Халхын хурд чуулсан зүүн аймгуудаар

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 09 -нд

 
Өвөрхангай аймгийн МСУ-ын “Арвагар хээр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн хүндэтгэлийн аян жил тойрон үргэлжилсээр байна. ММСУХ-ны гурван удаагийн шилдэг  болох  “Арвагар хээр”-ийнхэн Монгол түмний морины их шүтээнийг босгон, гарааны төхөөрөмжийг нэвтрүүлсэн гээд олон зүйлийн анхдагчид билээ. Тус холбооныхон уяачдадаа талархал илэрхийлэх аянаар ойн ажлаа эхлүүлээд байсан юм. Дараа нь энэ оны хавар Морины их шүтээнээ уяачдаа хүлээн авч баяраа өргөн олноороо тэмдэглэсэн. Тэгвэл энэ удаад ойн арга хэмжээний үргэлжлэл болгон есдүгээр сард унаган адуу нь Өвөрхангай аймагт хурдалж байгаа уяачдадаа холбооны зүгээс хүндэтгэл үзүүллээ.
Энд “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, тэргүүлэгч Ч.Пэрэнлэйбазар тэргүүтэй  багийнхан есдүгээр сарын 28-нд Улаанбаатар хотоос аяны замд гарцгаасан юм. Энэхүү багт манай “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах хэсэг ч багтсан байгаа. Өглөө эртлэн хотоос гарсан бид Монгол улсын зүүн гурван аймгаар нар зөв тойрохоор аяллын маршрутаа гаргаж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Баяндун сумын Алдарт уяач Гүрсэд, улсын сайн малчин, Алтан унаганы эзэн Повдорж, Монгол улсын Тод манлай уяач Д. Ононгийн “Аварга хээр”-ийн унаган эзэн Агваан багш нарын уяачдынхаар саатаж, холбооны 10 жилийн ойн медаль, өргөмжлөл, ном болон гарын бэлгээр хүндэтгэлээ илэрхийлсэн юм.  Ийнхүү Баян-Уулд саатсан эхний айл Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жигжидийн Баттөмөрийнх байлаа. Тэрээр унаган адуугаараа Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд одтой наадаж байгаа уяачдын нэг юм.  Эндээс Дорнод аймгийн Баяндун сумын Алдарт уяач Батгүрийнд буудаллав. Найзыгаа дагаж явсаар моринд хорхойсох болсон тэрээр сумынхаа уяачдын холбооны даргаар ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд Гүрсэд гуайн унаган хурдаас авч, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймгуудын наадамд дээгүүр давхиж байгаа сонинтой суух ажээ. Тэр дундаа халзан азарган үрээ зарсан нь аймаг, сум, орон нутгийнхаа наадмаас олон айраг, түрүү хүртээд байгаа гэнэ. Ийнхүү нар нэлээд хэвийхийн алдад тэднийхээс хөдөлсөн бид Дашбалбар сумын харьяат Насанбатынд саатлаа. Залуу уяачийн нэрийг гарган хурдалж байгаа хонгор морь нь Өвөрхангайн болон сумдын наадамд айраг түрүү алддаггүй хурдан буян  билээ. Очих айл олон, туулах зам хол учраас шахуу хөтөлбөртэй гарсан бид Мардайн уурхайн хажуугаар гарч Повдоржийн Аминзүрхийнд хоносон юм. Хүүхэд байхын л уяач аавыгаа даган моринд “дурлах” болсон залуу уяачаар хөтөч хийн Монгол улсын сайн малчин, Алтан унаганы эзэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул Повдорж гуайнд өглөөний нарнаар очлоо. Повдорж буурай хонио 5000, адуугаа 2500 толгой, үхрээ 1500-д хүргэж тоолуулсан сайн малчин юм.  Өтгөн шаргал  цайтай сүлэлдэх хол ойрын сонин сайхан хэсэгтээ л үргэлжилж,  аандаа л хөврөх хурдан морьдын тухай яриа суудлаас өндийлгөх янзгүй. Гэсэн ч нарны эртэд газар дөхөхөөр шийдсэн бид амттай яриагаа хүчээр шахуу тасдан замдаа гарлаа. Дараагийн хүндэтгэл үзүүлэх буурай Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Даш байв. Хөгшинтэйгээ сумын төвд хэд хоногоор ирээд байгаа гэх Даш гуайн нэрийг гарган Өвөрхангай аймагт хурдлах олон сайхан хурдан буянгууд бий. Энд сонирхуулахад Алдарт уяачийн хөгшин ная гарч яваа нэгэн гэхэд ануухан буурай. Бидний өгсөн сэтгүүлийг нүдний шил хэрэглэхгүйгээр түүртэлгүй унших юм билээ.
Харин дараагийн төлөвлөгөөт газар бол Дорнод аймгийн төв байлаа. Энд бид унаган адуу нь Өвөрхангай аймагт одтой хурдлаад байгаа Чойбалсан сумын харьяат Батмөнх, Дашбалбар сумын харьяат Иван нарт хүндэтгэл үзүүлэн, Матадыг зорилоо. Нар шингэж байхад аймгийн төвөөс нь хөдөлсөн манай аяллын баг Матад сумын баруун хойно нутаглах Чадраабал уяачийнд  саатаж, аймгийн Алдарт уяач Баатарынд шөнө хагаслан хүрлээ. Баатар гуайнх Гантулга, Ганбат хөвгүүдтэйгээ айл саахалт намаржиж байгаа ажээ. Биднийг очиход өдөр нь унагаа тамгалсан тэд эрт амрахаар хэвтэцгээжээ. Алдартын унаган адуунаас Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Ч.Бямбасүрэнд очсон хээр адуу нь их олон айраг, түрүү хүртээд байгаа гэсэн. Удам залгасан хөвгүүдийнх нь уяж сойсон морьд сүүлийн жилүүдэд одтой наадаад байгааг бидэнд дуулгах ажээ. Эндээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг зорилоо. Аяны замд ийнхүү элдвийн бодолд ээрэгдэн явахдаа “Дорнод аймаг үнэхээр л адууны нутаг юм даа” хэмээн өөрийн эрхгүй  бахархах сэтгэл төрж байснаа тэмдэглэмээр байна. Замд таарсан элдэв сонин сайхныг фото зурагт үлдээн, зөвхөн өөртөө л ойлгогдох авсаархан тэмдэглэл хөтөлсөөр Эрдэнэцагаанд хүрлээ.  Биднийг сумын төвд ирэхэд маргааш болох Овоо тахилгын наадамд оролцохоор газар газраас олон уяачид, хурдан адуунуудтайгаа ирсэн  байх агаад хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ. Холын замд үе үехэн барьц алдаж, сайхан амралтыг хүсэх ч уулзсан зочин бүр өөр өөрийн сонин сайхныг өгүүлэх болохоор амттай ярианаас хоцормооргүй санагдахыг яана. Эдгээр сонин сайхан ихтэй нөхдийн нэг бол Монгол улсын сайн малчин, сумын Алдарт уяач Ц.Сүхтогоо байлаа. Намаржаандаа буугаад удаагүй байгаа бололтой, ундуй сундуйхан. Гэхдээ найрсаг гэрийн эзэн хөл болон баярлаж, хурдан морьдынхоо тухай нүдээ очтуулан жаргалтай нь аргагүй яриа өрнүүлнэ. Тэдний унаган адуунаас Өвөрхангай аймагт 200 гаруй очсон байдаг юм байна. Түүний унаган адуунаас нь Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойд хар үрээ нь аман хүзүүдэж, Заамарын бүсийн уралдаанд шүдлэн үрээ түрүүлж байсан гэхчилэн олон амжилтыг энд дурдаж болохоор ажээ. Харин дараагийн уулзах эрхэм бол Найдандоржийн Амгалан. Шилийн Богдоос 14 км-т байрлах “Талын агуу” жуулчны баазын захирал түүнийг байгалийн үзэсгэлэнт газар болох Талын агуйн “хамгаалагч” ч гэж болохоор. Эх нутгийнхаа үзэсгэлэнт газрыг онгон дагшинаар нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нь түүний зорилго. Ийнхүү тус жуулчны баазад саатсан бид намрын дунд сарын шинийн 17-нд “халуун бүлээрээ” Шилийн Богд хайрханы оргилд гарч, өглөөний ургах нарыг урьтан харлаа. Шилийн богдод хийморь сүлдээ даатгасан бид уран дархчуудаараа цуутай “алдарт” Дарьгангын зүг хүлгийн жолоо залсан юм. Торой бандийн хөшөө, холбоо Дуут нуурнаа чуулах хунгийн сүрэг эх орны маань байгалийн сайхныг бахдуулна. Алтан - Овоо хайрханы бэлд нутаглах Дарьганга сумын уяач Аюурсэд, Сүхбаатар аймгийн Асгатын харьяат  аймгийн Алдарт уяач Лутбаяр, мөн сумын уяач Эрдэнэсүрэнгийнхээр аяны дөрөө мултлан, хүндэтгэл үзүүлж, Халзан сумын  тийш замдаа гарлаа. Энд бид Монгол улсын Манлай уяач Ухнаа гуайн хүү Адьяахүүтэй уулзсанаар Дорнодын аялал үндсэндээ өндөрлөсөн юм.
 Харин дараагийн “өртөө” Сүхбаатар аймаг байлаа. Манайхныг Баруун - Уртад ирэхэд хэдийнэ  гэгээ татарсан байв. Гэсэн ч үндсэн ажилдаа  орсон бид Монгол улсын Манлай уяач Ухнаагийн ууган хүү Гантөмөр, Өвөрхангай аймагт шилжин амьдарч байгаад ирсэн сумын Алдарт уяач Амарсайхан, Уулбаян сумын залуу уяач Баасандорж, Асгат сумын Алдарт уяач  Хүрэлбаатар нарт хүндэтгэл үзүүлэн  Баруун-Уртаас Уулбаян сумыг зорьсон юм.  Энд Ж.Мягмар гуайтай уулзсан бөгөөд намаржаандаа дөнгөж буугаад байхтай нь таарсан юм. Үүнээс төдөлгүй олноо Агваан багш хэмээн хүндлэгдсэн буурал уяачийнд зочиллоо. Түүнийг морины хорхойтнууд Тод манлай уяач Д. Ононгийн “Аварга хээр”-ийн унаган эзэн гэдгээр нь анддаггүй юм. Удахгүй бид Агваан багштай ярилцсанаа уншигч олноо хүргэх болно. Дараагийн хүндэтгэлийн эзэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Гэрэлт-Од байв. Алдарт уяачийн нэрийг нутаг орондооо гаргасан олон сайхан хурдан буянгууд бий. Гэрэлт-Од уяачийг нутаг усныхан нь адуу шинжихдээ гаргуун гэдэг юм билээ. Энд биднийг Мөнххаан сумын Засаг даргын орлогч Бат-Эрдэнэ хүлээн авч Өвөрхангай аймагт унаган адуу нь хурдалсан уяач Халтар, Гэрэлт-Од, Ганболд, Пүрвээ, Эрдэнэбаатар, Баттүвшин, Пүрэвжав гуай нарт хүндэтгэл үзүүлэн, Хэнтий аймгийн зүг хүлгийн жолоо заллаа. Хэнтий аймгийн Өндөрхаан хотод биднийг аймгийн уяачдын холбооны тэргүүн Санжаадорж найрсагаар угтан авч, энд “Арвагар хээр” холбооны зүгээс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Алдарт уяач Г. Чинбат, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баярбаатар, Босоожамсран, Чулуунбаяр, Ганбаатар, Лхагвадорж, Батдорж, Мягмаржав, Мөрөн сумын Дамдинсүрэн, Галшарын Санжаадорж, Минжүүр, Цагаанзандан, Хэрлэн сумын Хаянхярваа, Эрдэнэцогт нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Адал явдлаар дүүрэн аяллын маань оргил хэсэг хурдан морины түүхэнд хамгийн их үнэтэй хувь нэмэр оруулсан Өвгөн ноён Хардэл Жанжин бэйсийн нутаглаж,  адуу малаа хариулан уралдуулж байсан нутагт нь босгосон гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа. Ийнхүү нар зөв тойрон зүүн аймгийнхандаа хүндэтгэл үзүүлсэн “Арвагар хээр”-ийн аялал Дорнод аймгийн Баяндун, Чойбалсан, Сэргэлэн, Матад, Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Халзан, Мөнххаан, Хэнтийн Өндөрхаан хот, Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн хошуу нутгаар найман өдрийн турш аялж, гурван аймгийн 100 гаруй уяачдад гарын бэлгээ гардуулан, биечлэн талархлаа илэрхийлсэн юм. Энд сонирхуулахад Өвөрхангайчууд гаднаас 4500 гаруй хурдан удмын адуу авснаас 2100 нь Сүхбаатарын угшилтай гэдэг юм билээ.
Байгуулагдсан цагаасаа  олон зүйл дээр анхдагч байж чадсан “Арвагар хээр”-ийнхний 10 жилийн ой баяр талархал, ололт амжилтаар дүүрэн болж өндөрлөж байна. “Арвагар хээр” МСУХ-ны хамт олонд ажлын амжилт хүсч,   хорь, гуч, дөчин.... жилээр  дахин дахин баяртай уулзахыг ерөөлийг  ойн арга хэмжээнд оролцсон уяачдаас хүссэнийг дамжуулах таатай байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна