Их хадагтын Маарын хээр

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 10 -нд

  Өвгөн хээр азарга  арвандолоон настайдаа төрийн их наадамд бяр заан айрагдахад Буянт-Ухаагийн буурал дэнжид хурсан олон нулимс унагаж тоссон гэдэг. “Үнэхээр ясны хурдан адуу юм даа” гэх бахархал бишрэлийн үгс хусуур бүсэлж, хөөрөг өвөртөлсөн бүхний магнайд адислагдаж, аварга хээрийнхээ ган туурайг нялх хүүхдийн зулай мэт илбэх уяачийн бүсэнд хадагтай хамт хавчуулагдсан байдаг аа.
Тэр бол моринд хайртай монгол түмнийхээ сэтгэл зүрхэнд домог мэт мөнхөрсөн ажнай хүлгүүдийн нэгэн Маарын хээрийн долоо дахь удаагаа айрагдсан наадам. Тодруулбал, 1994 оны цэнгэл баярын үе.
Манлай их аварга Дарийн Дамдин Маарын хээртэй амь сэтгэлээрээ холбогдсон дурсамж бий. Учир мэдэх хүмүүс уяран уйлмаар өгүүлдэг юм.
Монгол бөхийн түүхэнд “гарлаа давлаа” гэх хоёрхон үгээр зарлуулан таван жил босоо явсан халхын их аварга морь барианы газар догдлон очиж, Маарын хээрийн торгон жолоог цулбуурдан, алтан тэлүүр магнайгаас нь адис авч, “энэ бид хоёр хувь заяа нэгтэй санагддаг. Эрэмгий явсан үе бий. Одоо ч хоёулаа өвгөрч байна даа” гээд зөөлөн инээмсэглэсэн гэдэг шүү. Тэр тухай эргэн санахуйд нэг л сайхан санагддаг юм аа.
Бахархам хүлэг морьд сувдан хөлсөө урсаж, хурд хүчээ гайхуулж  явсан он цаг дурдатгалын хуудсанд хэзээ ч бүдэгрэхгүйгээр үлдэн, хүмүүн гэгчид үргэлжид дурсагдаж, хайрлагднам билээ. Тийм л хувь заяанд төрж, тэнгэрийн дор салхи шиг шуургалаад өнгөрсөн ажнай бол Маарын хээр.
Төв аймгийн Сэргэлэн сумын унаган адуу тэрээр угшил сайтай, “сайн хүний үр, сүүт гүүний унага” байжээ. Дээд угшил нь төрийн их наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан алдарт Даваанэрэн начингийн “Мөнх төрийн мөнгөн магнай” цуут хүрэн азаргатай холбоотой юм байна. Холбоотой ч юу байхав. Ерөөсөө халзан азарганы үрийн үр.
Хээр азарганы удам угшлын талаар Монгол Улсын манлай уяач Д.Даш ийн өгүүлсэн байдаг. “Манай Сэргэлэнд Баяраа гэж хурдтай айл байлаа. Тэднийх гойд сайхан давхилтай хурдан хээр азаргатай байсан юм. Майн баяраар их насны морьдтой уралдаад түрүүлж байсан юм. Маар тэднийхний хүргэн болж өмчид нь хоёр хээр гүү ирсэн. Алдарт хээр азарга тэр хоёр хээр гүүний аль нэгнээс нь гарсан болов уу” гэжээ. Маар гуай харин хээрийгээ “Манай унаган адуу. Дээд угшил нь Даваанэрэн  начингийн хүрэн халзанд хамаарна” гэж хэлсэн байдаг.
Олон түмний сэтгэлд од мэт харван гийсэн хээр азарга далан долоон оны унага юмсанж. Далан найман оны хавар цаг. Дөнгөж яргуй нүдэлж байсан үе. Сүргийнхээ дэргэд дүүхэлзэн зогссон улаан хээр даагыг үзсэн нутгийн уяач Чогдон Маарт хандаж, Энэ золиг юм дуулгаж мэднэ дээ. Найз нь өнөө жил уяад үзэх үү гэж хэлжээ. Ингэж хээр азарганы уяа засал анх эхэлсэн түүхтэй юм билээ. Чогдон хээр даагыг шууд л улсад сойсон байна. Наадмын өмнө болсон их сунгаанд улаан хээр даага магнайдаа тоосгүй иржээ.
Тракторын жолоо мушгиж байгаад эцгээ дагаж малчин болсон Маар морь маланд тэгтлээ хорхойсдоггүй байж. Харин улаан хээр даагаа их сунгаанд түрүүлсэн өдрөөс хойш хусуур сойз бүслэж, нойр нь хулжин уяа морьдынхоо дэргэд хонох болжээ. Тэр жилийн наадамд хээр даага нь аман хүзүүдэж, төв асрын өмнө цоллуулан хэн хүнд олдомгүй баяр хөөрийг төрүүлэв гэнэ шүү.
Анх уралдсан жилээ ийнхүү олныг шуугиалсан хээр даага шүдлэн, хязаалан насандаа олигтой давхиагүй аж. Жинхэнэ торгон ирэн дээрээ байдаг соёолон насандаа хөл нь доголчихож. Уяач эзнийх нь сэтгэл ямархан  гунигтай байсан нь мэдээж. Бүтэн хоёр жил уяа нь алдарсан хээр эзнийгээ баярлуулж, төрийн наадамд дахин айрагджээ.
Наяад оны дунд үеэс хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө домогт хурдан хээрийн цуутайхан он жилүүд эхэлсэн түүх ийм буюу. Маар гуай авуул морь уядаггүй, өөрийнхөө унаган адууг л сойдог нэгэн байж. Мөн уяа заслын үед хүний үг авдаггүй, өөрийнхөөрөө л зүтгэдэг байсан гэх. Тэгээд онодог ч байж, алддаг ч байж. 1987 он. Хээр азарга  ана мана л аман хүзүүнд иржээ. Гэтэл уралдаж ирсэн оройгоо уяан дээрээ тэрий хадаад ойччихож. Эзэн нь нэртэй уяачид болоод нутгийн луугар хөгшдөөс асуусангүй. Өөрийнхөөрөө л эмчлэх гэж үзжээ.
Гүүний саам цутгаж, үхрийн баас өгөөд нэмэр болоогүй байна. Дүү Адьяабазар нь урд хөлийг нь мөрлөөд цээжийг нь сугсарч сугсарч орхижээ. Маарынхныг айдас түгшүүр нөмөрч, авгай хүүхнүүд нь уйлалдаж, юм юм л болж. Гэтэл тэнгэрлиг сайхан хүлгийг тэнгэр бурхан ивээж, шөнө дундаас хойш хээр азарга хөлөөрөө газар цавчлан босоод ирсэн гэнэ. Наян долоон оны долдугаар сарын арваннэгний өдөр азарга нь аман хүзүүнд давхиж ирэхэд магнай хагаран баярлалдаад, оройхон уяан дээрээ тэрий хадаад ойчиход нь аргаа барж цөхрөөд, үүр шөнийн заагаар газар цавчлан босоод  ирэхэд нь сэтгэлдээ нар ургуулан гэрэлтээд Маарынхан унаж боссон удаатай. Арванхоёрны өдөр морь цоллуулах болоход хээр азарга тэгтлээ тэнхрээгүй байж. Дээр нь олны хэл ам хүрэхийн нэмэр гээд азарганыхаа оронд дэлтэй хээр морь хөтөлж очоод цоллуулчихсан гэдэг. Уг моринд хадаг, медалийг нь зүүгээд очиход хүмүүс таниагүйгээр барахгүй, өнөө хээрийг чинь “аргагүй сайхан амьтан юм аа” хэмээн шагшиж байсан удаатай.  “Өөрийнхөөрөө зүтгэж байж хээр азаргаа хоёр удаа айхтар өлдүүлсэн хүн дээ, би” гэж тэр бүр дуу шуу болоод байдаггүй уяач нэгэнтээ өгүүлсэн байдаг юм.
Ер нь Очирын Маар гэж дуу шуу багатай, намхан эр Сэргэлэнгээр нутаглаж, хаа нэг ам нээвэл хээр азаргаа ярьчихаад чимээ аниргүйхэн амьдарч явсныг өнөөгийн алдартай уяачид дурсацгаадаг. Тод манлай уяач Дуламсүрэнгийн төрсөн ах, Монгол Улсын начин, уяач Цэвээнжавын Ванчигцэрэнтэй уяан дээр нь хуучилж суухуйд, Маар гуайнхтай манайх  олон жил айл аймаг явсан. Мань хүн хээр азаргаа уяна барина гэж нэг их сүйд болохгүй ээ. Тэрэгнээс уячихсан л байдаг сан. Тэгээд л улсад айрагддаг байсан хэмээн өгүүлж байлаа. Тэгэхээр алдарт уяач, хээр азарга хоёр сүрийг бадруулалгүй даруухан байж байгаад наадмаар л хэн хэнийгээ баярлуулдаг байжээ. Морь эзэн хоёр бие биедээ уусна гэдэг тэр биз ээ.
1990 оны цагаан морин жилийн наадам. Хэн гээч уяачийн ажнайн магнайд наадмын од харвах бол гэсэн таамаг хаврын сар гаруут л хуурай өвсөнд ассан түймэр шиг амнаас ам дамжин яригдсан. Олны үг оломгүй далай гэдэг үнэн буюу. “Маарын манлай хээр л магнайдаа тоосгүй ирнэ дээ” гэх олны үг биеллээ олж, тэр жилийн наадмын азарганд Маарын хээр хол тасархай түрүүлсэн юм. Аман хүзүүнд Партизаны сангийн аж ахуйн Цэвэгжавын саарал хурдалсан байдаг.  Тэрээр таван жил тасралтгүй зургаад давхиж байгаад алдарт хээрийн ард цулбуурдуулсан юм билээ. Төв аймгийн Зуунмод сумын Рэнцэндоржийн хар, Сэлэнгийн
Баруунхараагийн Энхдаваагийн хар гэж дэгжин гоё хийц  нь дэндсэн хилэн хар азарганууд тэр жил айрагдсан байдаг аа. Алдар хээр өмнөх жилийнх нь наадам (1989 он)-д түрүүлэх магадлал өндөр байсан ч Даваахүүгийн зээрд, Гарамжавын тогоруу халтар нарыг бараагүй юм.
Маарын хээрийн нэг онцлог гэвэл зурхай дээрээс эргэсэн олон хурдан буяны дундаас сугаран гардагт байсан гэх. Гараанаас ганцаараа гарсан хээр азарга газрыг “ууж” өгсөөр барианд ирдэг байж ээ. Давхилыг нь харсан хүний хийморь лундаа сэргэхээр. Тийм дээ ч дуу, шүлэгт багагүй мөнхөрч үлдсэн байдаг.

“…Ижилгүй монгол наадмын чимэг
Их хадагтай Маарын хээр
Бүх хурдны сүрийг дарахад
Бүгээн адуу ч бараан харагдана
Дарсан тамгаараа танигдахаасаа
Давхилаараа танигддаг хээрийг
Дуран дүүрээд ороод ирэхэд нь
Духдуулсан малгай шил дээр унана
Азарга адуугаар авсан хөөргөө
Алдаж өндөсхийнэ
Айргийн сөн дээрх зурмал морьд
Дагаж ухасхийнэ
Арайхан хүүхэд нь балчирдаж
Буруу талаар нь зүтгүүлэхэд
Аварга хээр зөнгөөрөө
Зөв талаар нь шударна…” хэмээн Цэндийн Чимэддорж найрагч шүлэглэсэн нь бий.
“Түмэн эх” хээрийг Түргэний голд туулай шиг “дэгдэж” байхад олон хүний “нүдний хор” орж, худалдаж авах гэсэн хүн Маарын уяанаас тасардаггүй байсан аж. “Хөл” Пүрэвдорж хэмээх нутгийнх нь хүн мөнгө хатуу байсан цагт зургаан мянган төгрөг өвөртөлж ирээд хэдэн өдөр гэрт нь азаргаа өгчих хэмээн шалсан гэх юм билээ. Маар гуай бол ганц ч үг ганхийгээгүй гэсэн. Хээр азаргыг нүдээ хөхөртөл харж, Маар гуайн амнаас ганц үг унахыг тэсэн ядан хүлээж суусан “хөл” Пүрэвдоржийг манайхан улсын начин цолтой бөх гэдгээр нь мэдэх болов уу.
Бугын сангийн аж ахуйн “сааргай” Банзрагч гэдэг зайтайхан эр арван таван мянган төгрөг, хоёр шил архитай хүнээр өгч явуулжээ. Ухаандаа хээрийг нь авах гэсэн санаа. Гэвч мань хүн хээрээ өгөөгүй ажээ. Онгоц өгье гэсэн ч хариуд нь хээрийгээ өгөхөөргүй байсан байлгүй.
Элбэг хээр, Сүрэнхорын хээр, Данзаннямын хээр, Маарын хээр, Доржсүрэнгийн хээр, Ононгийн хээр. Түүхийн буурал улбаанд суу алдар нь улам тодорсон Монголын цуут хүлгүүд. Энэ л хурдан буянууд эх нутгийнхаа хээр талаас унаган зүсээ олсон, яалт ч үгүй ард түмнийхээ зүрхэнд домог болон мөнхөрсөн дөө гэж бодохуйд сэтгэл огшихгүй байхын аргагүй ээ. Жил жилийн наадмын шуугианд нэр нь тодорч, жигүүртэй мэт салхилан давхисан Маарын хээрийн тухай  өгүүлэхэд ийм байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна