Т.Даваадорж: Тойруулга адууны хурдны энэ оргил үе үндсэндээ хоёр шаргаар шувтарсан

Тэлмэн
2014 оны 5-р сарын 13 -нд

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Төмөржаагийн Даваадорж  энэ удаагийн маань зочноор уригдлаа. Тэрээр 1947 оны гуравдугаар сарын 2-ны өдөр малчин ард Төмөржаагийн хоёр дахь хүү болон мэндэлсэн бөгөөд бага насаа хөдөөний багачуулын нэгэн адил эцэг эхийн гар дээр өнгөрөөж, таван настайдаа морь унаж суран, зургаан настайгаасаа хурдан морь унаж уралдах болжээ.
Эцэг Төмөржаа нь адуунд хайртай, хурдан морь уях дуртай нэгэн байсан агаад үндэсний бөхөд ч элэгтэй ханддаг байсан гэдэг. Тиймдээ ч гурван хүүгээ Их аварга Б.Түвдэндоржид шавь оруулан  үндэсний бөхөөр хичээллүүлсний үр дүнд хүү Даваадорж нь 1960 онд Ардын хувьсгалын 39 жилийн ойгоор хүүхдийн барилдаанд түрүүлж “Улсын шонхор” цол, хүү Дашцоодол нь үзүүрлэж “Улсын харцага” цол хүртэж, тэр жилдээ Төв аймгийн 40 жилийн ойн баярын хүүхдийн барилдаанд дүү Дашцоодол нь түрүүлж, Даваадорж үзүүрлэн бөхөд хайртай түмнээ баясгаж байжээ. Ийнхүү хүүхэд ахуйдаа уран мэхийг уралдуулан наадамчин олноо цэнгүүлж явсан бяцхан хүү хожмоо морин спортын нэрт төлөөлөгчдийн нэг болж, адуунд хайртай аавынхаа магнайг тэнийлгэсэн юм.
МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН УУГАН МАСТЕР БОЛЖ БАЙЛАА
-Монголд  сонгомол морин спортыг үүсгэн байгуулж, хөгжүүлэгчдийн нэг гэдгийг уншигчдын маань олонх нь мэдэх ч ярилцлагаа энэ сэдвээр эхлэх нь зүйтэй хэмээн бодож байна. Таныг энэ замд хэн хөтлөн оруулсан юм бэ?
-Сонгомол морин спорттой амьдралаа холбосноо ярихын тулд морин тойруулгын талаар эхэлж ярих нь зүйтэй байх. Морин тойруулга анх 1957 онд Их тэнгэрийн амны хойно, Туул голын ард байгуулагдаж 1962 оныг хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяанд улирлын чанартай тойрог замын морин уралдааныг  зохион байгуулдаг байсан. Тэгж байгаад 1962 онд Батлан хамгаалах яамны харьяалалд шилжээд морин рот байгуулсан юм. Тэрхүү морин рот нь аж ахуйн, морин сургуулийн гэсэн хоёр салаатай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Морин ротынхоо дэргэд морин спортын секц байгуулж, 14-өөс дээш насны хүүхдүүд хамрагдан хичээллэж, саад харайлтын төрөл, морин дээрх янз бүрийн тоглолтын төрлүүдийг хөгжүүлж байсан юм.
-Олон хүүхэд хамрагдаж байв уу?
-30-аад хүүхэд суралцаж байсан. Тэгээд 1965 онд тэднээс арвыг нь шалгаруулж тойруулгын орон тооны шигшээ багийн тамирчнаар аваад цалинжуулах болсон юм. Тэрхүү анхны шигшээ багийн арван тамирчны нэг нь миний бие. Гурван жил шигшээ багийн тамирчнаар ажиллаж байгаад 1968 онд тухайн үеийн ЗХУ-ын Дон-Ростов хотын морин сургуульд дасгалжуулагчийн мэргэжлээр суралцахаар явсан. Надтай хамт манай шигшээ багийн Бямбажавын Даш, Жамбалдоржийн Дашдорж, Чүлтэмийн Сүхбаатар гэсэн гурван тамирчин явсан бөгөөд бид тус бүртээ өөр өөр чиглэлээр мэргэшсэн. Миний бие сонгомол морин спортын саад харайлтын төрлөөр, Даш уран явдлын төрөлд, Дашдорж хурдан морины уяачийн төрлөөр, Сүхбаатар болохоор хурдан морь унаачийн чиглэлээр суралцсан.
-Бодлоготойгоор салбар тус бүрт боловсон хүчин бэлтгэж байсан юм биз дээ?
-Тийм шүү.Тэр үед бодлогогүй үйлдэл гэж байсангүй. Ингээд бид дөрөв 1970 оны долдугаар сард төгсөж ирээд өөр өөрсдийн мэргэшсэн төрлөөрөө ажиллаж эхэлсэн дээ. Миний хувьд морин спортын саад харайлтын төрлийнхөө цол зэргийн нэгдсэн ангиллыг анх боловсруулж, тамирчдаа бэлтгэх гээд ажил ундарч эхэлсэн. Цол зэргийнхээ ангиллыг 1970 онд боловсруулаад, 1971 онд албан ёсоор батлуулж, 1972 оноос тэмцээн уралдаан зохион байгуулж эхэлсэн.
-Таныг Монголын морин спортын ууган мастер болж байсан гэдэг байх аа?
-Бид Орост суралцаж байхдаа цол зэрэг олгох тэмцээн уралдаанд оролцож, миний бие нэгдүгээр зэрэгтэй, Даш хоёрдугаар зэрэгтэй, нөгөө хоёр маань мэргэжлийн үнэмлэхтэй ирж байлаа. Харин Монголын анхны цол зэрэгтэй тамирчид 1972 оноос төрж эхэлсэн. Бүр тодруулбал, 1972 оны зэргийн тэмцээнд миний бие Монголын анхны морин спортын ууган мастер болж байсан юм. Ингээд миний араас гурав, хоёрдугаар зэрэгтэй тамирчид гарч ирсээр 1974 оноос  өндөр зэрэгтэй буюу нэгдүгээр зэрэгтэй тамирчид, спортын мастерууд төрөн гарсан.
-Таны дараа спортын мастер цолыг хэн авч байсан бэ?
-Миний дараа төрсөн спортын мастер бол манай Цэрмаа байгаа юм. Биднийг Орост сургуульд явсны дараа шигшээ багт тамирчид авахад Цэрмаа шалгарч орсон.
-Тэгвэл ах, дүү хоёр анхдагч мастерууд болж байсан юм байна шүү дээ?
-Тиймээ. Бид ээж ааваасаа наймуулаа. Наймаас гурав нь спортын мастер цолтой. Цэрмаа бид хоёроос гадна Төрмөнх гэж дүү маань морин спортын мастер цолтой. Дашцоодол маань нэгдүгээр зэрэгтэй.
-Төмөржаа гуайг тойруулгын адуу маллаж байсан гэдэг билүү?
-Морин тойруулгын адууны нэг хэсгийг нь цэргүүд маллаж, миний аав төвд байдаг спортын чиглэлийн адууг нь маллаж байсан хүн. Тэгээд л бид аавыгаа дагаж, хар багаасаа морь унаж суран, сүүлдээ секцэнд явж байгаад тамирчин болсон нь энэ. Залгаад хүүхдүүд маань энэ спортоор хичээллэсэн. Манай хүү Батбаатар  Монголын хамгийн анхны Олон улсын хэмжээний мастер, Цэрмаагийн хүү Бат-Эрдэнэ МУ-ын Тод манлай уяач, Батболд нь морин спртын мастер цолтой.
-Үе дамжин Монголын морин спортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа та бүхнээр бахархахаас аргагүй юм?
-Баярлалаа. Морин спортын  тамирчид чадавхжихын хэрээр энэ спортыг сонирхдог хүүхэд багачуул олширч, нэг үе маш эрчимтэй хөгжиж байсан юм шүү. Жил бүр 25-30 хүүхэд секцэнд хамрагддаг. Улсын баяр наадам болон томоохон баяр ёслолыг манайхны морин үзүүлбэрүүд л чимдэг байсан.
-Тэр үед ер нь ямар хүүхдүүд секцэнд хамрагддаг байсан юм бэ. Сүүлийн үед морь унах хүүхэд олдохоо байлаа л гэлцэх юм?
-Ерөөсөө хотын хүүхдүүд л ирж суралцдаг байсан ш дээ. Анхан шатны сургалтын элсэлтээ жил бүрийн тавдугаар сарын сүүлээр аваад есдүгээр сар, сургуульд ортол нь хичээллүүлдэг байсан. Анхан шатны тамирчдад морьтой яаж харьцахав, яаж зөв морио унахав гээд бүх л зүйлийг нэг бүрчлэн заана. Намар гэхэд хүүхдүүд хэзээний морь унаад сурчихсан байдаг байсан. Одоо гол нь хүүхэд морь унаж сурах орчин алга байна шүү дээ.
"МОРИН ТОЙРУУЛГА" МОНГОЛЫН МОРИН СПОРТЫН ХӨГЖИЛД ҮЛЭМЖ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН БАЙГУУЛЛАГА
-Хүүхэд байсан хэдий ч морьтонгуудын гайхамшигт үзүүлбэр гайхалтай санагддаг байж билээ?
-Би морин тойруулгад 43 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Дасгалжуулагчаар төгсч ирээд 1970-1979 онд ахлах дасгалжуулагч, 1977- 2007 оныг хүртэл морийн тойруулга буюу Морин спорт сургалтын төвийн даргаар ажилласан. Энэ хугацаандаа морин спортын төрөл бүрийн үзүүлбэрийн суурь үндсийг тавьж, заавар, дүрмийг боловсруулж тамирчдаа бэлтгэж байлаа.
-Нэлээд олон янзын үзүүлбэр үзүүлдэг байсан байх шүү?
-Бургас цавчилт, морин дээрх барилдаан, дарцаг хатгаж шүүрэх, морин дээрх гимнастик, морин ёсолгоо, эмнэг булгиулалт, тэрэгтэй уралдаан, цанатай уралдаан гээд арав гаруй төрөл бий. Жишээлбэл, цанатай уралдаан гэдэг нь цанатай тамирчдаа мориор чирээд цасан дээгүүр уралдахыг хэлж байгаа юм. Харин тэрэгтэй уралдаан гэдэг нь тусгай уралдааны тэргийг хатирч моринд хөлөглөөд уралдуулна. Хатирч байхдаа алдаа гаргавал торгууль авах жишээтэй. Ер нь морьтой холбоотой хийж болох бүхий л үзүүлбэрүүдийг үзүүлж, үзэгчдээ баясгадаг байсан.
-Тамирчид бэртэж гэмтэх тохиолдол хэр олон гарч байсан бэ?
-Тамирчдаа эхнээс нь маш сайн бэлтгэж, дүрэм журмаа ягштал биелүүлдэг байсан болоод тэр үү, айхтар гэмтэж бэртэж байсан тохиолдол үгүй. Саадан дээгүүр харайх явцад морьтойгоо унах, ойчих явдал байдаг ч хүнд бэртэл гэмтэл авч байгаагүй.
-Сонгомол морин спорт цэцэглэн хөгжиж байх тэр үед жилдээ хичнээн тэмцээн уралдаан зохион байгуулагддагбайсан юм бэ?
-1970 хэдэн оноос хойш үзүүлэх тоглолттойгоо нийлээд жилдээ арваад тэмцээн зохион байгуулчихдаг байсан. Тэгээд бүтэн сайн өдөр бүр тойргийн уралдаан зохион байгуулж, хажуугаар нь үзүүлэх тоглолтоо хийнэ. Энэ жишгээр 1986 он хүртэл үргэлжилсэн шүү. Яагаад гэхээр 1986 онд морин тойруулгыг нүүлгэн шилжүүлсэн юм. Тухайн үед морин тойруулга одоогийн “Дүнжингарав” худалдааны төвийн урдхантаа байдаг байлаа. Тэгээд нийслэлийн ундны усны эх булаг  дээр биеийн тамир, спортын олон нийтийг хамарсан арга хэмжээ явуулж болохгүй гэсэн шийдвэр гаргаад нүүлгэн шилжүүлж Баянхошуу, Яармагт шилжин байршиж Морин спорт сургалтын төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
-Одоо спортын секц дугуйлангаар тамирчид бэлтгэж байгаа юу?
-Одоо орон тооны тамирчин гэж байхгүй. Цөөвтөр тамирчдыг сайн дурын үндсэн дээр хичээллүүлэн Улаанбатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үзүүлэх тоглолтуудыг зохион явуулж байгаа. 2013 оноос ахмад тамирчдынхаа дунд “Морин спортоо эргэн дурсахуй” саад харайлтын тэмцээнийг явуулж, цаашид жил бүрийн намар зохиож байхаар шийдвэр гаргасан.
-Хуучны дурсамж сэргээд сайхан байсан биз?
-Тэгэлгүй яахав. Болдог бол өмнөх шигээ мэргэжлийн тамирчид бэлтгэх, сонгомол морин спортоо дахин сэргээмээр л байна шүү. Өнөөдрийн байдлаар морин тойруулгаас спортын мастер 38, дэд мастер 8, зэрэгтэй тамирчин 400-гаад, улсын шүүгч 15, зэрэгтэй шүүгч 200 гаруй төрсөн байдаг юм шүү дээ.
-Уран уургач, бугуйлчийн тэмцээнийг ч гэсэн танайхаас зохион байгуулдаг билүү?
-Тиймээ, үндэсний спортын хөгжлийг дэмжихээр уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын шилдгүүдийг тодруулдаг болсон. Энэхүү тэмцээнд аймаг бүрээс шалгарсан нэг уургач, нэг бугуйлч, нэг эмнэг булгиулагч төлөөлөн ирж улсын аваргын тэмцээнд оролцож байгаа. Хамгийн анхных нь 1979 онд Булган аймгийн Могод суманд болж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасраагүй, жил бүр зохион байгуулагдаж байгаа. Морин тойруулга Монголын морин спортын хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсан байгууллага юм шүү. Жишээлбэл, айргийн таван морины бариач, хурдан морь цоллоочийг хүртэл тусад нь бэлтгэж, тэдний хөдөлмөрийг үнэлэн урамшуулах механизмыг боловсруулж байлаа. Морь цоллоочийн цол зэргийн нэгдсэн ангиллыг 2002 онд боловсруулаад 2004 онд улсын цол зэргийн нэгдсэн ангилалд оруулсан. Түүнчлэн уран уургач, бугуйлчид спортын мастер болон дэд мастер цол олгодог болсон. 2002-2007 онд уургачийн төрлөөр спортын мастер цолыг гурав, дэд мастер цолыг нэг, бугуйлчийн төрлөөр спортын мастер цолыг тав, эмнэг булгиулалтын төрлөөр спортын мастер цолыг дөрөв, дэд мастер цолыг нэг тамирчин, улсын морь бариач цолоор ес, улсын морь цоллогч цолоор зургаа, улсын Манлай уяач цолоор 30-аад, Алдарт уяач цолоор 300-гаад, улсын “Хараацай” хурдан морь унаач хүүхдийн цолоор 40-өөд, аймгийн аварга, тэргүүний уяач хэдэн зуугаараа төрөн гарсан байгаа юм. Тэр бүү хэл, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дэргэдэх Морин спортын холбоо, Морин спорт сургалтын төв хамтраад уяачдад улсын алдар цол өгөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг анх гаргаж, цол зэргийн нэгдсэн ангиллыг нь боловсруулан гаргаж байлаа. Үүнийг зарим нэг нь мэддэггүй юм шиг байдаг юм. 1981 онд Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс Данзанням, Цэгмид, Төрбадрах, Сундуй, Даваахүү, Түвдэн, Самдан, Гарамжав, Гэсэрваань нарын арван хүнд МУ-ын Алдарт уяач цол өгч байсан. Үүнээс гадна хурдан морины уралдааны дүрмийг шинэчилж, бүр дүрэм гэдэг юм бий болгон батлуулж суурийг нь тавьсан хүмүүс бол мөн л манай тойруулгынхан шүү дээ.
НӨХӨРСӨГ УРАЛДААНД ИРСЭН ЗУРГААН АЗАРГА ТОЙРУУЛГА АДУУНЫ ГОЛ ЦӨМ БОЛСОН
-Бидний ярилцлагын дараагийн сэдэв морин тойруулгын шандаст хурдан хүлгэдийн угшил гарвал, үүх түүх, амжилтын талаар байх юм. Энэ талаар хамгийн ойроос мэдэх хүн нь таныг хэмээн бодож байна?
-1962 онд морин рот гэж байгуулагдаад Жаргалантын сангийн аж ахуй буюу хуучин морин заводаас 200 адуу авчирсан юм. Тэгээд дээр нь Хэнтий аймгийн сумдаас мөн үржлийн чиглэлийн 100 гаруй адуу авчирч, нийтдээ 300 гаруй адуутай болсон юм. Түүний дараа 1966 онд хуучин ЗХУ-ын Дон-Ростов хотын нэгдүгээр морин заводоос нөхөрсөг уулзалт уралдаан хийхээр зургаан хурдан азаргатай баг ирж. Тэрхүү зургаан азарга нь Оростоо уралдаж түрүүлж, айрагдаж байсан нэр алдартай адуунууд. Хязаалан, соёолон, хавчиг азарганууд ирж байсан. Энэхүү нөхөрсөг уралдаанд Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөл эртнээс бэлтгэж, Чүлтэмсүрэн гуайн хээр морь, Готов гуайн саарал азарга, Хайдавын бор, Гүргэнжавын бор гээд Улсын баяр наадамд уралдаж байсан мундаг адуунуудыг худалдаж аван цуглуулж уясан. Тэгээд 1200, 1400, 1600, 2400, 3200 метрийн зайд уралдахад Оросоос ирсэн зургаан азарга уралдсан зай болгондоо түрүүлж, манайхны адуу ойрын зайд хаана нь ч хүрэхгүй гэдгээ харуулсан уралдаан болсон. Тэгээд нөхөрсөг уулзалт уралдаан дууссаны дараа Оросын тал нөгөө зургаан азаргаа Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах туслах нийгэмлэгт бэлэглэчихээд буцсан юм. За ингээд бэлгэнд ирсэн азаргануудаа тэжээж, арчилж байгаад 1967 оны Улсын наадамд гурвыг нь уяж уралдуулж. Ингэхдээ хоёрыг нь их насанд, нэгийг нь азарганд уралдуулан манай дүү Дашцоодол бид хоёр унаж байлаа.
-Тэгээд яаж давхисан бэ?
-Өвөлжин тэжээн уралдах зайг нь аажим аажмаар нэмж бэлтгэл базаасан ч амжилт үзүүлээгүй.
-Нөгөө гурван азаргыг нь яасан юм бэ?
-Нөгөө гурвыг нь үржилд оруулсан байсан юм. Тэгээд 1968 оноос нөгөө уралдсан гурваа ч гэсэн үржилд оруулаад, тэгээд л тойруулгын нөгөө алдарт азарганууд чинь төрж эхэлсэн дээ. Анхны төлүүд нь алдарт Их салхин, Тогоруу халтар, Солонго цавьдар халзан, Алтангадас хүрэн халзан зэрэг хурдан буянгууд шүү дээ.
Тойруулгын хэдэн азарганаас хамгийн сайн төл өгсөн нь Алтангадас байх шүү
-Улсын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан “Их салхин” хэмээх цуут хүлгийн эцэг нь ямар азарга байсан юм бэ?
-Их салхины эцэг нь 1967 оны Улсын наадамд азарганд уралддаг Колизей хэмээх халзан азарга байсан. Их салхин тэр халзан азарганы гал төл. Улсын баяр наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Түүнээс ч илүү амжилт үзүүлэх адуу байсан ч золгүй тохиолдлоор эндчихсэн юм. Та нар дуулаа л байлгүй дээ. Хуучин тойруулгаас төв цэнгэлдэх ойрхон шүү дээ. Манайх өдөр нь адуугаа гаргачихдаг байсан юм. Тэр үед ойр орчимд нь байшин барилга гэж байхгүй, эзгүй тал. Тэгсэн нэг бороотой өдөр Их салхин идээшилж яваад цэнгэлдэхийн гэрэлтүүлгийн шонг шөргөөж байгаад тогонд цохиулаад эндчихсэн байсан. Тэр шонгийн цахилгааны таг нь эвдэрчихсэн байсан юм билээ л дээ. Хар багаасаа суурин маллагаанд сурчихсан номхон амьтан чинь түүнийг нь шөргөөж байгаад тогонд цохиулчихсан байсан.
-Их салхины дөрөв, тавдугаар үеийн төлүүд гээд хурдлаад байдаг. Ер нь хэдэн эр төл өгсөн юм бэ?
-Эхний төл нь Алтангадас. Алтангадасын эх нь Жаргалантын морин тойруулгаас ирсэн ухаа гүү байсан юм. Алтангадас Улсын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан адуу. АХ-ын 59 жилийн ой буюу 1980 онд түрүүлээд, 1984,1985 онд дөрвөөр давхисан. Халзан азарга хурднаас гадна үр төл сайтай. Тойруулгын хэдэн азарганаас хамгийн сайн төл өгсөн нь Алтангадас. Алтангадасын төл Бага салхин азарга, анхны “Их хурд”-д аман хүзүүддэг Түмэн эх хээр халзан, Янзага зээрд халзан, Идэр хээр морь гээд аварга хүлгүүд олон төрсөн.
-Солонго цавьдар чинь мөн Их салхины төл биз дээ?
-Тэгэлгүй яахав. Их салхины төлүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Солонго цавьдар байна. Цавьдар халзан азарга 1981 онд шүдлэндээ түрүүлээд, түүнээс хойш 1988 он хүртэл Улсын наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан адуу. 1984 онд л айрагдаж чадаагүй. Даваахүү манай уяачаар ажиллаж байхдаа надаас болон Гүррагчаа даргаас зөвшөөрөл авч байгаад цавьдар азарганд нэг шүдлэн байдас тавьсан юм. Тэгээд гарсан төл нь Зул хонгор. Их салхины өөр нэг төл бол бас хэд хэд айрагдсан Сүмбэ шагай гээд хүрэн азарга байна.
-Домогт хурдан Тогоруу халтрын хувьд?
-Тогоруугийн эцэг нь нөгөө зургаагийн нэг Индекс гэдэг азарга байсан. Халтар азарга Улсын наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан. Эрдэнэчулууны хоёр шаргын өвөө шүү дээ. Эцэг халтар азаргыг нь шүдлэн үрээ алдаад бөөн асуудал болж байж нэлээд хэдэн жилийн дараа буцаан авч байсан юм.
-Харин нэг тийм яриа байдаг?
-Юм үнэнээрээ сайхан л даа. Манай нэг адуучин нөхөр халтар үрээг шүдлэнд нь хойш нь гаргачихгүй юу. Тэгээд хоёр жилийн дараа Улсын наадмын соёолон хараад Айдасын давааны овоог тойрч явтал халтар үрээ гараад ирлээ. Хүүхдээс нь “за миний хүү хаанахын адуу вэ гэсэн чинь Сэлэнгийн Баруунхараа” гэж байна. “Хэнийх вэ” гэсэн чинь “Болдынх” гэнэ. “Орос Болдынх уу” гэсэн чинь “тийм” гэнэ. Орос Болдыг би сайн танина л даа. Соёолон уралдчихлаа. Маргааш ахиад гурван нас уралдана. Наадам дээр элдвийн юм хэлээд яахав гэж бодоод дуугүй өнгөрлөө. Тэгээд сүүлд нь Болдыгоо олж уулзаад “за Болд оо, манай нэг алдсан үрээ чамд байна” гэсэн чинь “би хулгай хийгээгүй ээ, Гомбо наадахыг чинь гаргаж өгсөн. Тэгээд би шүдлэн үрээ аваачаад уясан нь энэ” гэж байна. Тэгэхээр нь би “Болд оо, хэрэггүй шүү. Нэгд, чи бид хоёр биенээ мэднэ. Хоёрт, морь хар уядаг улс хоорондоо эвдрэлцээд яахав. Чи зүгээр эргүүлээд өгчихөөрэй. Миний ч юм биш, засгийн адуу” гэсэн чинь хойтон хавар нь Болд өөрөө нөгөө Гомбод бүр авчирч өгсөн байсан. Тэгсэн нөгөө нөхөр дахиад Эрдэнэчулуун руу гаргасан байгаа юм. Эрдэнэчулуун чинь манай Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Бямбаа гуайн тэргийг барьж байсан хүн шүү дээ. Яг тэр үедээ бол ажлаасаа гарчихсан байсан л даа. Би түүнийг нь мэдэхгүй Болдоос ахиад нэхэхгүй юу. Тэгсэн өгсөн болоод, Гомбыгоо хөөж байгаад уулзтал “Өгнө, өгнө” гээд байдаггүй. Тэгээд сүүлд нь Эрдэнэчулуунаас нэхээд байсан чинь “Даваадорж гуай, би одоо өгчихнө, өгчихнө” гээд л байсан. Тэгсээр нэг, хоёр жил болгочихгүй юу. Тэр зуур энэ хоёр шарга гарсан.
-Халтар азаргыг эргүүлж аваад гайгүй төл гарсан уу?
-Халтар азарга хоосонгүй юм байна, бид л алдаж байж гээд хэдэн сайхан гүү тавьсан ч олигтой юм гараагүй ээ.
ДАВААХҮҮ ХАМГИЙН АЗТАЙ НЬ
-Гарамжав Манлайн халтар азарга ямар түүхтэй вэ?
-Гарамжав гуай тойруулгад уяачаар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхдээ Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга, дэслэгч генерал, Хөдөлмөрийн баатар Жамъян гуайд хүсэлт тавиад, бас надад хэлээд Тогоруу халтарт ганц гүү тавьсан юм. Тэгээд гарсан нь Гарамжав гуайн АХ-ын 68 жилийн ой буюу 1989 онд дөрвөөр давхидаг халтар азарга. Гарамжав Манлайн энэ халтар азарга бол анхны Тогоруугийн төл шүү дээ. Хүмүүс Эрдэнэчулууны хоёр шаргын эцэг халтартай андуураад байдаг. Тэр үед шаргуудын эцэг гараа ч үгүй байсан.
-Өвгөн Тогоруу хэд хүрсэн юм бэ?
-19 хүрсэн.
-Тэгвэл хоёр шаргын эцэг. Цандэлэг Тод манлай миний гар дээр нүд анисан гэж ярьдаг юм билээ?
-Шаргуудын эцгийг Эрдэнэчулуунаас авчраад 2-3 жил гүү хураалгасан ч олигтой юм гараагүй. Тэгсэн Цандэлэг “Даваадорж ах аа, та халтар азаргаа надад худалдчихаач. Би Эрдэнэчулуунаас шаргуудын эхийг авахаар болсон” гэсэн. Тэр үед бор гүү нэлээн хөгширчихсөн байсан ч Цандэлэг би ганц хоёр төл авчих байх гэхээр нь халтар азаргыг өгсөн юм. Тэгсэн бор гүү Цанаад очихоосоо өмнө Эрдэнэчулуунд байхдаа осгоод үхчихсэн. Тэгээд халтар азарга Цандэлэгийн адуунд байж байгаад нүд аньсан байх.
-Морин тойруулгын адуу хаашаа, хаашаа гарсан бэ. Уулзсан хүн бүр л тойруулга угшилтай адуу гэлцэх юм?
-Тойруулга адууны угшилтай л гэх юм. Харахаар яс хийц нь орчихсон, шингэчихсэн адуу байхгүй. Би нэлээн хэдэн жил энэ адууг дагасан болохоор ерөнхий хийц, хэлбэр галбирыг нь мэдэлгүй яахав дээ. Тойруулга угшилтай адуунууд хэнд байна вэ гэхээр Даваахүүд, Гарамжав гуайн хүүхдүүдэд, Эрдэнэчулуунд л байна. Би 1979 оноос хойш энэ адууг барьсан хүн шүү дээ. Эндхийн бүх адуу хувийн номер, тамгатай. Тэр хүмүүс хаанаас юу авчихаад тэгж ярьдгийг ойлгодоггүй юм.
-Нэгэн үе төрийн наадмыг түүчээлж байсан тойруулга угшилтай адуу өдгөө төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгааг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Эрлийз адууны оргил үе гэж байдаг. Даваахүү хамгийн азтай нь. Яагаад гэхээр тойруулга адууг ид хурдан байхад очиж хурдлуулж байлаа. Тэр үед манайхаас өөр газар эрлийз цустай адуу байдаггүй. Тэгээд одоогийнхтой адилхан ялгадаггүй. Нэг, хоёрдугаар үеийн эрлийзүүд уралддаг. Цусны бэлэн давхилтай тийм адуутай ямар ч сайн монгол адуу байсан уралдахгүй шүү дээ. Тойруулга адууны хурдны энэ оргил үндсэндээ хоёр шаргаар шувтарсан. Дээр нь дээхнэ үеийнх шиг хангамж алга. Тэр үеийн тойруулгын адуу чинь тэжээгдэж уягддаг байлаа. Оргил үедээ бид жилдээ 700 тонн өвс, 70 тн овъёос татаж аваад морьдоо тэжээдэг байсан. Сүүлдээ арай багасаад 400 тонн өвс, 50-60 тонн овъёос авдаг болсон. Ийм хангамж тэжээлтэй адуу амжилт гаргахгүй гээд яах юм. Одоо тийм хангамж байхгүй. Дээр нь хөрөнгө мөнгөний бололцоогүйгээсээ болоод адууныхаа цусыг холдуулж, чанарыг нь сайжруулж чадахгүй байна шүү дээ. Би зах зээлийн ороо бусгаа үед ёстой атгасаар байж тойруулгын хэдэн адууг авч үлдсэн.
-Сайн  азарганууддаа гүү тавиулах зэргээр менежмент хийж болохооргүй байсан уу?
-Тийм юм хийвэл хэрэгт орно шүү дээ. Нэг жилийн Улсын наадмын дараа Даваахүү бид хоёр ярьж байгаад уядаг хэдэн адуугаа Баянцагаан руу гаргахаар боллоо. Соргог бэлчээрт, хужир устай газар намрын отор хийе гэж бид тооцохгүй юу. Тэгсэн чинь тэр дор нь генерал намайг дуудаад “Яг одоо яв. Адуу олж ир, Даваахүү та хоёр юу хийх гээд тийшээ явуулж байгаа юм” гээд загнасан. Тэр үед тойруулгын дарга мотоцикль унадаг байсан юм. Түүнийгээ унаад хүүгээ сундлаад Баянцагаан гараад давхичихсан. Даваахүү адуугаа туусаар аавындаа оччихсон байж байна. Тэгээд  “за Даваахүү минь, чи хоноггүй буцаагаад аваад оч. Аягүй бол чи бид хоёул халагдана шүү” гээд авчруулж байлаа шүү дээ. Тийм байхад гүү мал тавиулах. Манайх чинь цэргийн диктатуртай байгууллага шүү дээ. Дарга үг хэлэхэд “Мэдлээ, гүйцэтгэе” гэхээс өөр үг байхгүй /инээв/. Би тэтгэвэрт гарахдаа Жаргалзоригт 300 гаруй адуу хүлээлгэж өгсөн. Лүн сумын нутагт маллаж байгаа гэнэ лээ.
МАНАЙ АДУУНД ТОГОРУУГИЙН ТӨЛ Ч БИЙ, АЛТАНГАДАСЫН ТӨЛ Ч БИЙ
-Бидний ярилцах гурав дахь сэдэв бол  МУ-ын Манлай уяач Даваадоржийн хурдан хурц хүлгэд, амжилтын тухай байх юм?
-Одооны жишгээр яривал би Тод манлай уяачийн болзлыг ч давуулан биелүүлсэн хүн /инээв/. 1979 онд клубын даргаар томилогдсоноос хойш тойруулга адууг өсгөн үржүүлэх, уяж хурдлуулах, арчилж маллах гээд бүхий л зүйлд оролцож явлаа. Намайг морин тойруулгын даргаар ажиллаж байх үед манай морьд  Их хурд, улс, бүсийн уралдаануудаас 15 түрүү, 28 айраг хүртсэн байдаг юм. Тэрхүү хөдөлмөрийг маань үнэлэн энэхүү цолыг олгосон байх.
-Та хэдэн онд Манлай уяач цолоо авсан юм бэ?
-2002 онд юм байна. Хоёрдугаар сарын 12-ны өдөр олгов гэсэн байгаа биз /Батламжаа харуулав/. Тэгээд 2007 онд тэтгэвэртээ гараад клубтээ нэг жил зөвлөх хийсэн. Түүний дараа хэдэн адуугаа авч хөдөө гараад хэдэн жил боллоо.
-Манлайн адуунд ямар, ямар хурдан буянгуудын удам угшил чуулсан бол?
-Нууж хаагаад байх юу байхав. Тогоруугийн төл ч байж л байна. Алтангадасын төл ч бий. Солонгын эр охин төл ч бий. Гэхдээ би уядаггүй юмаа. Манай хүү Батаа уяна. Нэг хэсэг тойруулгын уяачаар ажилласан хүн шүү дээ. Бас манай хүргэн уяна. Булган хавиараа сайхан л давхиулаад байдаг сурагтай байна лээ.
-Манлай армийн алба хашиж явсан хүн байна. Цолтой биз?
-Хурандаа цолтой. Мөн ЗХУ-ын спортын дэд мастер цолтой. Сүүлд Ташкентад болсон тэмцээнд оролцож дэд мастерын болзол хангасан юм.
-Баялаг түүхтэй эрхэм тантай ярилцах таатай байлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тань ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
-Сонгомол морин спортын түүхийг судалж, ярилцахаар ирсэн та бүхэнд ч гэсэн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна