгүүлнэ. Гишгүүлэхдээ морины хүүхэд бэлгэт хувцсаа өмсөх ба энэ үед уяач хөхөл сүүлийг нь боож эмээлээ тохож мордуулна. Хүүхэд уяагаа тойрч гишгүүлж эхлэхийн цагт гийнгоолж марзайлахад хуучин уяа морьдын сэтгэл сэргэж хөл хөнгөрөхийн зэрэгцээ бааж эхэлнэ. Иймээс гишгүүлэхийг зарим нутагт баалгах гэх нь ч бий. Гишгүүлэх явцад баасан нойтон баасыг хатаж шарлатал нь авалгүй нойтноор байлгахыг хичээ. Учир нь бусад морьд энэхүү нойтон баасыг үнэртээд өөрөө бааж хур баасаа хаядаг байгалийн зөн билигт адгуус гэдгийг санагтун. Иймээс гишгүүлэлтийг заавал их нас, азарга гэхчлэн нэг мориор эхэлж гишгүүлэх албагүй, баасан өөр морины нойтон баасыг нөгөө морь үнэртээд өөрөө баах үзэгдэлд тулгуурлаж болдог. Өдөрт гурваас доошгүй удаа хийвэл зохихыг уяачдын зурхайд олонтаа чухалчлан бичсэн буй.
Харин гишгүүлэлтийг уяа морь бүрд дунджаар 30-40 минут ноогдохоор хийвэл зохино. Ийнхүү гишгүүлэлтийн явцад ойрхон зуур тухайлбал уяан дээрээсээ 1.5-2 км хол зайтай зэлүүд газарт салхи өөд зөөлөн цогиулж /явах ирэхдээ/ биеийн чилээг гаргаж, мах булчингийн агших сунах үйлийг идэвхижүүлж, сэтгэлийг сэргээх бегөөд ийнхүү цогиулалтыг өдөрт нэг удаа, тэгэхдээ нар жаргахын өмнө оройн гишгүүлэлтийн үед хийх ёстой аж. Ахмад судлаач, эрдэмтэн Г.Цэвэгмэдийн тодорхойлсноор гишгүүлэх гэдэг нь уяа морьдын биеийн чилээ хөшөөг гаргах хөдөлгөөнт дасгах сэтгэлийг сэргээх нэгэн зүйл сургууль гэдэгтэй би санал нэг байна.
Хурдан морьдыг хөлслөх уламжлалт арга бол уяа заслын үйл ажиллагаа ба монгол морьдыг уяж засах үндэсний технологийн чухлаас чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Иймээс хөлсийг авахдаа гадар, дотор талуудыг нь даалимбаар хийсэн хөвөнтэй нэмнээ ашиглавал зохино.
Хөлс авалтыг ихэвчлэн дулаан тунгалаг нартай өдрийн үд дунд, их үдийн цагаар хийх нь зохилтой бөгөөс харин их хүйтэн бороо, олон хоногоор зүсэрсэн хурын үед авахгүй байх ёстой. Морьдыг хөлслөх технологийг дараах байдлаар үечлэв. Үүнд :
• Хөлслөх морьдоо дунд насны хөвгүүд охид буюу уяач өөрөө аль эсвэл танил талын дотно нөхөд
унаж тэр өдрийн салхийг сөрж цогиулах.
• Цогиулах газрын хэмжээ хар цагааны газар буюу бэлгэт гурван газраас хөлсний дусал гарч эхлэх
тэр цагаас салхиа уруудан цогьсоор уяандаа ирэх.
• Уяандаа ирмэгц мориноос бууж эмээлээ авмагц морио зогсоолгүй хөтөлж явуут дунд нь нэмнээгээ
авч хөлсийг нь сайн хусах.
• Ингэж нойтон усан хөлсийг толгойн тал буюу урд талаас нь бага багаар явуут дунд нь хусаж
дуусмагц хэн нэгэн морьтон уг морийг хөтөлж уяагаа эргүүлэх байдлаар хөлсийг хаттал нь
гишгүүлнэ.
• Хөлс хатаах гишгүүлэлтийг нэг моринд дунджаар нэг цаг ноогдохоор журамлаж гишгүүлэх
эдгээрийг товчлон хураангуйлав. Харин услалтыг хөлс авахаас бүр өмнө, аль үгүй бол бүр хойно
хийх учиртай.
Тодруулга :
• Хар цагаан газар гэж малчин монгол өтгөсөөс алс харагдах малын зүсийг саравчлан харж
тодруулахад хар цагаан аль нь болох нь ялгарч үзэгдэх тийм газрын зайг хэлнэ.
• Бэлгэт гурван газар гэж битүү нэмнээтэй морийг хөлслөхөөр салхины өөд цогих явцад эхлээд
хамар, дух магнай, чихний ар зэрэг гурван хэсэг газраас хөлс зэрэг бөнжийж дуслах тэр газрыг
дээдсийн сургаалд " Бэлгэт гурван газар" гэж нэрлэдэг ажээ.
• Уяа морьдыг тарлах буюу үсэргэх дасгал сургуулийг морьдоо анх барьсан өдрийн маргаашаас
зхлэн хийх ёстой бөгөөд харин хөлс авсан өдрөө огт тарлаж үсэргэхгүй өнжинө. Өөрөөр хэлбэл
хөлслөлт тарлалт хоёрыг өдөр өдрөөр ээлжилж хийнэ. Тарлах зайг Хардэл бэйс жанжин эхний
тарлалтыг "гурван сум он тусах хэмжээний газар" хийх ба түүний дараагийнхыг "нэг сум он тусах"
хэмжээгээр нэмэгдүүлсээр тарлах эцсийн зайг 12-15 сум он тусах хэмжээтэй байхаар заасан буй. Энд Сэцэн хан буюу одоогийн Хан Хэнтийн уяачид тарыг харьцангуй богино зайд олон удаа, тэгэхдээ морьдоо гуядаж хурд хүчийг нь баралгүй хийдэг уламжлал тогтжээ. Ингэж тарлах нь уг морь
хурдлах хурдны хэлбэр маягаа олж хэвшиж буйг судалж тогтоохоос гадна хүлэгт хурдны ир орж
байгаа эсэх, юу нь дутаж, юу нь илүүдэж байгаад хувь уяач дүгнэлт гаргахад тустай аж. Тарлалтыг
ганц нэгээр нь эсвэл хоёр гурваас үл хэтрүүлдэг юм. Ер нь тарлалт уралдах морьдын тарга, хүч, гэдэс зэрэг уяа заслын шийдвэрлэх хүчин зүйлүүдээс хамаарч тоо нь 3-8 байх нь зохистой гэдэг.
Харин сунгааг бол бага сунгаа буюу богинын, холын сунгаа буюу их сунгаа гэж хоёр ангилах бөгөөд зай нь ойролцоогоор 6-8, 10-15 км байваас тохиромжтой санагддаг. Гэвч сунгалтын зай уг морины уяа сойлгын нийлэмж, зохицпоос болж өөр өөр байх нь мэдээж.
Сүүлийн үеийн залуу уяачид тарлалтаа цөөдүүлж, сунгаагаа олшруулж сэтгэлийн хөөрлөөр бэсрэгхэн наадам болгонд морьдын уяаг мултлах сөрөг үзэгдэл газар авч байгааг сэрэмжлэгтүн. Гэвч уяа сойлгын хатуу засалтай морьдыг гурав сунгадаг /бага, дунд, их гэхчлэн/ уламжлал бий. Гурав сунгах шаардлагатай болсныг танин мэддэг билгийн ухаант их уяачид хийдэг байсныг бас ч үгүйсгэх аргагүй.
• Торгон тар гэж нэг зүйл засалга бий. Энэ нь маргааш их уралдаанд оролцох аль насны морьдыг урьд орой нь 1.5-2 км орчим богино зайд давхилыг гүйцэд гаргаж хурдлуулахыг хэлэх ажээ. Үүнтэй холбогдуулж торгон тар хийсэн морио хэн хаана маллаж хонох, идүүлэх өвс ногооны төрөл зүйл, мөн идүүлэх хугацаа, тэр газрын хөрсний байдал, услах дэг жаяг гээд технологийн олон чухал зүйл байдгаас энд нуршихаас зайлсхийв. Үүнийг уяач бүхэн сайн мэдэж байвал зохих технологи, сахилга журмын гогцоо асуудал мөнийг цухас тэмдэглэе. Нэг сум он тусах газар гэж өвгөдийн сургаалд айлдсанаас 45 алд газар нум сумаар харвах харвалтын газрын хэмжээг хэлдэг байна. Одоогийн сур харвааны улсын хэмжүүрээр тооцвол 75 метр зайд харвадаг тогтоолтой харьцуулж ойлгож болох юм.
• Тар тарлах, үсэргэх гэдэг технолигийн томъёлол нь утга нэгт ойлголт бөгөөд уяж засаж
уралдуулах морьдод давхил оруулах ойрын зайн бие халаалтын дасгал сургуулийг хэлдэг ажээ.
• Торгон тар гэж уралдаанд оролцох морьдыг одоогийнхоор 1,5-2 км орчим зайд давхилтыг гүйцэд
гаргаж хурдлуулах хэмээн ойлгож болно. Энэ нь тамирчин хүн том тэмцээнд орохын өмнө бие
халаалтын эрчимт хөдөлгөөнт дасгал хийдэгтэй адил юм.   Харин бага  их сунгаагаар морьдын
хурдлах чадавхийг шалгах гол учиртай тул цөөн хэд ташуурдах нь зүй билээ. Харин их уралдааны
явцад ташуурдах нь мэдээж. Ингэх ч ёстой тэгэхдээ морьддоо шарх сорви үүсгэж бэртээж гэмтээхээс зайлсхийж хичээнгүйлэн хайрлахыг захих юун.

Их морьд уяж засах

Хоногт гишгүүлэх гишгүүлэлтийн тоо гурваас доошгүй байвал зохих болон нөгөө талаар тарлалт хөлслөлт тарлалт гэсэн дараалалтай байхын хамт сунгааны хувьд ихэвчлэн хоёр үндсэн сунгаатай байна.
Харин тарлалтын зайг богино зайнаас /гурван сум тусахын/ эхэлж бага багаар нэмнэ. Их морьдыг дунджаар 30-35 хоног уях морьдын тарга хүчний талаар ангилж уядаг тухай Хардэл жанжин бэйс Пүрэвжав гуайн туурвисан "Морин эрдэнийн шинж ба уях засах ёсон болой" сударт тодорхой заажээ. Их сунгааны хугацаа баяр наадам эхлэх өдрөөс 2-3 хоногийн урд, бага сунгаа нь дунджаар 6-7 хоногийн урд байх жишээтэй.

Дунд морь буюу соёолонг уяж засах

Соёолон морьдыг уяж засах зарчим нь үндсэндээ азарга их насны морьдынхтой нэг зарчмаар явагдах учиртай. Гэвч уяа заслын үйл ажиллагааны өвөрмөц технологи байх нь мэдээж. Тодруулбал:
Соёолон морьдыг уяж засах нийт хугацаа бүхэлдээ азаргатай адилавтар байх боловч гарагийн цөөн хоногоор сунгуу байна. Учир нь соёолон насны хурдуудад өөхөн таргын хуримтлал их нас болон азарганаас бага, харин махан боолт буюу махан баринтаг их байдагт оршино. Энэ нь өсвөр насны эр адуунд байвал зохих биологи, физиологийн онцлог ажээ.
Соёолон хурдуудыг ихэд сажилж гишгүүлбэл мах нь үлдэж өөх нь хайлж нимгэрэх тул сажилах ч үгүй, ширүүлэх ч үгүй нэгэн хэвээр гишгүүлвээс зохих буюу. Их хур ба халуунд эс гишгүүлэхийн хамт ийм үед сэрүүн газар уях буюу үгүйвээс нимгэн нэмнээгээр нэмнэх нь зөв болов уу.
Соёолон азарганы хоёр төмсийг хойш нь татаж өдөр бүр илж таалбаас гэмгүй ажээ. Ийм заслыг их насны азарганд ч хийх учиртай.
Бага морь буюу хязааланг уяж засах
Хязаалан азарга буюу бага морьдыг уяж засахдаа мөн өмнө дурьдсан тарга хүчний дөрвөн ангиллын алинд багтахыг тогтоож уяа заслын нийт хугацааг уяач та өөрөө тогтооно. Өвгөдийн сургаал хийгээд орчин цагийн ахмад уяачдын туршлагаас үзэхэд бага морьдыг дунджаар 20-25 хоног уях тухай олонтаа тэмдэглэсэн байдаг.
Хязаалан хурдуудын хөлслөлт, гишгүүлэлт, тарлалт, сунгалт цөм уг морины тарга хүч, хурд, гэдэсний байдлаас хамаарах тул энд олныг эс нуршив. Гэвч шилжилтийн насандаа уягдаж байгаа ч эцэг эхийн удамшлын шинж төрхийг харах явдал бас ч нэмэр өгнө. Үүнээс гадна тухайн жилийн зуншлага, ногоо идэж тэвээрсэн зэрэг хоёрдогч хүчин зүйлүүдийг харгалзах учиртай.
Харин хязаалангийн сунгалт, тарлалт, хөлслөлт нь бусад дээд наснуудаас цөөн байна. Тарлалтыг богино зайд эхэлж хийх боловч цаашид бага багаар нэмэгдүүлэх журмаар нижгээд удаа хийхийн зэрэгцээ их сунгааг 12-15 км-ээс хол хэтрүүлэх хэрэггүй. Хязаалангийн сунгааг их, бага гэсэн хоёр зайд хийвэл зүгээр. Хязаалан азарга уяж буй бол маш цөөн тооны байдсан гүү хураалгавал зохистой

Шүдлэн үрээг уяж засах

Шүдлэн адуунд маш зөөлөн уян хатан, эелдэг засал хийгдэх учиртай. Учир нь шүдлэн адууны гадаад дотоод тогтолцоонд биологи, физиологийн шилжилтийн насны нарийн төвөгтэй олон үйл явц хүчтэй явагдаж эхэлдэгт оршино. Иймээс монголчууд адууг "Шүдлэнд нь шүт, дааганд нь давт" гэдэг билээ.
Шүдлэнг дунджаар 15-20 хоног уяж засна. Энэ хугацаа уг үрээний тарга хүч гадаад дотоод тогтолцооноос хамаарч нааш цааш хэлбэлзэх нь мэдээж.
Сунгалтын хувьд ердөө урт богино гэсэн хоёр зайд хийнэ. Шинэ дүрмээр шүдлэн үрээг 15-16 км зайд уралдуулж байхаар заасантай уялдуулах хэрэгтэй. Шүдлэн үрээг ихэвчлэн задгай хөлслөвөөс зохилтой бөлгөө.

Даага уяж засах

Сөнгө болон эсгэлэн дааганы уяа засал гэж ялгахгүй, хурдан морьдыг уяж засдаг арга барилаар уяж засах учиртай.
Даагыг дунджаар 15 хоног уях авч эсгэлэн даагыг 20 орчим хоног уяна. Тэгэхдээ даагыг дунджаар 3-4 удаа хөлслөх нь зохимжтой. Даагыг цагаашруулах ялангуяа жигд давхилд сургахын тулд шулуун замд олон тарлах нь чухал.
Уяж хурдлуулах даагыг анх эдэлгээнд сургахдаа хөнгөн эмээл тохож жин багатай хөвгүүдээр унуулахаас гадна хоргодох, бусгах, үргэх муу зуршил огт сургахгүй олон ташуурдахаас зайлсхийхийн хамт хөл цээжийг гэмтээж бэртээхээс машид болгоомжлох учиртай. Дааганы сунгаа нь шүдлэнгийн адил урт, богино гэсэн хоёр зайтай байна. Шинэ дүрмээр 10-12 км зайд уралдуулахаар заасныг бодолцох хэрэгтэй.
Тарлалтыг уяач шинжээч та өөрөө тогтоохоос гадна сунгалтын цаад хол нь 8 км-ээс хэтрэхгүй байвал сайн.

 


 

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 78.182.144.35

    zaa amun min bii nomo en gazir bishne bu bol mongol lsin malai tegun darhin dursag ain uiash hun namag serinbaat gedeg bi oda amerikti amdarj ban bi en bishin yumig san unsgula edinar husujban bzda nudaaa hooo ednirar nuza hezesh garuhoo 21zundi hurdan mor bish hen baynbe terniii monguu urlduljban jinhiin dam ooda b ahgoo shu mongolshuda en nadam monguu zaa bii nomaoo ehile nomine kokhasha en bol huren alig doon mongool nadamdi turljshadaa bagnasina uhusun hurdn ho;;loog bii jihin hurdun mor ter gejj bodoj ban ternes hurdan moor hargoo mongol shuda mongol ulsunii baiduun 335 zun on bai dar mongio negdsiin 600 on bayr nadimda turulsen gej heldeg bi en tuha anhuda heljba mongoliin nadi,di 30 turu 12 zuer 56 arg mogaol uashdin bay temdigodisni 300 jil oo bay turu drdalai shoibalson ogsun yum yuet tbt yty turulj basil honog tee hoo mnunabuu adushan hun basan bii ternig san medinde hoo en zunii uyashdud noh biz he shude hoo b6t yytt rgan naih mjuh jil o bair turulsen yumde tuhundi hurun algig bishere xaaa artumin mnee za denduu hunda holgaa bi ene nomiig mongol tuhudi bishile shudehoo amtan shi saha beka hasaerje hoo darhan banayy tushar ulasa dayae mongolin arun golomt danda hasa tuha dahin tanigdag hun bnuu sgi ortoo mongoll shufda

    Reply
  • 78.182.144.35

    zaa hurun mor goido hehde hunla yu hihnbe ben tuha olunda hele mana mongol artumn bas namag hezesh oilugduy umdaa hoo bii oloon jil mal surgusun basil adushan hun morin shadbar ih 21dugar zundi hurdan mor bish

    Reply
  • 202.5.206.39

    сайхан мэдээлэл байна баярлалаа

    Reply
  • 202.9.40.22

    сайхан

    Reply
  • 103.57.93.210

    Сайхаг баярлалаа

    Reply
  • 202.126.88.48

    маш сайхан мэдээлэл байна.

    Reply