Аймгийн Алдарт уяач Х.Мөнхбат:Аймгийн наадмын цээжний арван адууг бараг л хэлчихдэг

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 05 -нд

-Холбооны үйл ажиллагаанд хэзээнээс оролцох болсон бэ? Өөрөөр хэлбэл тэргүүлэгчийн албыг хэдийнээс хаших болсон бэ?

-1999 онд амралтаа аваад “Говьшанхын хурд-1” уралдаан үзэхээр нутагтаа ирсэн чинь морины комисст орчихсон. Түүнээс хойш аймаг, болон бүсийн чанартай наадмуудын морины комисст орж ажилласаар 2004 оноос хойш уралдааныг гараанаас бариа хүртэл тайлбарладаг болсон. Манай аймаг морь гарсан цагаас эхлээд барианд орон ортол наадамчин олонд цагаан хоолойгоор тайлбарлан хүргэдэг уламжлалтай юм. Тэр үүргийг би хүлээнэ. Мөн телевизийн тайлбарыг ч давхар хийнэ. Сүүлд “Говьшанхын хурд-4”, аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны миний тайлбарласнаар  Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдэд хүрсэн.

-Тэгвэл Мөнхбат тэргүүлэгч өмнийн говийн цуутай хүлгүүдийн андахгүй юм байна даа?

-Битүү адуу олонтой уралдааныг тайлбарлах нь төвөгтэй байдаг даа. Хүмүүс гаднаас адуу их авч байгаа болохоор танихгүй морийг тайлбарлахад жаахан төвөгтэй байдаг.  Түүнээс бус дааганаасаа эхлээд уралдчихсан аймгийнхаа адуунуудыг бол мэдэлгүй яахав. Угшил гарвал,  уяа сойлго, амжилт гээд бүгдийг нь мэднэ. Хүн мэддэг юмаа ярихдаа өөртэй итгэлтэй байдаг шүү дээ. Би ч бас тэгдэг. Гаднаас авчирсан адуунуудын тухай бол хэлэх юм олдохгүй хэцүү байдаг юм. /инээв/

-Нээрэн ч тийм байх даа?
-Гэхдээ яахав, сүүлдээ аргаа олдог болсон.

-Яаж?

-Бүртгэлийн хүмүүстээ аль болох дэлгэрэнгүй тайлбар бичиж аваарай гээд захичихдаг болсон. Тэгээд уралдаанаас уралдааны хооронд нөгөө адуугаа судална. Хэний адуу юм, урд нь яаж давхиж байсан юм. Уяаны ямар онцлоготой юм гээд л. Эдгээрийг нь судалж байгаад уралдааны замд гаргаж буй онцлогуудтай нь нийлүүлээд үзэгчдэд хүргэнэ. Жишээлэл хүрэн азарга хошуу өлгөөд давхиж байна. Энэ азарга дунд хэрдээ тэгдэг, үзүүр лүүгээ иймэрхүү уралддаг гээд л...

-Олон жил морь тайлбарласан хүмүүс наадмын өнгийг урьдчилаад мэдчихдэг гэж байсан. Таны хувьд тийм прогноз байдаг уу?

-Ерөнхийдөө мэднээ. Тэр арав цээжинд гараад ирэх байх гэхэд  ямар ч байсан 70% нь үнэн байдаг. Үлдсэн хувьд нь битүү адуу юмуу уяачийн алдаанаас болоод өөр адуу ороод ирэх үе бий. Ихэнхдээ миний багцаалж байсан адуунууд орчихдог шүү. Морь тайлбарлаж байгаа хүн адууныхаа үүх түүхийг сайн мэддэг байхаас гадна морь хүүхэд хоёрын уралдааныг замд гаргадаг тактикийг сайн мэддэг. Түүгээрээ дамжуулж уралдааныг урьдчилаад хэлчихдэг чадвартай байх ёстой. Бариан дээр байгаа үзэгчид түүнийг л хүлээж байгаа шүү дээ. Мөн  эхний  10 адууны байр байдал, нөхцөл боломжоо хэр дайчилж байгааг үнэнээр нь  дуулгадаг байх ёстой. 

-Сүүлийн жилүүдэд амжилттай сайхан уралдаж байгаа ямар ямар хүлэг байна вэ? Тэр талаар сонирхуулаач?

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Чойсүрэнгийн Ганбатын унаган хул азарга байна. Энэ азарга бол дааган цагаасаа эхлээд аймгийн наадамд уралдсан. Дундаа ганц хоёрхон удаа л айрагт ороогүй байх. Том жижиг нийлсэн уралдаануудаас 30 гаруй түрүү, айрагтай гэж би сонссон. Ч.Ганбат энэ хул азарганыхаа амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Мөн Ханбогд сумын уач Нэхийтийн хонгор азарга байна. “Говьшанхын хурд-4“-т уралдаанд гурвалж, аймгийн 80 жилийн ойгоор түрүүлсэн. Өмнийн говийн нэрийг дуурсгасан өөр нэг хурдан хүлэг бол Номгон сумын уугуул, уяачдын холбооных нь тэргүүн Цэнгэлжаргалын “Гал хонгор” азарга байна. Үрээн цагаасаа эхлээд аймгийн баяр наадамд олон айрагдаж түрүүлэн, “Говьшанхын хурд-4”  бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхисан. Бас Төмөртогоогийн Батмөнхийн аймгийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан хурдан бор азарга байна. Бор азарга Дундговь  зүгийн адуу. Мөн аймгийн Алдарт уяач Энхсайханы бор азарга  байна. Энэ бор азарга аймгийн хэмжээний наадамд таван удаа аман хүзүүдсэн. Үүнээс дөрвөн удаагийнх нь Батмөнхийн бор азаргатай уралдаж орсон сонин түүх байдаг. Ханхонгор сумын уугуул МУ-ын Алдарт уяач Наранмандалын “Асгат хээр” хэмээх хурдан азарга байна. Энэ азарга Сүхбаатар аймгийн Асгатын адуу байгаа юм. Өнөө цагтаа сайхан хурдалж байгаа буян байгаа юм.

-Тэгвэл хэний ямар азарга амжилтаараа Өмнөговьтоо тэргүүлдэг юм бэ?

-Азарга болсон хойноо аймгийн наадамд дөрөв түрүүлсэн Ханхонгор сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Шоовдорын “Аварга зээрд” азарга л байна даа. Бага насандаа ч гэсэн бишгүй олон удаа айрагдаж түрүүлж байсан яахын аргагүй цагийг эзэлсэн хурдан буян. Үүний ард Цогтцэций сумын уяач Батмөнхийн бор азарга амжилтаараа орох болов уу.

-Их морины тухайд ямар ямар хүлгийг онцлох бол?

-Их морины хувьд олон жил давхисан адуу тийм ч олон биш. Дээхэн үедээ буюу 1980 хэдэн оны үед Ерэнтэйн Цэрэндоржийн “Нэгдэл” хүрэн олон жил тогтмол амжилттай сайхан давхиж байсан гэдэг. Түүнээс өөр олон жил амжилтаа хадгалсан их морь Ханхонгор сумын уугуул МУ-ын Алдарт уяач Наранмандалын ухаа, Манлай  сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мөнхбатын зээрд морийг дурьдаж болох юм.

-Мөнхбат тэргүүн уяачийнхаа хувьд бас чиг сайхан наадчихдаг хийморьтой эр гэсэн. Энэ талаар ярилцвал ямар вэ?

-Миний өвөг дээдэс удам дамжин хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж ирсэн уяачид. Түүнээс гадна аймгийн баяр наадмын зохион байгуулалтанд 1950 хэдэн оноос хойш гар бие оролцож байгаа морины зүтгэлтнүүд. Миний хүү С.Хүүбаатар 30 гаруй жил морины комиссоор ажилласан. Сумын уяачдын холбоог анх байгуулсан, нутгийнхаа олон уралдааныг амжилттай зохион байгуулсан хүн. Өмнөговьдоо олон жил түрүүлж айрагдсан Норовдоржийн бор азарганы төлөөр манай ах дүү нар болон нутаг усныхан маань олон жил наадсан. Сүүлд аймгийн Алдарт уяач Буянтогтох ах маань төлөөр нь сайхан наадсан.  Энэ хурдны гал голомтыг авч яваа миний хоёр нагац ах бий. Аймгийн Алдарт уяач Александр, Амгаланбаатар. Одоо уяж байгаа хүлгүүд нь аймаг, бүсийн наадмуудад айраг түрүүнд хурдалж байна. Миний хувьд ах дүү гурвуулаа морь уяж байна. Би хамгийн том ах нь. Миний хоёр дүү бас морь уяна. Миний яг адууг харж, морьдынхоо уяаг тааруулж байдаг Мөнх-Эрдэнэ маань энэ жил аймгийн Алдарт уяачийн болзол хангасан. Мөнхдэлгэр дүүгийн маань морьд бас их сайхан давхиж байгаа. Удахгүй цол зэрэгт хүрэх байх. Ийнхүү бидний ах дүүс дээдсүүдийн хурдан буянг залган хурдлуулж явна.

-Тэгвэл та чинь удам дамжсан уяач юм байна шүү дээ?

-Анх таван настайдаа морь унаж сураад соёолон хонгор үрээтэйгээ аймгийн наадамд ирж байлаа. Тэгсэн чинь морь эргэн дээгүүр үсрэхэд нь ойччихсон./инээв/Тэр үед одоо аймгийн Алдарт уяач болчихсон Батмөнх надтай хамт морь унаж явсан юм. Манай ээж Батмөнхийн багш л даа. Тэгсэн нөгөөх маань  “багшийн хүүхэд мориноос ойччихож. Морийг нь авч уралдахгүй бол болохгүй” гээд үрээг маань хажуудаа дагуулсаар дөрөвт оруулсан байдаг юм.

-Та өөрөө яасан, зүгээр үү?

-Зүгээрээ, жалга уруудууд гүйж явсан чинь мал эмнэлэгийн машин ирээд намайг аваад явчихсан. /инээв/Анх удаа хурдан морь унаж байгаа нь тэр. Хаа очиж сайн хүүхэд таарч морь маань айрагдчихсан. Тэгээд морь цоллуулахад нүүрнийх нь  тал улаан нялга болчихсон амьтан цэнгэлдэхэд баяртай нь аргагүй зогсож байж билээ. /инээв/ Хүүхэд гэж хөөрхөн амьтан шүү. Тэгж л анх хурдан морьтой холбогдож байлаа. Түүнээс хойш Цогтцэций сумын уугуул Ханшин баавайнхаа морийг олон жил унаж байгаад, наймдугаар ангиасаа эхлээд дагаж морь уясан. Есдүгээр ангийн зуны амралтаар Цогтцэций сумын наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртэж байлаа шүү дээ.

-Та чинь тэгвэл мундаг уяач байсан юм байна шүү дээ?

-Миний сайных гэж юу байхав. Ханшин баавайн л ач шүү дээ. Тэгээд 10-р дугаар ангиа төгсөөд цэргийн сургуульд яваад, тэндээсээ хилийн цэрэгт нэлээд олон жил ажилласан. Сүүлд 2000 онд аймагт шилжиж ирээд зүүн зүгээс хэдэн адуу аваад түүнээсээ хойш морь мал уяж байна. Тэр болтол нэг хэсэг хөндийрсөн шүү.

-Моринд орж байгаа хүн хамгийн түрүүнд сайн адуу цуглуулах ёстой. Магадгүй Алдарт ч  гэсэн тэр сонголтыг дагасан байх?

-Нэг хэсэг Яармагт тойруулгын уралдаан болдог байсан шүү дээ. Тэгэхэд мөн адууны дуудлага худалдаа зохиогдож Хэнтий, Сүхбаатар, Дорнодын морьдыг зарсан юм. Тухайн үеэр би аавтайгаа, манай нутгийн Батчулуун гуай, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ бид хэд очиж сонирхож байгаад аавтайгаа зөвлөн хонгор үрээг авч, азарга тавьсан. Тухайн үед манай нутагт зун нь гантай, өвөл нь зудтай цаг хатуу байсан ч Булган сум бусдаасаа арай гайгүй байдаг байсан. Тэгээд манайхан адуугаа тэнд аваачсан юм.

-Зүүн зүгийн угшилтай хонгор шүдлэнгээ уралдуулсан уу?

-Уралдуулалгүй яахав. Хонгор азарга маань аймгийн чанартай наадамд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. 2010 онд Аймгийн Алдарт уяач цол авахад болзолын 70 хувийг хонгор азарга маань дангаараа биелүүлсэн байсан. Одоо үр төл нь ч гэсэн сайхан давхиж байна. Миний хонгор азарга Өмнөговь аймгийн анхны зүүн зүгийн адуу байх шүү. Тухайн үед хүмүүс тэгтлээ адуу мал зөөдөггүй байсан юм. Хонгор азарга маань Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Сумъяагийн унаган адуу юм билээ. Шүдлэндээ улсын наадамд 12-оор давхиад, би хавар хязааланд нь авсан юм. Эхний жилдээ зудтай байгаад уралдуулж чадалгүй, соёолонд нь аймагт мордуулахад хүүхэд нь унаад наймалсан. Хавчигтаа 2004 оны аймгийн наадамд түрүүлж, 2005, 2006 оны наадмуудад  айрагдсан. Мөн Баяндалай сумын 60 жилийн ойн наадамд түрүүлсэн гээд яриад байвал олон доо. Миний хонгор азарга бол нэхэж уралддаг онцлоготой адуу юм. Уралдаан холхон зайнаас байгаасай гэж хүсдэг байлаа. Хэдэн ч азарга уралдсан гараан дээрээ сүүлээсээ хоёр гуравт үлдэж, газрын тэг дундаас хойш цээжний арав дотор орж ирэн, бариан дээрээ айргийн тав руу  орж ирдэг онцлоготой адуу байгаа юм. Нарийн уяа сойлго шаарддаггүй. Одоо төлүүд нь залгаад уралдаж байна. Эцгээсээ томируун сайхан үрээнүүд гарч байгаа.
Хонгор азарганы шийрийг хатаасан хурдан хүлгүүд төрөх болтугай. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна